| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2023/0034/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/33 |
| Огноо | 2023-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/33
2023 02 28 2023/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгч: О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч М овогт Оын Тд холбогдох 2335000150054 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны 06 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй М овогт Оын Т /РД:........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт хохирогч Б.Ттай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч О.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ттай маргалдаж, түүнийг зодсон болох нь:
О.Тгийн согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл (хавтаст хэргийн 28 дахь тал),
Хохирогч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө өөрийн ...... УВА улсын дугаартай приус-20 загварын автомашинтай ганцаараа Улаангом сумын төв өөрийн машинаар такси үйлчилгээнд явж байсан. Тэр шөнө 01:30 цаг өнгөрч байхад би машинтайгаа Гал командын аюулгүйн тойргоор доошоо явж байхад Төгөл дэлгүүрийн харалдаа нэг эрэгтэй гараа өргөсөн. Тухайн хүн машины арын суудалд суугаад надад 640 сургуулийн тийш явна гэж хэлсэн. Ингээд бид хоёр тэндээсээ доошоо явж 640 буюу Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн доод талд Зөв түмэн хүнсний дэлгүүрийн доод талын хар замын уулзвараар урагш эргэж дахин баруун тийш эргэн гэр хорооллын эхний гудмаар ороод нэг айлын хашааны гадна ирж зогссон. Тэнд очиж зогсоод тухайн эрэгтэй надад хандаж “байж байгаарай” гэж хэлчхээд машинаас бууж гадна зогсоод утсаараа хүн рүү залгаад байсан тэгж байгаад буцаж машины арын хаалгаар орж ирж суусан. Тэгээд тэр хүн чигээрээ явчих гэж хэлэхээр нь би машинаа жолоодоод тухайн айлын гаднаас хөдөлж гэр хорооллоор дээшээ яваад тэр гудманд дахин нэг цэнхэр хаалгатай, сургуулийн харалдаа ирж зогссон. Тэгээд тэр хүн машинаас буугаад хүн байна уу харчхаад ирье гэж хэлээд тэр хашаа руу орчхоод буцаж гарч ирсэн. Тэр залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, түүнээс архи үнэртэж байсан. Тухайн айлаас гарч ирээд тэр залуу машины жолоочийн эсрэг талын урд талын хаалга онгойлгоод надад хандаж “тооцоогоо мобайлдчихъяа, хэдэн төгрөг бэ” гэж надаас асуусан. Тэр үед нь би тэр хүнд хандаж “мобайл банкаар хийх гэж байгаа бол 5000 төгрөг хийчих, мэдээлэл ирнэ, тэгчихээд надаас хариулт 2500 төгрөг авчих” гэж хэлсэн. Тэр үед тэр залуу надад “яахаараа би 5000 төгрөг хийдэг юм, 2500 төгрөг хийнэ” гэж хэлэхээр нь би “за тэгтэг” гэжхэлээд түүнд өөрийн хаан банкны ....................... дугаарын данс хэлж өгөхөд тэр залуу миний данс руу 2500 төгрөг шилжүүлсэн. Тэр залуу миний данс руу мөнгө хийчихээд хаалгаар тонгойж гар утсаа зүүн гартаа бариад надад интернэт банкныхаа гүйлгээгээ надад харуулсан, тэгэхээр нь би “за” гээд хэлэх зуурт тэр залуу баруун гараа атгаж байгаад гэнэт миний хамар луу нэг удаа цохисон. Түүнийг миний хамар луу цохих үед хамарнаас цус гараад машины жолооны хүрд рүү асгарсан, тэгээд тэр залуу дахин намайг цохих гээд дайрахаар нь би машинаа урагшаа хөдөлгөх үед тэр залуу машины хаалгаас толгойгоо татаж аваад машины хаалга саваад тэндээ үлдсэн. Тухайн үед би бусдад зодуулсан, хамарнаас цус гараад байсан учраас би тэр чигтээ яваад гэр хорооллын замаар чигээрээ явж хорооллын эхэнд байдаг Зун хүнсний дэлгүүр дээр ирж зогсоод цагдаагийн газрын 7045102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Тэгээд байж байтал дуудлагын дагуу цагдаа нар ирэхэд би болсон явдлын талаар хэлж тухайн эрэгтэйн бууж үлдсэн айлд очсон. Биднийг тухайн айлд очиход намайг зодсон залуу тэр айлд байсан. Ингээд цагдаа нар тухайн эрэгтэйг аваад цагдаагийн газарт ирцгээж тэр эрэгтэйн нэрийг тодруулахад намайг зодсон хүнийг О.