Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 187/ШЦТ/2023

 

 

 

 

 

 

 

       2023         02          09                                        2023/ШЦТ/187

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Д.Рэгзэдмаа /томилолтоор/,

шүүгдэгч Б.Э-, өмгөөлөгч Ж.Болорцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ... ХХК-д тогоочоор ажилладаг, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, ... оршин суух, урьд:

 

1. 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

2. 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

3. 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 02 жил, 01 сар, 15 хоногийн хорих ялаар,

4. 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 03 жил, 01 сар, 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

... овогт Б.Э (регистрийн дугаар:...)

Холбогдсон хэргийн утга:

- Шүүгдэгч Б.Э- нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... тоотод оршин суух иргэн Б.А-ийн гэрт нэвтэрч, 400 000 төгрөгийн үнэ бүхий ЛЕД загварын телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... тоотод оршин суудаг иргэн Б.М-ийн гэрт нэвтэрч, 500 000 төгрөгийн үнэ бүхийн 40 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

- 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ... тоотод оршин суудаг иргэн Б.М-ын гэрт нэвтэрч, 250,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн телевизор, бэлэн 120,000 төгрөг зэргийг хулгайлан авсан,

- 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ... тоотод оршин суух иргэн М.Б-ын гэрт нэвтэрч 1,680,000 төгрөгийн үнэ бүхий 60 инчийн Шарф загварын телевизор 285,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг дрилл зэргийг хулгайлан авсан,

- 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ... тоотод оршин суух хохирогч Б.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай гэрт нь хууль бусаар нэвтэрч, 32 инчийн зурагт, 285,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг дриллийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсны улмаас 704,930 төгрөгийн хохирол учруулсан

- 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ... тоотод оршин суудаг иргэн Б.Э-ын гэрт нэвтэрч, 650 000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн LG загварын телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1202/а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Шүүгдэгч Б.Э- нь:

5.1. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 26б-1 тоотод оршин суух иргэн Б.А-ийн гэрт нэвтэрч 400,000 төгрөгийн үнэ бүхий телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

5.1.1. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хавтаст хэрэг 62 хуудас),

5.1.2. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (1 хавтаст хэрэг 63-67 хуудас),

5.1.3. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 1, 2 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 14-15 хуудас),

5.1.4. Хохирогч Б.А-ийн “...... тоотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед гэрээсээ 3 хүүхдийн хамт гарсан юм. 16 цагийн үед манай том охин залгаад манай зурагт алга байна хулгай орсон байна гэсэн. Тэгэхээр нь би гэртээ ирээд цагдаагийн байгууллагад хандсан. ...манай хаалга бага зэрэг эвдэрсэн байсан. Хаалгаа нэхэмжлэхгүй, үнэлгээ хийлгэх шаардлагагүй” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 79-80, 84 хуудас),

5.1.5. “Ургах наран уул” ХХК-ний Good ломбардад Б.Э- нь өөрийн нэр, регистрээр хулгайлсан зурагтыг барьцаанд тавьсан тухай 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн баримтын хуулбар (1 хавтаст хэрэг 89 хуудас),

5.1.6. Гэрч Т.З-ын “...Манай “good” ломбардад 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б.Э /БГ...1/ гэх хүн 39 инчийн BSB LED энгийн зурагтыг барьцаанд тавьсан. Тэр хүн авч ирсэн зурагтаа манай ломбардад 200,000 төгрөгөөр тавьсан. Тэгээд Б.Э- гэх хүн манай ломбардаас барьцаанд тавьж буцааж аваагүй зээлийн хугацаа дуусаж зурагт манай ломбардын өмч болсон. Б.Э- гэх хүний барьцаанд тавьсан 39 инчийн зурагт одоо байхгүй хураагдаж зарагдсан уг зурагтыг ямар хүнд зарсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 87-88 хуудас),

5.1.7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ц-1145 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 хавтаст хэрэг 110-112 хуудас),

5.1.8. Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод архи ууж байх үедээ 34 дүгээр байрны хойд талын гүүрээрээ хойшоо гараад явж байхад зүүн зүгт харсан зэвэрсэн хаалгатай хашаан дотор нэг айл байхаар нь хашааны хаалгаар орсон. Тэгээд би тухайн айлын хаалгыг татаж ороод гэрийнх нь хойд талын мөлхөө тавилга дээр байсан зурагтыг авч гараад таксинд суугаад Саппорогийн хойд талын Good гэх нэртэй ломбардад очиж 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 119-120 хуудас) зэрэг баримтуудаар,

5.2. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ... тоотод оршин суудаг иргэн Б.М-ийн гэрт нэвтэрч, 500 000 төгрөгийн үнэ бүхийн 40 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

5.2.1.2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хавтаст хэрэг 7 хуудас),

5.2.2. 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 8-10 хуудас),

5.2.3. Хохирогч Б.М-ийн “2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ... тоотод байх миний эзэмшлийн амины орон сууцны галт тогооны вакум цонхыг хөшиж орж гэрээс 40 инчийн самсунг маркийн зурагт хулгайд алдагдсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 27 хуудас),

5.2.4. 2022 оны 8 дугаар сарын 16-ын өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 11-12 хуудас),

5.2.5. “Ургах наран уул” ХХК-ний Good ломбардны бичиг (1 хавтаст хэрэг 13 хуудас),

5.2.6. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 3, 4 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 14-15 хуудас)

5.2.7. Гэрч Т.З-ын “...Би 2022 оны 5 сарын 27-ны өдөр үл таних эрэгтэй хүн манай Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо Саппорогийн Good Lombard-д ирж 40 инчийн Самсунг зурагт 350,000 төгрөгөөр барьцаанд тавьж болох уу гэж байсан ба тухайн зурагтыг шалгахад хужаа зурагт байсан тул 200,000 төгрөгөөр авахаар тохиролцож гэрээг 05 сарын 27-аас эхэлж 06 сарын 06 хүртэл хүчинтэй байсан ба дуусах өдөрт нь өөрийнх нь бүртгэлтэй ... дугаарын гар утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. ... тухайн зурагтыг 06 сарын 24-ний өдөр тус зурагтыг 380,000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 40 хуудас),

5.2.8. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Ц-1267 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 хавтаст хэрэг 42-43 хуудас),

5.2.9. Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “2022 оны 5 дугаар сарын сүүлээр ажлын амралт эхэлж Төв аймаг Борнуур сумаас Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед Хархорин зах дээр автобуснаас буугаад архи ууж явж байгаад мөнгөгүй болсон. Тэгээд би 1 дүгээр хорооллын хойшоо дэнж рүү өгсөөд саарал өнгийн хаалгатай хашаа руу орсон. Тэгтэл хашаанд цагаан өнгийн нэг давхар байшин байхаар нь урд талын хоёр дахь цонхыг түлхэж дотогш орсон. Би тухайн айлаас хар өнгийн 40 инчийн ЛСД маркийн зурагтыг авч гадагшаа гараад Саппорогийн хойд талын ломбардад очиж өөрийнхөө бичиг баримтаар барьцаанд тавьсан. ...Би хулгайн эд зүйл барьцаанд тавьсан ломбардаа бол зааж өгч чадна” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 47 хуудас) зэрэг баримтуудаар,

5.3. 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ... тоотод оршин суудаг иргэн Б.М-ын гэрт нэвтэрч, 250,000 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн телевизор, бэлэн 120,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

5.3.1. 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 128-130 хуудас),

5.3.2. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 7, 8 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 14-15 хуудас),

5.3.3. Хохирогч Б.М-ын “...Би ... тоотод оршин суугаад 5 жил болж байна. Уг тоотод эцэг эхийн хамт амьдардаг. Тухайн үед манай аав ээж хоёр хөдөө явсан байсан ба би гэртээ ганцаараа амьдарч байсан юм. 2022 оны 05 дугаар сарын 28-ны орой ажлаасаа 17 цаг өнгөрч байхад ирсэн бөгөөд би гэртээ 5 хоног ирээгүй байж байгаад тэр өдөр ирсэн. Намайг гэртээ ирэхэд байшингийн цонх нээлттэй байхаар нь хаалгаа нээгээд дотогшоо орсон. Тэгтэл манай гэрт байсан 32 инчийн малчны зурагт болон түрүүвч дотор байсан бэлэн 120 000 төгрөг хулгайд алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 147 хуудас),

5.3.4. 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 139-140 хуудас),

5.3.5. Насанд хүрээгүй гэрч А.Б-ийн “...манай хажуу буюу Алтайн 3-361 тоот хашааны хаалга онгорхой байсан. Би тэр үед нь хажуу айл руугаа ажиглаад хараад зогсож байхад үл таних хар савхин куртик цэнхэр жинсэн өмдтэй 25-30 орчим насны эрэгтэй хүн ЛСД маркийн зурагт аваад гарч яваад урагшаа уруудаад явж байхдаа манай гэрийн ойролцоо яваад байдаг үл таних ахад юм хэлчхээд зөрөөд явсан. ...Би хараад шууд танина...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 152-153 хуудас),

5.3.6. 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 154-158 хуудас),

5.3.7. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ц-1015 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 хавтаст хэрэг 165-166 хуудас),

5.3.8. 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 139 хуудас),

5.3.9. “Хишигт” барьцаат зээлийн үйлчилгээний 131 дугаартай бичиг (1 хавтаст хэрэг 141 хуудас),

5.3.10. Б.Э-ын яллагдагчаар өгсөн “...тухайн үед цалин болон мөнгөө дуусаад мөнгөний хэрэг гараад 1 дүгээр хорооллын хойд талын гэр хороолол руу өгсөж байхад нэг айл байхаар нь хашааных нь хаалгыг нээгээд дотогш ороход нэг байшин байсан. Би уг байшингийн урд талын цонхоор дотогш орж 32 инчийн зурагт аваад доошоо уруудаад явж байх үедээ нэг хүнд үзүүлэхэд авахгүй гэсэн. Тэгээд би Хархорин захын хойд талын автобусны буудлын ард нэг ломбардад 130 000 төгрөгөөр барьцаанд тавьсан...Өөрийнхөө бичиг баримтаар ломбардад хулгайн эд зүйлээ барьцаанд тавьсан” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 175 хуудас) зэрэг баримтуудаар,

5.4. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4-137 тоотод оршин суудаг иргэн ******** гэрт нэвтэрч, 1,680,000 төгрөгийн үнэ бүхий 60 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

5.4.1. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хавтаст хэрэг 185 хуудас),

5.4.2. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 186-189 хуудас),

5.4.3. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 5, 6 дугаартай гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 14-15 хуудас),

5.4.4. Хохирогч М.Б-ын “...Би ... тоотод эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг ба 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эхнэрийн хамт 09 цаг 30 минутын орчимд гарсан ба гарахдаа байшингийн бүргэд хаалгаа түгжээд цонх үүдээ шалгаад гарсан. Тэгээд өдөр 16 цагийн орчимд хүү Төгөлдөр нь хичээлээсээ тараад гэртээ очоод над руу залгасан ба гэрийн зурагт байхгүй байна та аваад явсан юм уу? гэхэд би юу гэж авч явах гээд очоод үзтэл зурагт байхгүй болсон гал тогооны өрөөний вакум цонхыг түлхээд орсон байх ба том өрөөнд байсан зурагт алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандах болсон. ... 60 инчийн “Шарф” брэндийн ЛСД зурагт алга болсон байна. Өөр зүйл алдагдаагүй байна” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 194 хуудас),

5.4.5. Гэрч Ч.Ү-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин Драгон төвийн хүнсний захын баруун жигүүрт байрлах Шүтээн сонор ХХК нэртэй барьцаалдан зээлдэх газар буюу ломбардны үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өөрийнхөө ажил дээр би ломбард ажиллуулж байсан юм. 2022 оны 06 дугаар сарын 02-ын өдөр үл таних хүн өөрийнхөө иргэний үнэмлэхтэй ирээд 60 инчийн шарф брэндийн зурагт барьцаанд тавьсан. Тухайн үед би тэр хүний бичиг баримтыг шалгаад энэ хүн өөрөө мөн үү биш үү гэдгийг сайн үзэж хараад хянасан. Тэр хүн хэлэхдээ миний зурагт барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн бөгөөд тэр хүн 450,000 төгрөгөөр 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан ба тэр хүн ганцаараа орж ирсэн. Тэр хүн ... гэсэн утасны дугаартай. Б.Э БГ... гэсэн хүн байсан. ...Б.Э- гэх хүний барьцаанд тавьсан эд зүйл манай байгууллагад хураагдсан учир манай байгууллага барьцаанд хураагдсан эд зүйлийг зарж борлуулж байгууллага хохиролгүй болгосон...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 198-199 хуудас),

5.4.6. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ (1 хавтаст хэрэг 200 хуудас),

5.4.7. 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Ц-1058 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 хавтаст хэрэг 204-205 хуудас),

5.4.8. Б.Э-ын “...тэгээд би тэр байшингийн зүүн талын вакум цонхыг түлхэж ороод нэлээн том инчийн зурагтыг аваад таксинд суугаад Драгон доод талд байдаг Ломбарданд 450,000 төгрөгөөр барьцаанд тавьсан юм. Би цагдаад шалгагдаж байхад барьцаанд тавьсан зүйлээ авах гээд очсон чинь зарагдсан байсан юм. Би ломбардад барьцаанд зурагт тавихдаа миний эзэмшлийн зурагт гэж барьцаанд тавьсан. ...дээрх айлын хохирлын мөнгө 1 700 000 төгрөг өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 220-221 хуудас) зэрэг баримтуудаар,

5.5. 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4-131 тоотод оршин суух иргэн Б.Э-ын амьдардаг гэрт нэвтэрч, 419 930 төгрөгийн үнэ бүхий ЛСД загварын телевизор, 285 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг дрилл зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

5.5.1. 2022 оны 6 дугаар сарын 16-ны гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2 хавтаст хэрэг 110 хуудас),

5.5.2. Хохирогч Б.Э-ын “...Миний бие эхнэрийн хамтаар Төв аймагт оршин сууж амьдардаг ба Улаанбаатар хот ...тоот өвлийн сууц нь миний 2 дахь гэр бөгөөд миний бие АПУ ХХК-д жолооч сүүний жолооч ажилтай тул байнгын тээвэрт явдаг учраас Улаанбаатар хотод байх энэ гэртээ байнгын ирээд байж чаддаггүй юм. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ... тоот гэртээ ирчхээд байж байгаад тэр шөнө ажилтай болсон тул гэрээ цоожилж явчхаад өнөөдөр орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай өвлийн сууцны үүдний амбаарын хаалганы модыг эвдэлж гэрт хулгайч орж том өрөөнд тавиур дээр байсан skyworth маркийн 32 инчийн LCD зурагт болон уг өрөөнд байсан KIEN маркийн цохилттой болон цохилтгүй дрилл тус бүр нэг нэг ширхэг алдагдсан болохоор нь цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (2 хавтаст хэрэг 114-115 хуудас),

5.5.3. “Нар” Барьцаат зээлийн гэрээ (2 хавтаст хэрэг 120 хуудас),

5.5.4. Гэрч Г.О-ийн “...Би Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвгэрт байрлах Тэргэл төвийн нэг давхарт байрлах Нар ломбардад зээлийн мэргэжилтний ажил хийдэг юм. 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 22 цагийн орчимд БГ... регистрийн дугаартай ... утасны дугаартай Б.Э нь 39 инчийн скай ворт маркийн зурагтыг барьцаанд тавих гээд өөрийн иргэний үнэмлэхтэйгээ орж ирээд тухай зурагтын бүрэн бүтэн байдлыг үзэж хараад зээлийн барьцаанд 160,000 төгрөгөөр үнэлж, 7 хоногийн хугацаатай барьцаанд зурагтыг тавьсан....Би гомдолтой байна. Зээлийн гэрээнд дурдагдсан 160,000 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж авах хүсэлтэй байна” гэсэн мэдүүлэг (2 хавтаст хэрэг 118 хуудас),

5.5.5. 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эд зүйл хураан авсан тэмдэглэл (2 хавтаст хэрэг 119 хуудас),

5.5.6. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний Ц-1131 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 хавтаст хэрэг 121-122 хуудас),

5.5.7. Б.Э-ын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ... тоот гэж цэнхэр хаалгатай модон хашаа руу ганцаараа орсон. Тэгтэл нэг гэр байсан гэр лүү орж Skyworth нэртэй зурагт авч явсан. Уг зурагтыг хороололд байрлах Нар нэртэй ломбардад барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг (2 хавтаст хэрэг 128-129 хуудас) зэрэг баримтуудаар,

5.6. 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ... тоотод оршин суудаг иргэн Б.Э-ын гэрт нэвтэрч 650,000 төгрөгийн үнэ бүхий 42 инчийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

5.6.1. 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хавтаст хэрэг 230 хуудас),

5.6.2. 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хавтаст хэрэг 133-237 хуудас),

5.6.3. Хохирогч Б.Э-ын “...Би 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 07 цаг 40 минутад ... тоот гэрээсээ би дүүгийнхээ гэр рүү явсан. Манай нөхөр миний дараа *********08 цагийн үед ажил руугаа явсан. Би гадуур ажил хөөцөлдөж явж байгаад 17 цаг 40 минутын үед гэртээ ирээд орох гэтэл манай байшингийн баруун талын цонх онгорхой байхаар нь байшингийнхаа урд талын цонхон дээр очоод хартал байшингийн гол хэсэгт шаргал өнгийн стенкний голд байсан зурагт байхгүй байхаар нь гэрт хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэрэг 244-245 хуудас),

5.6.4. Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын “...2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өглөө 10 цагийн үед Б.Э /РД:БГ.../ гэх хүн өөрийн биеэр ирж 300,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр уг зурагтыг 300,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Одоо 300,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэрэг 249-250 хуудас),

5.6.5. 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 1162 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 хавтаст хэрэг 1-2 хуудас),

5.6.6. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 хавтаст хэрэг 16-20 хуудас),

5.6.7. 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2 хавтаст хэрэг 21 хуудас),

5.6.8. “Од нягт” ХХК-ний “21” ломбардын барьцаат зээлийн гэрээний хуулбар (1 хавтаст хэрэг 28 хуудас),

5.6.9. Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Тухайн үед мөнгөний хэрэг гараад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн ойролцоо явж байгаад нэг танихгүй айл руу явж ороод зурагтыг хулгай хийж аваад ломбардад тавиад зарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 хуудас) зэрэг баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдсон.

6. Шүүгдэгч Б.Э- нь 2021.12.19-2022.06.18-ны өдрийн хооронд нэр бүхий 6 хохирогчийн гэрт эзгүй хойгуур нь хаалга, цонхыг эвдлэн нэвтэрч, бэлэн мөнгө, зурагт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь хулгайлах гэмт хэргийн шинжийг, уг нэвтрэн орсон обьектууд нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг тус тус хангасан.

 

7. Шүүгдэгч Б.Э- нь шунахайн сэдэлттэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзсэн.

 

8. Прокуророос шүүгдэгч Б.Э-ын үйлдсэн 6 удаагийн хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан үргэлжилсэн гэмт хэрэг гэсэн нь хуульд нийцэхгүй. Учир нь Б.Э-ын 6 удаагийн хулгайн гэмт хэрэг нь өөр цаг хугацаанд, 6 өөр айл руу нэвтэрч үйлдсэн нь тус тусдаа бие даасан гэмт хэргийн шинжийг хангасан тул үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзэхгүй болно.

9. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

10. Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:

10.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-т “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ц-1145 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 400,000 төгрөгийн хохирол (1 хавтаст хэрэг 110-112 хуудас), хохирогч Б.М-д “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Ц-1267 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан 500,000 төгрөгийн хохирол (1 хавтаст хэрэг 42-43 хуудас), хохирогч Б.М-ад Тэнцвэр эстимэйт ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Ц-1015 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 370,000 төгрөгийн хохирол (1 хавтаст хэрэг 165-166 хуудас), хохирогч М.Б-д Тэнцвэр эстимэйт ХХК-ний 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Ц-1058 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1,680,000 төгрөгийн хохирол (1 хавтаст хэрэг 204-205 хуудас), хохирогч Б.Э-т 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний Ц-1131 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 704,930 төгрөгийн хохирол (2 хавтаст хэрэг 121-122 хуудас), хохирогч Б.Э-т 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 1162 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 650,000 төгрөгийн хохирол (2 хавтаст хэрэг 1-2 хуудас) тус тус учирсан болох нь тогтоогдсон.

10.2. Барьцаалдан зээлдүүлэх газар болох “Од нягт” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Б.Б-т 300,000 төгрөгийн хохирол, “****************” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэгч Г.О-д 160,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Од нягт” ХХК-ний “21” ломбардын барьцаат зээлийн гэрээний хуулбар (1 хавтаст хэрэг 28 хуудас), “Нар” Барьцаат зээлийн гэрээ (2 хавтаст хэрэг 120 хуудас)-ээр тус тус тогтоогдож байгаа.

10.3. Хохирогч Б.Э-т “LG брэндийн 42 инчийн телевизорыг” 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2 хавтаст хэрэг 21 хуудас)-ээр хүлээлгэн өгсөн байна.

10.4. Иргэний нэхэмжлэгч Б.Б-аас 2022 оны 06 дугаар сарын 23-ны  өдөр skyworth маркийн 32 инчийн LCD телевизорыг хураан авч (2 хавтаст хэрэг 119 хуудас) хэргийн хамт шүүхэд ирүүлснийг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005407 дугаартай дансанд 285,000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-ын ар гэрээс шилжүүлснийг тус тус хохирогч *************** (Төв аймгийн Зуун мод 2 дугаар баг 11-12 тоотод, РД:НЮ7808    , утас 8836    )-т олгуулахаар Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх.

10.5. Хохирогч Б.А-т 400,000 төгрөг, хохирогч Б.М-д 500,000 төгрөг, хохирогч Б.М-ад 370,000 төгрөг, хохирогч М.Б-д 1,680,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.О-д 160,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-т 300,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгч, шинжлэн судлагдсан банкны гүйлгээний баримтуудаар тус тус нотлогдсон.

10.6. Шүүгдэгч Б.Э- нь бусдад төлөх төлбөргүй болно.

11. Эрүүгийн хариуцлагын талаар:

11.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

 

            11.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Э-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд хохирол төлөгдсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол их биш, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа ойлгож байгаа, ажлын газраас  нь ялаа эдлээд гарч ирэхээр нь буцааж авах хүсэлт гаргасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 01 жилийн хорих ял оноож өгнө үү гэв.

 

            11.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            11.4.  Шүүгдэгч Б.Э- нь нэр бүхий 6 хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            11.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.

 

            11.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, ... болно.” гэж зааснаас үзэхэд шүүгдэгч Б.Э- нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд бие даасан 6 удаагийн хулгайн үйлдэлтэй, хувийн байдлын хувьд урьд хулгайн гэмт хэргээр 4 удаа ял шийтгүүлсэн, хорих ял нь Өршөөлд хамрагдаж зорчих эрх хязгаарлах ялаар солигдсон байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх шийдвэрлэсэн.

 

            11.7. Шүүгдэгч Б.Э- нь Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг “***********” ХХК-д тогоочоор ажилладаг болох нь тогтоогдсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

 

            12. Шүүгдэгч Б.Э- нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/163 дугаар шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 06 сар 13 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Б.Э- нь ялын хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 12 дугаар сарын 19-ний ... тоотод оршин суух иргэн Б.А-ийн гэрт нэвтэрч 400,000 төгрөгийн үнэ бүхий телевизорыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн.

 

            13. Шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/163 дугаар захирамжаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон 06 сар 13 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 62 хоногийн ялыг хорих ял руу шилжүүлж нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 02 жил 02 сар 02 хоногоор тогтоов.

 

            14. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ын 2023.01.31-02.09 өдрийг хүртэл цагдан хоригдсон 08 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Урианхай Харчин овогт Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Э-ыг  02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/163 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 06 сар 13 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсноос үлдсэн 62 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 02 жил 02 сар 02 хоногоор тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Э-ын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Б.Э-ын цагдан хоригдсон 08 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн “skyworth” маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Төрийн сангийн 100900005407 дугаартай дансанд тушаасан 285,000 төгрөгийг тус тус хохирогч Б.Э (... тоотод, РД:НЮ..., утас ...)-т олгохоор Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.А-т 400,000 төгрөг, хохирогч Б.М-д 500,000 төгрөг, хохирогч Б.М-ад 370,000 төгрөг, хохирогч М.Б-д 1,680,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.О-д 160,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Б-т 300,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй.     

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.ДАШДОНДОВ

 

зэдмаа