Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Иргэний нэхэмжлэгч Д.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын Үүд суман дахь Сум дундын Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат,  1989 оны 10 сарын 14-ний өдөр төрсөн, 27 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Мобикомын 2-3 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, Тайжууд овогт Алтантуяагийн Ган-Эрдэнэд /РД: ЕО89101476/ холбогдох эрүүгийн 201610010211 тоот хэргийг 2016 оны 12 сарын 23-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Ган-Эрдэнэ нь 2016 оны 10 сарын 05-ны өдөр Замын-Үүд сумын Сүлд багийн 1-1 тоотод  оршин суух иргэн Ц.Оюунсүрэнгийн байшингийн цонхоор  хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг мөнгөн аяга, 13,000 төгрөг, 50 юанийн дэвсгэртийг хулгайлж 330,100 төгрөгийн, 2016 оны 10 сарын 06-наас 2016 оны 10 сарын 11-ний хооронд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Борхойн 2 дугаар гудамжны 3 тоотод  оршин суух иргэн Б.Долгормаагийн  байшингийн цонхоор  хууль бусаар нэвтрэн орж  2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж хулгайлж 1,284,740 төгрөгийн буюу давтан үйлдлээр 1,614,840 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Миний үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт тодорхой авагдсан байгаа. Би эхлээд 2016 оны 10 сарын 05-нд Оюунсүрэн гэдэг айлаас 2 ширхэг мөнгөн аяга, 50 юань, 13,000 төгрөг авсан. Энэ үед нилээд согтуу байсан. Үүнийгээ Хараа дэлгүүрт ажилладаг Сайнаа эгчид 40,000 төгрөг өгсөн. Мөн дараагийн айлаас 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж зэргийг хулгайлан. Энэ үедээ мөн согтуу байсан, гэхдээ үйлдлээ мэдэж байгаа. 2 ширхэг мөнгөн аяганы нэгийг таксины жолоочид, нэгийг нь Өсөхбаярт 40,000 төгрөгөөр зарсан. Бөгжийг ломбарданд 420,000 төгрөгөөр тавьсан. Нийт хохирлоос мөнгөн аяганууд болон алтан бөгжийг буцаан өгсөн. Одоо ломбардны 420,000 төгрөг, мөн Сайнаа эгчийн 40,000 төгрөг, Өсөхбаярын 40,000 төгрөг, Оюунсүрэгийн 50 юань, 13,000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Ямарч хамаагүй ажил хийж хохирлыг барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ялыг хөнгөлж өгнө үү “ гэсэн мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч Д.Оюунцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Их мөнх наран ХХК-г төлөөлж оролцож байна. Манай ажилтан Дэлгэрцэцэг бичиг баримтыг нь шалгахгүйгээр алтан бөгжийг барьцаанд авч Ган-Эрдэнэд 420,000 төгрөг өгсөн байсан. Энэ 420,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Би өчигдөр ээжтэй нь уулзсан сар бүр 100,000 төгрөг төлье гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг

Ц.Өсөхбаяр, Н.Нямлхагва нараас 2 ширхэг мөнгөн аяга хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

2016 оны 10 сарын 05-ны өдрийн БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн ханшийг Монгол банкнаас зарласан мэдээлэл /хх-ийн 11/

Ц.Сайнзаяагаас 2 ширхэг мөнгөн аяга  хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /17-18/

Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26/

Хохирогч Б.Долгормаад 2.3 см диаметртэй, 0.8 см өргөнтэй шар өнгийн алт гэх дугуй хэлбэрийн 1 ширхэг бөгж, 14.5 см диаметртэй мөнгөн  аяга 1 ширхэг, 12 см диаметртэй мөнгөн аяга 1 ширхэг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 29/

Хохирогч Ц.Оюунсүрэнд 14.5 см диаметртэй мөнгөн  аяга 1 ширхэг, 12 см диаметртэй мөнгөн аяга 1 ширхэг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 37/

Хохирогч Б.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 10 сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу нөхөр Энхбаатар бид 2  охиноо аваад  гэрээ цоожлоод  явсан. Бид нар  хотод очоод 4 хоноод буцаад  Замын-Үүдэд 10 сарын 11-ний өдрийн 19 цагт гэртээ иртэл  манай гэрийн баруун талын 2 цонхны урд талын  цонхны салхивчийн түгжээг нь эвдэж хулгайч ороод манай гэрээс  голын өрөөний зүүн  талын хананд  байрлуулсан ханын шүүгээний  шилэн хоргонд байсан  давхарлаж тавьсан 2 ширхэг мөнгөн аяга, түүн дотор байсан  эрэгтэй хүний 2 цэн 7,5 граммтай  алтан бөгж байсныг аваад явсан  байсан, тэгээд цагдаагийн байгууллагад  дуудлага өгч шалгуулах болсон. 14 см диаметртэй мөнгөн аягаа 300,000 төгрөг, 12.5 см мөнгөн аяга 200,000 төгрөгөөр, 7,5 граммтай алтан бөгжөө 2,000,000 төгрөгөөр үнэлнэ “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/

