| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-01-24 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
2023 оны 01 сарын 24 өдөр 2023/ШЦТ/25 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Хохирогч *******,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2230003720363 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эмэгтэй,бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт ******* аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг ******* ******* хорооллын 200а тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******,
******* ургийн овогтой, .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөөний 08 цаг орчмын үед ******* аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг “” худалдааны төвийн урд талын авто зам дээр 26-01 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган явган зорчигч насанд хүрээгүй *******г мөргөж эрүүл мэндэд нь “баруун суудал ясны далд хугарал, тархи доргилт, хэвлий,баруун гуянд зулгаралт, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 07 цаг 40 минутын үед гэрээсээ хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөөр худалдааны тэнд явж байхад гэнэт хүүхэд гараад ирсэн гэв. Нар өөдөөс гялбасан байсан учраас хүн явж байгааг хараагүй. Улаанбаатар хот руу явахад эмчилгээний зардал 1,600,000 төгрөг болсон. Гар утсыг нь шинээр авч өгсөн. Дахин эмчилгээ хийлгэхэд 630,100 төгрөгийн эмчилгээний зардал, сангаас хохирогчийн эмчилгээнд зарцуулсан 1,513,000 төгрөгийг төлнө. Цаашид боломжоороо тусална. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй...гэв.
- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Машинд мөргүүлсний дараа нэлээн хүнд байсан. Одоо биед учирсан гэмтэл арилсан ч гэсэн удаан хугацаагаар сууж чадахгүй нуруу чилж өвдөж байна. Явган явахад хүндрэлтэй байна. Хол газар явахаар мөргүүлсэн баруун хөл өвддөг. Цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна...гэв.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэж байсан. Охин минь 13 дугаар дэлгүүрийн ард талаас 4 дүгээр сургууль хүртэл явган хичээлдээ явдаг. Анх сул таягтай хичээлдээ явдаг байсан. Охины минь нуруу өвддөг. Давтан үзлэгийн 630,100 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн, баримтууд нь 680,800 төгрөг болж байгаа юм. Охиноо эмчилгээ хийлгэх гэсэн боловч зардал мөнгөгүй учир явж чадахгүй байна Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлж, эмчилгээг цаг хугацаанд хийлгэж баймаар байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр 550.000 төгрөг төлөгдсөн. Хүүхдийн даатгалын мөнгө хасагдаж байгаа тул Нийгмийн даатгалын сангаас гарсан 550.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү...гэв.
2230003720363 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
- Яллагдагч *******гийн: Тоёото Приус 20 маркийн 26-01 СҮҮ тээврийн хэрэгсэл нь манай нөхөр ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ******* аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг ******* ******* хорооллын 200а тоотод нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь өглөө 07 цаг гээд ажилдаа явдаг учраас нөхрийн эзэмшлийн 26-01СҮҮ Тоёото Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгдөг юм. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 07 цаг 40 минутын үед гэрээсээ нөхрийн машиныг жолоодоод хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөхөөр явсан. Баруун-Урт сумын 7 дугаар баг худалдааны төвийн урдуур ертөнцийн зүгээр зүүн гар тийш дохиогоо өгөөд дөнгөж эргэхэд урдуур хүүхэд орж ирээд машинд мөргүүлсэн. Би машинаа зогсоогоод тухайн машинд мөргүүлсэн хүүхдийг суулгаад эмнэлэгт дагуулж очоод үзүүлсэн. Би тухайн худалдааны төвийн баруун талаас тус худалдааны төвийн урдуур зүүн гар тийш эргэхдээ машинд мөргүүлдэг хүүхдийг огт хараагүй. Би тухайн хүүхдийг машины урд талаараа мөргөсөн. Мөн тухайн үед нар мандаад өөдөөс сайн юм харагдахгүй байж байгаад тухайн хүүхдийг мөргөсөн. Би тээврийн хэрэгслийн В ангиллын эрхийн 1325090 дугаартай эрхийн үнэмлэхтэй, тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан ” гэх мэдүүлэг /хх 100-102х/,
