Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 00047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж , шүүгч Б.Хэрлэн, Ж.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                                   Б.Цагаанцоож

Улсын яллагч                                                 Э.Ариунболд

Иргэдийн төлөөлөгч                                         Х.Болортуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 С.Сувдаа

            Шүүгдэгч                                                 Ч.Бат-Ирээдүй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 153 дугаар зүйлийн 153.2 , 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Бат-Ирээдүйд холбогдох 201618020055 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, халх, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудал, Гандангийн гудамж 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Чинзоригийн Бат-Ирээдүй РД: /М391101617/

 

Шүүгдэгч Ч.Бат-Ирээдүй нь 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө өөрийн танил эмэгтэй С.Энх-Отгоныг хохирогч А.Нямаатай хардсаны улмаас хорих 413 дугаар ангийн ажилчдын байрны гадна зогсоолд байсан А.Нямаагийн эзэмшлийн 88-19УНУ улсын дугаартай “Ниссан блюберьд” маркийн суудлын машины урд хойд хэсэг рүү бензин цацаж санаатай галдан шатааж 1.506.000 төгрөгний шууд хохирол учруулсан, мөн тухайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ буюу 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Мандал сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Старс” бааранд иргэн Б.Бумтөртэй агсам тавьлаа гэх шалтгаанаар маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Бат-Ирээдүй мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу хүнд өвс зөөж өгөхөөр тохироод машинтай явах гэж байсан. Хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө хохирогч А.Нямаатай гудамжинд таараад намайг цохичихоод яваад өгөхөөр нь би цагдаа дуудаж өгсөн. Хэрэг гардаг орой би шатахуун түгээх станцаас нэг литр бинзен аваад байрны гадаа Нямаагийн машин байхаар нь уур бухимдлаа барьж дийлэхгүй машины хойноос бинзен цацаад шатаасан. Найзтайгаа хамт “Старс” баар орох гэхэд үүдэнд дээр нь Бумтөртэй таарчихаад архи нэхээд байхаар нь согтуу хүний үгийг юу гэх вэ гээд тоогоогүй. Дараа нь Бумтөр сууж байхад ирчихээд агсараад байхаар нь Бумтөртэй маргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Нямаа мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 03 дугаар сарын 01-нд 22 цагийн орчим Энх-Отгоныд очсон. Очиход Энх-Отгон 2 найзтайгаа хамт байсан. ...Би тэр шөнөө Энх-Отгоныд хоноод өглөө 07 цагийн үед гэрээс нь гартал миний машины урд, хойд тал шатсан байсан. Тэгээд §уцаж ороод Энх- Стгонд хэлээд Энхотгон өөрийнхөө утсыг асаасан чинь Бат-Ирээдүйгээс 2-3 дуудлага ирсэн байсан. Тэгээд би цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/

               Мөрдөн байцаалтанд гэрч С.Энх-Отгон мэдүүлэхдээ: “...2016 оны 03 дугаар сарын 01-ний орой А.Нямаа манайд ирсэн юм тэгээд тэр өдөр манайд хоноод өглөө 07 цагийн үед гэрээс гараад явсан юм тэгээд буцаж орж ирээд миний машин шатчихсан байна гэсэн. Тэгээд би цагдаа дуудъя гээд утсаа асаасан чинь Бат-Ирээдүйгийн 99795088 дугаараас дуудлага ирсэн байсан. Тэгээд машиныг чинь Бат-Ирээдүйгээс өөр хэн шатаах юм бэ гээд цагдаа дуудсан. ...2016 оны 02 дугаар сарын дундуур байх би А.Нямаагаар ээжийнхрүүгээ хүргүүлсэн юм тэгсэн чинь араас Бат-Ирээдүй ирээд намайг ээжийн гэрлүү оруулахгүй гээд орцноос чирээд гаргасан юм тэгсэн А.Нямаа хөөе чи болиоч гэсэн чинь А.Нямаа руу уурлаад ална шүү чамд ямар хамаатай юм гээд хэл амаар доромжпоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Ялалт мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө хорих 413 дугаар ангийн гадна харуулын үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 30 минутын үед аж ахуйн хашаагаа шалгах гээд ялтан Чулуунбаатарыг шалгаад байж байтал Чулуунбаатар бие засаад ирье гэсэн юм. Тэгээд буцаж орж ирээд ахлагчаа 36-н байрны гадаа машин шатаад байна гэхээр нь хартал машины ар талаас эхлээд гал асаж байхаар нь сахиул Дарханбаатарыг дуудаж сэрээгээд хувиндаа ус хийгээд гараад ир гээд уг машины галыг унтраасан. ...Ингээд би 01 цаг 20 минутын үед Сэргэлэнбаяр гэж дадлагын сонсогчтой түр солигдоод байхад дахин уг машины урд талын хэсгээс гал гарсаныг Сэргэлэнбаяр, ялтан Дарханбаатарын хамт галыг унтраасан гэж өглөө нь надад ярьсан. Намайг анх галыг унтраах гээд очиход бензин ихээр үнэртэж байсан. Би санаатай галдан шатаасан байна гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

               Мөрдөн байцаалтанд гэрч Ө.Дарханбаатар мэдүүлэхдээ: ... 2016.03.01-нээс 02-нд шилжих шөнө би 36-н айлын машины грашийн харуулын уүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн хянагч Ялалт, Чулуунбаатарын хамт ирээд гадаа чинь машин шатаж байна хувинтай ус аваад гараад ир гэсэн. Тэгээд би ус авч гараад байрны баруун талд байсан машинй багажны хэсгээс гал гарч байсныг унтраасан. Машины эзэныг олье гээд айлуудын үүд нүдсэн боловч айлууд нь хаалгаа тайлаагүй. ...Тэгээд би буцаад унтаж байхад 03 цагийн үед дахин сонсогч Сэргэлэнбаяр гэх залуу ирээд нөгөө машин чинь дахин шатаж байна. Хувинтай ус аваад гараад ир гэсэн. Уг машинд 2 удаа гал гарсныг би унтраалцсан. Машины галыг унтрааж байхад бензин үнэртээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/

               Мөрдөн байцаалтанд гэрч Б.Сэргэлэнбаяр мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 02-ны 01 цагаас хойш харуулын үүрэг гүйцэтгэсэн. Надтай солигдсон харуул Ц.Ялалт нь ээлж солигдох үедээ 36-р байрны баруун талд нь машин шатсан шүү тэрийг анзаарч байгаарай гэсэн. Тэгээд 01цаг 30 минутын үед уг машин дээр очиход бензин үнэртэж байсан. Тэгээд буцаж хорих анги дээр ирээд ялтангуудаа шалгачихаад 1 дүгээр постон дээр сууж байтал 36 байрны гадаа гал гараад байхаар нь яваад очтол нөгөө машины урд хэсэг нь шатаж байсан. Тэгээд Дарханбаатарыг сэрээгээд хувинтай ус 5-6 удаа цацаж галыг нь унтраасан. Тэгээд өглөө 07 цагийн үед уг машины эзэн бололтой хүн машинаа хараад зогсож байхаар нь шөнө 2 удаа гал гарсан гэж хэлэхэд тэр хүн миний машиныг хэн шатаасныг би мэдчихлээ гэсэн. Өмнө очиж шалгах үеэс илүү их бензин үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

               Мөрдөн байцаалтанд гэрч Д.Азбаяр мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 00 цагийн үед хар толгойтой цагаан өнгийн тэвштэй ачааны машинтай залуу ганцаараа ирээд банк дүүрэгчих гээд 90000 төгрөгөнд түлш хийлгэж авснаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу явах гэж байна замдаа яах ч юм билээ саванд бензин авчихье гээд 1000 төгрөгөнд саванд бензин хийлгээд аваад явсан. Тэгсэнээ удалгүй 20 орчим минутын дараа буцаж ирээд нөгөө бензиныг чинь тэвшин дээрээ асгачихлаа гээд пивоны сав гаргаж ирээд 2000 төгрөгөнд авчихье гээд аваад явсан. Уг залуу 2 удаа ирэхдээ ганцаараа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

               Мөрдөн байцаалтанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бумтөр мэдүүлэхдээ: ... “...2016.03.08-ны өдөр 20 цагийн орчим найз Баяраа, Анхаа нарын хамт “Старс” бааранд орсон. Тэгээд 22 цагийн орчим гаднаас Бат-Ирээдүй 2-3 залуугийн хамт орж ирээд ширээгээ суллаж өгөх үү гээд өөр ширээнд очиж суусан. Тэгэхээр нь би сууж байгаа ширээн дээр нь очоод та нар болоогүй байхад намайг хөөлөө гээд ширээг нь грраараа цохьсон Тэгсэн чинь Бат-Ирээдүй босож ирээд намайг барьж аваад миний нүүр лүү гараараа цохьсон. Тэгээд зодоон үүссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Г.Ганзориг мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 08-нд Бат-Ирээдүй над руу залгаад “Старс” бааранд байна хүрээд ир гэхээр нь яваад очисон. Тэгэхэд хоосон ширээ байхгүй байсан. Бармен нь одоо энэ ширээний хүмүүс гарах гэж байна тэгэхээр нь суучих гэсэн. Тэгээд харсан чинь Бумтөр 2 залуутай хамт сууж байсан. Тэгээд очоод та нар гарах гэж байгаа бол бид нар суучихье гэсэн чинь. Бид нар юм захиалах гэж байна гээд бид 2-т агсараад байсан. ...Тэгээд хоосон ширээн дээр сууж байсан чинь Бумтөр ирээд бид нарын сууж байсан ширээг өшиглөөд унагаасан. Бат-Ирээдүй Бумтөртэй маргаад барилцаад байсан. Бат- Ирээдүй харин Бумтөртэй зодолдоод үлдсэн тэгээд бид хэд хоорондоо зодоон нүдээн хийгээд яахав гэж бодоод байж байсан чинь Бумтөр ирээд л агсараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р хуудас/

 

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Наранчимэг мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Бат-Ирээдүй, Ганзориг бас нэг танихгүй залуутай 3-уулаа орж ирсэн. Тэгээд 4 дүгээр ширээн дээр суулгасан. ...Тэгсэн чинь Бумтөр гэх залуу эр, эм гэхгүй хэрэлдэж маргалдаад байхаар нь би “чи ингэж болохгүй” гэж хэлсэн. Тэгээд Бумтөр Бат- Ирээдүй нарын сууж байсан ширээн дээр очоод ширээг нь өшиглөөд тэгээд Бат- Ирээдүйтэй маргалдаад бааран дотор 2-3 удаа цохилцоод авсан. Тэгээд баарнаас Бат-Ирээдүй 2 найзтайгаа хамт гараад явсан. Гараад юу болсон талаар мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/

 

Шинжээчийн 74 тоот дүгнэлт: 1. Бумтөрийн биед доод урууланд зулгаралт, зүүн нүдний салстын дор цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл толгойн ар дагзны хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдаглтанд тогтонги нөлөөлөхгүй. /хх-ийн 58-р хуудас/, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Автомашин техникийн үнэлгээ № ДАХ-413 дугаартай үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-50-р хуудас/, сэжигтэн яллагдагчаар байцаасан тэмдэглэлүүд /хх-ийн 73-78-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 82-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 83-р хуудас/, хохирогч А.Нямаад хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-ийнэ 86-р хуудас/, захиргааны зөрчлийн шийтгэлийн бүртгэл /хх-ийн 90-93-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар:

 

Шүүгдэгч Ч.Бат-Ирээдүй нь 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө гэр бүлийн харьцаатай эмэгтэй С.Энх-Отгоныг таксины жолооч А.Нямаатай хардсаны улмаас хорих 413 дугаар ангийн ажилчдын байрны гадна зогсоолд байсан А.Нямаагийн эзэмшлийн 88-19УНУ улсын дугаартай “Ниссан блюберьд” маркийн суудлын тээврийн хэрэгслийн урд хойд хэсэг рүү бензин цацаж санаатай гал тавьж шатаан гэмтээж авто машинд 1.506.000 төгрөгний шууд хохирол учруулсан, мөн тухайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ буюу 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Мандал сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Старс” бааранд иргэн Б.Бумтөртэй агсам тавьлаа гэх шалтгаанаар маргалдан улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба шүүх хуралдааны мэтгэлцээн болон хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ч.Бат -Ирээдүйг хохирогч А. Нямаагийн  машин руу бензин цацаж, галдан шатаах арга хэрэглэсэн гэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ба машинд гал тавьж шатаах оролдлого 2 удаа хийсэн боловч байрны харуул гал гарсан даруйд унтрааснаар гэмт хэргийн халдлагын зүйл  болох авто машин биет байдлын бүрэн бүтэн байдал устаж үрэгдээгүй, машинд учирсан гэмтлийг засвар үйлчилгээгээр сэргээн засаж хэвийн байдалд орсон зэргээс үзэхэд”Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдсэн” хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна. Иймд Ч.Бат-Ирээдүйд  Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1,  99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.Бат-Ирээдүйн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж,хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг  ял хөнгөрүүлэх үндэслэлд тооцон  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,төлөх төлбөргүй зэргийг тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-д зааснаар Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Чинзоригийн Бат-Ирээдүйг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэхь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2.Сартуул овогт Чинзоригийн Бат-Ирээдүйг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд  тус тус гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ч.Бат-Ирээдүйд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял дээр 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Бат-Ирээдүйд оногдуулсан 02 жил, 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.       

5.Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Ч.Бат-Ирээдүйд оногдуулсан 02 жил, 01 сарын хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай. 

7.Шүүгдэгчид өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн тогтоолыг  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.        

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                           Б.ХЭРЛЭН

                                               Ж.ЭРДЭНЭБАТ