Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0675

 

2021 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2021/0675

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** ХХК/РД:***/, Улаанбаатар хот, *** дүүрэг, 2 дугаар хороо, Буян *** ХХК-ийн байр,

Хариуцагч: *** дүүргийн ***алба,

Гуравдагч этгээд: *** ХХК, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, ***** тоот

Нэхэмжлэлийн шаардлага: *** дүүргийн ***алба нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдээгүй болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: ...*** дүүргийн Худалдан авах үйл ажиллагааны албаны 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** дугаар бүхий ажлын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын дүнг хуульд заасан журмын дагуу танилцуулаагүй, бичгээр мэдэгдээгүй болохыг тогтоолгох шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч нь *** дүүргийн Худалдан авах үйл ажиллагааны албаны 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** дугаар бүхий ажлын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтад оролцож, хуулийн хугацаанд бичиг баримтуудаа өгсөн. Гэвч нэхэмжлэгч компанитай хамт ***, *** компани, *** компаниуд оролцсон байдаг. Үнэлгээний хороо нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хуралдаад Т-ү компанийг хамгийн сайн баримт бичиг явуулсан гэж үнэлж, гэрээ байгуулан ажлаа сайн гүйцэтгэсэн байсан. Энэ тухай нэхэмжлэгч компани нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэдээд сайт руу орж тендерийн шалгаруулалттай танилцсан. *** дүүрэг лүү холбогдож тендерийн хороог яагаад албан бичгээр мэдэгдээгүй юм бэ? гэж асуухад бид нар цахим хуудаст нийтэлж мэдэгдсэн гэж хэлсэн. Ийнхүү тендерийг нуун дарагдуулсан нь хууль бус гэж үзсэн учраас шат шатны байгууллагад холбогдох гомдлыг гаргасан боловч гомдол гаргах 8 хоногийн хугацаа дууссан гэх үндэслэлээр яам, Санхүүгийн зохицуулах хороо, *** дүүргийн Худалдан авах газар гомдлыг хүлээн аваагүй.

*** дүүргийн Худалдан авах үйл ажиллагааны албаны газар нь өөрөө хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй. Хуульд заасан арга хэрэгслээр тэгш хангаагүй учир бид нарын эрх ашиг зөрчигдөж байна гэж үзээд 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дүнг оролцогч шалгарсан байгууллага болон бусад байгууллагуудад нэгэн зэрэг бичгээр мэдэгдээгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдах авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу тендерт оролцогчид болон тендерийн шалгаруулалтын үр дүнг бусад оролцогчид нэгэн зэрэг бичгээр мэдэгдэх ёстой гэж заасан. Үүнийг дагаа хариуцагч байгууллага нь тендерт оролцогч нарын эрх тэгш оролцоог хангаагүй гэж үзэж байна. Утсаар мэдэгдэнэ гэж заагаагүй боловч бид нар утсаар мэдэгддэг гэсэн. Ямар тохиолдолд утсаар мэдэгдэж оролцогчийн эрх ашгийг хангаж байгаа вэ? гэдэг асуудал байна. Ямар тохиолдолд юу ч хэлэхгүй цахим систем гээд чимээгүй байршуулж та нар танилцах ёстой гэдэг шаардлага тавиад байгаа вэ? гэдэг зүйл мөн адил байна. Яагаад хяналт шалгалт тавьдаггүй юм бэ? Оролцогчийн эрх ашгийг хязгаарласан үйлдэл тодорхой харагдаж байна. Захиргааны хэм хэмжээ хуулиар хориглоогүй бүхнийг зохицуулна гэж байдаг. Тэгвэл бичгээр мэдэгдэхээс бусдыг хориглосон л гэсэн үг. Иймд манай компани болон тендерт оролцогч бусад компанид нэгэн зэрэг бичгээр мэдэгдээгүй гэдгийг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...550,4 сая төгрөгөөр Нийслэлийн авто замын хөрөнгөөр санхүүжсэн худалдан авах ажиллагааг 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн дүүргийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулахаар үнэлгээний хороо байгуулагдсан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдах авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 болон 8 дугаар зүйлийн 2-д заасны дагуу төсөвт өртөг нь нээлттэй тендер зарлах өртөгтэй байсан тул нээлттэй тендер шалгаруулах журмаар зохион байгуулсан. Хуулийн 20.1-д заасны дагуу тендерийн баталгааг нэг хувь тогтоосон. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдах авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4-д заасны дагуу 30 дээш хоногоор зарлана гэсний дагуу 30 хоногийн хугацаатай 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хяналтын тендерийг нээлттэй зарлаж хуульд заасны дагуу цахим системийн дагуу нийтэлсэн. Тендерийг 5 сарын 24-ны өдрийн 11 цаг 30 минутад нээсэн. Хуульд заасан шаардлагын дагуу нээлтийг товлож нээсэн.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу шалгарсан болон шалгараагүй оролцогч нар нэгэн зэрэг энэ тухай түүнд болон шалгараагүй хүмүүст бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Үүний дагуу цахим систем болох www.tender.gov.mn сайтад нийтэлсэн. Энэ нь Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн журам батлах тухай 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан ***цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3 дугаар зүйлийн 7-д заасны дагуу бид нар үр дүнг нийтэлсэн.