- Насанд хүрээгүй хохирогч *******гийн: Би өглөө Баруун-Урт сумын 4 дүгээр баг Овоотын 305 тоот гэрээсээ гараад хичээлдээ явсан. “” худалдааны төвийн баруун талаар урагшаа явсан явган хүний замаар зам хөндлөн гарах гэж байтал нэг машин ирээд миний баруун талаас мөргөх шиг болсон. Тэгээд нэг сэрэхэд би зам дээр хэвтэж байсан. “” худалдааны төвийн орчмоос нэг танихгүй ах ирээд нэг хүн рүү “чи тэнэг юм уу, хүүхэд дайрчихлаа ш дээ” гэж хэлээд намайг газраас өргөж босгоод “гайгүй юу ахын дүү” гэж байсан. Тэгсэн нэг эгч ирээд намайг түшээд тэр ахтай хамт намайг машиндаа суулгаад эмнэлэг рүү авч яваад эмнэлгийн гадаа буулгаж тэр эгч хамт 103-т үзүүлсэн. Намайг машинд суухад машинд нь 2-3 хүүхэд байсан, том хүн байгаагүй, тэр эгч л машин барьж байсан...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 28-29х/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ий: Тухайн өдөр манай охин ******* өглөө 07 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад хичээлдээ явсан. 08 цагийн орчимд *******, дүү Г.Анударийн утас руу өөрийнхөө Скайтелын дугаараас залгасан. Тухайн үед манай бага охин болох Г.Анударь унтаж байсан. Би утсыг нь аваад ярихад манай том охин ******* “ээжээ би машинд мөргүүлчихлээ, эмнэлэг дээр байна, хурдан хүрээд ир” гэж хэлээд утсаа салгасан. Би сандраад такси дуудаад шууд эмнэлэг дээр явж очиход манай охин ******* машинд мөргүүлсэн гээд эмчид үзүүлэх гээд эмнэлгийн сандал дээр хөлөө жийчихсэн түшлэгээ налаад сууж байсан. Хажууд нь мөргөсөн гэх хүүхэн миний охины цүнх, куртикийг нь бариад зогсож байсан. Тэнд байсан эмнэлгийн ажилтнаас одоо яах талаараа асуухад “гэмтлийн эмч ирж үзнэ, та түр хүлээж байна уу” гэхээр нь би эмнэлгээс түр гараад цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. Нөгөө талаас ерөнхийдөө замын зардал болон эмчилгээний зардал гаргаж өгсөн. Сая Улаанбаатар хотод үзүүлж ирсний дараа дахин үзүүлэхээр явахад чинь тусалж чадахгүй гэж хэлсэнд нь гомдолтой байна. Цаашид миний охины үзүүлж харуулах үед нь туслалцаа үзүүлээсэй гэсэн хүсэлттэй байна.Мөн миний охины хувьд эмэгтэй хүүхэд ирээдүйд төрнө, хүүхэд гаргах учраас энэ ослын улмаас аарцаг нурууных нь суудал яс гэмтсэн болохоор ээж хүний хувьд дотроо их санаа зовж байна...” гэх /хх 36-37х/,
... машинд мөргүүлсний улмаас охины эзэмшлийн Рэдми 9А загварын гар утас эвдэрсэн учраас *******гээс тус гар утасны төлбөрийг гаргуулан авмаар байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэх дахин мэдүүлэг /хх 39-40х/,
- Гэрч ын “ Тоёото Приус 20 маркийн 26-01 СҮҮ тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Манай эхнэр нь 2019 онд жолооч болж байсан. В ангиллын үнэмлэхтэй. Тухайн өдөр намайг ажилдаа явсан хойгуур эхнэр миний тус тээврийн хэрэгслийг жолоодож 3 хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч байсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өглөөний 10 цагийн үед эхнэр миний утас руу залгаад худалдааны төвийн урд талд машинтайгаа явж байгаад хүүхэд шүргэчихлээ, тухайн хүүхэд гэнэт гараад ирсэн, одоо уг хүүхдээ үзүүлээд эмнэлэг дээр байгаа талаараа хэлсэн. ...хэмжилт хийсэн цагдаа миний буруу гэж хэлсэн учраас би тухайн хүүхдийн эмчилгээний зардлыг төлнө гэж хэлж байсан. Тэгээд эхнэр тухайн хүүхдийн ар гэрийнхэнтэй хамт Улаанбаатар хотод очиж үзүүлсэн. Одоогийн байдлаар эхнэр бид хоёр 1.600.000 төгрөгийн эмчилгээ, хоол, буудал, тээврийн зардалд зарцуулаад байна...” гэх мэдүүлэг /хх 42-43х/,
- Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баяртогтохын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “1. Г. Ануужины биед баруун суудал ясны далд хугарал, тархи доргилт, хэвлий, баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй 5. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой” гэх 576 дугаартай дүгнэлт /хх 66-67х/,
- 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “...Япон улсад үйлдвэрлэгдсэн 26-01 СҮҮ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа /хх 70-72х/,
- Линзийн өгөөж ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2202504 дугаартай “...Рэдми 9А маркийн гар утасны зах зээлийн үнэлгээ 331,600 төгрөг болно...” гэх дүгнэлт /хх 78-88х/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 12-13/
- *******гийн жолооны үнэмлэхийн хуулбар, 2601 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 112/
- ******* аймгийн хэлтсийн 2022.12.10-ны өдрийн 26/146 дугаартай албан бичиг, сангаас гаргуулсан зардлын түүх /хх 15-16/
- 2601 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 19/
- *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 109-111/,
- *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 103/
- Холбогдогч *******гийн хохирогч *******гийн эмчилгээ, хоол буудал, Улаанбаатар хот руу авч явсан нийт 1.484.800 төгрөгийн зардлын баримтууд /хх 113-118/
- Хохирогч *******гийн 680800 төгрөгийн хохирлын баримтууд /хх-124-130/
- *******гийн хохирогч *******д Редми 9а маркийн гар утсыг авч өгсөн баталгааны хуудас, хохирогч *******гийн “2022.12.11-ний өдөр, Эвдэрсэн утсаа нөхөн төлүүлж, шинийг хүлээж авлаа” гэх бичиг /хх 132/
- Г.Ануужийнгийн гэмтлийн дараах гэрэл зургууд,
- ******* аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн хүний их эмч Э.Отгонбаярын “Галбадрах овогтой Ануужин нь ******* аймаг Баруун-Урт суманд 2005.12.19-нд 3390 грамм жинтэй, хэвийн төрсөн. 2022.11.07-ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүл бойжиж байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 1.230.800 төгрөгийг нэхэмжлэх бичиг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 550.000 төгрөгийн баримт зэрэг болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөөний 08 цагийн орчимд ******* аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг “” худалдааны төвийн урд талын авто зам дээр 26-01 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргаж явган зорчигч насанд хүрээгүй хохирогч *******г мөргөж эрүүл мэндэд нь “баруун суудал ясны далд хугарал, тархи доргилт, хэвлий,баруун гуянд зулгаралт, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Дээрх үйл баримтын талаар шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “..Тухайн өдөр 07 цаг 40 минутын үед гэрээсээ хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөхөөр худалдааны тэнд явж байхад гэнэт хүүхэд гараад ирсэн ” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хохирогч *******гийн “...Би тухайн өглөө хичээлдээ явахдаа “” худалдааны төвийн баруун талаар урагшаа явсан явган хүний замаар явж зам хөндлөн гарах гэж байтал нэг машин ирээд миний баруун талаас мөргөх шиг болсон. Нэг сэрэхэд би зам дээр хэвтэж байсан. “” худалдааны төвийн орчмоос нэг танихгүй ах ирээд нэг хүн рүү “чи тэнэг юм уу, хүүхэд дайрчихлаа ш дээ” гэж хэлээд намайг газраас өргөж босгоод “гайгүй юу ахын дүү” гэж байсан. Тэгсэн нэг эгч ирээд намайг түшээд тэр ахтай хамт намайг машиндаа суулгаад эмнэлэг рүү авч явсан. Намайг эмнэлгийн гадаа буулгаж тэр эгч хамт 103-т үзүүлсэн. Намайг машинд суухад машинд нь 2-3 хүүхэд байсан том хүн байгаагүй, тэр эгч л машин барьж байсан ” гэх,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ий “...Тухайн өдөр манай охин ******* өглөө 07 цаг 30 минутын орчим гэрээсээ гараад хичээлдээ явсан. 08 цагийн орчим *******, дүү Г.Анударийн утас руу залгаад, би утсыг нь аваад ярихад “ээжээ би машинд мөргүүлчихлээ, эмнэлэг дээр байна, хурдан хүрээд ир” гэж хэлээд утсаа салгасан. Би шууд эмнэлэг дээр очиход манай охин ******* машинд мөргүүлсэн гээд эмчид үзүүлэх гээд эмнэлгийн сандал дээр хөлөө жийчихсэн түшлэгээ налаад сууж байсан. Хажууд нь мөргөсөн гэх хүүхэн миний охины цүнх, куртикийг нь бариад зогсож байсан” гэх,
гэрч ын “... Тоёото Приус 20 маркийн 26-01 СҮҮ тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Манай эхнэр нь 2019 онд жолооч болж байсан, В ангиллын үнэмлэхтэй. Тухайн өдөр намайг ажилдаа явсан хойгуур эхнэр миний тус тээврийн хэрэгслийг жолоодож 3 хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч байсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өглөөний 10 цагийн үед эхнэр миний утас руу залгаад худалдааны төвийн урд талд машинтайгаа явж байгаад хүүхэд шүргэчихлээ, тухайн хүүхэд гэнэт гараад ирсэн, одоо тухайн хүүхдээ үзүүлээд эмнэлэг дээр байгаа талаараа хэлсэн гэх мэдүүлгүүд,
