Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 50

 

        Б.Д-д холбогдох эрүүгийн 

        хэргийн тухай

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                       Э.Б

Шүүгдэгч                                                        Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Н.Э

Нарийн бичгийн дарга                                  Г.Д  нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.А даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Д-д холбогдох 1912003090194 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ,,, оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дугаар багийн ,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн Б.Д

 

 Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Урд тамирын гол гэх газарт өөрийн эхнэр Б.А-ийг гараараа цохих, хоолойг нь боох, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.А-ийг байнга буюу 2015 оны 01 дүгээр сарын үед гэртээ, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Урд тамирын гол гэх газарт, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 999 худалдааны төвийн гадна тус тус гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж зодсон гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй  хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар 1 жилийн хгацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгөөр торгох ялыг 1 хоногоор тооцож, 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгөөр торгох ялыг 1 хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-д оногдуулсан 1 жил 2 сар 10 хоногийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Д-ийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Б.А нь бусад учирсан хохирлын баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 190 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.Д миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс надад 1 жил 2 сар 10 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ чинь санаасаа гэмшиж байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Миний ар гэрийн байдал хүнд байдаг бөгөөд би 3-6 насны гурван хүүхэдтэй. Мөн эхнэр А-ийн биеийн байдал тааруу байдгаас болоод ажил хөдөлмөр эрхэлж чаддаггүй болно. Манайх нэн ядуу өрхийн тоонд бүртгэлтэй байдаг бөгөөд миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, эзэмшсэн мэргэжил байхгүй. Гэхдээ би өөрт олдсон бүхий л ажлыг хийж, ар гэрээ тэжээдэг. Иймд миний өөрийн хувийн бадал, ар гэрийн хүнд байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.  

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Б би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2,4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Д-д холбогдох 1912000182 тоот зөрчлийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Б.Д нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Урд тамирын гол гэх газарт өөрийн эхнэр Б.А-ийг гараараа цохих, хоолойг нь боох, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал зэрэг хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.А-ийг байнга буюу 2015 оны 01 дүгээр сарын үед гэртээ, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Урд тамирын гол гэх газарт, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн 999 худалдааны төвийн гадна тус тус гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэж зодсон нь тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би өмнөх гаргасан саналаа дэмжиж байна. 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна. Хохирогч Б.А-ийг хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг тогтоосон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байсан. Грүпп тогтоолгосон хүн болгоныг хөгжлийн бэрхшээлтэй гэж тооцохгүй. Учир нь эмнэлэгийн магадлал, дүгнэлтийг үндэслэл болгон  хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэх байх. Тиймээс прокурорын гаргасан дүгнэлтийг буруу гэж бодож байна. Ийм учраас хэргийг бүхэлд нь хянаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэр гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Б.Д-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Д нь   гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Б.Д-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна. 

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ. 

 

Анхан шатны шүүхээс Б.Д-д түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт  заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “хорих” ял тус тус оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна. 

 

Шүүгдэгч Б.Д урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялаа эдэлсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул анхан шатны шүүх эдлээгүй үлдсэн 450.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгөөр торгох ялыг 1 хоногоор тооцож, 1 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон нь зөв байна. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсэний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг ойлгоно, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.8 дах хэсэгт хөдөлмөрийн магадлах комисс өөрийн эрх хэмжээний хүрээнд....дүгнэлт гаргана, 38 дугаар зүйлийн 38.2 дах хэсэгт...хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх нь хөгжлийн бэрхшээлтэй хүн хууль тогтоомжид заасан эрхээ эдлэх... үндсэн баримт болно гэж тус тус хуульчилжээ.

 

Гэтэл хохирогч Б.А хөгжлийн бэрхшээлтэй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй байхад хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж яллах дүгнэлт үйлдэж, улмаар анхан шатны шүүх хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

 Өөрөөр хэлбэл хохирогч Б.А хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас грүппт байдаг боловч хөгжлийн бэрхшээлтэй болох нь тогтоогдоогүй, грүппт байдаг гэх үндэслэлээр түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж хийсвэр дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүгдэгч Б.Д-ийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэж хүндрүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.Д-ийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийг хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэж хүндрүүлснийг хэрэгсэхгүй болгосон ч хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй болно.

 

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан ял нэмж нэгтгэсэн заалтын талаар тодорхойлох хэсэгт дүгнэж бичээгүй байгааг дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Д миний өөрийн хувийн байдал, ар гэрийн хүнд байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

  

            Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлавал шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн, өмнө нь санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдсон, түүний хувийн байдал зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлэх, тэнсэх үндэслэл байхгүй байна.

 

 Шүүгдэгч Б.Д нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд 55 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон 

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтаас “хөгжлийн бэрхшээлтэй” гэснийг хасч, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Шүүгдэгч Б.Д нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацаанд 55 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

                                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.ДАВААСҮРЭН

                                                                             ШҮҮГЧИД           Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                         В.ЦЭЦЭНБИЛЭГ