Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 499

 

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00499

 

 

С.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02562 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “АӨ” ХК-д холбогдох,

 

“АӨ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

хохиролд 24 043 030 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй  иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Уянга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Хоролдулам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бадамжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Г- нь 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс технологич инженерээр, 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс гүйцэтгэх захирал, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс Үйлдвэрлэл, техникийн албаны дарга, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1 дүгээр үйлдвэрийн даргын ажил, албан үүргийг тус тус гүйцэтгэж байсан.

 Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “АӨ” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Сайнбилэг “хөдөлмөрийн гэрээг цуцалж, өр төлбөрийг барагдуулах тухай” 63 дугаар тушаалыг компанийн 2015-2016 оны аудитлагдсан санхүүгийн тайлан, “Фискал аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 1.9 дүгээр зүйл, хөдөлмөрийн гэрээний 7.4.8, 7.4.9, 7.4.13 дугаар зүйлийг тус тус үндэслэн гаргаж, намайг их хэмжээний мөнгө хөрөнгө, бараа материалыг мөнгөн дүнгээр дутаасан, данс тооцоо будлиантуулж, байгууллагын өмч хөрөнгийг шамшигдуулж, компанид их хэмжээний мөнгөн хохирол санаатай учруулж байсан нь тогтоогдсон, түүнчлэн тухайн үеийн тодорхой хугацаагаар компанийн эрх бүхий албан тушаал болох гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж заан, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн байдаг.

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгсний дагуу 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч манай үндсэн нэхэмжлэлийн татгалзал болгосон үндэслэл болон 63 тоот тушаалд 2015 оноос 2016 оны аудитын санхүүгийн тайлангаар өр төлбөр гаргасан гэсэн үндэслэл дурдагдсан. 2015 оноос 2016 оны “АӨ” ХК-ийн аудитын санхүүгийн тайлангаар удирдлагад илгээх захидалд санхүүгийн тайланг үнэн зөв толилуулаагүй байна гэсэн дүгнэлт байгаа. Компанийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал санхүүгийн тайланг хариуцах ёстой. Түүнээс биш АӨ ХК-ийн 1 дүгээр үйлдвэрийн дарга С.Г- санхүүгийн тайлан нягтлан бүртгэлтэй холбоотой ямар ч асуудлыг хариуцахгүй. Аудитын тайланг үндэслэж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 1.9 дэх хэсэг, 19.6, 7.4.8, 7.4.13 дахь заалтууд баримталсан нь үндэслэлгүй.

Иймд С.Г-ийг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “АӨ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 63 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Г-ийг тус компанийн нэгдүгээр үйлдвэрийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг “АӨ” ХК-д даалгаж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хувьд компаний эд хөрөнгө, мөнгийг хувийн зорилгодоо ашигласан, зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагч эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гаргаж өгөөгүй учир энэ гэрээ байгуулагдаагүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн гэрээг харвал эд хөрөнгө бүрэн хариуцах, хариуцлага дээр түүнд хүлээлгэж өгсөн багаж, хэрэгсэл, тусгай хувцас техник хэрэгслийг өөрийн буруугаас болж гэмтээж, үрэгдүүлсэн бол гэж заасан. С.Г- 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тушаалаа уншиж сонсоод, ажил олгогчийн шаардсаны дагуу хариуцаж байсан хэрэгсэл, эд хөрөнгийг бүгдийг нь буцаагаад өгсөн. Үйлдвэрийн дутсан бараа материалууд болон сантехник, цахилгаан ашиглалтын зардлуудыг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хүрээнд хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, 2 дугаар үйлдвэрийн ашиглалтын тооллого энэ бол 2 дугаар үйлдвэрт хамааралтай 1 дүгээр үйлдвэрт хамаарахгүй.

Мобиком тооцооны мөнгө 3,4 сарын утасны төлбөр гэж байна. 2017 оны 2 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн хүнд 3,4 сарын утасны хэрэглээ байхгүй. Цахилгаан ашиглалтын хариуцагчаар нь цахилгааны инженер н.Гантулга гэж хүн гарын үсэг зурсан. Механик тооцоо, цахилгаан ашиглалтын тооцоо гэж байна. Үүн дээр н.Баттулга гэж хүн гарын үсэг зураад баталгаажуулсан байна. Эдгээр тооцоонууд С.Г-т хамааралгүй.

Нийт үйлдвэрийн ажилчид хариуцах ёстой хөрөнгийг ганц С.Г-т хариуцуулаад байгаа нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Компанийн тухай хуульд заасны дагуу ТУЗ-ийн шийдвэрээр ээлжит аудитын компанийг сонгон шалгаруулаад 2015, 2016 оны санхүүгийн бүртгэлд аудитын хөндлөнгийн шалгалт хийсэн. Уг шалгалт санхүүгийн тооллогоор компанийн 1 дүгээр үйлдвэрийн дарга С.Г- нь их хэмжээний бараа материалыг үнийн дүнгээр дутааж, данс тооцоо будлиантуулсан, байгууллагын өмч хөрөнгийг шамшигдуулсан болох нь аудитын хяналт шалгалтаар тогтоогдсон байдаг.

 Аудитын компанийн дүгнэлтийг ТУЗ 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад, компанийн захирал 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 63 дугаартай тушаал гаргаж компанийн 1 дүгээр үйлдвэрийн дарга С.Г-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, тус компанийн дотоод журмын 1.9, хөдөлмөрийн гэрээний 7.4.8, 7.4.9, 7.4.13 дахь хэсгүүдийг үндэслэсэн.

