| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0642/з |
| Дугаар | 221/МА2025/0032 |
| Огноо | 2025-01-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0032
“Э х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү
Нэхэмжлэгч: “Э х т” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Э х т” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0748 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0642/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э х т” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Э х т” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0748 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучнаар/-ын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан “Э х т” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэрийг хуульд заасны дагуу бүрдүүлбэрийн шаардлага хангасан баримтыг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалаар “Э х т” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасныг удирдлага болгосон.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах…”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж газар эзэмших эрх дуусгавар болох тохиолдлыг нарийвчлан заасан. Гэвч нэхэмжлэгч нь газрын эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй.
3.2. “Э х т” ХХК 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Хугацаа сунгуулах тухай” 12/26 дугаартай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан болохыг анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан.
Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг дэмжсэн санал ирүүлснийг хугацаа сунгуулах хүсэлт гаргасан гэж шүүх дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна.
Учир нь Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг дэмжсэн бичиг нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацаа сунгуулах хүсэлтэд хавсаргах ёстой баримт бичгийн бүрдлийн нэг юм.
3.3. Иймд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагаа явуулна: 56.1.3. хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, ... шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж заасныг хамтатган тайлбарлавал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
4. “Э х т” ХХК-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, газар ашиглах эрхийн хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, “Э х т” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан шийдвэр гаргахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах” нэхэмжлэл гаргахдаа, шаардлагын үндэслэлээ ... газар ашиглах эрхээ хууль, гэрээнд заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлсэн, газар ашиглах эрхээ сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаж, Хамгаалалтын захиргаа дэмжсэн байхад сунгахгүй эс үйлдэхүй гаргасан, шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, гардуулаагүй гэж тодорхойлох бол,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч хуулийн этгээд нь газар ашиглах эрх сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, газар ашиглах эрхийг цуцлахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн санал, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, хариу тайлбар ирсэн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.
5. Хэргийн оролцогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг хэрэгт цуглуулсан хэмжээнд авагдсан бичгийн нотлох баримттай харьцуулан үзэхэд;
5.1. “Э х т” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын /тухайн үеийн нэршлээр/ сайдын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дүгээр захирамжаар, Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын амны хязгаарлалтын бүсэд 1 га газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгож, мөн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/368 дугаар тушаалаар 2 жилээр сунгасан ба газар ашиглах эрхийн хугацаа 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр дуусах үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.
5.2. “Э х т” ХХК-аас 2023 оны 5 дугаар сарын 24, 2023 оны 12 дугаар сарын 27, 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрүүдэд тус тус газар ашиглах эрх сунгуулах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд бичгээр гаргасан гэх бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 663, 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 01/35, 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 01/243 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгахыг дэмжсэн саналыг харьяа яаманд хүргүүлсэн.
5.3. Харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 966, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1183 дугаар албан бичгээр “Э х т” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлж байсан.
5.4. Мөн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг сунгах, эсхүл цуцлахтай холбоотой асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын /тухайн үеийн нэршлээр/ сайдын тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн IX, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн VI, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн XI хуралдаанаар тус тус хэлэлцжээ.
6. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 34 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно”, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 1/ Газрын тухай хуулийн З9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр;” гэж,
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;” гэж тус тус заасан.
7. Тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд олгосон хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах, дуусгавар болгохтой холбоотой харилцааг зохицуулсан хуулийн дээрх зохицуулалтыг энэ хэсгийн 5.1-5.3-д заасан маргааны үйл баримттай харьцуулан үзэхэд, хариуцагч нь “Э х т” ХХК-иас газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаар гаргасан аль аль хүсэлтийг, хэзээ хүлээн авч, хэрхэн шийдвэрлэсэн эсэх, эсхүл хүсэлтийг шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэх болох эсэх, нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн гаргасан газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт нь хугацаа, бүрдүүлбэрийн хувьд хуулиар тогтоосон шаардлагыг хангасан эсэх зэрэгт эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, шийдвэрт нөлөөлөхүйц дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасны зэрэгцээ хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтыг эргэлзээгүй тогтооход хамааралтай буюу ач холбогдолтой нотлох баримтыг дутуу цуглуулснаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй. Үүнд:
8.1. “Э х т” ХХК-иас хүчингүй болгуулахаар шаардаж буй маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/512 дугаар тушаал нь 128/2024/0642/з индекс дугаартай захиргааны хэргийн 73, 87 дугаар хуудсанд тус тус хуулбар хэлбэрээр авагдснаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.4-д заасан эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувь, эсхүл төрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан байх бичгийн нотлох баримтын шаардлагад нийцээгүй байна.
Хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах нь анхан шатны шүүхийн үүрэг байтал маргаан бүхий актыг хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр цуглуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 106 дугаар зүйлийн 106.4-т заасан нотлох баримт цуглуулж, үнэлэхтэй холбоотой журмыг зөрчсөн гэж дүгнэх үндэслэл мөн.
8.2. “Э х т” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2023/18 дугаартай албан бичгээр ирүүлсэн 118 хуудас баримтыг хүлээн авсан тухай Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ирсэн бичгийн бүртгэлийн хяналтын хуудас хэрэгт авагдсан.
Харин нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлтэй холбогдуулан энэ хэсгийн 5.2-т заасан “Э х т” ХХК-ийн албан бичгээр яаманд хандаж гаргасан хүсэлтийг, зохих баримт бичгийн бүрдлийн хамт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хүлээн авсан эсэх тухай ач холбогдол бүхий үйл баримтыг шүүхээс бичгийн нотлох баримт цуглуулах, холбогдох баримт бичигт үзлэг хийх зэргээр тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой.
8.3. Хэрэгт авагдсан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 01/35 дугаар албан бичигт “... “Э х т” ХХК хугацаа сунгуулах хүсэлтээ 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн” гэж дурдсан бол нэхэмжлэгчээс “... 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүсэлтээ хүргүүлсэн” гэж тайлбарласан учир нэхэмжлэгчээс газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ яаманд хэзээ, хэдэн удаа (ямар давтамжаар), хэрхэн хүргүүлсэн болохыг тодруулах шаардлагатай.
8.4. Маргааны үйл баримтын хүрээнд, энэ хэсгийн 5.1-д заасан Байгаль орчин, аялал жуулчлалын /тухайн үеийн нэршлээр/ сайдын тушаалууд, энэ хэсгийн 5.4-д заасан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралдааны шийдвэрүүд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай байх тул хэрэгт бичгийн нотлох баримтаар цуглуулах нь зүйтэй.
9. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг шүүгч Л.Б-аас шүүгч Х.Н-т шилжүүлсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1038 дугаар тогтоолд ердөө 6 шүүгч гарын үсэг зурж албажуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасантай нийцээгүй болохыг цаашид анхаарвал зохино.
10. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан, давж заалдах шатны шүүхээс энэ хэсгийн 8-д заасан зөрчлийг арилгах буюу нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0748 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