Т гэдэг нэртэй байсан. Мөн түүний согтуурлын хэмжээг цагдаа нар тэр даруйд нь шалгасан юм. 2016 онд би мотоцикльтой явж байгаад онхолдож хамраа хугалж байсан, тухайн үедээ би хамраа янзлуулаагүй бөгөөд хамар маань муруы эдгэчихсэн байсан. Тэрнээс хойш 2019 онд миний хамар үе үе битүүрээд байхаар нь эмчлүүлж чадахгүй явж байсан бөгөөд тухайн үедээ хамарны таславчны мурийлттэй гэсэн. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод Гранд мед эмнэлэгт хэвтэж маргааш нь буюу 12 дугаар сарын 21-ний өдөр хамрын хагалгаанд орж хамрийн мурийлтийг тэгшлүүлсэн, мөн хамрын суваг нээлгэсэн. Увс аймаг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ирээд үргэлжлүүлэн гам барьж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс гадуур гарч өөрийн хувийн машинтайгаа таксинд явж эхэлсэн юм. Намайг зодож миний биед гэмтэл уучруулсан О.Тгээс Улаанбаатар хот руу яваад ирсэн автобусны билетын зардал 210.000 төгрөг, мөн хоёр талын замын хоолны мөнгө 60.000 төгрөг нийт 270.000 төгрөг одоогоор нэхэмжилж байна. Мөн цаашид дахинУлаанбаатар хот руу 3 сарын дараа явж үзүүлэхэд гарсан зардлыг тухайн үед нэхэмжилнэ. О.Т намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд учруулсан хохиролд 1.000.000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр өгч, хохирол барагдуулсан. Одоо надад О.Тгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37, 39 дэх тал),
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 14-өөс 15-ныг шилжих шөнө тус цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Эын хамт Улаангом суманд нутаг дэвсгэрт оройн хөдөлгөөнт эргүүлд 19:00-02:00 цагийн хооронд томилгоот үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайн шөнө буюу 2023 оны 01 дүгээр сарын 14-өөс 15-ныг шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад цагдаагийн газрын жижүүрээс станцаар “ Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Зун хүнсний дэлгүүрийн хажууд Б.Т гэгч нь бусдад зодуулсан” гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагад ахлах ахлагч М.Э бид хоёр албаны автомашинтай явж Зун хүнсний дэлгүүрийн ар талын гудманд Б.Т нь цагаан өнгийн приус-20 автомашинтай ирээд зогсчихсон байсан, биднийг очих үед Төрбат нь машинаасаа буухад түүний хамарнаас нь нэлээд их цус гарчихсан, хамраа салфеткаар дарчихсан байдалтай, өмсөж явсан хувцас нь цээж хэсгээрээ цус болсон байдалтай, автомашин дотор ганцаараа байсан. Ингээд бидэн дээр ирэхэд нь түүнийг хэнд зодуулсан талаар асуухад “би таксинд явж байгаад танихгүй хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед Б.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Ингээд дуудлага мэдээлэл өгсөн Б.Таас “хаана зодуулсан бэ, таныг зодсон хүн хаана байгаа бэ” гэж асуухад Б.Т нь “энэ гэр хороололд айлын гадна автомашин дотроо зодуулчихлаа, би тэр залууг айлд буулгасан, тэр айлыг нь мэднэ” гэж хэлсэн. Ингээд бид Б.Таар тухайн айлыг заалгахад Зун хүнсний дэлгүүрийн арын гудмаар чигээрээ доош яваад ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн харалдаа нэг айлын гадна ирж зогсоод “энэ айлд нөгөө хүнийг буулгасан” гэж хэлсэн. Тэгээд Б.Тыг дагуулаад тухайн айл руу ороход Б.