Яаралтай тусламжийн хуудас, Дүрс оношилгооны шинжилгээний хариу, *******гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт,
шинжээчийн 576 дугаартай “1. Г. Ануужины биед баруун суудал ясны далд хугарал, тархи доргилт, хэвлий, баруун гуянд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй 5. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой ” гэх дүгнэлт,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “...Япон улсад үйлдвэрлэгдсэн 26-01 СҮҮ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна” гэх магадалгаа зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2.” хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******гийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шинжээчийн 576 дугаартай дүгнэлтээр *******гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй ба үүнд оролцогчдоос гомдол гараагүй байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэмтэл хамаарахаар заасан бөгөөд хохирогч *******гийн биед учирсан баруун суудал ясны далд хугарал нь дээрх журмын 2.3.1. “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.
4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгчөөс шүүгдэгч *******гийн холбогдсон зам тээврийн ослын талаар“ Япон улсад үйлдвэрлэгдсэн 26-01 СҮҮ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* /*******/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон ” гэх магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба уг магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.
4. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.
Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.
Энэ гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам гарч буй хүүхдийг харалгүй мөргөж дүрэмд заасан хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүйгээр буюу зам гарч явсан явган зорчигчийг харсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйгээс уг осол гарч бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахад хүргэжээ.
5. Прокуророос шүүгдэгч *******гийн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас нь тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжүүдийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүн нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн бүрэлдэхүүний шинжтэй байна.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******гийн зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
7. Шүүгдэгч *******гийн хувьд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлаж, урьдчилан мэдэж байсан боловч тухайн цаг хугацаанд хөдөлгөөнд нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүй байх нөхцөл байдлыг хангалгүй, хайхрамжгүй явснаас зам тээврийн жолоодон осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “ ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, өөрийн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөр төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлт,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс “Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэх,
шүүгдэгч *******гээс “Эрүүгийн хариуцлагатай хэлэх зүйлгүй” гэх тайлбар тус тус гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч *******г эмнэлэгт хүргэж эмнэлгийн, мөн Улаанбаатар хотод явж эмчлүүлсэн эмчилгээний болон бусад зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогчид гэмтэл учруулсны дараа Улаанбаатар хотод эмчилгээнд авч яван, гарсан эмчилгээний болон бусад зардлыг бүрэн хариуцан төлсөн, давтан эмчилгээний болон хохирогч *******гийн эмчилгээнд сангаас гаргасан төлбөр, мөн хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг буюу хор уршигтай холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг үндэслэн улсын яллагчаас гаргасан “800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох” ялыг багасгаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.
