Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Ч.*** түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа,

хохирогчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас *** овогт ***ы ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005031831294 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1962 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эмэгтэй, 60 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Баянгол дүүрэг *** дугаар хороо *** дүгээр байр *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүрэг 6 дугаар хороо *** дүгээр байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***ы ***.

 

Шүүгдэгч Ч.*** нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.***ийн нэр дээр “гурил аваад удахгүй мөнгийг нь өгнө” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах ***ХХК-иас нийт 8 удаа 51,505,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг зээлээр авч мөнгийг буцааж өгөлгүй Б.***д их хэмжээний буюу нийт 50,505,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*** мэдүүлэхдээ: “Би ***ийн өөрийнх нь зөвшөөрлөөр зээлээр ***ХХК-аас 51,450,000 төгрөгийн гурил авсан нь үнэн. Үүнийгээ өнөөдрийг хүртэл төлж чадаагүй байгаа. Бэлэн мөнгөгүй болоод төлбөрийн оронд эцэг, эхийнхээ болон Эрдэнэтэд байгаа газраа өгөхийг санал болгосон. Гэтэл *** би ямар ч газар авахгүй бэлэн мөнгөө авмаар байна гэсэн. ***ХХК-аас борлуулагчийн зөвшөөрөлгүй гурил гаргадаггүй. Би ***ийн зөвшөөрөлгүйгээр дураараа гурил аваагүй. Зөвшөөрөлгүй ганц шуудай гурил ч гаргадаггүй. Борлуулагч нь утсаар захиалгаа өгч, автомашинаа явуулснаар гурил авдаг” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*** мэдүүлэхдээ: “Шүүгдэгч 7 хоногийн хугацаатай төлнө гэж авсан. *** ХХК-аас 50,000,000 гаруй төгрөгийн гурил авсан гэдгийг мэдээгүй. Би тэнэг хүн биш шүү дээ. 7 хоногийн дотор 50,000,000 төгрөг төлнө гэж байхгүй. ***ХХК сарын сүүлээр цөөхөн хэдэн төгрөгийн гурилын өртэй байхад падаан бичдэггүй. Надад *** ХХК-нд тийм их хэмжээний өртэй гэдгээ хэлээгүй. Мөнгөн дүн хэлээгүй. Намар над дээр ирж уулзахдаа Дорноговь аймаг байрлах барилгаа зарна, Хятадаас хөрөнгө оруулалт орж ирнэ гэж яриад ингэж явж ирсэн. Би танд итгэсэн. Та мөнгөө өгөөч ээ надад хэцүү байна гэхэд Зайсан дээр газар үзүүлсэн. Тэр газар нь өөр хүний нэр дээр байсан. Анхнаасаа намайг залилсан байна гэдгийг сүүлд мэдсэн. ***ХХК-тай байгуулсан 400,000,000 гаран төгрөгөийн Эвлэрлийн гэрээг сүүлд хэргийн материал дээрээс харсан. Хохирол төлбөрийн хувьд падааны дүнгээр 51,450,000 төгрөгийн гурил авсан. Би *** ХХК-ны өрийг дарахын тулд Өег ХХК-ны өрийг шилжүүлж ***ХХК-д нийгмийн даатгал өгч, дараа нь банкнаас зээл аваад одоо төлөөд явж байна. Шүүгдэгч надад 14,000,000 төгрөгийг нэмж төлнө гээд нотариатаар орсон. Нийт 65,598,750 төгрөгийг Өег ХХК-нд алдангитай нь төлсөн. 2019 онд шугамын зээл аваад одоо болтол зээл төлөөд явж байна. Үүнийг нэхэмжилж оруулаагүй. Оруулбал 100,000,000 гаруй төгрөг байгаа” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.***ийн “*** нь ***ХХК-аас миний нэрээр 51,450,000 төгрөгийн гурил 2018 оны 5 дугаар сард аваад төлбөр тооцоогоо хийгээгүй тул би арга буюу уг төлбөрийг төлөөд өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадахгүй хохироч байна.

 *** миний нэрээр 2018 оны 5 дугаар сард ***ХХК-аас гурил авчихлаа гэсэн. Тухайн үед би нэг машин гурил авсан юм байх гэж бодоод өнгөрсөн. Гэтэл 5 дугаар сарын 02-ны өдрөөс 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 8 удаа 51,450,000 төгрөгийн үнэ бүхий гурил авч ачуулж явсан болохыг мэдсэн. Уг авсан гурилаа *** худалдааны төвийн Бизнес төвийн борлуулагч Ганзориг, ***, Соёлоо нарт өгч бэлэн мөнгийг нь тухайн үедээ авсан боловч *** гурилын үйлдвэрт ч тушаагаагүй, надад ч өгөлгүй завшсан. *** гурилын үйлдвэр нь борлуулагч нартай сарын эцэст тооцоо нийлж дараагийн гурилыг урьд авсан гурилын тооцоо хийгээгүй нөхцөлд гурил өгддөггүй учир арга буюу би *** худалдааны төв дээр гэрээт борлуулагч хийж амьдардаг тул *** миний нэрээр авсан гурилын мөнгийг банкнаас авсан зээлээрээ төлж барагдуулан хохирсоор байна. Миний утсыг ч авахаа больсон. Намайг миний нэрээр авсан гурилын төлбөр тооцоогоо байгаа мөнгө нь орж ирэнгүүт өгчихнө, Дорноговь аймаг Сайншанд суманд том объект байгаа түүнийг зарах гээд зар тавьсан. Зөндөө хүн үзэж байгаа гэх мэтээр удахгүй төлнө гээд хуурсаар 2 жил гаруй болсон.

*** нь би ***ХХК-тай гурилын тооцоо хийж амжаагүй байна. Өнөөдөр яаралтай гурил хэрэг болоод байна. Би мөнгийг нь өгчихнөө гэж нэг удаа л ярьсан. Өнөөдөр яаралтай гурил хэрэг болоод байна, би мөнгийг нь өгчихнөө гэж нэг удаа л ярьсан. Тэгээд л өнгөрсөн дараа нь *** гурилын үйлдвэртэй тооцоо нийлсэн чинь *** миний нэрээр 8 удаа 51,450,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Toyota Hino маркийн *** УНЯ улсын дугаартай автомашинаар 24 тонн буюу 22,600,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг, мөн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2 тонн буюу 1,760,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг Caravan маркийн 58-51 УНИ улсын дугаартай автомашинаар, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр *** УБД улсын дугаартай автомашинаар 4,500,000 төгрөгийн үнэ бүхий 5 тонн гурил, 5 дугаар сарын 04-ний өдөр Toyota Hino маркийн *** УНЯ улсын дугаартай автомашинаар 10,495,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг, 5 дугаар сарын 05-ны өдөр *** ӨВР улсын дугаартай автомашинаар 2,640,000 төгрөгийн 3 тонн гурил, *** БРА улсын дугаартай автомашинаар 4,400,000 төгрөгийн үнэ бүхий 5 тонн гурилыг, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр *** УНЯ улсын дугаартай автомашинаар 4,660,000 төгрөгийн үнэ бүхий гурил тус тус авч завшсан байсан.

*** дээрх гурилны үнэ 51,450,000 төгрөгөөс одоо болтол нэг ч төгрөг төлөөгүй. 1997 оноос *** зах дээр гурил будаа зардаг байсан. Тэр үеэс бие биенээ таньдаг юм. Тэгээд ***ХХК-ны гэрээт борлуулагчтай болоход бид хоёр борлуулагч хийдэг болсон.

... Энэ олон жил борлуулагч хийж байхдаа би нэг нэгэндээ гурил будаа мөнгө төгрөг зээлдүүлэх асуудал байсан. Гэхдээ тооцоогоо хийгээд байдаг болохоор би өнөөдөр яаралтай гурил хэрэг болоод мөнгийг нь өгнө гэхэд нь итгэсэн. Гэхдээ би 4 өдөр дараалан ийм их хэмжээний гурил авсныг мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 165-168 дахь тал/

“Надад тухайн үед *** ойлгуулахдаа ***ХХК-д багахан цөөхөн хэдэн төгрөгийн өртэй гэж хэлж байсан. Дараа нь мэдсэн чинь ***ХХК болон Өег гурил ХХК зэрэгт маш их өртэй гэж гарсан. Надаас авсан гурилаа *** бас авсан хүнд бэлэн мөнгөөр болон урьд тавьсан өрөндөө өгсөн байсан юм. Би тийм их өр шир тавьсан байсныг мэдсэн бол ***д ямар ч гурил авах зөвшөөрөл олгохгүй байсан. *** нь угаасаа санаатайгаар надаар өр ширээ төлүүлэхийн тулд миний итгэлийг ашиглаж өрөнд оруулсан юм.

Надад ах утсаар ярихдаа нэг автомашин гурил хэрэгтэж байна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн байсан чинь нэлээн хэдэн автомашин буюу 50,000,000 гаран төгрөгийн гурил аваад явсан байсан юм. Би ***ХХК-д мэдэгдэхдээ *** нь миний нэр дээр гурил авна гэж хэлсэн боловч ямар нэгэн хэмжээ зааж хэлээгүйг ашигласан байна.

Би тухайн үед нэг л автомашин гурил авах зөвшөөрөл олгосон. Төрөл зүйлийг нь хэлж яриагүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 170-171 дэх тал/

“Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Надад 51,505,00 төгрөгийн бодит хохирол учирсан. Үүн дээр би гэм хорын хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Би ***ийн авсан гэх гурилын хөлсийг төлөхийн тулд Хаан банкаас зээл авч гурилын тооцоог барагдуулсан. Тэгээд Хаан банкны зээлийн сар бүрийн хүү болох 875,000 төгрөгийг одоо болтол төлж байгаа. Би зээлийн хүү дээр нь маш их хохирч байна. *** нь авсан гурилныхаа мөнгөнөөс гадна 14,148,750 төгрөг надад өгнө гэсэн гар бичмэл хийж өгсөн. Энэ нь би Өег гурил ХХК-д өгөх ёстой мөнгөө ***ХХК-д өгснөөс болж Өег гурил ХХК-ны мөнгийг төлж чадахгүй байснаас Өег гурил ХХК-д миний төлөөгүй мөнгө дээр тооцсон алдангийн мөнгөн дүн юм. Би ***ХХК-ны өрийг дарсаны дараа Өег гурил ХХК-д учир байдлаа хэлж орлогын мөнгөнөөс төлж барагдуулдаг байсан. Энэ талаар ***д хэлэхэд авсан гурилны мөнгөө болон алдангийн мөнгө хамтад нь төлж барагдуулна гэж надад гар бичмэл хийж өгсөн юм. *** нь төлж барагдуулна гэж байсан боловч 4 жилийн хугацаанд миний мөнгийг төлж барагдуулаагүйд маш их гомдолтой байна.

... Би тухайн үед ***ХХК-ны кассын ажилтан хийж байсан ***д 99018826 дугаарын утас руу залгаж мэдэгдсэн. Тухайн үед *** нь надад *** нь их хэмжээний өртэй гэж хэлээгүй. Би хэлсэн бол гурил өг гэж хэлэхгүй байсан. Гэтэл *** нь өөрөө тухайн үедээ мэдээгүй байсан гэж надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 173 дахь тал/

 

Гэрч Д.***ын “ ... Борлуулагч ***ийн зөвшөөрөлгүйгээр нэг ч ширхэг гурил үйлдвэр гаргаж борлуулах боломжгүй байдаг юм. *** нь ***ийн зөвшөөрөлгүй үйлдвэрээс гурил гаргах ямар ч боломж байхгүй. Би ***ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан тул борлуулагчийн үйл явцыг сайн мэддэг юм. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 183-184 дэх тал/

 

Гэрч Б.***ын “... Би 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр *** гэдэг ***ХХК-ны борлуулагчаас 4,660,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг бэлэн мөнгө өгөөд авсан. *** нь тухайн үед *** ХХК-ны борлуулагчаар ажиллаж байсан болохоос биш *** гэдэг хүнээс өрөндөө гурил аваагүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 186 дахь тал/

 

Гэрч Д.Ганзоригийн “... Би 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 24 тонн буюу 22,600,000 төгрөгийн гурил, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 10,495,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг бэлнээр мөнгийг нь өгч авсан. Өрөндөө авсан зүйл байхгүй. Тухайн үед ***ХХК-д борлуулагчаар *** нь ажиллаж байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал/

 

Гэрч Ч.***ийн “... Манай компани нь гэрээт борлуулагч ***ийн зөвшөөрөлгүйгээр ямарч хүн ирсэн байсан ч ***ийн зөвшөөрөлгүйгээр агуулахаас гурил гаргах боломжгүй юм. Борлуулагч *** нь захиалгаа өөрөө аваад ямар автомашинтай хаана хүргэж өгөх талаар хэлж мэдэгдсэний үндсэн дээр агуулахаас гурил гаргах боломжтой. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал/

 

Гэрч Б.***гийн “... Бүх гэрээт борлуулагч нар нь надад утсаар болон мессэжээр захиалгаа өгч авах гурилын хэмжээ болон очиж авах автомашины дугаар, жолоочийн дугаар, нэртэй явуулдаг. Б.***ийн захиалгын дагуу 2018 оны 5 дугаар сард ирсэн автомашинд нь зарлагын падаан бичиж гурилыг нь ачиж явуулсан. Би зарлагын падааныг нь жолоочид нь өгч явуулдаг. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь тал/

“... 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хооронд *** нь надтай өөрийнхөө бүртгэлтэй дугаараас холбогдсоных нь дагуу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 58-51 дугаартай тээврийн хэрэгсэл дээр 2 тонн гурил буюу 1,760,000 төгрөгийн гурил, *** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12 тонн гурил буюу 10,800,000 төгрөгийн гурил, *** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12 тонн гурил буюу 11,800,00 төгрөгийн гурилын падаан бичсэн. 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр *** УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 тонн гурил буюу 4,500,000 төгрөгийн гурилны падаан бичсэн. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр *** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 12 тонн буюу 10,945,000 төгрөгийн гурилны падаан бичсэн. 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр *** ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 тонн гурил буюу 2,640,000 төгрөгийн гурил, *** УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 тонн гурил буюу 4,600,000 төгрөгийн гурил, *** БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5 тонн буюу 4,400,000 төгрөгийн гурилны падаан бичсэн. Миний бичсэн падааны дагуу агуулахын няравууд ачиг нар гурилыг нь ачиж өгч явуулдаг. Би ***ийн өгсөн захиалгын дагуу нийт 51,450,000 төгрөгийн гурилын падаан бичсэн. *** нь надад өөрөө гурил ачих автомашины дугаараа ачих гурилын тоон жинтэй нь явуулсны дагуу би падааныг бичиж агуулахын няравт хүргүүлдэг. Би захиалагчийнхаа захиалгын дагуу падаан бичдэг болохоор өөр хэн нэгний өмнөөс падаан бичиг гурил авна гэсэн асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 197 дахь тал/

 

Гэрч Б.***ийн “... Ч.*** нь 2002 оноос хойш ***ХХК-тай үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ байгуулан ажиллан *** хот дахь гэрээт борлуулагчаар ажилласан ба гэрээгээ жил болгон сунгаж явдаг байсан юм. Хамгийн сүүлд Ч.*** нь ***ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 234 дугаартай үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай буюу 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл байгуулсан байдаг. *** нь ***ХХК-аас зээлээр бараа бүтээгдэхүүн аваад төлбөр тооцоогоо сарын эцэс юм уу сарын эхэнд тооцоогоо хийж төлбөрөө төлөөд явдаг байсан юм. *** нь 2017 оны 6 дугаар сарын төлбөр тооцоогоо дуусгаад гэрээний хугацаа дуустал буюу 2017 оны 7,8 дугаар сард нийт 440,000,000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн зээлээр авсан байдаг. Ингээд 7,8 дугаар сарын зээлээр авсан бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг төлөхгүй *** дээр 440,000,000 гаруй төгрөгийн авлага үүссэн тул маргаан үүсээд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр *** ***ХХК-ны хоёр төлбөр тооцон дээрээ эвлэрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 06732 дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан. Ингээд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учир 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 07720 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг эхэлсэн. Одоо болтол *** нь төлбөр тооцоогоо ***ХХК-нд төлөөгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа.

... Тухайн үед буюу 2018 оны 5 дугаар сард *** харилцагчийн нэр дээр зээлээр гурил олгох боломжтой байсан. *** авсан гурилаа цаашаа ***д өгч байгаа эсэхийг хянах боломжгүй. Яагаад гэхээр *** авсан гурилынхаа төлбөр тооцоог өөрөө хариуцдаг. Өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо бүрэн төлөөд явж байгаа. *** өөрөө манай агуулах дээр очоод ***ийн нэр дээр гурил авъя гээд шууд авах ямарч боломж байхгүй. Суваг хариуцсан менежертэй *** өөрөө утсаар холбогдож захиалга өгөх боломжтой байдаг юм. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 199-200 дахь тал/

 

***ХХК-ны Зарлагын падаан. /2 дахь хавтаст хэргийн 173-180 дахь тал/

 

Ч.***ийн яллагдагчаар өгсөн “Би 2018 оны 5 дугаар сард ***ээс гурил зээлээр авъя гэж хэлсэн. Тэгтэл *** зөвшөөрөөд ***ХХК-ны 51,450,000 төгрөгийн гурилыг надад өгсөн. Би тухайн гурилыг 8 удаа автомашинд ачуулж авч явсан ба авсан гурилаа хүмүүст зарж борлуулсан. Би ***д надад хөдөө явуулах гурилны хэрэг байна, чи надад гурил зээлэх үү гэж асуусан. Тэгтэл надад *** зээлье гэж хэлсэн ба би мөнгийг нь 7 хоногийн дараа өгнө шүү гэж хэлж байсан. Гурил авахын тулд би ***д тэдэн шуудай гурилыг ийм автомашинд ачна шүү гээд шуудай гурилынхаа тоог автомашины дугаартай хэлэхээр *** нь цаашаа *** гурилын кассын хүнд хэлдэг. Тэгэхээр нь би өөрсдөө тэнд очих ямар ч шаардлагагүй байдаг юм. *** нь ач гэж хэлэхгүй бол ***ХХК-аас гурилыг гаргахгүй. Тэгэхээр *** өөрөө хэлж утсаар ярьж байж тухайн гурилыг автомашинд ачуулдаг юм. Би ***тэй зах дээр хамт зогсож байгаад танилцаж байсан ба бид хоёр олон жил хамт ажилласан. Бид хоёр хоёулаа ***ХХК-аас гурил авч худалдан борлуулдаг байсан. Би ***ХХК-аас 2017 оны 9 дүгээр сард 250,000,000 төгрөг зээлж байсан ба тэр мөнгөө өгч чадаагүй учраас ***ХХК надад гурил өгөхгүй байсан.

... Би Дорноговь аймаг Сайншанд суманд байрлалтай 380 мкв талбайтай үйлчилгээний төвийг ашиглалтад оруулах гэж байсан болохоор тэрний засварын ажилд мөнгийг нь зарцуулсан. Би ***д мөнгө байхгүй болохоор Зайсанд байрлалтай газар оронд нь өгье гэж санал болгосон боловч тухайн газрыг авахгүй гэсэн. Мөн Эрдэнэтэд байрлах газар үзүүлэхэд авахгүй, ер нь оронд нь өөр зүйл авахгүй мөнгөө л авъя гэж хэлсэн. Би ***д хүнээс мөнгөө авчих юм бол чамайг хохиролгүй болгоноо гэж хэлж байсан.

Би авсан мөнгөнөөсөө 500,000 төгрөгөөр 2 удаа өгч 1,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Би одоо өөрийн авсан гурилын мөнгийг төлж барагдуулна, илүү мөнгө төлж барагдуулж чадахгүй.

... Тухайн үед бид хоёр худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 213-214 дэх тал/зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ч.*** нь хохирогч Б.*** нар нь 2002 оноос хойш *** худалдааны төвд ***ХХК-ны гэрээт борлуулагчаар ажиллаж байсан бөгөөд шүүгдэгч Ч.*** нь 2017 оны 9 дүгээр сараас эхлэн Үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас ***ХХК-ны гэрээт борлуулагчаар ажиллахаа больсон ба тэрээр өөрийн эзэмшлийн Дорноговь аймаг Сайншанд суманд байрлах худалдаа үйлчилгээний зориулалтаар баригдаж байсан барилга байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх шаардлагатай болжээ.

