Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/273

 

 

 

 

  

     

2023         02          27                                          2023/ШЦТ/273

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цасшихэр,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүгдэгч Ш.О, түүний өмгөөлөгч Б.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 06022 0120 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн .............. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Ш.О /РД: .............../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.О нь 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Наран” нэртэй караокед үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-ийн эзэмшлийн “Самсунг АЗЗ” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Б-т 920.600 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.О мэдүүлэхдээ: “Тухайн үед би согтуу байсан. Хохирогчийн гар утсыг өөрийн  гар утастай андуурч авч явсан. Өөрийн гар утас биш гэдгийг маргааш өглөө нь мэдсэн. Тэр үед би өөрийн гар утсыг алга болгосон байсан. Гар утсыг Г.Б-ийн гар утас гэж мэдээгүй. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж архи согтууруулах ундаа хэрэглэхгүй. Би гэртээ харьснаа санахгүй байгаа. Маргааш нь би найзындаа байсан. Г.Б-ийн утас байна гэж мэдээгүй. Самсунг А-33 гэдэг утас нь миний утасны гаднах хавтастай адилхан байсан. Оозкогийн утасны дугаарыг цээжээр мэдэхгүй. Хамт явсан хүмүүстэйгээ хоноогүй. Хохирогчийн утас нь унтарсан байсан тул холбогдож чадаагүй. Би өөр дээрээ хохирогчийн гар утсыг 7 хонуулаад таньдаг хүндээ гар утсыг зарсан.  Холбогдохгүй байсан болохоор нь би зарсан” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

- Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7 дахь тал/,

- Хохирогч Г.Б-ийн“ ...би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” нэртэй пабад найз О-ын хамт тус бүрийн 4 ширхэг Нийслэл нэртэй 0.5 литрийн пиво уусан. ...”Наран” нэртэй караоке орж пиво ууж байгаад тасраад унтсан ба хэсэг хугацааны дараа сэрэхэд миний хар өнгийн гэртэй хар өнгийн Самсунг АЗЗ маркийн гар утас байхгүй болчихсон байсан бөгөөд хяналтын камерыг ухрааж үзэхэд О-ын найз эмэгтэйн нэг нь авч явсан бичлэг байсан. Уг бичлэг дээрээс харахад намайг гар утсаа ширээн дээр үлдээж ариун цэврийн өрөө орох эсвэл тек рүү босохын аль нэгт миний гар утсыг авсан байсан ба тухайн үед би хар өнгийн өмд, улбар шар өнгийн цамцтай байсан. Харин уг эмэгтэй хар өнгийн өмд саарал өнгийн цамцтай байсан. ...би уг гар утсыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “сайн интернэшил” ХХК-аас худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дахь тал/,

- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны 18 цагийн орчимд А эгчийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис нэртэй караокены нийтийн өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуулж байгаад найз Оозкогийн одоо санахгүй байна. Өөрийн 9””””””” дугаарын утаснаас холбогдож дуудсан ба удалгүй нэрийг мэдэхгүй найзынхаа хамт ирэхэд нь уг караокеноос гарч Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Наран нэртэй караоке орж мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэж дуулж байхад Оозко А эгчийг хүргэж өгөхөөр явж би нөгөө залуугийн хамт үлдсэн. Тэгээд нөгөө залуу согтчихсон байсан ба сэрээх гэж оролдоход сэргэхгүй болохоор нь ширээн дээр байсан уг залуугийн хар өнгийн гэртэй, хар өнгийн Самсунг маркийн гар утсыг нь авч явсан. Би уг залуугийн гар утсыг 7 орчим хоногийн дараа хэдэн сарын хэдний өдөр болохыг мэдэхгүй өдөр танил дүү болох Гэрлээд 240.000 төгрөгийг бэлнээр авч зарсан. Тэгээд цагдаагийн байгууллагаас утсаар холбогдож дуудахад нь 240.000 төгрөгийг танил дүү Гэрлээд өгч уг гар утсыг буцааж авсан. Уг гар утсыг эвдэлж гэмтээсэн зүйл огт байхгүй ба одоо цагдаагийн ажилтанд хүлээлгэж өгнө. Тухайн караоке дотор хяналтын камер байсан эсэхийг анзаарч хараагүй. Би хүний гар утсыг зөвшөөрөлгүй хулгай хийж аваад хүнд худалдан борлуулсан асуудалдаа гэмшиж харамсаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дахь тал/,

- Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18 дахь тал/,

- 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БЗД1-23-042 дугаартай “Дамно хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан” /хх-ийн 19-20 дахь тал/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23 дахь тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25 дахь тал/,

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27 дахь тал/,

- Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 28 дахь тал/,

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 29 дэх тал/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 30 дахь тал/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай /хх-ийн 32-33 дахь тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: 

Шүүгдэгч Ш.О нь 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Наран” нэртэй караокед үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-ийнэзэмшлийн “Самсунг АЗЗ” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Б-т 920.600 төгрөгийн хохирол учруулсан нь: Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7 дахь тал/, хохирогч Г.Б-ийн“ ...би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” нэртэй пабад найз О-ын хамт тус бүрийн 4 ширхэг Нийслэл нэртэй 0.5 литрийн пиво уусан. ...”Наран” нэртэй караоке орж пиво ууж байгаад тасраад унтсан ба хэсэг хугацааны дараа сэрэхэд миний хар өнгийн гэртэй хар өнгийн Самсунг АЗЗ маркийн гар утас байхгүй болчихсон байсан бөгөөд хяналтын камерыг ухрааж үзэхэд О-ын найз эмэгтэйн нэг нь авч явсан бичлэг байсан. Уг бичлэг дээрээс харахад намайг гар утсаа ширээн дээр үлдээж ариун цэврийн өрөө орох эсвэл тек рүү босохын аль нэгт миний гар утсыг авсан байсан ба тухайн үед би хар өнгийн өмд, улбар шар өнгийн цамцтай байсан. Харин уг эмэгтэй хар өнгийн өмд саарал өнгийн цамцтай байсан. ...би уг гар утсыг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “сайн интернэшил” ХХК-аас худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дахь тал/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18 дахь тал/,  2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БЗД1-23-042 дугаартай “Дамно хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан” /хх-ийн 19-20 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч “өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч  Ш.О нь 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Наран” нэртэй караокед үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-ийн эзэмшлийн “Самсунг АЗЗ” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.Б-т 920.600 төгрөгийн хохирол учруулж хулгайлах   гэмт хэрэг учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх саналдаа: “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа маргах зүйлгүй” гэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан, дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ш.О-ын Г.Б-ийн гар утсыг авч зарсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Ш.О нь 2022 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зориулалттай “Наран” нэртэй караокед үйлчлүүлж байсан хохирогч Г.Б-ийнэзэмшлийн “Самсунг АЗЗ” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Шүүгдэгч Ш.О нь хохирогч Г.Б-ийн эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч Ш.О-ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ш.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнийг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Тухайн гэмт хэргийг камерын бичлэг илрүүлсэн.  Дүрс бичлэг хэрэгт авагдаагүй. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр дүрс бичлэгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч үнэхээр хохирогчийг эзгүй байх үед нь авсан эсэхийг тогтоох хэрэгтэй байсан боловч камерын бичлэгийг аваагүй нь шүүгдэгч хохирогчийн гар утсыг түүний эзгүйд авсан гэдэг нь нотлогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өгч байгаа мэдүүлгээр хохирогч нь тасраад ширээн дээрээ байх үед нь шүүгдэгч хажууд нь байсан гар утсыг авч явсан. Өөрийн гар утастайгаа андуурч авч явсан гэх мэдүүлгийг няцаах баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Тийм учраас бидний гаргаж байгаа тайлбар нь үндэслэлтэй. Мөн цаашлаад А, О нараас гэрчээр мэдүүлэг авах боломжтой буюу асуух үндэслэл бүхий байсан. Өөрөөр хэлбэл О, А нар нь хамт байсан. Хохирогчийг ямар гар утастай байсан, хохирогч болон шүүгдэгч нар хэр хэмжээний согтолттой байсан, Баттүшиг болон шүүгдэгч нарыг орхиход ямар байдалтай байсан гэх зэрэг үйл баримтыг дээрх хоёр хүн мэдэж байсан. Шүүгдэгчийн өөрийн гар утастай андуурч авч явсан нь үгүйсгэгдэхгүй байна. Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаас харахад гар утасны загварыг сайн мэддэггүй нь харагдаж байна. Өөрийн гар утасны маркийг хэлж мэдэхгүй байгаа боловч өөр утас байсныг хэлж байна. Гар утасны загварыг сайн мэдэхгүй байгаа нь шүүгдэгч гар утасны талаарх мэдлэг муутай. Гар утасны талаарх мэдлэг муутай байдал нь хохирогчийн гар утсыг өөрийн гар утастай андуурч авсантай шалтгаант холбоотой гэж үзэж байна. Эндээс харахад тухайн гэмт хэргийг тохиолдлын шинжтэй анх удаагаа үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирол болох гар утсыг эргүүлж өгсөн нь хохирлыг төлсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааг саадгүй явахад дэмжлэг үзүүлсэн байна. Хохирогчийн гар утсыг андуурч авч явсан боловч бидний зүгээс гээгдэл эд хөрөнгө гэж үзээгүй. Бидний зүгээс хулгайлах гэмт хэрэг гэдгийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Улсын яллагчийн санал гаргаж байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялтай маргаж байна. Энэ гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжтой байна. Хохирогч нь гомдол саналгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд ямар нэгэн гомдол саналгүй гэдгийг илэрхийлсэн буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх боломжтой байсан. Гэвч миний үйлчлүүлэгч тухайн үед өөрийн гар утсыг алга болсон тухай цагдаагийн байгууллагад мэдээлэлгүй, хохирогчийн гар утсыг зарсан байдаг. Шүүгдэгчийн хувьд хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргаагүй нь тэрээр хууль зүйн мэдлэг дутмагтай холбоотой. Зорчих эрхийг хязгаарлах ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Миний үйлчлүүлэгч цаашид өөрийн үйлдлийг ухамсарлаж, биеэ зөв авч явах боломжтой. Гэмт хэрэг үйлдэгдэх үед тогтмол ажилгүй байсан. Одоо Сүхбаатар дүүргийн Модерн Номадс ресторанд ажиллахаар болсон. Миний үйлчлүүлэгч төрсөн охин болон өндөр настай эхийн хамт амьдардаг тул дээрх байдлын харгалзаж үзнэ үү” гэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорих цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Ш.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Бусад асуудал: 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх/адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ш.О нь хохирогчид гар утсыг буцаан өгсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.О нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

Шүүгдэгч Ш.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.О-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар Ш.О-д шүүхээс тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.О нь шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн эсхүл шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.О бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.АЮУШЖАВ