*******гийн зүгээс улсын яллагчаас гаргасан “торгох ял оногдуулах” саналын талаар тайлбар гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Хохирлын талаар:
Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч ******* аймгийн Нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ, эмчилгээний зардалд сангаас 1.513.000 төгрөг, 2022.11.04-ний 12.16-ны дуусталх давтан эмчилгээний зардалд 680.800 төгрөг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 550.000 төгрөгийн Эрүүл мэндийн даатгалаас тус тус зарцуулсан, мөн түүний эд хөрөнгөд буюу Редми загварын гар утас эвдэрч 331.600 төгрөгийн хохирол тус тус учирсан болох шинжээчийн 576 дугаартай дүгнэлт, ******* аймгийн хэлтсийн 2022.12.20-ны өдрийн 26/146 дугаартай албан бичиг, ЭМДЕГ-ын цахим системийн баримт, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн 2023.01.02-ний өдрийн И-баримт, хавтаст хэргийн 124-130 дугаар хуудсанд байх төлбөрийн баримт, хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иймд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, эмчилгээтэй холбоотой зардлууд гарсан болох нь хэргийн баримтаар хангалттай, бүрэн дүүрэн нотлогдсон байх тул хэрэгт цугларсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтуудыг үндэслэн холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулах нь хуульд нийцэх юм.
Шүүгдэгч *******гийн зүгээс *******гийн Улаанбаатар хотод эмчлүүлсэн эмчилгээний болон бусад зардалд 1.484.800 төгрөгийг бүрэн нөхөн төлж, Редми /Redmi 9a/ гар утсыг шинээр авч өгч хохирлыг барагдуулжээ.
Иймд шүүгдэгч *******гээс, хохирогч *******гийн 2022 оны 11 сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг дуусталх хугацаанд давтан эмчлүүлсэн эмчилгээний болон замын, бусад зардалд зарцуулсан 680.800 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д,
мөн хохирогч *******гийн дээрх гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээ, эмчилгээний зардалд сангаас гаргасан 1.513.000 төгрөгийг гаргуулан ******* аймгийн хэлтэст тус тус олгохоор тогтоолоо.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ээс гаргаж өгсөн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт 550.000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгохоор тогтоов.
Учир нь уг зардал эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр бүрэн хэмжээгээр тус эмнэлэгт төлөгдсөн, үүний улмаас хохирогч *******д хохирол учраагүй тул түүнд олгох буюу уг төлбөрийг шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгох хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, уг зардал нь сангаас холбогдох хуулийн дагуу олгогдсон зардал бөгөөд уг санд хохирол учирсан гэж үзвэл сан гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй , гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан боловч иргэний нэхэмжлэл гараагүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй болох нь түүний Амбулаториор эмчлүүлэгсдийн картад тэмдэглэгдсэн ГССҮТ-ийн эмчийн 2022.11.16-ны өдрийн “ 1. Хөдөлгөөн хязгаарлах, хэвтрийн дэглэм 25-45 хоног барина. 2. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, 3. Нэг жил болоод давтан үзүүлэх” гэх үзлэгийн тэмдэглэл, хохирогч *******гийн “ Одоо биед учирсан гэмтэл арилсан ч гэсэн удаан хугацаагаар сууж чадахгүй нуруу чилж өвдөж байна. Явган явахад хүндрэлтэй байна. Хол газар явахаар мөргүүлсэн баруун хөл өвддөг. Цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс гаргуулах хүсэлтэй байна” гэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ий “Охин минь 13 дугаар дэлгүүрийн ард талаас 4 дүгээр сургууль хүртэл явган хичээлдээ явдаг. Анх суга таягтай хичээлдээ явдаг байсан. Охины минь нуруу өвддөг. Охиноо эмчилгээ хийлгэх гэсэн боловч зардал мөнгөгүй учир явж чадахгүй байна Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлж, эмчилгээг цаг хугацаанд хийлгэж баймаар байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдох бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол буюу Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан гэм хорын хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Бусад:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Энэ хэрэгт хавсаргагдаж ирүүлсэн ******* аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын камерын 01 минут 32 секундийн бичлэг бүхий, HP DVD- R 16X бичвэртэй, хул өнгөтэй нэг ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуустал тухайн хэрэгт хадгалахаар тогтоов.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600/ зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд заасан дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гээс 680.800 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д, 1.513.000 төгрөгийг гаргуулан ******* аймгийн хэлтэст тус тус олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ий “Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт 550.000 төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар тухайн гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирлыг цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт хавсаргагдаж ирсэн ******* аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын камерын 01 минут 32 секундийн бичлэг бүхий, HP DVD- R 16X бичвэртэй, хул өнгөтэй нэг ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуустал тухайн хэрэгт хадгалсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН