Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 244/ШЦТ/2023

 

 

 

 

 

 

 

 

 

       2023          02         27                                        2023/ШЦТ/244

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч А.Кадирбек нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Г.М д холбогдох эрүүгийн 2308000810103 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэгч мэргэжилтэй, хувиараа Хархорин зах дээр бичиг хэргийн худалдаа эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар  гудамжны *** тоотод оршин суудаг, урьд нь:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 03 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж,  Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жил 06 сарын хорих ялын зарим болох 02 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 жил 08 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Тайжууд овогт Г-ийн М (регистрийн дугаар:ДМ9406*****).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжинд байрлах Б.М-н өмчлөлийн “***” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 149,050 төгрөгийг авсан,

Мөн дэлгүүрт нэвтэрч орсны дараа камер, кассын машин, бүргэд хаалга зэрэг эд зүйлийг устгаж, гэмтээсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.

4. Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамжинд байрлах хохирогч Б.М-н өмчлөлийн “********* хүнсний дэлгүүрийн цонхыг хагалан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 149,050 төгрөгийг авсан, мөн дэлгүүрт нэвтэрч орсны дараа камер, кассын машин, бүргэд хаалга зэрэг эд зүйлийг устгаж, гэмтээсэн болох нь:

4.1. Хохирогч Б.М-н“ ... Би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах “********** хүнсний дэлгүүрийг өөрийн нөхөр болох *хамт ажиллуу*****лдаг. Би хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хааж гарсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 08 цаг 05 минутад ирэхэд дэлгүүрийн арын хаалга эвдэрч, цонх хагарсан, кассын машин газар унаж камер эвдэрсэн байдалтай байсан. Тэгээд би хулгай орсон гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Би цагдаа дуудсаны дараа камерыг шүүж үзэхэд манай дэлгүүрээр байнга орж гарч үйлчлүүлдэг Г.М  тус шөнө 04 цаг 01 минутад хулгай хийж байсан ... манай дэлгүүрээс 149,050 төгрөг алдагдсан үүнээс Г.М гаас 109,050 төгрөгийг буцааж авсан. Мөн бүргэд хаалга эвдэлж, өндөр 120, өргөн нь 40-тэй вакум цонх хагалсан, мөн кассын машин, ай пи камер 1 ширхэг эвдэрсэн байсан би үнэлгээг нь мэдэхгүй байна.... “,

“... манай дэлгүүрт хулгай ороход галын өрөөний цонхыг хагалж, галын өрөөгөөр дэлгүүр лүү ордог бүргэд хаалгыг юмаар цохиж хөшиж цоожийг эвдэж хэв алдагдуулсан, мөн дэлгүүрийн дотор байх 4  мегапикселын IP камер 1 ширхэг, касс машин иж бүрэн 1 ширхгийг эвдэж, бэлнээр 149,050 төгрөг хулгайлж нийт 2,474,200 төгрөгийн хохирол учруулснаас би бүх хохирлоо бүрэн барагдуулж авсан. Манай дэлгүүрт хулгайд орсон хүн манай дэлгүүрийн цонхны шилийг шиллэж, бүргэд хаалга болон камер мөн кассын машиныг сольж өгсөн 149,050 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 хуудас)

4.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 хуудас)

4.3. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9-12 хуудас)

4.4. Гэрч А.Ц-ийн “...2022 оны 12 дугаар сарын 03-ны шөнө би Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**************” караокегоо ажиллуулж байхад 02 цагийн үед Г.М  орж ирээд нэг ширхэг лаазтай пиво уугаад 3 дуу дуулаад сууж байсан ба би тухайн өдөр хүнгүй байхаар нь эртхэн хаах гээд Г.М  болон дахиад өөр 3 хүнд би “манайх одоо хаах гэж байна одоо ингээд тарцгаагаарай хаалаа архи зарахгүй ...” гэхэд манайд сууж байсан 3 залуугийн нэг нь гэр лүүгээ явна гээд нэг нь 0.5 литрийн Хараа аваад гарсан. Тэгэхээр нь би караокегоо хаагаад хойд талын амралтын өрөөнд орж унтсан. Тэгээд унтаж байхад хүн ирж караокены хаалгыг хүчтэй нүдэхээр нь би цочиж сэрээд цонхоороо харахад Г.М  гадаа ирсэн, оръё гээд зогсож байсан. Тэгээд би “Шагай минь харихгүй юу хийж яваа юм” гэж хэлсэн чинь надаас миний карт байна уу гэж асуухаар нь би өгсөн шүү дээ, гэж хэлээд ПОС машинаа шалгачхаад буцаж ирж байхгүй байна, одоо хариач юугаа хийгээд яваад байгаа юм бэ түрүүнээс хойш гэж загначхаад цонхоо хаагаад амралтын өрөө рүүгээ ороод байж байтал 10-15 минутын дараа манай цонхыг дахиад нүдэхээр нь би дахиж очоод “ чи наад юм эвдэллээ хариач чи юугаа хийж яваад байгаа юм бэ” гэж загнаад цонхоо хаагаад байж байсан чинь дахиад хүрч ирээд хаалга нүдэхээр нь “чи зайлаад өгөөч” гэж хэлсэн чинь Шагай над руу “та намайг зайл гэж байгаа юм уу” гээд уурлаад байсан. Тухайн үед Г.М  ганцаараа явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 хуудас)

