Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***ын ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205036360014 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг *** суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн *** бакавлаврын 4 дүгээр курсын оюутан, Өмнөговь аймаг *** сум 3 дугаар *** тоотод оршин суух бүртгэлтэй, ах, эгч нарын хамт *** дүүрэг 9 дүгээр хороо *** дугаар байр *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***ын ***. /РД:***/

 

Шүүгдэгч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнхгал төвийн караокед үйлчлүүлэх явцдаа үл ойлголцох хэрүүл, маргааны улмаас хохирогч Б.***ийн нүүр болон толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй” гэв

 

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Б.***ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнхгал төвийн 3 давхрын караокед ***, *** хоёрын найзын хамт 18 цагийн үед орсон. Тэндээ сууж байгаад цаг дуусаад шөнийн 00 цагаас 01 цагийн үед гарсан. *** түрүүлээд гараад явсан байсан. Араас нь *** найзын хамт гарах гэж байхад үүдэнд хэдэн залуучууд байсан. Тэд нарын нэг нь манай *** найзыг түлхэж газар унагасан. Юунаас болж муудсаныг санахгүй байна. Би яаж байнаа гээд тэд нартай маргалдсан. Маргалдаж байхад хажуунаас нэг туранхай залуу миний хамар хэсэг рүү цохисон. Тухайн үедээ манараад аль гараараа цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд хамраас цус их гараад байсан болохоор цагдаа дуудсан. Миний хамар руу цохисон залууг барьж аваад цагдаа иртэл байлгасан.

... Би тэр шөнө дөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Дараа нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Хамрын яс хугарсан байна гэж хэлсэн. Дараа нь MGG гэсэн хувийн эмнэлэгт хамрын яс тэгшлэх хагалгаанд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр орсон. Одоо ямар нэг зовиур байхгүй. MGG эмнэлэгт хамрын хагалгаанд 1,500,000 төгрөгөөр хагалгаанд орсон. Хагалгаанд орсноос болж ажилдаа явахгүй 14 хоносон. Би өдрийн 200,000 төгрөгийн цалин авдаг гэх мэтчилэн нэхэмжилвэл надаас өчнөөн төгрөгийн зардал гарсан. Хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна. Тэр хүүхдээс би юм нэхэмжлэхгүй. ...” гэсэн мэдүүлэ /хэргийн 23 дахь тал/

 

Гэрч М.***гийн мөрдөн байцаалтад өгсөн “... Араас нь *** бид хоёр гарч байхад хаалган дээр хэдэн залуучууд байсан. Хажуугаар нь гарахад шүргэлцлээ гэсэн шалтгаанаар нэг нь намайг түлхэж унагаасан. Яг ямар залуу нь түлхэж унагаасанг хараагүй. Нэг мэдсэн *** цус болсон байж байсан. ***ийн хамраас цус их гарсан. ***ийг цохисон юм уу, мөргөсөн юм уу, сайн мэдэхгүй байна. Харж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэ /хэргийн 27 дахь тал/

 

Гэрч Ж.***ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Шөнө 01 цагийн үед гарах гээд зогсож байхад 3 ах ирээд холд гээд харааж загнасан. Тэгээд тэр 3 ахтай манай найзууд маргалдаад байх шиг байсан. Би тооцоо хийх гээд явсан байсан болохоор яг зодолдож, цохилцсонг нь хараагүй. ...” гэсэн мэдүүлэ /хэргийн 29 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15888 дугаартай:

“...1. Б.***ийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун шанаанд цус хуралт, завжинд язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шинэ гэмтлүүд байна.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 14-15 дахь тал/

 

***ын яллагдагчаар өгсөн “... Тэгсэн 3 хүн дээрээс бууж ирэхдээ зам тавь нусан чавхнуудаа гээд нэг том биетэй ах намайг мөрлөөд би цэргийн хошууч хүн байна, та нарыг ална гэж орилсон. Би яаж байгаа юм бэ гэхэд араас нь явж байсан жижиг биетэй ах эргэж хараад намайг татсан. Тэгэхээр нь би зөрүүлээд татсан. Тэгтэл араас нь дахиад цуг явж байсан ах намайг татахаар нь би таттал хаалганы довжоон дээр унасан. Босч ирэхдээ хамар нь цус болоод босож ирсэн. Тэгээд надтай зууралдаад цагдаа дуудсан байгаа явуулахгүй гэсэн.

... Би өөрийн хийсэн гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэсэн мэдүүлэ /хэргийн 44 дэх тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч *** нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж Б.***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хэрэгт хохирогч Б.***ийн “... өөрт учирсан хохирол болох 800,000 төгрөгийг Хаан банкны 5300761616 гэсэн дансаар авсан нь үнэн болно. Тиймээс цаашид гарах хохирол болон эмнэлгийн зардалд ямар нэгэн гомдол санал байхгүй, өөрөө бүрэн хариуцах болно. ...” гэсэн баталгаа, гүйлгээний баримтын хамт авагдсан /хэргийн 50-51 дэх тал/ байх тул шүүгдэгч ***аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, *** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***.4 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ***.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