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тушаал шийдвэр гараад нэхэмжлэгчид өөрт танилцуулж, нэг хувийг гардуулаад ажил хүлээлцэх комисс ажил хүлээж авсан. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа хэрэглэж байсан байгууллагын өмч хөрөнгө тоног төхөөрөмжийг нэг бүрчлэн зааж ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Акт дээр С.Г- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтныг ажлаас халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчиж гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн.

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тушаалыг гардаж авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалгаан байхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

С.Г- тус компанид 1 дүгээр үйлдвэрийн даргын албан тушаалд ажиллаж байх хугацаандаа их хэмжээний бараа материалыг мөнгөн дүнгээр дутаасан болох нь компанийн 2015, 2016 оны санхүү бүртгэл тооцооны аудитын шалгалт, санхүүгийн албанаас явуулсан бараа материалын тооллогоор тус тус тогтоогдсон.

Ажилтан С.Г-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11091 дугаартай хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5, 8.5.2, дахь хэсэгт зааснаар байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслийг хувийн зорилгод ашигласан зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн гэж заасны дагуу ажилтан байгууллагад хохирол учруулсан нь тогтоогдож байна. Тийм учир байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Иймд С.Г-аас 24 043 034 төгрөгийг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Атар Өргөө” ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч С.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирол 24 043 030 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч “Атар Өргөө” ХК-ийн сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 165 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, дүгнээгүй.

Нэхэмжлэгч С.Г-ийг ажлаас чөлөөлсөн "АӨ" ХК-ийн гүйцэтгэх захирлын 63 тоот тушаалын 2 дахь заалтаар С.Г-т хариуцуулан өгсөн компанийн өмч хөрөнгө, эд зүйлийг зохих ёсоор бүртгэж, тушаал батлагдсан едөр ажил хүлээлцэж дуусгахыг компанийн санхүү, хангамжийн албаны даргад үүрэг болгожээ.

Аанхан шатны шүүхээс С.Г-т 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг танилцуулах үед уг тушаал нь бичгээр гарсан байсан эсэх, бичгээр гарсан бол уг тушаалд гүйцэтгэх захирлын гарын үсэг, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байсан эсэх, ажлаас халсан үндэслэлийг С.Г-т тухай өдрөө танилцуулсан эсэх зэрэг үйл баримтыг тодруулахгүйгээр зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хариуцагчтай шууд ашиг сонирхол нэгтэй гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээж аваагүй, удаа дараа шаардсаны үндсэн дээр 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр түүний ээж Л.Цэцгээ нь тус компанийн хүний нөөцийн албаны дарга П.Оюун-Эрдэнээс гардаж авсан тухай тайлбарласан. Мөн гэрч Л.Цэцгээгийн "... С.Г-ийг ажлаас нь битүүний өмнөх өдөр халсан. Тушаалаа өгөөч гэж удаа дараах нэхсээр байгаад 2 cap болсон..." гэх тайлбарыг шүүх анхаарч үзэлгүй, зөвхөн нэг талын тайлбар, мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

С.Г- нь ажлаас чөлөөлөх тухай 63 тоот тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Л.Цэцгээгээс хүлээн авч, танилцсанаар уг тушаалын үндэслэлийг үл хүлээн зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцнэ.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч С.Г- нь “АӨ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хохиролд 24 043 030 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

С.Г- нь “АӨ” ХК-д 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс технологич инженерээр, 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс гүйцэтгэх захирал, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс Үйлдвэрлэл, техникийн албаны дарга, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 1 дүгээр үйлдвэрийн даргаар томилогдон, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

“АӨ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйл, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 1, 9, хөдөлмөрийн гэрээний 7.4.8, 7.4.9, 7.4.13-т заасныг тус тус үндэслэн их хэмжээний мөнгөн хөрөнгө, бараа материалыг мөнгөн дүнгээр дутаасан, данс тооцоо будлиантуулж, компанид их хэмжээний мөнгөн хохирол санаатай учруулж байсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар С.Г-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч уг тушаалыг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гардаж авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласныг хариуцагч талаас гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

“АӨ” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаар тушаалыг мөн өдөр нэхэмжлэгчид өөрт нь уншиж танилцуулан, ажил хүлээлцэх комисс ажлыг хүлээлцсэн баримт болон тушаал шийдвэрийн бүртгэл хяналтын дэвтэрт бичигдсэн тушаалыг гардаж авахаас татгалзсан тэмдэглэл нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул С.Г- нь ажлаас чөлөөлсөн тушаалтай мөн өдөр танилцсаныг ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан гэх агуулгаар анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2017 оны 3, 4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг хувиасаа нөхөн төлж бичилт хийлгэсэн байдлаас үзвэл 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөө бүрэн ойлгосон гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч тушаалыг бичгээр гардан аваагүй явдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан эрх зөрчигдсөн асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход саад болохгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Гэрчийн мэдүүлгүүд нь ажил хүлээлцэх комисс ажлыг хүлээлцсэн баримт болон тушаал шийдвэрийн бүртгэл хяналтын дэвтэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

.

Иймд нэхэмжлэгч нь ажил хүлээлгэн өгсөн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар ажлаас халагдсан өдөр гэж үзэж анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь буруу боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хариуцагч байгууллагаас ажилтанд холбогдуулан шаардах эрхийг хязгаарлаагүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/02562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул давж заалдах гомдол гаргахад төлсөн 70 200  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                               

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧИД                                                       С.ЭНХТӨР

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА