| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 221/2024/0030/З |
| Дугаар | 221/ШШ2024/0023 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 221/ШШ2024/0023
Ж.Б-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалсан: шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.Б
Хариуцагч: Сонгуулийн ерөнхий хороо
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Н, Б.Ө
Хариуцагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н
Иргэдийн төлөөлөгч: Б.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б нь Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар маргасан байна.
2. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 75 дугаар зүйлийн 75.1, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12.3-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Ж Б нь нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй тул Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаас Ж Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч Ж.Бгаас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Миний бие Улсын Их Хурлын сонгуульд Иргэний зориг ногоон намаас оролцохоор болж манай намын зүгээс нэр дэвшигчдийг бүртгүүлэх хүсэлтийг хавсралтын хамт хүргүүлснийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 70 дугаартай “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” тогтоолыг хавсралтын хамт гаргасан.
Хавсралтад дурдсан нэр дэвшигч Ж.Б намайг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай намын байранд өглөөний 11 цагийн үед Монгол Улсын Сонгуулийн ерөнхий Хорооны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн огноотой 181 дугаартай “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг намын байранд хүргэж өгснөөр мэдсэн.
Энэхүү тогтоолыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэж гаргасан байх ба тогтоолын Тогтооох хэсэгт “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт Иргэний зориг ногоон намаас дэвшигчээр бүртгэгдсэн Ж Б нь нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй тул Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаас Ж Бд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэжээ. Ж.Б миний бие энэхүү тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул Монгол Улсын Их Хурлын Сонгуулын тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т “Энэ хуулийн 81.3-т зааснаас бусад Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдох маргааныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анханн шатны журмаар хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг үндэслэж гомдол гаргаж байна.
Энэхүү тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан дараах шаардлагыг хангаагүй байна.
- захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээдийн эрхгүй бусад этгээд бол түүний төлөөлөгч, нэр, хаяг, холбоо барих мэдээлэл тусгах,
-захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах,
-захиргааны шийдвэр гаргах ажиллагааг өргөдөл, гомдлын үндсэн дээр үүсгэсэн бол түүнийг тусгах,
-захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах,
-Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заах гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар Захиргааны актыг мэдэгдэх дараах шаардлагыг хангаагүй.
- Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэх.
-Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэсэн заалтыг тус тус зөрчсөн.
Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хороо 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 70 дугаартай "Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай" тогтоолыг гаргасан атлаа 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тогтоолын Ж.Б надад холбогдох хэсгийг хүчингүй болгох тогтоол гаргаж байгаа нь хүчингүй болгох тогтоолын үндэслэлдээ Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйл нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах ойлголт хуульд байх ба харин нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргасныхаа дараа нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах хуулийн үндэслэлийг /33.1.3/ зааж хүчингүй болгож байгаа хууль бус юм.
Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах гэсэн хуулийн зохицуулалтыг бүртгэсний дараа хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүрдүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно гэж нэр дэвшигчид олгосон хуулийн боломжийг хааж байгаа үйлдэл юм.
Ж.Б миний бие 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ардчилсан намаас гарч байгаа өргөдлийг Чингэлтэй дүүргийн Ардчилсан Намын дарга н.С-д өгсөн бөгөөд намын дарга тухайн өргөдлийг хүлээн авснаа баталгаажуулж гарын үсэг зурж цохолт хийсэн болно. Ж.Б миний Ардчилсан Намаас гарсан үйлдэл Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй гэсэн заалтын дагуу миний бие намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцох хуулийн зохицуулалтад бүрэн нийцэж байгаа юм. Харин Сонгуулийн Ерөнхий Хорооны маргаан бүхий актад дурдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн гэх үндэслэл нь илт худал, нотолгоо баримтгүй, хууль бус юм” гэжээ.
4. Хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Наранбат нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа:
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагуудыг тодорхойлон хуульчилсан бөгөөд эдгээр тусгай шаардлагыг хангаж буй эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо өөрөө тогтоох эрхгүй, холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авахаар хуульчилсан болно. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглодог.
Иргэн Л.Л-с 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Ардчилсан намын гишүүн Ж.Б Иргэний зориг ногоон намаас Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн. Мөн тус хүсэлтэд "Жуков овогтой Б нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цаг 50 минутын орчимд Ардчилсан намаас гарч байгаагаа мэдэгдэж өөрийн цахим хуудсанд пост оруулсан." гэж дурдсан. Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/458 "Лавлагаа хүсэх тухай" албан бичгээр Ардчилсан намд Ж.Б нь Ардчилсан намын гишүүнчлэлтэй эсэх лавлагааг авахаар Ардчилсан намд хүргүүлсний дагуу мөн өдрийн 03/149 дугаар албан бичгээр лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн.
Тус албан бичигт “Ж.Б нь Ардчилсан намын гишүүн ..." гэж дурджээ. Мөн Ардчилсан намын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/151 дугаар албан бичгээр Ж. Бд холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороонд хандан гомдол гаргасан. Иргэний зориг ногоон намаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн Ж.Б нь Ардчилсан намаас албан бичгээр ирүүлсэн баримтад дурдсанаар Ардчилсан намын гишүүнчлэлээс гараагүй байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 181 дүгээр тогтоолоор тус хорооны 2024 оны 70 дугаар тогтоолын хавсралтын Ж.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгч Ж.Б-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Ж.Бгаас гаргасан “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1 . Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай” 70 дугаар тогтоолоор Иргэний зориг ногоон намаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн 65 нэр дэвшигчийг бүртгэн, үнэмлэх олгож, хавсралтаар 10 дугаар тойргоос нэр дэвших нэр бүхий 6 нэр дэвшигч нар бүртгэгдсэнд Ж.Б багтсан, улмаар нэр дэвшигчийн үнэмлэх олгогдсон байна.
2. Гэвч Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны маргаан бүхий 181 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3, 75 дугаар зүйлийн 75.1, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12.3-д заасныг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшүүлсэн Ж Б нь нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаас Ж Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн байна.
3. Хариуцагчаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... Иргэний зориг ногоон намаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 тойрогт нэр дэвшигчээр бүртгэсэн Ж.Б нь Ардчилсан намаас албан бичгээр ирүүлсэн баримтад дурдсанаар Ардчилсан намын гишүүнчлэлээс гараагүй тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 181 дүгээр тогтоолоор тус хорооны 2024 оны 70 дугаар тогтоолын хавсралтын Ж.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэж тайлбарлан маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэн Л.Л-ээс Сонгуулийн ерөнхий хороонд хандаж 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “... 2024 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн шөнө 23 цаг 50 минутын орчимд Ардчилсан намаас гарч байгаагаа мэдэгдэж өөрийн цахим хуудсанд пост оруулсан. Гэтэл одоогоор Иргэний зориг ногоон намаас Улсын Их Хурлын 10 дугаар тойрогт нэр дэвшиж байна, ... Иймд тус асуудлыг шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлыг гаргасан байх бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Лавлагаа авах тухай” 1/438 дугаар албан бичгээр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаярт “... Ж.Б нь Ардчилсан намын гишүүнчлэлтэй эсэх, хэрэв гишүүнчлэлтэй бол гишүүнчлэлээс гарсан эсэх талаарх лавлагааг ирүүлэх”-ээр хандсан байна.
5. Уг албан бичгийн хариуд Ардчилсан намын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 03/149 дүгээр албан бичгээр “... Ж.Б нь Ардчилсан намын гишүүн бөгөөд Үндэсний бодлогын хорооны гишүүний сонгуульт албан тушаалтай байна. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар намын гишүүнчлэлээс татгалзах эсвэл хасах шийдвэр гараагүй” гэх хариуг Сонгуулийн ерөнхий хороонд өгч, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/151 дүгээр албан бичгээр “... Ж.Бг 2024 оны Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэр дэвшигчээс хасаж, нийтэд мэдээлнэ үү” гэх гомдлыг гаргасан байх боловч хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Бгаас энэ талаарх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр маргаан бүхий 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэгдсэн 70 дугаар тогтоолын хавсралтаас Ж.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэр дэвшигч Ж.Б нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хороонд хандан Ардчилсан намаас гарах тухай өргөдөл гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “Чингэлтэй дүүргийн Хурлын дарга Ж.С-н миний бие хүлээж авсан нь үнэн болно. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр” гэж тэмдэглэсэн цохолт бүхий нэхэмжлэгчийн намаас гарах тухай өргөдөл, Ардчилсан намын Чингэлтэй дүүргийн намын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3 дугаар тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: “10/ нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан үндсэн эрхийг эдлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй” гэж баталгаажуулан заасан байх тул энэхүү эрхийн хэрэгжилт нь бусад этгээдийн хүсэл зоригоос үл хамаарч хэрэгжих буюу иргэний сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, намд элсэх, намаас гарах эрхийг нам, түүний аль нэг байгууллагын шийдвэр, дүрмээр олгох, хязгаарлах бус гагцхүү иргэний өөрийн хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр хэрэгжсэнээр уг эрх баталгаатай эдлэгдэж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
8. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д “25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан шаардлагын хангасан Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхтэй”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан Монгол Улсын иргэний Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана”, 29.5-д “Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно”, 32.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлсэн ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтааж дараах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ:”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Нэр дэвшигчээр дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана:” гээд 33.1.3-д “өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн” гэж тус тус заасан.
9. Хуулийн дээрх зохицуулалтаар Монгол Улсын Их Хурлын гишүүнд сонгогдох Монгол Улсын иргэний эрх хийгээд сонгуульд нэр дэвшигчид тавигдах нийтлэг ба тусгай шаардлага, бүрдүүлэх баримт бичгийн төрлийг тодорхойлж, хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэх, бүртгэхээс татгалзахтай холбоотой харилцааг хуульчилсан байна.
10. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.1-д “"намын гишүүн" гэж намын зорилго, үзэл баримтлал, намын хөтөлбөр, дүрмийг хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр намд эвлэлдэн нэгдэж элссэн, гишүүний татвар төлдөг, тухайн намын үйл ажиллагаанд саналын болон сонгох, сонгогдох эрхтэйгээр оролцох иргэнийг”, 5 дугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно” гэж заасан байна.
11. Нэхэмжлэгч Ж.Б нь Ардчилсан намын гишүүнчлэлээс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр татгалзаж, намаас гарах хүсэлтээ харьяа намын дунд шатны байгууллага болох Ардчилсан намын Чингэлтэй дүүргийн намын хороонд гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул уг өргөдлийг гаргаснаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасны дагуу түүнийг тус намаас гарсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байхад хариуцагчаас энэхүү нөхцөл байдлыг нягтлан шалгалгүйгээр түүнийг 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосон өмнөх 70 дугаар тогтоолын Ж.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хууль бус, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн сонгуульд нэр дэвших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
12. Түүнчлэн хэрэгт авагдсан Ардчилсан намын дүрмийн 3.5.1-д “... гишүүн намаас татгалзах хүсэлтдээ намын төв болон дунд шатны байгууллагад мэдүүлснээс хойш 30 хоногийн дотор гишүүнийг намаас чөлөөлж, гишүүдийн бүртгэлийн сангаас хасуулахыг тухайн шатны намын байгууллага хариуцна. Энэ заалтад заасан хугацаанд намын байгууллага шийдвэр гаргаагүй тохиолдолд гишүүнийг чөлөөлөгдсөнд тооцно” гэж заасан байх боловч нэгэнт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж дагаж мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулийн дээрх зохицуулалт нь намын дүрмээс илүү хүчин чадал бүхий эрх зүйн эх сурвалж тул энэхүү маргаанд тус хуулийн зохицуулалт хэрэглэгдэхээр байх бөгөөд Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын Дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ”, Улс төрийн намын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай” гэж тус тус заасан зохицуулалттай холбоотойгоор Ардчилсан намын дүрэм шинэчлэгдсэн эсэх асуудал энэ тохиолдолд хамааралгүй буюу намын гишүүн намаас гарах асуудлыг дан ганц дүрэмд хэрхэн зааснаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
Мөн иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэснийг шүүх хүлээн авч, үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12, 112 дугаар зүйлийн 112.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.7, Улс төрийн намын тухай хуулийн /2023 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 5.7-д заасныг баримтлан Ж.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 181 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