Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Б.Тэгшбаяр

шүүгдэгч А.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***ын ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205038010089 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, охины хамт Баянгол дүүрэг *** дугаар хороо *** дүгээр байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***ын ***. /РД:*** /

 

Шүүгдэгч А.*** нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гранд плаза худалдааны төвөөр үйлчлүүлээд гарахдаа хохирогч Э.***ын эзэмшлийн I phone XR загварын гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Э.***ын “2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний найз *** Япон улс руу сурахаар явах болоод явахаасаа өмнө хувцас худалдаж авна гээд намайг хамт дэлгүүр хэсээд яваад өгөөч гээд бид хоёр хамтдаа Баянгол дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гранд плаза төвд уулзаад хамтдаа доторх дэлгүүрүүдээр нь хувцас үзэж байгаад 16 цагийн орчим 5 давхарт байрлах коридорын сандал дээр хэсэг суугаад би тухайнд сандал дээр нь өөрийн I phone XR загварын гар утсаа мартаж босоод цахилгаан шатны тэнд очоод гэнэт утсаа санаад очиход миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд утас руугаа удаа дараа залгаад авахгүй болохоор нь шууд цагдаагийн байгууллагад хандсан.

... Тухайн гээгдүүлсэн гар утсаа 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Tedy худалдааны төвөөс 1,200,000 төгрөгөөр худалдаж авч байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дэх тал/

 

Иргэний нэхэмжлэгч Н.***ын “... надад гар утас зарсан эмэгтэй нь өөрийнхөө барьж байсан Samsung гар утсандаа үйлчилгээ хийлгэсэн.

Үйлчилгээний төлбөр нь 20,000 төгрөг болсон. Нийтдээ 110,000 төгрөг болсныг би тухайн эмэгтэйн данс руу үйлчилгээнийхээ төлбөрийг хасаад 90,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ тухай би андуурч мэдүүлсэн байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 27-28 дахь тал/

 

Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-722 дугаартай “... I phone XR загварын гар утсыг 850,000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт. /хэргийн 30-32 дахь тал/

 

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай “... Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гранд плаза төвийн хяналтын камерын бичлэгээс I phone XR загварын гар утсаар хуулбарлан авсан хяналтын камерын бичлэгтэй 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 37 дахь тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн “... Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хяналтын камерын цагаар 11 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цаг 50 минут 12 секундэд сэжигтэй этгээд нь хохирогчийн гар утсыг авч уутанд хийж буйг тэмдэглэл харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 46-49 дэх тал/

 

А.***ий яллагдагчаар өгсөн “... 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би охин Сийлэнгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Гранд плаза худалдааны төв рүү өвлийн куртик, гутал авахаар орсон. Орой охиндоо өвлийн гутлаа авчхаад давхрыг нь санахгүй байна. Амралтын коридорын сандал дээр сууж байсан. Авсан хувцас, гуталнуудаа уутанд хийгээд явах гээд боссон. Босох гэтэл сандал дээр хар өнгөтэй гар утас хэвтэж байсан. Би гар утсыг аваад хүн үлдээсэн байх гэж бодоод ойр хавьд хүн харахад байхгүй байсан. Би хар өнгийн гар утсыг аваад тор руугаа хийгээд цаашаагаа куртик үзэхээр буусан. Куртикээ үзээд охин өлсөөд байна гэхээр нь Макс молл төвд хоол идээд харьсан. Гэртээ хариад хар өнгийн гар утсыг үзэхэд гар утас унтарсан байсан. 2022 оны 11 дүгээр арын 08-ны өдөр охиндоо гар утсыг бариулъя гэж бодоод Монтел худалдааны төвийн нэг давхарт байрлах завсарчин дээр очиход надаас юу ч асуугаагүй I phone XR загварын гар утасны кодыг тайлах боломжгүй гэдгийг хэлсэн. Кодыг нь тайлах боломжгүй учраас заръя гэж бодсон. Завсарчин залуу 90,000 төгрөгөөр авъя гээд хэлэхээр нь гар утсыг 90,000 төгрөгөнд зарсан. Би 90,000 төгрөгийг дансаар өөртөө авсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 57-59 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Хохирогч Э.*** нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Гранд плаза худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа тус төвийн 4 дүгээр давхрын зүүн жигүүрт байрлах 109 дүгээр лангууны гадна талд байрлах сандал дээр гар утсаа үлдээн явсан ба энэ үед шүүгдэгч А.*** нь Э.***ын гээгдүүлсэн гар утсыг авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1.  Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1.  Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1.  Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.*** нь гээгдэл эд хөрөнгө болох I phone XR загварын гар утсыг өөрийнх биш бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж авч улмаар худалдан борлуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 850,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан ба хохирогч Э.***д Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ-722 дугаартай дүгнэлтээр /хэргийн 30-32 дахь тал/ 850,000 төгрөг хохирол учиржээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.***д I phone XR загварын гар утсыг бие байдлаар хүлээлгэн өгсөн болох нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хэргийн 45 дахь тал/ тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А.*** нь шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Н.***т 90,000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримтыг гарган өгчээ.

Иймд шүүгдэгч А.***ийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч А.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч А.*** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг сайн дураараа нөхөн төлсөн, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, А.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.***, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.***ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.***ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.***ийг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, А.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