Хохирогч Ц.Оюунсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 10 сарын 05-ны өдөр 17 цагийн үед манай гэрийнхэн гэрээсээ гарч явсан. Буцаад 20:00 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн  хаалга цоожтой, харин гал тогооны өрөөний цонх онгорхой харагдаж байсан...ширээн дээрээс аяга аваад цай уух гэтэл аяганд архи байхаар нь энэ юун архи вэ, чи архи уусан юм уу гэж нөхрөөсөө асуухад үгүй гэж хэлсэн. Тэгтэл хөргөгчийн дээр байсан шилний талаас доогуур болсон 750 мл экс архи  байхгүй байхаар нь гэрт хүн орсон байна гэж мэдээд гэрийн доторх юм үзэхэд манай гэрийн гал тогооны шүүгээн дээр байсан эдэлж хэрэглэдэг том, жижиг 2 ширхэг мөнгөн аяга алга болсон байсан, манай алдсан 2 ширхэг мөнгөн аяга ёроолдоо цохигдож хонхойсон, аяганы хэмжээ нь 6, 5.5-тай аяга байсан. Би өөрийнхөө алдсан 2 ширхэг мөнгөн аягыг  тус бүрийг 150,000 төгрөгөөр  үнэлнэ. Мөн компьютерийн шүүгээний тавиур дээр  байсан бор өнгийн түрүүвчнээс  бэлэн 13,000 төгрөг, 50 юань алга болсон байсан...би өөрийн алдсан 2 ширхэг мөнгөн аягыг олж авсан. 13,000 төгрөг, 50 юань, цонхны түгжээ эвдэрсэн, үүнийг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/

Иргэний нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “ хэргийн талаар гэвэл надад мэдэх зүйл байхгүй. Би цагдаагаас ярьсан учраас Замын-Үүдэд ажил дээрээ ирээд барьцаанд тавьсан хүний баримтыг шалгаж үзэхэд  ЕЭ87101437 гэсэн регистрийн дугаар, нэр Алтантуяагийн Ган-Эрдэнэ  гэж бичүүлсэн  баримт дээр зээлийн мэргэжилтэн 420,000 төгрөг олгосон баримт байсан...манай ломбардны ажилтан Дэлгэрцэцэг тухайн иргэнээс бөгж граммлан авсан, тухайн бөгжний грамм нь 7 грамм байсан учраас  түүнд дүйцэх мөнгийг  олгосон. 1 грамм нь 60,000 төгрөгөөр тооцож 420,000 төгрөг А.Ган-Эрдэнэд гэдэг хүнд олгосон. Манай барьцаанд авсан 7 грамм алтан бөгжийг  цагдаагийн байгууллага  хулгайн эд зүйл гээд хураан  авсан. Иймд 420,000 төгрөгийг А.Ган-Эрдэнээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/

Гэрч Н.Нямлхагвын мөрдөн байцаалтад өгсөн “ ...2016 оны 10 сарын 06-ны өдөр  өөрийнхөө Приус 20 маркийн 01-39 ДГО дугаартай саарал өнгийн машинаар таксинд явж байхад 20 гаруй насны залуу гар өргөхөөр нь  зогсоод автал машинд орж ирж суугаад сайн уу Нямлхагва ахаа гэж мэндэлсэн. Тэндээсээ яваад Хараа худалдааны төвийн ломбард орно  гэж хэлээд явсан... явж явж байгаад өврөөсөө том жижиг 2 мөнгөн аяга гаргаж ирээд энийг 50,000 төгрөгт зармаар байна, ломбар авахгүй гэж байна гэж хэлэхээр нь наадах чинь хулгайн аяга юм уу гэж асуутал нөгөө залуу үгүй, ээж намайг тусдаа гарах үед өгсөн мөнгөн аяга, мөнгө хэрэг болоод  зарах гэсэн юм, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлэхээр нь итгээд өөрийн найз Өсөхбаярын утас руу залгаж хямдхан аяга байна, авахгүй  биз гэж асуутал  үзье гэж хэлэхээр нь дагуулаад Чөлөөт бүс рүү явсан...Өсөхбаяр тэр аягыг авахаар болсон.  Тэр үед би нэг аягыг нь таксинд явсан хөлсөндөө авлаа, харин 1 аягыг нь  40,000 төгрөгөөр Өсөхбаярыг ав гэж хэлээд сумын төв рүү орж ирээд АТМ-ээс 40,000 төгрөг авч бэлнээр өгсөн...2016 оны 10 сарын 13-ны өдөр цагдаагийн ажилтан манай  гэрт очиж авсан аягыг хурааж авсан, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 47/