4.5. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний 2023 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн 2478 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “2,325,000” төгрөгийн хохирол учирсан гэх үнэлгээ (хавтаст хэргийн 22-23 хуудас)  

4.6. Г.М н яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн “...намайг яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Надад тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 12 дугаар сарын 02-ны орой Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**************” хүнсний дэлгүүртэй залгаа караокед орж 1 ширхэг шилтэй пиво уугаад сууж байсан ба уг караоке дотор өөр ширээнд сууж байсан 2-3 танихгүй хүмүүс намайг дуудаж ширээн дээрээ суулгаад би тэр хүмүүсийн архинаас ганц хоёр л татсан. Тэгээд караоке хаахаар болж бид нарыг гар гэхээр нь би караокены хүнээс өөрийнхөө банкны картаа асуусан чинь "... би чамд өгсөн .... гэхээр нь би тэр эгчтэй хэрэлдээд гараад явсан. Гарахад нөгөө дотор байсан залуучууд гадаа уугаад сууж байхаар нь би өөрөө очиж архи уучхаад би гэртээ харихгүй тэр хавьд явж байгаад нөгөө караокены гадаа очиж хаалгыг нүдээд дахиад банкны картаа асуусан чинь “... карт чинь байхгүй гэртээ харьж амар ...” гэхээр нь би тухайн үедээ уурлаад согтуурсан үедээ уг караокены хүний охин нь ажиллуулдаг “*************” хүнсний дэлгүүрийн хойд талд байх галын өрөөний цонхыг хагалж дотогшоо дэлгүүр лүү орох дахиад нэг хаалга байхаар нь би галын өрөөнд байсан төмрөөр хаалгыг хөшиж онгойлгоод дэлгүүр лүү нэвтрэн орж дэлгүүрийн касс дээр очиж кассын хажуу талын шургуулгад байсан бэлэн 149,050 төгрөгийг авч өөрийнхөө өмсөж явсан куртикнийхээ халаасанд хийчхээд дээшээ харсан чинь касс руу тусгалтай камер байхаар нь би камерыг татаж унагаачхаад хар өнгийн кассын машиныг тэврээд орсон цонхоор нь гарч дэлгүүрийн хашаан дотор кассын машиныг газар шидэж эвдэхэд дотроос нь нүүрсний карт болон бусад картууд байсан мөнгө байгаагүй болохоор би тэнд нь хаяад дэлгүүрээс гарч төв зам руу яваад такси барьж 1-р хороолол орсон. 1-р хорооллын бааранд орох гэсэн боловч тухайн үед 05 цаг өнгөрчихсөн байсан тул онгорхой баар байгаагүй болохоор би такси бариад Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Тахилт **************** тоотод байх гэртээ ирээд унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 97-98 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

5. Шүүгдэгч Г.М н шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын өмчлөх эрхэд халдаж нэвтэрсэн обьект нь хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай дэлгүүрт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлсийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг,

Г.М  дэлгүүрт нэвтэрч камер, кассын машин, бүргэд хаалга зэргийг эвдлэх, устгах зэргээр шинээр солих шаардлагатай болон зайлшгүй засварлуулах шаардлагатай болгосны улмаас учруулсан хохирол нь бага хэмжээ болох 300,000 төгрөгөөс дээш учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан гэж дүгнэлээ.

 

6. Шүүгдэгч Г.М н нэг удаагийн үйлдлээр, нэг цаг хугацаа, орон зайд хийсэн үйлдэл болох хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай дэлгүүрт  нэвтэрч, бэлэн мөнгөн авсан нь хулгайлах, мөн дэлгүүрийн хаалга, цонх, кассын машин, камер зэргийг эвдлэх, хагалах зэргээр хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргүүдийн шинжийг тус тус хангасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

8. Хохирол, хор уршиг:

8.1. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2023 оны 01 дүгээр  сарын 02-ны өдрийн 2478 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлангаар “дотор зориулалттай 4 мегапиксел IP камер 1 ширхэг 140,000 төгрөг, кассын машин иж бүрэн 1,485,000 төгрөг, бүргэд хаалга 700,000 төгрөг”-өөр үнэлэгдсэн (хавтаст хэргийн 21-23 хуудас).

8.2. Хохирогч Б.М нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “гадна цонх, бүргэд хаалга, кассын машин, камер зэргийг шинээр авч өгсөн тул миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, хохирол төлөгдсөн” гэсэн хүсэлтээр шүүгдэгч Г.М гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

9. Улсын яллагчаас шүүгдэгч Г.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жил 06 сарын хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 03 сарын хугацаагаар хүлээлгэх, зорчих эрх  хязгаарлах ял тус тус оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 09 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

 

            10. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна. Тэгэхдээ шүүгдэгч Г.М  нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 01 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэх саналыг гаргасан.

           

            11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шөнийн цагаар архидан согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршиг арилсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй.

 

            12. Шүүгдэгч Г.М  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан шаардлагыг хангасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан ялын саналыг хүлээн авч, Г.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих, торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            13. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, 2,474,050 төгрөгийн хохирлыг  нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Тайжууд овогт Г-ийн М г:

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Г.М г  01 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Г.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан  01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.М н эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Г.М д үүрэг болгосугай.

 

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.М д мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирлын 2,474,050 төгрөгийг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