Улмаар шүүгдэгч Ч.*** нь дээрх нөхцөл байдлыг Б.***д хэлэлгүйгээр түүнийг ***ХХК-ны гэрээт борлуулагчаар ажиллаж байгааг ашиглан “гурил аваад удахгүй мөнгийг нь өгнө” гэж хэлсэн бөгөөд хохирогч Б.*** нь өөрийн нэр дээр ***ХХК-аас гурил зээлээр авч өгөхөөр харилцан тохиролцжээ.

Ингээд ***ХХК-ны тооцооны ажилтнаар ажиллаж байсан Б.***д хохирогч Б.*** нь захиалга өгсний дагуу шүүгдэгч Ч.*** нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 11,800,000 төгрөгийн үнэ бүхий дээд болон 1 дүгээр гурил, мөн өдөр 10,800,000 төгрөгийн үнэ бүхий 1 дүгээр гурил, 1,760,000 төгрөгийн үнэ бүхий 1 дүгээр гурил, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 4,500,000 төгрөгийн үнэ бүхий 1 дүгээр гурил, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 10,945,000 төгрөгийн үнэ бүхий дээд болон 1 дүгээр, 2 дугаар гурил, 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 2,640,000 төгрөгийн үнэ бүхий 1 дүгээр гурил, мөн өдөр 4,400,000 төгрөгийн үнэ бүхий 1 дүгээр гурил, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 4,660,000 төгрөгийн үнэ бүхий дээд болон 1 дүгээр гурил нийт 51,505,000 төгрөгийн үнэ бүхий гурилыг авч бусдад худалдаалжээ.

Үүний дараа шүүгдэгч Ч.*** нь гурилын үнэ болох 51,505,000 төгрөгийг хохирогч Б.***д төлөөгүйн улмаас ***ХХК-д хохирогч Б.*** нь гурилын үнийг төлжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль алин нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг болно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ч.*** нь ***ХХК-ны гэрээт борлуулагчаар ажиллаж байсан хохирогч Б.***тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан “гурил аваад удахгүй мөнгийг нь өгнө” гэж хэлэн их хэмжээний үнийн дүнтэй гурил авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготойгоор ***ХХК-ны агуулахаас түүний зөвшөөрлөөр гурил гаруулан авч бусдад худалдаалж, хохирогч Б.***д 51,505,000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгч Ч.*** нь анхнаасаа гурилын төлбөрийг төлөх бодит боломжгүй байсныг дээрх баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.*** нь *** ХХК-аас гурил авахдаа Б.***ийн зөвшөөрснөөр авсан боловч гурил хүлээн авсан хүлээлгэн өгсөн баримт нь хохирогч Б.***ийн нэр дээр бичигдсэн тул хохирогч Б.*** уг гурилын төлбөрийг *** ХХК-нд төлж барагдуулснаар энэ гэмт хэргийн улмаас түүнд эд хөрөнгийн хохирол учиржээ.

Иймд шүүгдэгч Ч.***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “ ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн “Шүүгдэгч Ч.***д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гэм буруугийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан хохирогч Б.***д 51,505,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,000,000 төгрөгийг төлөгдсөн талаар хохирогч Б.*** нь шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул үлдэгдэл 50,505,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялын төрлөөс 10,000,000 төгрөгөөр торгох ялыг сонгож оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргав.

Харин хохирогч Б.*** түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр нар нь улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж, тусгайлан санал гаргаагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.***ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Харин Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай  зөвшөөрлөөр Ч.***ийн эзэмшлийн Төрийн банкны ***, ***, ***, ***, Хаан банкны ***, *** дугаарын данснуудын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт тогтоосныг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ы ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “ ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ч.***ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ч.***д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Ч.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ч.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.***ээс 50,450,000 төгрөг гаргуулж хохирогч Б.***д олгож, хохирогч Б.*** нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай  зөвшөөрлөөр Ч.***ийн эзэмшлийн Төрийн банкны ***, ***, ***, ***, Хаан банкны ***, *** дугаарын данснуудын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт тогтоосныг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.АЛТАНХУЯГ