Тыг зодсон гэх О.Т гэх залуу гэр дотор байсан, мөн тухайн гэрт 5-6 хүн байсан ба пиво ууцгааж байсан. Ингээд О.Тг дуудаж гэрийн гадна түүнээс болсон явдлын талаар асууж тодруулахад “ би Өгөөж караокены тэндээс такси бариад энэ айлд ирэхэд таксины жолооч надаас 5000 төгрөг нэхсэн, тэгээд би түүн рүү 2500 мобайл банкаар шилжүүлсэн, тэгээд уур хүрээд таксины жолоочийг цохисон” гэж хэлсэн. Ингээд бид нар О.Т, Б.Т нарыг дагуулаад цагдаагийн газар дээр ирж, О.Тгийн согтуурлыг шалгахад 1.87 % согтолттой байсан юм. Ингээд түүнийг зөрчлийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Мд хүлээлгэж өгчихөөд эргүүлдээ гарсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
Гэрч Н.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө би Улаангом сумын 9 дүгээр баг 021 тоотод оршин суух гэртээ эхнэр Б, найз Б, түүний эхнэр А, найз Р нарын хамтаар хөзөр тоглоод ганц, хоёр пиво уугаад байж байтал шөнө 00:00 цагийн орчимд манайд миний танил дүү О.Т ганцаараа орж ирсэн. Тэгээд удалгүй 2-5 орчим минутын дараа О.Тгийн араас удалгүй хоёр цагдаатай хамт нэг танихгүй эрэгтэй хүн хамрандаа салфетка хийчихсэн орж ирсэн. Тэгээд тэр залуу гэрт орж ирээд О.Тд зодуулсан гээд түүнийг цагдаа нарт зааж өгсөн. Тэр үед нь би тэд нарт манай гэрээс гарч учраа олцгоо гэж хэлээд гаргасан бөгөөд тэд нар цагдаагийн газар луу явцгаасан юм. Тухайн шөнө О.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхийн хувьд хэрэглэсэн байсан. Гэхдээ тасартлаа согтсон зүйл байгаагүй, ухаан санаа хэвийн байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),
Гэрч М.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс 15-нд шилжих шөнө 00:00 цаг өнгөрч байхад цагдаагийн газрын жижүүрээс станцаар “Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг Зун хүнсний дэлгүүрийн хажууд бусдад зодуулсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагад явж очиход Б.Т гэгч нь цагаан өнгийн приус-20 автомашинтай ирээд зогсчихсон байсан, биднийг очих үед Төрбат нь машинаасаа буухад түүний хамарнаас нь нэлээд их цус гарчихсан, хамраа салфеткаар дарчихсан байдалтай, өмсөж явсан хувцас нь цээж хэсгээрээ цус болсон байдалтай, автомашины дотор хэсэгт нь мөн цус болсон байсан бөгөөд тухайн үед иргэн Б.Т хэлэхдээ “би таксинд явж байгаад танихгүй хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид Б.Тын зодуулсан гэх газрыг заалгаж гэр хороололд байх нэг айлын гадна ирсэн тэгээд Төрбат нь намайг зодсон хүн энэ айлд байгаа байх, ийшээ орсон гэж хэлэхээр бид нар түүнийг дагуулаад тухайн хашаан дотор байсан гэр лүү ороход гэр 5-6 хүн байсан ба пиво ууцгааж байсан. Тухайн үед Б.Т нь “намайг зодсон хүн энэ байна” гэж хэлээд нэг эрэгтэйг заасан ба тухайн хүнийг нэрийг тодруулахад О.Т гэж хэлсэн. Ингээд О.Тгээс болсон явдлын талаар тодруулж асуухад “Өгөөж караокены тэндээс такси бариад энэ айлд ирэхэд таксины жолооч надаас 5000 төгрөг нэхсэн, би 2500 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн, тэгээд миний уур хүрээд таксины жолоочийг цохисон” гэж хэлсэн. Тэгээд бид нар О.Т болон Б.Т нарыг цагдаагийн газарт авч ирж О.Тгийн согтуурлыг шалгасан бөгөөд согтолтын зэрэг гарч байсан. Яг хэдэн хувийн согтолттой байсныг одоо сайн санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
