Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/126

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

шүүгдэгч Д.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***гийн ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205036270083 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2004 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүрэг *** дүгээр хороо *** дугаар байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг *** дүгээр хороо *** дугаар байр *** дугаар орц 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***гийн ***.

 

Шүүгдэгч Д.*** нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Өндөр дэнж төвийн урд талын автомашины зам дээр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шөнийн 03 цагийн орчим үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Б.***ийн зүүн гуянд ир үзүүр бүхий зүйлээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Д.***ийн “... Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орой Сонгинохайрхан дүүрэгт өөрийн *** УБХ улсын дугаартай Prius 20 маркийн автомашинтайгаа явж байсан. Манай найз *** намайг хороололд байрлах Минтер баар руу очоод хүн аваад ирье гэж хэлсэн. Би ***гийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Гандангийн хойно байрлах Минтер бааранд 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шөнө 02 цагийн үед ирсэн. Би баарны гадаа өөрийн автомашиндаа унтаж байсан. Минтер баар руу *** орсон.

Манай найз *** 03 цагийн үед Минтер баарнаас ***гийн найз охин ***, ***, *** нарын хамт гарч ирсэн. Минтер баарнаас гарахад нь танихгүй малгайтай цамцтай таргандуу залуу хэдэн залуучууд дагаж гарч ирсэн. Баарны гадаа тэд хоорондоо орилж чарласан байдалтай гарч ирсэн. Би өөрийн машин дотроо сууж байсан. Хав хар хувцастай бүдүүндүү хоолойтой өөрийгөө Хангал гээд байсан залуу над дээр ирээд ***г хүргээд өгчихгүй юу гээд хэлсэн. Тэр танихгүй дөрвөн залуу ***гийн найз охин ***г авч үлдэнэ гээд байсан. *** нь надад хэлэхдээ төр дөрвөн залууг танина гэж хэлсэн.

... Би найз *** найз охин нь болох ***, ***, *** нарыг автомашиндаа суулгаад Минтер баарны гаднаас хөдлөөд хороолол чигтээ явж байсан. Баарнаас баруун зүгт 200 метр орчим зайд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Өндөр дэнж төвийн чанх урд 1 дүгээр эгнээгээр өөрийн эзэмшлийн хар өнгийн *** УБХ улсын дугаартай автомашиныг бариад явж байсан. Гэнэт 2 дугаар эгнээнээс цагаан өнгийн Prius 30 маркийн автомашин урдуур шахаж орж ирээд урд зам хаагаад зогссон. Би улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Цагаан өнгийн Prius 30 маркийн автомашинаас хойноос нь хоёр, урдаас нь хоёр нийтдээ дөрвөн залуу бууж ирсэн. Хар өнгийн хувцастай бүдүүндүү хоолойтой Хангал гэдэг залуу нь түрүүлж буугаад миний хажууд жолооч талд ирсэн. Би жолооч талаасаа автомашинаасаа буусан. Найз *** хойд хаалгаар бууж ирсэн. Миний өөдөөс хоёр залуу над руу дайрсан. Би өөдөөс нь зодолдсон. Зодолдож байхад Хангал гэдэг залуу миний шилэн хүзүүнээс гараараа ороож аваад дарсан. Миний хүзүүнээс дараад автомашины сандал руу дарсан. Хангал намайг толгойноос гараараа уургалсан байдалтай миний автомашины жолооч талын хаалга руу толгойгоороо суудал руу тонгойж орсон байдалтай байсан. Хангал миний толгойноос уургалсан байдалтай байхад араас нэг нь миний гуя руу нэг зүйлээр хатгасан. Миний зүүн гуяны ар талд нойтон оргиод эхэлсэн. Би Хангал гэдэг залууд хоёулаа эвээр учраа олъё гээд хэлсэн. Хангал миний хүзүүнээс тавьсан. Би босож ирээд зүүн гуяны дотор талаа харсан чинь миний цэнхэр өнгийн жинсэн өмдийг нэвт хатгасан байсан. Миний толгойг Хангал гараараа уургалсан байсан учраас би хэн гэдгийг харж чадаагүй. Манай найз *** надад хэлэхдээ улаан өнгийн малгайтай цамцтай, доогуураа хар өнгийн өмдтэй, таргандуу залуу над руу нэг үзүүртэй юм бариад эхлээд над руу дайрсан. Дараа нь чам руу очоод араас чинь гуя руу чинь хатгачхаад зугтаагаад автомашиндаа суугаад яваад өгсөн гээд хэлсэн. Миний автомашинд сууж явсан *** гэдэг охин тэр дөрвөн залууг танина гэж хэлсэн. Улаан малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй таргандуу залууг *** нь *** гэдэг нэртэй фэйсбүүкийг нь мэднэ гэж хэлсэн. Цагаан өнгийн Prius 30 маркийн автомашинд *** нь нэг залуутай суугаад зугтаагаад яваад өгсөн. Хангал гэдэг залуу нь бид нартай үлдсэн. Би Хангалд хойноос хутгалчихсан байна ш дээ гээд цус болсон өмдөө гуяны хэсгээ харуулсан. Хангал нь буцаад зүүн тийшээ баарны чигтээ алхаад яваад өгсөн. Би найз ***, ***, ***, *** нартай Гэмтлийн эмнэлэг дээр очсон. Гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлэхэд би өөрийгөө хутгалуулсан байх гэж бодсон. Эмч нь миний зүүн гуяны дотор талыг ухаж цэвэрлээд шууд оёсон.

... Би юугаар гэдгийг нь харж чадаагүй. Миний араас хурц ирмэгтэй зүйлээр хатгасан. Би өөрөө бодохдоо хутгалуулсан гэж бодсон. Миний толгойг Хангал уургалсан байсан учраас хэн хатгасныг нь харж чадаагүй.

... Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа эмнэлгээр явсан мөнгөн төлбөрөө гаргуулж авмаар байна. Буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дахь тал/

“... Д.*** нь хэрэг нээгдсэн цагаас эхлээд уулзъя гомдлыг чинь барагдуулъя гээд дууддаг. Дуудсан газар нь очихоор өөрөө ирдэггүй алга болчихдог. Одоогийн байдлаар миний гомдлыг барагдуулж ямар ч нөхөн төлбөр өгөөгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дэх тал/

 

Гэрч М.***гийн “... Монголын Үндэсний Их Сургуулийн урд явж байхад урдуур шахаж орж ирээд зогсоод жолоочийн суудлаас нэг эрэгтэй бууж ирээд араас нь хойд талаас нь дөрвөн хүн бууж ирээд нэг залуу нь ***ийн хаалгыг онгойлготол *** буугаад тухайн залуутай зодолдоод би автомашины зүүн талд хоёр залуутай зодолдоод байж байхад нэг залуу нь гартаа юм барьчихсан хутгалуулмаар байна уу гээд байсан. Тэгэхээр нь би хойшлоод байж байхад тухайн залуу цаашаа гүйж очоод ***ийн араас зүүн хөлний гуя хэсэгт нэг удаа дүрсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 20 дахь тал/

 

Гэрч Б.***гийн “... *** буугаад тэр залуутай зодолдоод бужигналдаад нөгөө хэд нь автомашин тойроод гүйж байснаа гэнэт бүгдээрээ автомашиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд бид нар хэсэг тэндээ зогсож байгаад гэнэт *** хутгалуулчихсан байна гээд бид нар цагдаад дуудлага өгөөд Гэмтлийн эмнэлэг явсан.

Би тэд нарыг танихгүй. Өмнө нь харж байгаагүй. Ямар учиртай хүмүүсийг нь мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23 дахь тал/

 

Гэрч Б.***ын “... Хангал түрүүлж бууж очоод Prius 20 маркийн автомашины жолоочид зодуулаад Prius 20 маркийн автомашины жолооч талын суудал дээр хэвтсэн байдалтай жолоочид нь зодуулж байсан. Би салгах гээд байж байгаад ноцолдож байгаад хар хувцастай залууд хамар руугаа цохиулаад миний хамраас цус гарангуут нь ахуйн үйлчилгээ тал руугаа гүйгээд зугтаагаад яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26-27 дахь тал/

 

Гэрч Б.Хангалын “Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Гандангийн Минтер бааранд найз ***, *** нарын хамт орсон. Бааранд *** гэдэг манай найзын найз охин Мөөгий согтуу танихгүй залуучуудын хамт явж байсан. Би хар өнгийн Prius 20 маркийн автомашины жолооч ***тай баарны шатан дээр гарах гэж байхад нь уулзсан. Чи юун залуу юм гээд асуусан. Чи хэн юм бэ, яадаг банди юм, яагаад Мөөгийтэй явж байгаа юм гээд асуусан. Чамд ямар хамаатай юм гээд *** гараад явсан. Би дагаад баарнаас ***йн хамт гарсан. Гараад харахад манай найз найз охин Мөөгий шал согтуу хоёр охин, хоёр бандийн хамт хар өнгийн Prius 20 маркийн автомашинд буусан. *** Мөөгий тэр хар Prius 20 маркийн автомашинд суучихлаа хойноос нь очих уу яах уу гээд хэлсэн. Тэгье гээд хэлсэн. ***, *** бид нар саарал өнгийн Prius 30 маркийн таксинд суугаад Prius 20 маркимйн автомашиныг дагаж байгаад урдуур нь ороод зогссон. Бид нар зодолдох гэж очоогүй. Би буугаад хар өнгийн автомашины жолооч *** руу очоод хөөе хөгшөөн гээд хаалгыг нь татсан.

Хаалгаа нээгээд хамар руу баруун гараараа намайг цохисон. Би жолоочийг нь толгойг нь уургалаад боогоод урд суудал руу нь авч орсон. Жолооч нь миний дээрээс цохиж эхэлсэн. Хажууд байсан охин миний толгой руу цохисон. Бөөн бужигнасан юм болсон. Би өвдөглөөд түлхээд ***ийг босгосон. Гараад хөөе хөгшөөн гээд ярьсан биз дээ пизда минь гээд хэлсэн. Өөдөөс хүрч ирээд хэсэг хэрүүл хийсэн. Намайг яаж байгаа юм гээд зүүн гуяа надад харуулсан. ***ийн зүүн гуяны ар талын хэсэг рүү хартал эрхий хурууны өндөгний хэмжээтэй цус болсон байсан. Яаж байгаа юм гээд дахин асуусан. Би наадахыг нь мэдэхгүй байна, яасан юм гээд асуусан. Тэгээд би алхаад яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15545 дугаартай:

“...1. Д.***ийн биед зүүн гуянд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 46-47 дахь тал/

 

Д.***ийн яллагдагчаар өгсөн “... Баарны гадаа *** гэдэг найзтайгаа хальт таарсан. Найзуудынхаа хам баар руу орсон. Бааранд ***ын Мөөгий гэдэг найз охин шоудаж байсан. Мөөгий гэдэг найз охин нь нэг эмэгтэй найзтайгаа хамт явж байсан. *** гаръяа гээд Мөөгий гэдэг охин нь эмэгтэй найзтайгаа баарнаас гарсан. Мөөгийгийн эмэгтэй найз нь ***ыг өшиглөөд эмэгтэй найзтайгаа баарнаас гарсан. *** буцаад баар руугаа орсон. Хар өнгийн Prius 20 маркийн автомашин баарны гадаа зогсож байсан бөгөөд дотор нь Мөөгий эмэгтэй найзтай суусан.

... Хангал хар өнгийн Prius 20 маркийн автомашины жолоочтой уулзахаар түрүүлээд очсон. Үгийн зөрүүгүй Prius 20 маркийн автомашины жолооч нь Хангалыг мөргөөд цохисон. Би салгая гээд очих гэж байгаад харсан чинь Хангал нь Prius 20 маркийн автомашины жолооч талын суудал дээр хэвтсэн байдалтай дээрээс нь жолооч залуу нь зодож байсан. Автомашины дотор урд талын суудал дээр сууж байсан охин Хангалын толгойн хэсэг цохиж байсан. Би Хангалыг зодуулж байхыг хараад салгая аа гээд нэг залууд нь хэлсэн. ***ын нүүр нь цус болсон байсан. Би энэ үед маш их сандарсан байдалтай байсан. Би Prius 30 маркийн автомашины руу очсон. Prius 30 маркийн автомашины баруун хойд талын суудлаас юу гэдгийг нь мэдэхгүй, үзүүртэй зүйлийг баруун гартаа аваад нэг найзыг нь айлгах гээд очсон. Миний барьсан зүйлийг хараад зугтаасан. Баруун гартаа барьсан үзүүртэй зүйлээ аваад Хангал дээр очиход хамт явж байсан охидууд нь аймар орилолдоод би сандарсан байсан. Хангал Prius 20 маркийн автомашины жолоочийн талд сандал дээр хэвтсэн байдалтай жолооч залуу нь дээр нь гарчихсан зодож байсан. Би их сандарсан байсан болохоор жолоочийг болиулж Хангалыг автомашинаас гаргах зорилготой сандарсандаа жолоочийн зүүн гуяны ар тал руу нэг удаа хатгаад зугтаагаад Prius 30 маркийн автомашины ар тал руу суусан. Жолооч нь автомашиндаа суугаад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60-62 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Д.*** нь найз Б.Хангал, Б.*** нарын хамт 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Минтер шөнийн цэнгээний газраар үйлчлүүлэх явцдаа тус шөнийн цэнгээний газрын гадаа хохирогч Б.***, М.*** болон түүний найз охин Б.*** нартай “найз ***ын найз охин ***г авч явах гэлээ” гэсэн шалтгаанаар маргалджээ.

Ингээд хохирогч Д.*** нь өөрийн эзэмшлийн *** УБХ улсын дугаартай Prius 20 маркийн автомашиныг жолоодон М.***, Б.***, *** нарын хамт Минтер шөнийн цэнгээний газраас явмагц шүүгдэгч Б.*** нь найз Б.Хангал, Б.*** нарын хамтаар тэдгээрийн араас такси үйлчилгээ хөлсөн Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Өндөр дэнж төвийн урд талын автомашины зам дээр явж байхад автомашиныг нь шахаж зогсоожээ.

Энэ үед хохирогч Д.***, Б.Хангал нар нь *** УБХ улсын дугаартай Prius 20 маркийн автомашин дотор ноцолдсон бөгөөд шүүгдэгч Б.*** нь хохирогч Д.***ийн зүүн гуя хэсэгт хурц ир үзүүртэй зүйлээр хатгасны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учиржээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.*** нь Д.***ийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Д.***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №15545 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хэрэгт хохирогч Д.*** нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд баримт гаргаж өгөөгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тооцох боломжгүй байна.

Гэхдээ хохирогч Д.*** нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Д.***ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хурц ир үзүүр бүхий зүйлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсанг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.***ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.***ийг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.*** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