Гэрч Ц.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 10 сарын 09, 10-ны үед найз Нямлхагва залгаад мөнгөн аяга хямдхан зарна гэнээ чи аяга сонирхож үзэхгүй  юм уу гэж хэлэхээр нь үзье гэж хэлсэн. Тэгээд ирэхээр нь үзье гэхэд энэ дүү зарна гэж байна гээд А.Ган-Эрдэнийг заасан. А.Ган-Эрдэнэ тухайн үед Нямлхагвын машины урд суучихсан, куртикныхээ дотор талаас 1 ширхэг мөнгөн аяга гаргаж ирээд надад үзүүлэхээр нь  ямар үнэтэй вэ гэж асуутал 40,000 төгрөгөөр өгнө, мөнгө хэрэг болоод байна, манай ээж  намайг тусдаа гарахад л өгч байсан аяга байгаа юм гэж хэлэхээр нь би авъя гээд сумын төв рүү  цуг орж ирээд АТМ-ээс 40,000 төгрөг бэлнээр  өгөөд аягыг худалдан авсан.  Тэр аяга 14 см диаметртэй  ёроолдоо  цохигдож хонхойсон шинэ үеийн мөнгөн аяга байсан. Би Ган-Эрдэнийг багаас нь таньдаг юм. Би аяга худалдан авсан 40,000 төгрөгийг  нэхэмжлэхгүй гэсэн” мэдүүлэг  /хх-ийн 48/

Гэрч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “  бид 2-ын хувьд албан ёсны баталгаа байхгүй, манайд надтай хамт байхдаа  эд хөрөнгө  авч ирээгүй, ер нь өөрт нь ногдох хөрөнгө гэж байхгүй,  Хашаа байшин нь ээж дээр нь байдаг” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 49/

Гэрч Ц.Сайнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “ Манай найз Алтантуяагийн хүү Ган-Эрдэнэ над дээр ирээд Сайнаа эгчээ та 2 ширхэг мөнгөн аягыг 40,000 төгрөгөөр  авч байгаач, би дараа ирээд мөнгийг чинь  өгөөд аягаа авна гэж хэлэхээр нь  өгөөд явуулсан. Би Ган-Эрдэнээс авсан аягаа дэлгүүр дээрээ байлгаж байхад түүнээс хойш 7 хоног болсон билүү, одоо санахгүй байна, цагдаагийн Гандаваа гэдэг залуу ирээд  Ган-Эрдэнээс авч үлдсэн 2 ширхэг аягыг хурааж аваад  явсан. Тэр үед нь хулгайн аяга байсан байна гэж мэдсэн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй,  Ган-Эрдэнэд өгч явуулсан 40,000 төгрөгийг нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 52/

Гэрч Б.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 10 сарын 09-ны 17-18 цагийн үед  ажил дээр сууж байтал өндөрдүү биетэй, 20 гаран насны, хар бараан өнгийн  куртиктай залуу орж ирээд ямар нэг хээ дүрс байхгүй алтан бөгж  барьж орж ирээд барьцаанд тавъя гэж хэлэхээр нь тэр бөгжийг граммыг үзэхэд 7 грамм байсан, түүнтэй дүйцах  мөнгө нь 420,000 төгрөг  болсон учраас  бөгж барьцаанд  тавьсан залууд 420,000 төгрөг бэлнээр тоолж өгөөд явуулсан.  Бөгж барьцаанд тавьсан залуу  Алтантуяагийн Ган-Эрдэнэ  гэж овог нэрээ хэлсэн учраас баримт дээр бүртгээд, мөн регистрийн дугаарыг тэмдэглэж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/

Гэрч М.Алтантуяагийн мөрдөн байцаатад өгсөн “ Миний хүү Ган-Эрдэнэ 1989 оны 10 сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 3 дүүтэй, айлын ууган хүүхэд байгаа юм. Зан аашийн хувьд  их зөөлхөн хүний үгээр  хүүхэд байгаа юм. 2007 онд цэрэгт яваад 2008 онд халагдаж ирээд тээшинд ажиллах болсон, тэрнээсээ хойш  архи уух болсон...Ган-Эрдэнэ огт гэрлэж байгаагүй,  тусдаа гарсан гээд мөнгөн аяга бэлэглэж байгаагүй, түүнд хувьд ногдох үл хөдлөх хөрөнгө,  машин, данс байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 53-56/