Иймд бид холбогдох хууль, журамд заасны дагуу тендерт оролцогч нарт нэгэн зэрэг мэдэгдсэн гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд ***ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нээгдсэн Түлхүүр гаргуулах гэрээний нөхцөлтэй *** дүүргийн авто замын засвар, НХААГ/*** дугаартай тендерт оролцсон тендерийн үр дүнг Төрийн ***цахим систем /tender.gov.mn/-д 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 44 минутад нийтэлсэн байсныг цахимаар хүлээн авч холбогдох эрх бүхий хүмүүстэй холбогдон гэрээг байгуулан ажлыг хийж гүйцэтгэсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *** ХХК-иас *** дүүргийн ***албанд холбогдуулж анх *** дүүргийн ***албаны 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлын нээлттэй тендерийн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, дахин тендер шалгаруулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа *** дүүргийн ***алба нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдээгүй болохыг тогтоолгох[1] гэж өөрчилсөн.

Шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр *** ХХК-иас *** дүүргийн ***албанд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

*** дүүргийн ***албаны Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04 дүгээр хуралдаанаар *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлын гүйцэтгэгчээр ***ХХК-ийг шалгаруулж, захиалагчид зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ[2].

Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг Төрийн ***www.tender.gov.mn цахим хуудсанд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 14:44 цагт байршуулсан байх ба үүний дотор нэхэмжлэгч *** ХХК-д хаягласан мөн өдрийн 124 тоот ... ирүүлсэн баримт бичгийг тендерийн үнэлгээний хороо хянан үзээд, ... хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 27.4 дэх хэсгийг тус тус үндэслэн татгалзаж байна гэсэн албан бичиг багтжээ[3].

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тендер шалгаруулалтын үр дүнг оролцогчдод нэгэн зэрхэг бичгээр мэдэгдэнэ гэж тусгайлан заасныг зөрчсөнөөс манай байгууллага нь тендер шалгаруулалттай холбоотойгоор хуулийн хугацаанд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэх агуулгаар тайлбарлан маргасан бол хариуцагчаас Тендер шалгаруулалтын үр дүнг Сангийн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу цахим ***системд байршуулсан нь хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж заасан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусд хэлбэрээр мэдэгдэх үүргийг захиргааны байгууллага гүйцэтгэхээр байна.

Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нь хуульд тусгайлан заасан захиргааны актыг мэдэгдэх журмыг зөрчиж, *** ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг ***цахим системд байршуулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө нь системд байршуулсан талаар утсаар мэдэгддэг байсан. Тендерт байнга оролцдог компаниуд оролцсон тул сонгон шалгаруулалтын дүн гарсан талаар мэдэгдээгүй гэх агуулга бүхий тайлбар, Төрийн ***газрын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А-2/***тоот албан бичигт ...*** ХХК нь ***цахим системд тендер шалгаруулалтын үр дүн гарснаас хойш нэвтэрч байсан түүх байхгүй...[4] гэсэн болон Сангийн яамны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/***тоот албан бичгээр гомдлыг хянан үзэлгүй, буцааснаар тус тус тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ТОӨЗ-ны 13.1-ийн (ж)-д Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалаар батлагдсан ***цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-тай танилцахыг зөвлөсөн байгаа тул *** ХХК-ийн тендерээс татгалзсан тухай мэдэгдлийг цахим системд байршуулсан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргах боловч уг журмаар ... ***цахим системээр дамжуулан цахим худалдан авах ажиллагаа зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, тендер шалгаруулалтын урилга, үр дүн, тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдол шийдвэрлэлтийг мэдээлэхтэй холбоотой харилцаа-г зохицуулахаар заасан байна.

