Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0691

 

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0691

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***овгийн Л.Ж /РД: ***/,

Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, **дугаар хороолол, ****гудамж, **байр, ***тоот

Хариуцагч: ***дүүргийн Засаг дарга, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,

***гудамж 3, ***

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Л.Ж намайг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ж, түүний өмгөөлөгч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, Л.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ж-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн жинхэнэ албан хаагчийн Ахлах түшмэлийн ангилал зэрэглэлтэй Л.Ж би төрийн албанд 28 жил, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргаар 8 дах жилдээ ажиллахдаа ажилдаа хариуцлагагүй хандаж хууль зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй юм. Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай захирамжаар намайг цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, харьяа сургууль, цэцэрлэгүүдийг удирдлага, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж төрийн албанаас халсан нь үндэслэлгүй байна.

Би 2016 оны 11 дүгээр сараас хойш Нийслэл, дүүргийн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр томилогдсон удирдах албан тушаалтны хууль бус гүтгэлийн шийдвэрээр сүүлийн 5 жилд ямар ч үндэслэлгүйгээр 3 дах удаагаа ажлаасаа халагдаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, ажил хөдөлмөрөөрөө хохирч, төрийн албаны дарангуйлалд өртөж байна. Надад дээд шатны байгууллагаас өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, зохион байгуулаагүй үйлдэл байхгүй. Мөн тус хэлтэс нь шуурхайн биелэлт, цаг үеийн зохион байгуулагдсан ажил, өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүр нь хэрэгжүүлж, нэг ч удаа цаг хугацаа хоцроож, хууль зөрчсөн асуудал гаргаж байсан удаагүй болно. Миний бие 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллах хугацаандаа чиг үүргээ хангалттай сайн хэрэгжүүлж, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/*** дүгээр захирамжаар гуравдугаар улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг "Хангалттай буюу 98 оноогоор үнэлүүлж, 39,2 хувиар мөнгөн урамшуулал, мөн Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/***дугаар захирамжаар дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээг "Хангалттай" үнэлүүлж 30 хувийн мөнгөн урамшууллаар тус тус шагнуулсан.

Байгууллагын 2020 оны жилийн эцсийн Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг 93,7 хувиар "Бүрэн хангалттай" үнэлүүлж, 2020 оны санхүүгийн тайланд хийсэн Нийслэл дэх Төрийн аудитын шалгалтаар "Зөрчилгүй санал дүгнэлт" авч ажилласан болно. Одоо би 54 настай тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд ганцхан жил үлдсэн, гэтэл чи их шүүхээр явдаг, чиний тэтгэвэр тогтоолгох надад хамаагүй, тэтгэвэр ч үгүй тэтгэмж ч үгүй болгоно гэж заналхийлэл, дарангуйллаар шалгаж тогтоохгүйгээр захиргааны актыг дураараа аашлан үйлдэж, хүний амь амьдралаар тоглосон шийдвэр гаргасан байна.

Баянгол дүүргийн Боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн 150 цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С******* нь 2020 оны 11 дүгээр сард томилогдон ирж, 12 дугаар сараас эхлэн доод албан тушаалтнуудаараа намайг удаа дараа ажлаа өг гэж дарамтлуулж байгаад 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б/***дугаар захирамж гаргаж сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан тухай тайлбарлахдаа нэг сургуулийн захирал архи уусан, нэг цэцэрлэгийн эрхлэгч Авлигатай тэмцэх газарт шалгуулсан байна гэлээ. Энэ нь намайг шалгаж тогтоохгүйгээр буруутгах гэсэн санаатайгаар ажил хэн нэгэн хүний гаргасан алдааг надад нааж, хөдөлмөр хийлгэхгүй байлгах гэсэн илт хууль бус үндэслэлгүй юм.

Миний бие төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн "Захирамж хүчингүй болгох тухай" тогтоолоор хууль бус шийдвэр болох нь тогтоогдсон. Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор тогтоолын хэрэгжилтийг хангаж б/*** дугаар захирамжийг хүчингүй болгож хариу ирүүлэх шийдвэрийг Баянгол дүүргийн Засаг даргад хүргүүлсэн боловч үл тоон хэрэгжилтийг хангалгүйгээр 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр уг шалтгаанаар *** дугаар захирамж гаргаж, намайг төрийн албанаас халсан шийдвэр гаргасан байна.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С*******, орлогч дарга Д.Ж, тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Н, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.М, хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Б, нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.М нар нь хамтран бүүрэлхэж албан тушаалаа төрийн албаар тоглон урвуулан ашиглаж, төрийн албан хаагчдыг халж, тохуурхаж, хууль бус хирээс хэтэрсэн шийдвэрийг удаа дараа гаргаж байгаа нь харамсалтай байна.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хүнд цаг үед ажилтныг ажлаас халахыг хориглосон байтал албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн урвуулан ашиглаж, намайг шалгахгүйгээр, ямар нэгэн дүгнэлт гаргаж танилцуулахгүйгээр халлаа. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараах баталгаагаар хангагдана., 62.1.1-д "Энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх" заажээ. Намайг хууль зөрчин ажлаас чөлөөлж төрийн албан хаагчийн баталгааг зөрчиж байна.

Мөн Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36, 32 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын хэрэгжилт хангагдаагүй бөгөөд холбогдох дээд байгууллагаас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга нарт ирүүлсэн Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар "Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тухай" зөвлөмжийн 2 болон 3 дах заалт, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/*** дугаар "Зөвлөмж хэрэгжүүлэх тухай" үүрэг чиглэлүүдийг зөрчсөн байна. Би Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 36,32 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 8.2 дах заалтын дагуу Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.С*ын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар захирамжийг хүчингүй болгож, Л.Ж намайг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлс орлогыг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М-аас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны *** дугаартай Л.Ж-ыг ажлаас халах тухай захирамж дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.13 буюу Үндсэн хууль бусад хуулийг дээдэлж сахин биелүүлэх талаар хангаагүй гэсэн. Үндсэн хууль болон бусад хуулийг биелүүлэх талаарх тайлбарт Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт заасан гамшгийн байдлыг хэрэгжүүлээгүй гэх заалтыг зөрчсөн гэсэн. Бусад хуулийг биелүүлээгүй гэдэг заалт нь Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсээс явуулсан хэлтэст гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байхыг шаардсан бусад байгууллагатай хамтарч заасан. Гэтэл шадар сайдын журмаар нэг барилга байгууламж нь олон төрлийн байгууламж үйл ажиллагаа явуулдаггүй тохиолдолд уг барилгын үндсэн эзэмшигч тухайн барилгад үндсэн үйл ажиллагаа явуулах болон бусад хүмүүстэй хамтран барилгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулна гэж заасан. Энэхүү тайлбараар Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газар гамшгаас хамгаалах төлөвлөгөө хийгээгүй байна. Тушаалд дурдсан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмын 6.4-д заасны дагуу албан хаагчийг халах шийтгэл оногдуулдаг. Журмаар сахилгын шийтгэл оногдуулах журмын үндэслэлийг шалгах гэж энэ талаар заасан байдаг. Албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байгаа эсэх талаар эсвэл тухайн байгууллага шалгаж тогтооно гэж заасан. Шалгаж тогтоохдоо хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тайлбар мэдүүлэг гаргах мөн шаардлагатай бол мэдээ мэдээлэл цуглуулах, тогтоох, дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргах юм. Шалгагч зөрчлийн талаар дараах дүгнэлтийг гаргаад томилсон албан тушаалтанд танилцуулна. Үндэслэлд заасан шалгах явц хийгдээгүй.

Ажлын бус цагийн асуудлыг хянаж шалгах асуудал байхгүй. Боловсролын хэлтсийн дарга хариуцна гэж хуулиар заагаагүй. Даргыг Төрийн албаны зөвлөлийн дүнг үндэслэж зөвшилцөж томилж чөлөөлдөг. Сонгон шалгаруулалт явуулалгүй тогтоолоор томилсон нь хуулийг зөрчиж байна. Л.Ж-ыг чөлөөлөхдөө мөн адил санал аваагүй. Баянгол дүүргийн Засаг даргын захирамж нь хууль зөрчиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-с шүүхэд бичгээр ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-с шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр *** дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Ж-ыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3 дахь заалт, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 36,32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, харьяа сургууль, цэцэрлэгүүдийг удирдлага, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажлаас чөлөөлсөн болно. Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нь Боловсролын салбарт хэрэгжиж байгаа төрийн бодлого, хөтөлбөр, тушаал шийдвэр, Нийслэлийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн зорилтын хэрэгжилтийг захиргааны удирдлагаар хангаж, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах, хүний нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавих, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэднийг сургах, давтан сургах, дадлагажуулах, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг удирдан зохион байгуулах, .. байгууллагын дотоод ажил үйлчилгээг хэвийн явуулах ..." зэрэг чиг үүрэгтэй.

Нэхэмжлэгч Л.Ж-ын ажил үүрэгтэй холбоотой дараах зөрчил дутагдал илэрсэн. Үүнд:

1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах алба, хуулийн этгээд гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байна гэж заасныг үндэслэн дүүргийн Онцгой байдлын комиссын бүрэлдэхүүн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн Боловсролын хэлтэст "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, зарлан мэдээлэл, схем, эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байдал"-д хяналт шалгалт хийхэд тус хэлтсээс гамшгаас хамгаалах төлөвлөгөө болон дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хийсэн тодорхой ажил, ажлын үр дүн баахгүй байсан.

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ---дугаартай шийтгэх тогтоолоор тус дүүргийн ---дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Х- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон.

3. Тус дүүргийн 47 дугаар сургуулийн захирал Ч.Н* нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил буюу "ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн болон хэрэглэсэн байдалтай ажилдаа ирсэн" зөрчил гаргасан нь тогтоогдсон.

4. Дүүргийн ***дугаар сургуулийн захирал П.Х* нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ажлын байрандаа архидан согтуурч тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс холбогдох ажиллагааг явуулан, саатуулах байранд хүлээлгэн өг , 3-***дугаарт бүртгэн зөрчлийн хэрэг үүсгэсэн.

5. Дүүргийн ***дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Н* нь хүлээсэн албан үүргийн дагуу шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь Авлигатай тэмцэх газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ***/***дугаартай албан бичгээр тогтоогдсон зэрэг зөрчлүүд илэрсэн.

Дээрх зөрчлүүд арилахгүй үргэлжилсэн, үүнтэй холбоотойгоор Боловсролын хэлтсийн дарга Л.Ж нь тодорхой ажиллагаа хийгээгүй, мөн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу тус хэлтсийн харьяа сургууль, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан зэрэг зөрчлүүдийг гаргасан тул ажлаас түүнийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зааж өгсөн бөгөөд 37.1.1-т "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх", 37.1.13-т "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах" үүрэгтэй гэж тус тус заажээ. Түүнчлэн, боловсролын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод хэлтсийн харьяа сургууль, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй байтал нэхэмжлэгч нь дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй, хяналт тавих чиг үүрэгтэй холбоотойгоор алдаа дутагдал, зөрчил гарж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдэхэд түүнийг засаж, залруулах талаар арга хэмжээ авч, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй буюу дээрх зөрчлүүд арилахгүй үргэлжилсэн болно.

... Нэхэмжлэгч нь цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, харьяа сургууль, цэцэрлэгүүдийг удирдлага, арга зүйгээр хангах, тэдгээрийн уйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэл болгон түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа төрийн албыг хэрээс хэтэрсэн байдал гаргасан талаар буюу албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа талаар тайлбарласан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага татгалзлын үндэслэл болж байгаа баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн дээрх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. 2021 оноос өнөөдрийг хүртэл Баянгол дүүргийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газраас томилж, чөлөөлөгдөх албан хаагч нараас үндэслэлгүй чөлөөлөгдсөн халагдсан албан хаагч байхгүй. Бүгд хэвийн үйл ажиллагаа явуулж байна.

.... Алдаа гарсан талаар нэхэмжлэгчид хэлэхэд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй, ... Цаг үеийн асуудлаар удирдлага арга зүйгээр хангах ажил хийгээгүй тул ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.И-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Боловсролын хэлтэс нь 30, 40 ажлыг хийх талаар заасан. Боловсролын асуудал эрхэлсэн цаг үеийн асуудлаар хэрэгжилтийг хангах, удирдлага арга зүйгээр хангах үүргийг биелүүлээгүй. Чиг үүргээ хэрэгжүүлэх ёстой байтал хэрэгжүүлээгүй. Архи уусан буюу өндөржүүлсэн бэлэн байдлын хувьд алдаа гаргасан байгаа. Улмаар үүрэг даалгавар биелүүлээгүй гээд удирдах албан тушаалыг ажлаас халсан гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалаар Л.Ж-ыг цаг үеийн асуудлаар өгөгдсөн үүрэг даалгаврыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах, харъяа сургууль, цэцэрлэгүүдийг удирдлага, арга, зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр төрийн албанаас халж шийдвэрлэжээ[1].

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Харъяа сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын хуулийн байгууллагаар шалгагдсан асуудлыг надад нялзааж төрийн албанаас халсан нь хууль бус гэх агуулгаар маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Боловсролын тухай хууль болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүйгээс харъяа сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар нь гэмт хэрэг, эрх зүйн зөрчилд холбогдсон тул маргаан бүхий акт хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Л.Ж нь 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг өргөсөн байх ба Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаад нийслэлийн боловсролын газрын даргын 2015 оны Б/***дүгээр тушаалаар тус хэлтсийн даргаар томилогдон, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/***дүгээр тушаалаар ахлах түшмэл, дэд зэрэг дэв олгогдож ажиллаж байсан байна[2].

Хариуцагч нь маргаан бүхий *** дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, 48.3-т заасныг тус тус үндэслэн гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар дээрх нөхцөл байдлууд тогтоогдсонгүй. Тодруулбал,

 

- Баянгол дүүргийн Засаг дарга нь анх 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/*** дугаар тушаалаар Л.Ж-д албан үүргийн дагуу харъяа сургууль, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлага, арга, зүйгээр ханган, хяналт тавьж ажиллах үүргээ хангалттай биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ***дүгээр тогтоолоор хүчингүй болгож, мөн сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргад хүргүүлсэн байхад хариуцагч нь уг тогтоолд дурьдсан ... Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалт болон Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.2, 2,4, 2,5, 2.6 дахь заалтыг зөрчсөн гэж тогтоосон ажиллагааг хэрэгжүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Хариуцагчаас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр сонсох ажиллагаа явуулж тэмдэглэл үйлдсэн байх ба уг тэмдэглэлд ...таньтай холбоотой захиргааны байгууллагаас ямар нэг акт гаргаж магадгүй учраас таны байр суурийг сонсох гэсэн юм. Өмнө нь бас таньтай 1 сарын өмнө иймэрхүү асуудлаар уулзаж сануулах арга хэмжээ авч байсан... сая дахиад бас ***дугаар сургууль дээр сургуулийн захирал нь архи уусан асуудал гарсан, ... танд өмнөх сонсох ажиллагааны мэдэгдлийн адил арга хэмжээ авах гэж байна...[3] гэснээс үзвэл, маргаан бүхий актын үндэслэл нь агуулгын хувьд Төрийн албаны зөвлөлийн 89 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны Б/*** дугаар захирамжтай ижил гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн ...би Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс нэхэмжлэгчийг хууль бусаар арга хэмжээ авсан байна. Үүнийгээ засаад 3 сарын 26-ны өдрийн дотор хариу ирүүлнэ үү гээд яаран сандран 3 сарын 19-ний өдрийн дотор шууд дахиад ажлаас халсан нь хууль бус гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Зүй нь, хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн дээрх зохицуулалтуудыг үндэслэл болгон төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д ... үндэслэл бүхий байх гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчим болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны хамтарсан ***/***тоот тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.2-т ...албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно гэснийг хэрэгжүүлэх үүрэгтэй юм.

 

- Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Дүүргийн онцгой байдлын комиссын бүрэлдэхүүн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн боловсролын хэлтэс, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, зарлал мэдээлэл схем эрсдэлийн үнэлгээ хийгдсэн байдалд хяналт шалгалт хийж үүрэг даалгавар өгснийг биелүүлээгүй гэж тайлбарлах боловч ... хэлтэс Засаг даргын тамгын газрын байранд байрлаж байгаа тул гамшгийн төлөвлөгөө гаргах шаардлагагүй, ... Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга Сансарыг байлцуулан гамшгаас хамгаалах төлөвлөгөө, зарлан мэдээлэх схем, эрсдэлд үнэлгээ хийгдсэн байдалд хяналт хийлээ[4] гэсэн зөрүүтэй тэмдэглэлүүдийг ирүүлсэн.

Мөн нийслэлийн Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ***/***тоот албан бичигт 2021 онд Баянгол дүүргийн Боловсролын хэлтэст гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах талаар шаардлага хүргүүлээгүй...[5] гэсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...бичгээр гаргаж өгөх баримт байхгүй гэснээс үзвэл, хариуцагч нь боловсролын хэлтсийн даргад гамшгаас хамгаалах үйл ажиллагаатай холбоотойгоор хэзээ ямар үүрэг даалгавар өгсөн нь тодорхойгүй, түүнийг нэхэмжлэгч хэрхэн биелүүлээгүй нь ойлгомжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын цаг үеийн асуудлаар өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлээгүй гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

 

- Боловсролын тухай хуулийн Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага гэсэн 16 дугаар зүйлийн 16.2-т Аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, 281 дүгээр зүйлийн 281.2-т Нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн нийслэлийн Засаг дарга тогтооно гэж тус тус гэж заажээ.

Мөн нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/***дүгээр захирамжаар батлагдсан Нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсийн дүрэм[6]-д хэлтсийн даргын болон хэлтсийн чиг үүргийг ялгаатай байдлаар зохицуулснаас үзвэл, Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт болон дүүргийн Боловсролын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод ... дүүргийн боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын туслалцаа үзүүлэх гэж заасан зорилго нь харъяа цэцэрлэг, сургуульд боловсролын удирдлагын туслалцаа үзүүлэх агуулгатай болохоос бус хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж байгаачлан захиргааны удирдлагын хяналт тавих агуулгагүй байна.

Өөрөөр хэлбэл, дүүргийн Боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэр дэх цэцэрлэг болон сургуульд боловсролын эрдэм шинжилгээний удирдлагын, мөн боловсролын арга зүйн удирдлагын туслалцаа үзүүлж хяналт тавих, боловсролын хэлтсийн дарга нь тухайн хэлтсийн албан хаагчдын хувьд захиргааны удирдлагын хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байхад тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын Л.Ж нь Боловсролын тухай хуулийн 16.2-т заасан удирдлагын туслалцаа үзүүлэх үүргээ биелүүлээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан зөрчил болно гэсэн тайлбар үндэслэлгүй.

 

- Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална:, 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;, 47.2-т Энэ хуулийн 47.1-д заасан шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана, 48 дугаар зүйлийн 48.3-т Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус зааснаас үзвэл, албан хаагчийн сахилгын зөрчил, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж сануулах, сахилга, ёс зүйд хяналт тавих, хариуцлага тооцох эрх хэмжээ нь томилсон албан тушаалтан болон төсвийн шууд захирагчид хадгалагдаж байна.

Гэтэл маргаан бүхий актын үндэслэл болгосон ***дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Х-, ***дугаар сургуулийн захирал Ч.Н-, ***дугаар сургуулийн захирал П.Х-, ***дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Н- нарыг томилох, сахилга, ёс зүйд нь хяналт тавих эрх хэмжээ дүүргийн Боловсролын хэлтсийн даргад олгогдоогүй байхад хариуцагч нь хууль болон ажлын байрны чиг үүрэгт хамаарахгүй үүргийг гүйцэтгээгүйд Л.Ж-ыг буруутгаж маргаан бүхий актыг гаргасан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн албан хаагчийн хуулийн дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх нийтлэг үүрэг нь түүний өөрийнх нь үйл ажиллагаанд хамааралтай буюу хууль тогтоомжийг зөрчихгүй байх, даган мөрдөх агуулгатай болохоос бус хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүйг илэрхийлэхгүй, харин албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүрэг нь хууль тогтоомжоор хүлээгээгүй/тухайн албан хаагчид харьяалуулаагүй/ чиг үүргийг хэрэгжүүлээгүйд мөн хамаарахгүй байхад хариуцагч нь албан хаагчидтай холбоотой зөрчил арилахгүй үргэлжилсэнтэй холбоотой боловсролын хэлтсийн дарга Л.Ж нь тодорхой ажил үүргээ хийгээгүй. Албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу тус хэлтсийн харьяа сургууль, цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжлийн арга зүйгээр хангаж ажлаа биелүүлээгүй. Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй байсан тул ажлаас халсан үндэслэлтэй юм гэж тайлбарлаж маргаан бүхий актыг гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно гэж заасныг зөрчсөн төдийгүй 62 дугаар зүйлийн 62.1.1-т төрийн жинхэнэ албан хаагчийн энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгааг эдлүүлээгүй хууль бус шийдвэр болжээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаал нь хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бүрдээгүй байхад, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой журмыг зөрчиж гарсан хууль бус акт байх тул хүчингүй болгож, Л.Ж-ыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй, 69 дүгээр зүйлийн 69.1-т ... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь ... бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу Л.Ж-ын ажилгүй байсан 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ныг хүртэлх ***/ ажлын өдрөөр/ хоногийн олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны *** дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу нэг өдрийн дундаж цалин 2020 оны 12, 2021 оны 1 болон 2 дугаар сард авсан үндсэн цалин, ажилласан жилийн болон зэрэг дэвийн нэмэгдлийн нийлбэрээс бодож, нийт 10,434,229.00 төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Ж-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Ж-ыг Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.Ж-ын ажилгүй байсан хугацааны олговор 10,434,229/арван сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга хоёр зуун хорин есөн/ төгрөгөөс зохих татвар суутгалыг хасаж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж Л.Ж-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

 

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн *** дахь талд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 144-149 дэх талуудад

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх талд

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 84-87 дахь талд

[5] 2 дугаар хавтаст хэргийн 5 дахь талд