Шинжээч С.Энхтайваны 2016 оны 10 сарын 17-ны өдрийн “ бага гарын 12 см-ын хэмжээтэй  эдэлж хэрэглэж байсан мөнгөн аяга 130,000 төгрөг, дунд гарын 14 см-ын хэмжээтэй  эдэлж хэрэглэж байсан мөнгөн аяга 150,000 төгрөг,  алтан бөгж 11 граммтай 1,004,740 төгрөг гэсэн 161 тоот дүгнэлт  /хх-ийн 66/

Шинжээч С.Энхтайваны 2016 оны 10 сарын 20-ны өдрийн “ 13 см-ын хэмжээтэй  шинэ цагийн  дунд гарын, ёроолдоо цохигдож хонхойсон мөнгөн аяга 150,000 төгрөг, 14,5 см-ын хэмжээтэй  шинэ цагийн  дунд гарын мөнгөн аяга 150,000 төгрөг” гэсэн 160 тоот дүгнэлт  /хх-ийн 71/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 31-ний өдрийн 1. Хэргийн газраас бэхжүүлж авч шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь  шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд ирүүлсэн  зүүн хөлний 2 ширхэг гутлын мөр нь холбогдогч А.Ган-Эрдэнийн өмсөж явсан гэх зүүн хөлийн пүүзний мөртэй ерөнхий шинж тэмдгийн хувьд тохирч байна “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/

Ногоон өнгийн ултай мөн адил өнгийн үдээстэй, саарал өнгийн 1 ширхэг  пүүзийг  эд мөрийн баримтаар  тооцон хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 112/

Алтан бөгж, 7 грамм, зээлийн хэмжээ 420,000 төгрөг  гэсэн Их Мөнх наран ХХК-ний барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 115/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 117/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 31 тоот шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 122-126/

Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 136/ зэрэг нотлох баримтуудын шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч А.Ган-Эрдэнэ нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, ялтай байх хугацаандаа 2016 оны 10 сарын 05-ны орой 17 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 1-1 тоотод  оршин суух хохирогч Ц.Оюунсүрэнгийн байшингийн цонхны түгжээг эвдэлж,  хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 13,000 төгрөг, 50 юань зэргийг хулгайлан авсан,

мөн 2016 оны 10 сарын 06-наас 2016 оны 10 сарын 11-ний хооронд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Борхойн 2 дугаар гудамжны 3 тоотод  оршин суух хохирогч Б.Долгормаагийн  байшингийн цонхоор  хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг алтан бөгж хулгайлсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул түүнийг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Ган-Эрдэнэ нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон  хохирогч Б.Долгормаа, Ц.Оюунсүрэн, иргэний нэхэмжлэгч Д.Оюунцэцэг, гэрч Ц.Өсөхбаяр, Н.Нямлхагва, Ц.Сайнзаяа нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Ц.Өсөхбаяр, Н.Нямлхагва нараас 2 ширхэг мөнгөн аяга хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/, 2016 оны 10 сарын 05-ны өдрийн БНХАУ-ын мөнгөн тэмдэгтийн ханшийг Монгол банкнаас зарласан мэдээлэл /хх-ийн 11/, Ц.Сайнзаяагаас 2 ширхэг мөнгөн аяга  хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /17-18/, хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26/, хохирогч Б.Долгормаад 2.3 см диаметртэй, 0.8 см өргөнтэй шар өнгийн алт гэх дугуй хэлбэрийн 1 ширхэг бөгж, 14.5 см диаметртэй мөнгөн  аяга 1 ширхэг, 12 см диаметртэй мөнгөн аяга 1 ширхэг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 29/, хохирогч Ц.Оюунсүрэнд 14.5 см диаметртэй мөнгөн  аяга 1 ширхэг, 12 см диаметртэй мөнгөн аяга 1 ширхэг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 37/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 сарын 31-ний өдрийн 1. Хэргийн газраас бэхжүүлж авч шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гутлын мөр нь  шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн  зүүн хөлний 2 ширхэг гутлын мөр нь холбогдогч А.Ган-Эрдэнийн өмсөж явсан гэх зүүн хөлийн пүүзний мөртэй ерөнхий шинж тэмдгийн хувьд тохирч байна “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/, ногоон өнгийн ултай мөн адил өнгийн үдээстэй, саарал өнгийн 1 ширхэг  пүүзийг  эд мөрийн баримтаар  тооцон хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 112/, алтан бөгж, 7 грамм, зээлийн хэмжээ 420,000 төгрөг  гэсэн Их Мөнх наран ХХК-ний барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 115/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч А.Ган-Эрдэнийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон  байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч А.Ган-Эрдэнэ нь хамгийн сүүлд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 03 сарын 31-ний өдрийн 31 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр  6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн байх ба  тэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтайд тооцогдох хугацаа дуусаагүй байхад дахин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нь ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршигийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хэргийн харицулагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах  нийтлэг зарчмыг баримталсан болно.

Түүнчлэн шүүгдэгч А.Ган-Эрдэнэ нь хувьд ногдох хөрөнгөгүй болох нь хэрэгт тогтоогдсон байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр  ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Ган-Эрдэнийн 2016 оны 10 сарын 14-ний өдрөөс 10 сарын 18-ны өдрийг хүртэл мөрдөн байцаагчийн тогтоолоор хойшлуулашгүйгээр баривчлагдсан 4 хоног, 2016 оны 10 сарын 18-ны өдрөөс 2017 оны 01 сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсан 80 хоног, нийт 84 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

Хохирлын талаар:

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, хохирогч Б.Долгормаад 1,284,740  төгрөгийн, хохирогч Ц.Оюунсүрэнд 330,100 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-д 420,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогч Б.Долгормаагийн гэрээс хулгайлан авсан 2 ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг 7 грамм бүхий алтан бөгж зэргийг, хохирогч Ц.Оюунсүрэнгийн гэрээс хулгайлан авсан 2 ширхэг мөнгөн аягыг  буцаан олгосон болох нь хэрэгт тогтоогдсон байна.

Харин хохирогч Ц.Оюунсүрэн нь өөрт учирсан хохирлоос 13,000 төгрөг, бэлэн 50 юань буюу 17,100 төгрөг, нийт 30,100 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй, мөн шүүгдэгчээс нэг ширхэг мөнгөн аягыг 40,000 төгрөгөөр худалдан авсан  гэрч Ц.Өсөхбаяр, 2 ширхэг мөнгөн аягыг барьцаанд авч 40,000 төгрөгийг шүүгдэгчид өгсөн гэрч Ц.Сайнзаяа нар нь шүүгдэгчид өгсөн тус бүрийн 40,000 төгрөг, нийт 80,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн болно. Иймд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ болох нийт 110,100 төгрөгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч А.Ган-Эрдэнэ нь хохирогч Б.Долгормаагийн гэрээс хулгайлсан 7 грамм бүхий алтан бөгжийг Их мөнх наран ХХК-ны ломбарданд 420,000 төгрөгт дүйцүүлэн барьцаалсан / Алтан бөгж, 7 грамм, зээлийн хэмжээ 420,000 төгрөг  гэсэн Их Мөнх наран ХХК-ний барьцаат зээлийн гэрээний хуулбар хх-ийн 115/ байх ба түүний барьцаалсан эд зүйлийг цагдаагийн байгууллага хураан авч хохирогч Б.Долгормаад хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-нд 420,000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч уг хохирлыг нөхөн төлөөгүй болох нь иргэний нэхэмжлэгч Д.Оюунцэцэг, шүүдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Ган-Эрдэнээс 420,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн ултай мөн адил өнгийн үдээстэй, саарал өнгийн 1 ширхэг  пүүзийг шүүгдэгч буцаан авахаар хүсэлт гаргасан бөгөөд энэ талаар мэтгэлцэгч талуудаас ямар нэг маргаан гараагүй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар уг эд зүйлийг шүүгдэгч А.Ган-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 293-299  дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүдэгч Тайжууд овогт Алтантуяагийн Ган-Эрдэнийг /РД: ЕО89101476/  давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Алтантуяагийн Ган-Эрдэнийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч А.Ган-Эрдэнэд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч А.Ган-Эрдэнийн цагдан хоригдсон 84 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн ногоон өнгийн ултай мөн адил өнгийн үдээстэй, саарал өнгийн 1 ширхэг  пүүзийг шүүгдэгч А.Ган-Эрдэнэд олгосугай.

6.Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, түүнчлэн шүүгдэгч нь хохирогч Б.Долгормаа, Ц.Оюунсүрэн нарт төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч А.Ган-Эрдэнээс гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ болох 110,100 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Ган-Эрдэнээс 420,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Их мөнх наран ХХК-д олгосугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ган-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   А.ЦЭРЭНХАНД