Мөн ***цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3 дугаар зүйлийн 3.2.7-д Үнэлгээний хороо хуулийн 29.1-д заасан мэдэгдэл хүргүүлсэн өдөрт багтаан цахим системд тендер шалгаруулалтын үр дүнг үнэн зөв, бүрэн нийтэлж, шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн нууцлаагүй хэсгийг ... ил болгох гэж зааснаас үзвэл, тендерийн үнэлгээний хороо нь шийдвэрийнхээ талаарх мэдэгдлийг хүргүүлснийхээ дараа ***цахим систем нь тендер шалгаруулалтын үр дүнг нийтлэхээр байна.

Түүнчлэн ***цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам-ын 3 дугаар зүйлийн 3.3-т заасан Цахим системд нэвтрэх эрх, тоон гарын үсэг авсан тендерт оролцогчийн цахим худалдан авах ажиллагаанд оролцох хэсэгт тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй танилцах талаар тусгагдаагүй байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар хүлээсэн үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тендер шалгаруулалтын үр дүнг бүх оролцогчдод бичгээр мэдэгдэхээр зохицуулсан хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн тайлбар үндэслэлтэй.

Гэвч *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдээгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэх-ээргүй байна. Тодруулбал,

*** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлыг гүйцэтгэхээр шалгарсан ***ХХК нь уг ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэж өгсөн тухайд хэргийн оролцогчид маргаагүй.

*** ХХК-иас тендер шалгаруулалтын дүнг мэдэгдээгүй тухай асуудлаар 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр *** дүүргийн ***газарт гаргасан гомдол хариуцагчаас ...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.7-д заасны дагуу гэрээ байгуулах эрх олгогдсоноос хойш ирсэн гомдлыг захиалагч хүлээн авах боломжгүй гэж, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яаманд гаргасан гомдол Сангийн яамны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/3*** тоот бичгээр ... хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш шүүхэд гаргана гэж заасны дагуу гомдлоо шүүхэд гаргах нь зүйтэй гэсэн хариуг тус тус өгчээ.

Улмаар тус компаниас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан байх ба мөн сарын 08-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 5213 дугаартай захирамжаар *** дүүргийн ***албаны 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлын нээлттэй тендерийн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, дахин тендер шалгаруулахыг даалгах тухай нэхэмжлэлээр *** дүүргийн ***албанд холбогдуулж захиргааны хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлээ шүүхэд тайлбарлаж, маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх боломжтой байсан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ба анх гаргасан *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлын нээлттэй тендерийн Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, дахин тендер шалгаруулахыг даалгах тухай нэхэмжлэлээ дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн тул нэхэмжлэлийн *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдээгүй болохыг тогтоолгох шаардлага хангагдсанаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзнэ. Учир нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т ... хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үыл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх... гэж заасны дагуу шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай.

Гэтэл шүүхээс *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдээгүй болохыг тогтоосон-оор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаа тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч буй гомдлоо захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх эрх сэргэхгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллагаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчиж тендерийн сонгон шалгаруулалтын дүнг бичгээр мэдэгдээгүй талаарх үйл баримт нь гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдол гаргах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан байх боловч тендер шалгаруулалтын үр дүн/*** ХХК-ийн тендерээс татгалзсан болон ***ХХК-ийг тендерийг шалгаруулсан/-ийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч *** ХХК-иас *** дүүргийн ***албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.1-т заасныг баримтлан *** ХХК-иас *** дүүргийн ***албанд холбогдуулан гаргасан *** дүүргийн ***алба нь 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүүргийн авто замын засвар НХААГ/*** ажлын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын дүнг мэдэгдээгүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

 

 

 


[1] 2714 тэмдэглэлийн дугаар тавих

[2] Хавтаст хэргийн 38-41 дэх талд

[3] Хавтаст хэргийн 62-66 дахь талд

[4] Хавтаст хэргийн