Гэрч Ж.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2023 оны 01 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө би өөрийн нөхөр Бын хамт Улаангом сумын 9-р багт байх өөрсдийн найз Н.Сийн гэрт очсон. Биднийг тэнд очиход тэднийд С, түүний эхнэр Б болон найз Р нар байсан. Бид нар хөзөр тоглоод байж байтал шөнө 00:00 цагийн орчимд О.Т гэх нэг залуу орж ирсэн. Тэгээд удалгүй 2-5 орчим минутын дараа О.Тгийн араас удалгүй хоёр цагдаатай хамт нэг танихгүй эрэгтэй хүн хамрандаа салфетка хийчихсэн орж ирсэн. Тэгээд тэр залуу гэрт орж ирээд О.Тд зодуулсан гээд түүнийг цагдаа нарт зааж өгсөн. Тэгээд цагдаа нар түүнийг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),
Шүүгдэгч О.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймагийн Улаангом суманд 19:00 цагт ирсэн. Би Улаангомд ирээд гэртээ орж аав ээжтэйгээ мэнд мэдчихээд Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Өгөөж бааранд орсон. Би уг бааранд орж 0.5 литрийн хэмжээтэй 6 ширхэг пиво ууж, тухайн газарт бүжиглэж байгаад баар хаах үеэр буюу 23:50 цагийн үед гарсан. Тэндээсээ би гараад өөрийн танил ах Сын гэр лүү алхсан бөгөөд замд такси олдохгүй байсан учир баарнаас гараад галын дөрвөн замын уулзвараар доошоо эргээд алхаж байгаад Төгөл хүнсний дэлгүүрийн харалдаа машин ирж байхаар нь гараа өргөж таксинд суусан. Тухайн такси нь приус-20 маркийн машин байсан ба уг машиныг танихгүй нэг эрэгтэй /хохирогч Б.Т/ ганцаараа жолоодож явсан. Тэгээд би уг таксинд суугаад Улаангом сумын 9-р багийн нутаг ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн доод талд байх Зөв түмэн хүнсний дэлгүүрийн харалдаа ар талд очиж найз Оргилын гэрийн гадна очиж түүн рүү залгахад утсаа аваагүй. Тэгээд би тэндээсээ урагшаа эргэж ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн урд талын гэр гудмаар дээш явж өөрийн танил ах Сын гэрийн гадна ирсэн. Тэдний гадна ирээд таксины жолоочоос хэдэн төгрөг гарсан бэ, би мобайл банкаар тооцоо хийе гэхэд таксины жолооч надад 5000 төгрөг мобайлдчих гэхээр нь би түүнд яахаараа би 5000 төгрөг өгдөг юм, 2500 төгрөг шилжүүлнэ гэж хэлээд түүний өгсөн данс руу 2500 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн. Тухайн үед би тухайн машины зүүн талын урд суудлаас буугаад хаалга онгойлгоод цээж хэсгээ кабин руу хагас оруулсан байсан. Би мөнгө шилжүүлчихээд утаснаасаа гүйлгээгээ харуулсан. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэргэлчихсэн байсан учраас таксины жолооч надаас 5000 төгрөгөөр шилжүүлэг хий гэсэнд нь уур хүрээд би баруун гараараа түүний хамар хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд тэр залуу машинаа урагш хөдөлгөөд зугтаад явсан. Тэгээд би Сын гэр лүү ороход тэднийд найзууд нь ирчихсэн ганц нэг пиво уусан, хөзөр тоглож байсан. Би тэднийд ороод мэнд мэдэлцээд сууж байтал удалгүй 5-6 минутын дараа тэднийд таксины жолооч цагдаа дагуулсан орж ирсэн. Тэгээд цагдаа нар ирээд намайг аваад цагдаагийн газарт ирж, миний согтуурлыг шалгахад 1.87 хувийн согтолттой байсан юм. Б.Т нь намайг зодож цохисон зүйл байхгүй. Би Б.Тыг баруун гараараа түүний хамар луу 1 удаа цохисон. Гараараа цохисон, өөрөөр бол ямар нэгэн багаж зэвсэг хэрэглэсэн зүйл байхгүй. Би Н.Сын гэрт орсны дараа тэдний хашааны гадна таксины жолоочийг зодож, цохисон талаараа тэдэнд хэлж амжаагүй, дөнгөж ороод мэнд мэдээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Би Б.Тад учирсан хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөг өгч хохиролыг барагдуулсан. Би Б.Тыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд учирсан хохиролыг төлж барагдуулсан. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112-113 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 59 дугаартай "Үзүүлэгч Б.Тын биед хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотно буланд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь өөрийнх нь зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамар орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дотно буланд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Б.Т нь 2022 оны 12 дугаар сарын 20-нд Грандмед эмнэлэгт хэвтэн хамрын таславч засах мэс засал эмчилгээ хийлгэж байсан байна. Энэ нь одоогийн гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 16-18 дахь тал) ээр хохирогч Б.Тын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Т нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Тын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Тгийн согтуурал шалгасан “О.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө драгер-7510 маркын багажаар шалгахад 1.87 хувийн согтолттой байсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 28 дахь тал)-ээр энэ гэмт хэргийг үйлдэх үедээ согтуу байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршиг
Хохирогч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд “Б овогт Т миний бие 2023 оны 01 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө О.Т гэгч этгээдээр зодуулж хөнгөн гэмтэл авсан. Гарсан хохирол барагдуулж 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн тул одоо хохирол гомдолгүй болсон” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 142 дахь тал), -ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч О.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч О.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.Т нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 132 дахь тал)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Б.Бын өгсөн: “Би О.Ттэй анх 2010 оноос хойш одоог хүртэл найзалж нөхөрлөж байгаа юм. О.Т нь зан аашийн хувьд эелдэг даруу төлөв зантай, бусадтай нийтэч, хүнтэй зөв боловсон харилцаатай залуу юм. О.Т нь 2019 онд Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролы 3-р сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, сургуулиа төгсөөд Оросын холбооны сургуулийн цэргийн сургуульд орох гээд хэлний бэлтгэлд нэг жил яваад тухайн үед коронавирус өвчний улмаас буцаж Монголд ирсэн. Тэгээв Завхан тэсд 2020 онд хугацаат цэргийн албанд татагдаж 2021 оны 10 дугаар сард цэргийн албанаас халагдсан. О.Т нь цэргээс халагдаж ирээд нийслэлийн аврах 105 дугаар ангид аврагчаар ажилд орж 8 сар ажлаад ажлаасаа гарсан. Түүнээс хойш хувиараа харуул хамгаалалтын албанд ажиллаж байгаад одоо бол ажлаасаа гарчихсан эрхэлсэн тодорхой ажилгүй. Ам бүл-6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Архи согтууруулах ундааны зүйл хэргэлдэггүй, бусадтай нийтэч зантай хүн юм. Бие эрүүл мэндийн хувьд эрүүл, ямар нэгэн архаг хууч өвчин байдаггүй. Гэр бүлийн хувьд хойд эцэгтэй түүнийг бага байхаас нь хойш одоог хүртэл байгаа хоорондын харилцаа сайтай байдаг. Амьдралын нөхцөл байдлын хувьд боломжийн аав Тансаг нь хувийн тоосгоны үйлдвэрт зохион байгуулагч, ээж О нь Солонго төвд бөс, гэр ахуйн бараа зардаг юм О.Тд өөрт нь эд хөрөнгө гэх зүйл байхгүй, хүнтэй гэрлэж тусдаа гараагүй бөгөөд аав, ээжтэйгээ хамт амьдардаг юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал) авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Тд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Оын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Тд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Тд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