| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0028/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
2023 оны 02 сарын 03 өдөр 2023/ШЦТ/35 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
өмгөөлөгч Ж.Цээсүрэн,
хохирогч *******,
гэрч *******, *******, *******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230003090314 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* оны 0 сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, ******* настай, *******, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. ******* регистрийн дугаартай,
ургийн овогтой
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын багийн нутаг гэх газарт бэлчээрийн маргаанаас үүдэж *******ийг усны савтай чулуу болон чулуугаар шидэж эрүүл мэндэд “ зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэргийг үйлдээгүй гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас эхэлж мэдүүлсэн. “” гэх газар нь Сүхбаатар аймгийн сумын багийн нутаг. *******, ******* нар нутаг уснаас болж намайг дарамталсан. Үүний улмаас намайг гүтгэж энэ хэргийг үйлдсэн гэж тулгасан. Энэ хэргийг үйлдээгүй учраас өнөөдрийг хүртэл өргөдөл, гомдол гаргаж байна. Өөрийгөө хамгаалахын тулд өмгөөлөгч авсан.Прокурор Д.Сүрэнхорлоод “хийгээгүй хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй, бичлэг сонсгоход уг бичлэгийг хүлээн авахгүй. Шүүх хэргийг шийднэ” гэж хэлсэн. ******* нь хэрэг 13 цагт болсон гэж байгаа боловч би үдээр гэртээ байсан. Энэ талаар гэрч нар хэлэх байх. Намайг гэрч авъя гэхээр цагдаа Анхбаяр “чамд гэрч байхгүй, чи хүний толгой хагалсан” гэж хэлсэн. Тухайн үед ******* эмчээс асуухад “онц ноцтой хэрэг болоогүй. Надаас Бат-Өлзий гэх хүн бичиг авна, цагдаад аваачиж өгнө гэхээр нь бичиг хийж өгөхгүй гэж хэлсэн боловч цагдаа бичиг аваад ир гэж хэлэхээр нь бичиг хийж өгсөн” гэж хэлсэн. Бүтэн 5 сарын турш хийгээгүй хэргийнхээ төлөө ингэж явж байна. Уг хэргийн цаг минут зөрж байгаа гэв.
- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хонио услаад гарч ирэхэд ******* эгч машинтай ирээд “манай хонийг хөөгөөд байхаар нь та яагаад манай хонийг хөөгөөд байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи муу манай уснаас яагаад хонио услаад байгаа юм бэ, хоёр үхэр хулгай хийчхээд” гэж хэлээд, чулуу шидээд байсан. Мөн намайг хэлэх хэлэхгүйгээр хэлээд байсан. Над руу зөндөө чулуу шидсэн. Тэгээд миний хөмсгийг цохисон, миний мотоциклийн гэрэл хагарсан байсан. 13 цагийн орчимд болсон. Сүлжээтэй газар очоод ээж рүүгээ залгахад 13 цаг болж байсан. Тэгээд Дэрэм ахынд очиход Олзвой тэр хоёр байсан. Буцаж ирэх үед 15 цаг өнгөрч байсан. Та миний толгойг хагалчихлаа гэж хэлэхэд юм хэлэхгүй байсан... гэв.
- Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ******* нь ирж үзүүлэхдээ хүнд зодуулсан гэж хэлсэн. Үзлэг хийхэд амь үзүүлэлт бүх зүйл хэвийн байсан. Баруун талын нүд хөхөрсөн байсан. Биед нь үзлэг хийхэд шарх сорви болсон зүйл болоогүй. Юунаас болсон юм бэ гэж асуухад бэлчээрийн маргаанаас болж маргалдсан гэж хэлсэн. Эмнэлгийн талаас шаардагдах зүйл байхгүй байсан. Цагдаа бичиг авчир гэж хэлэхээр нь тодорхойлолт бичиж өгсөн.Батдэлгэр, Бат-Өлзий нар ирж бичиг авсан. Батдэлгэрийн биед оёдол тавихаар байгаагүй... гэв.
-Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үдээс хойш ирсэн. Олзвой бид хоёр гэрийн гадаа мотоцикл янзлаад сууж байсан. Яг хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна. Гар утсан дээр авсан зурагт цаг нь байгаа байх. эгч намайг чулуугаар чулуудсан гэж хэлсэн. Хөмсөгнөөс нь цус гарчихсан ирсэн. Мотоциклийн гэрэл хагарсныг би мэдэхгүй байна. Надад мотоциклийн их гэрэл хагалсан гэж хэлсэн. Тухайн үед би мотоцикл янзлаад сууж байсан. Батдэлгэр үдээс хойш манайд ирсэн...гэв.
- Гэрч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цус нь тогтохгүй болохоор нь толгойгоо боож байсан. Урд талын ******* чулуу чулуудсан гэж хэлсэн. ******* нь манай хүргэний малыг малладаг. Тухайн өдөр манай хүргэн эзгүй байсан учраас *******ийн зургийг аваад, хүргэн рүү явуулсан. Ирснийх дараа шууд зургийг дарсан. Цаг нь утсан дээр авсан зургаас харагдана. Хөмсөгнөөс цус гарсан байдалтай ирсэн. Тэгээд би гар утсан дээрээ зураг авсан. Энэ зургууд миний дарсан зураг мөн, миний утсан дээр одоо байгаа гээд зургийг харуулав. Мотоциклийнх нь хамгаалалтын шил хагарсан байсан. Би тухайн үед өөрийнхөө мотоциклийг янзалж байсан тул *******ийн мотоциклийг унаад хониндоо явсан гэв.
Эрүүгийн 2230003090314 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ийн “... тухайн өдөр ******* намайг гичий нохой, миний хонио хаана хариулах нь чамд ямар хамаатай юм бэ гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би хонио үргээж явсан 0.5 литрийн жижиг ундааны савтай, дотроо чулуутай савыг ******* рүү шидсэн.Тэгсэн ******* цаашаа хонь руугаа яваад өгсөн. Би мөн адил өөрийн хонийг услаад байж байтал ******* эргэж над руу ирээд улаан хүзүүтэй, өттэй хурга харагдана уу эгчээ гэж асуусан” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74х/ зэрэг нотлох
- Хохирогч *******ийн “ Би Сүхбаатар аймгийн сумын 3 дугаар багийн иргэн Я.Бат-Өлзий гэх хүний хонийг хөлсөөр хардаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сумын багийн нутаг гэх газар хонио хариулаад явж байтал манай хонийг цагаан машинтай хүн хөөгөөд байхаар нь хонь руугаа очиход ******* нь манай хонийг хөөхөөр нь би “та яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ” гэхэд “чи манай голд хонио усаллаа” гээд над руу чулуу шидээд, унаж явсан мотоциклийн урд талын их гэрлийг хагалаад, мөн миний зүүн хөмсөгний дээд талд чулуу шидэж оноод миний хөмсөг урсан. Тэгэхээр нь би та чулуугаар толгой хагалчихлаа шүү дээ гэхэд чи муу хулгайч манай хоёр үхрийг хулгайлсан гээд загнаад байхаар нь би тэндээс мотоциклоо унаад гэр лүүгээ явсан. Миний толгойн баруун талд хөмсөгний дээд талд чулуугаар цохиж гэмтээсэн. Миний унаж явсан мотоциклийн их гэрлийг хагалсан. Зүгээр байж байгаад хүнд зодуулж гэмтэл авсандаа гомдолтой байна, мөн тээврийн хэрэгслийнхээ гэрлийг бас төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07х/,
...Тухайн үйл явдал 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цагийн үед болсон. Би тухайн газраас шууд Дэрэм ахын гэр лүү явсан. Би Дэрэм ахынд толгойныхоо цусыг угаачхаад хониндоо явсан...” гэх дахин мэдүүлэг /хх-ийн 13х/,
... Би тухайн өдрөө цохиулсны дараа хониндоо явж байхад ******* нь хонин дээрээ явган явж байхаар нь би “ голын цаанаас өттэй хурга харагдана уу” гэж асуухад “мэдэхгүй” гэхээр нь би *******т хандаж “та миний толгойг хагалсан” гэхэд ******* эгч юу ч дуугарч чадахгүй байсан. Би толгойгоо хагалуулчхаад цусаа гоожуулаад Дэрэм гэх айлд очсон. Тухайн үед Дэрэм ахынд Олзвойбаатар гэх залуу байсан. Би тэр хоёрт хонины бэлчээрээс болж урд айлын хүүхэн намайг чулуугаар чулуудаад толгой хагалчихлаа гэдгээ хэлсэн. Би тухайн өдөр ******* гэх хүнээс өөр хүнтэй маргалдаж, муудаагүй... гэх дахин мэдүүлэг /хх-ийн 14х/,
- Гэрч *******ийн: 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би гэрийнхээ үүдэнд Олзвойбаатар гэх залуутай мотоциклоо янзлаад байж байхад ******* нь урд талаараа улаан өнгийн мотоциклтой ирсэн. Тухайн үедээ *******ийн зүүн хөмсөгний дээд талд ярчихсан, цус нь гоожсон ирсэн. Тэгэхээр нь би яасан юм бэ гэж асуухад “******* гэх хүн хонины бэлчээр дээрээс болж маргалдаад намайг чулуугаар чулуудаж миний толгойг хагалсан” гэж хэлсэн. Мөн миний унаж явсан мотоциклийн урд талын гэрлийн шилийг хагалсан гэхээр нь би мотоциклийг нь харахад урд талынх нь гэрлийн нүүрний шил хагарсан байсан. ******* миний хажууд бол өөр хүнтэй маргалдаж муудаагүй. Манай нутгийн ойр орчмын хүнтэй муудсан бол би дуулах байсан...******* манайд ирэхдээ зүүн талын хөмсөгний дээд талд ярагдсан шанааг дагаад цус гоожсон байсан...******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-418х/,
- Гэрч Олзвойбаатарын “ Тухайн өдөр би Дорждэрэм ахтай гэрийнх нь гадна мотоцикл янзалж байхад үдийн алдад ******* нь зүүн урд талаасаа улаан өнгийн мотоциклтой ирсэн. Ирэхдээ зүүн талынх нь хөмсгийг язалчихсан, мотоциклийнх нь урд талын гэрлийн шил нь хагарсан ирэхээр нь би яасан юм гэж асуухад “ урд айлын хүүхэн чулуу шидэж миний толгойг хагалаад мотоцикл ийм болгочихсон” гэхээр нь би өөрийнхөө утсаар зураг дарж авсан юм. Манай хонь айлын хоньтой нийлэх гээд байна гэхээр нь би *******ийн мотоциклтой мордоод хонио хариулчхаад ирэхэд ******* цусаа арилгачихсан, нүүр гараа угаасан байсан. Тэгээд намайг ирэхэд Батдэлгэр зөрөөд хонь руугаа явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
- Гэрч *******ийн “...Би сумын эрүүл мэндийн төвд бага эмчийн ажил хийдэг. Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* гэх хүний биед үзлэг хийсэн. Тухайн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүнд зодуулсан гэж ярьж байсан. ******* толгой нь өвдөнө, шилэн хүзүү хөших гэсэн зовуурьтай байсан. Тэгээд үзлэг хийхэд зүүн талын нүд хөхөрсөн хавантай, зүүн нүдний дээд талд шалбарсан шархтай байсан, зүүн талын чих дарахад хөндүүртэй байсан.Малын бэлчээрээс болж хүнд зодуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
- 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эмч *******ийн “...үзлэгээр зүүн талын нүд хөхөрсөн, хавантай, толгой нь хуйх хэсгээр хөндүүр эмзэглэлтэй, хөмсөгний дээд талд язарсан шархтай, зүүн талын чих дарахад хөндүүр...” гэх тодорхойлолт /хх-ийн 42х/
- Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №501 дугаартай “ 1. *******ийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44х/,
- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2202472 дугаартай “тухайн мотоциклийн их гэрлийн үнэлгээ 72.500 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 50-60х/
- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-36х/,
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд Сүхбаатар аймгийн сумын багийн нутагт гэх газарт нутаг, бэлчээрийн маргаанаас *******ийг дотроо чулуутай 0.5 литрийн ундааны сав болон чулуугаар шидэж түүний улсын дугааргүй, Хуожао загварын улаан өнгийн мотоциклийн их гэрлийг хагалж 72.500 төгрөгийн хохирол учруулан, эрүүл мэндэд “ зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн “тухайн өдөр ******* намайг гичий нохой, миний хонио хаана хариулах нь чамд ямар хамаатай юм бэ гэх мэтээр хэл амаар доромжилсон. Би хонио үргээж явсан 0.5 литрийн жижиг ундааны савтай, дотроо чулуутай савыг ******* рүү шидсэн.Тэгсэн ******* цаашаа хонь руугаа яваад өгсөн” гэх,
хохирогч *******ийн “ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед сумын багийн нутаг гэх газар хонио хариулаад явж байтал манай хонийг цагаан машинтай хүн хөөгөөд байхаар нь хонь руугаа очиход ******* нь манай хонийг хөөхөөр нь би “та яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ” гэхэд “чи манай голд хонио усаллаа” гээд над руу чулуу шидээд, унаж явсан мотоциклийн урд талын их гэрлийг хагалаад, мөн миний зүүн хөмсөгний дээд талд чулуу шидэж оноод миний хөмсөг урсан. Би толгойгоо хагалуулчхаад цусаа гоожуулаад Дэрэм гэх айлд очсон. Тухайн үед Дэрэм ахынд Олзвойбаатар гэх залуу байсан. Би тэр хоёрт хонины бэлчээрээс болж урд айлын хүүхэн намайг чулуугаар чулуудаад толгой хагалчихлаа гэдгээ хэлсэн.Би Дэрэм ахынд толгойныхоо цусыг угаачхаад хониндоо явсан” гэх,
гэрч *******ийн “ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би гэрийнхээ үүдэнд Олзвойбаатар гэх залуутай мотоциклоо янзлаад байж байхад ******* урд талаасаа улаан өнгийн мотоциклтой ирсэн. *******ийн зүүн хөмсөгний дээд талд ярчихсан, цус нь гоожсон ирсэн. Тэгэхээр нь би яасан юм бэ гэж асуухад “******* гэх хүн хонины бэлчээр дээрээс болж маргалдаад намайг чулуугаар чулуудаж миний толгойг хагалсан” гэж хэлсэн. Мөн миний унаж явсан мотоциклийн урд талын гэрлийн шилийг хагалсан гэхээр нь би мотоциклийг нь харахад урд талынх нь гэрлийн нүүрний шил хагарсан байсан. ******* манайд ирэхдээ зүүн талын хөмсөгний дээд талд ярагдсан шанааг дагаад цус гоожсон байсан” гэх,
гэрч Олзвойбаатарын “ Тухайн өдөр би Дорждэрэм ахтай гэрийнх нь гадна мотоцикл янзалж байхад үдийн алдад ******* нь зүүн урд талаасаа улаан өнгийн мотоциклтой ирсэн. Ирэхдээ зүүн талынх нь хөмсгийг язалчихсан, мотоциклийнх нь урд талын гэрлийн шил нь хагарсан ирэхээр нь би яасан юм гэж асуухад “ урд айлын хүүхэн чулуу шидэж миний толгойг хагалаад мотоцикл ийм болгочихсон ” гэхээр нь би өөрийнхөө утсаар зураг дарж авсан юм ” гэх,
гэрч *******ийн “Би сумын эрүүл мэндийн төвд бага эмчийн ажил хийдэг. Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* гэх хүний биед үзлэг хийсэн. Тухайн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүнд зодуулсан гэж ярьж байсан.******* толгой нь өвдөнө, шилэн хүзүү хөших гэсэн зовуурьтай байсан. Үзлэг хийхэд зүүн талын нүд хөхөрсөн хавантай, зүүн нүдний дээд талд шалбарсан шархтай байсан, зүүн талын чих дарахад хөндүүртэй байсан. Малын бэлчээрээс болж хүнд зодуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлгүүд,
2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн эмч *******ийн “...үзлэгээр зүүн талын нүд хөхөрсөн, хавантай, толгой нь хуйх хэсгээр хөндүүр эмзэглэлтэй, хөмсөгний дээд талд язарсан шархтай, зүүн талын чих дарахад хөндүүр...” гэх тодорхойлолт,
Шинжээчийн 501 дугаартай “ 1. *******ийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2202472 дугаартай “тухайн мотоциклийн их гэрлийн үнэлгээ 72.500 төгрөг” гэх дүгнэлт,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******т учирсан гэмтэл, эд хөрөнгөнд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд 501 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтээр түүний биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр, мотоциклд учирсан хохирлыг 72.500 төгрөгөөр тогтоосон хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ын 2202472 дугаартай дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******ийн толгойг чулуу, чулуутай ундааны саваар шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруутай холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “ Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн сумын багийн нутагт гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бэлчээрийн маргаанаас үүдэж *******ийг чулуугаар цохиж түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай тогтоогдож байна. ******* нь бусдын эрх хууль ёсны эрх чөлөөнд халдаж болохгүй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атал хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хүний биед халдсан хууль бус үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаанд холбоотой, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Хохирогчийн хувьд 13 цагийн үед хэрүүл маргаан үүсэн. Тухайн маргаан нэлээн удаан үргэлжилсэн. Шүүгдэгчийн хувьд 15 цагийн үед болсон гэж ярьж байгаа. Гар утсаар авсан гэрэл зургийг 15 цаг 48 минутад авсан байсан. Иймд цаг хугацааны хувьд шалтгаант холбоотой байна. Мотоциклийн гэрэл хагарсан зөрчлийн хувьд тусдаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ” гэх дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс “ *******ийн хувьд энэ гэмт хэргийг үйлдээгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Хохирогч *******ийн хувьд хэрэг гарсан цаг хугацааг 13 цагийн үед гэж мэдүүлсэн. ******* шүүх хуралдаанд гэрчээр оролцсон. Хэрэг гарсан цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа учраас хохирогч ******* нь мотоциклоос унаж гэмтэл авсан байх магадлалтай гэж үзэж байна. Мотоциклийн гэрэл хагарсан гэж байгаа боловч гэрэл нь өмнө нь хагарсан байсан юм уу, эсвэл тухайн үед хагарсан эсэхийг хавтаст хэрэгт нотолсон зүйл байхгүй. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгахдаа яллах, цагаатгах талаас шалгаагүй. Нэг талыг барьж шалгасан. Мотоциклийн гэрэл хагарсан гэж байгаа бол хагарсан хагархай нь хаана байна вэ. Чулуугаар чулуудсан гэж байгаа бол ямар чулуугаар чулуудсан юм бэ. Тийм ч учраас *******ийн хувд хохирогчийг зодоогүй. Цагдаагийн байгууллага энэ хэргийг шалгахдаа эд мөрийн баримтыг хураан аваагүй, цаг хугацааг нарийн тогтоогоогүй. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгчийг яллаж байна. Цаг хугацааны хувьд зөрүүтэй учир шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна ” гэх,
шүүгдэгч *******ээс “ Энэ хэргийг үйлдээгүй. Хохирогч ******* нь 13 цагийн үед гэмт хэрэг гарсан гэж хэлж байгаа. Намайг гэмт хэрэг хийсэн гэж тохож байна. Миний хийсэн хэрэг биш” гэж гэм буруугийн талаар мэтгэлцэв.
4. Шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа хэмжээ, хязгаарын хүрээнд тогтоох бөгөөд шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн нараас “*******ийн зүгээс хохирогч *******ийг чулуутай ундааны саваар шидсэн боловч оноогүй, хохирогч *******т учирсан гэмтэл нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байгаа учраас хохирогч ******* нь мотоциклоос унаж гэмтэл авсан байх магадлалтай. Мотоциклийн гэрэл хагарсан гэж байгаа боловч гэрэл нь өмнө нь хагарсан байсан юм уу, эсвэл тухайн үед хагарсан эсэхийг хавтаст хэрэгт нотолсон зүйл байхгүй” гэж маргаж байгаа нь хэргийн баримтаар няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******, хохирогч ******* нараас хэрэгт “ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн үдийн хойно Сүхбаатар аймгийн сумын багийн нутагт гэх газарт мал хариулах, услах явцдаа таарч, худаг ус, бэлчээрийн асуудлаас болж маргалдан ******* нь *******ийг дотроо чулуутай 0.5 литрийн ундааны саваар шидсэн” гэх үйл баримтыг тодорхой мэдүүлж, энэ үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд харин шүүгдэгч *******ийн зүгээс “ *******ийг чулуугаар шидэж биед нь “ зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал ” бүхий гэмтэл учруулсан, мотоциклийн их гэрлийг хагалсан” гэх асуудлыг үгүйсгэж байгаа боловч энэ нь хохирогч *******, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдсон байна.
Тухайлбал, хохирогч *******, *******тэй маргалдаж гэмтэл авсны дараа шууд гэрч *******ийнд очиж, түүнд болон ******* нарт өөрийн биед учирсан гэмтэл, мотоциклийн эвдрэлийг харуулсан, уг гэмтэл, эвдрэлийг худаг ус, бэлчээрийн асуудлаас болж ******* учруулсан болохыг тодорхой хэлсэн, гэрч *******ын зүгээс гар утсаараа түүний биед учирсан гэмтэл, мотоциклийн эвдрэлийн зургийг авч баталгаажуулсан болох нь гэрч *******ийн “ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би гэрийнхээ үүдэнд Олзвойбаатар гэх залуутай мотоциклоо янзлаад байж байхад ******* урд талаасаа улаан өнгийн мотоциклтой ирсэн. *******ийн зүүн хөмсөгний дээд талд ярчихсан, цус нь гоожсон ирсэн. Би яасан юм бэ гэж асуухад “******* гэх хүн хонины бэлчээр дээрээс болж маргалдаад намайг чулуугаар чулуудаж миний толгойг хагалсан, мотоциклийн урд талын гэрлийн шилийг хагалсан” гэхээр нь би мотоциклийг харахад урд талынх нь гэрлийн нүүрний шил хагарсан байсан. ******* манайд ирэхдээ зүүн талын хөмсөгний дээд талд ярагдсан шанааг дагаад цус гоожсон байсан” гэх, гэрч *******ын “ Тухайн өдөр би Дорждэрэм ахтай гэрийнх нь гадна мотоцикл янзалж байхад үдийн алдад ******* нь зүүн урд талаасаа улаан өнгийн мотоциклтой ирсэн. Ирэхдээ зүүн талынх нь хөмсгийг язалчихсан, мотоциклийнх нь урд талын гэрлийн шил нь хагарсан ирэхээр нь би яасан юм гэж асуухад “ урд айлын хүүхэн чулуу шидэж миний толгойг хагалаад мотоцикл ийм болгочихсон” гэхээр нь би өөрийнхөө утсаар зураг дарж авсан юм” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон хийгээд үүнийг шүүгдэгч *******ээс тодорхой баримтаар үгүйсгэж, нотлоогүй байна.
Харин хохирогч *******ээс тухайн үйл явдлыг үдийн хойно, мал услаад гарснаас хойш 13 цагийн үед болсон гэж мэдүүлж байгаа боловч тухайн гэмт хэрэг нь 15.00 цагийн орчимд үйлдэгдсэн болох нь гэрч *******ийн “ Батдэлгэр манайд үдээс хойш ирсэн. Олзвой бид хоёр гэрийн гадаа мотоцикл янзлаад сууж байсан. Яг хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна. Гар утсан дээр авсан зурагт цаг нь байгаа байх. эгч намайг чулуугаар чулуудсан гэж хэлсэн. Хөмсөгнөөс нь цус гарчихсан ирсэн. Мотоциклийн гэрэл хагарсныг би мэдэхгүй байна. Надад мотоциклийн их гэрэл хагалсан гэж хэлсэн” гэх,
гэрч Олзвойбаатарын “ Тухайн өдөр манай хүргэн эзгүй байсан учраас *******ийн зургийг аваад, хүргэн рүү явуулсан. Ирснийх дараа шууд зургийг дарсан. Цаг нь утсан дээр авсан зургаас харагдана. Хөмсөгнөөс цус гарсан байдалтай ирсэн. Тэгээд би гар утсан дээрээ зураг авсан. Энэ зургууд миний дарсан зураг мөн, миний утсан дээр одоо байгаа” гэх мэдүүлгүүд, тухайн өдрийн 15.48 цагт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хөдөлбөргүй нотлогдох бөгөөд хохирогч *******ээс цаг хугацааг зөрөөтэй ярьж байгаа нь тухайн үйл явдлыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.
Мөн хохирогч ******* өөрт учирсан гэмтлийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сумын бага эмч *******ид үзүүлж, тодорхойлолт авсан нь гэрч *******ийн “Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ******* гэх хүний биед үзлэг хийсэн. Тухайн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүнд зодуулсан гэж ярьж байсан. Үзлэг хийхэд зүүн талын нүд хөхөрсөн хавантай, зүүн нүдний дээд талд шалбарсан шархтай байсан, зүүн талын чих дарахад хөндүүртэй байсан. Малын бэлчээрээс болж хүнд зодуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,
эмч *******ийн “...үзлэгээр зүүн талын нүд хөхөрсөн, хавантай, толгой нь хуйх хэсгээр хөндүүр эмзэглэлтэй, хөмсөгний дээд талд язарсан шархтай, зүүн талын чих дарахад хөндүүр...” гэх тодорхойлолт зэргээр нотлогдоно.
Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянаж гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай тохиолдолд үзлэг, шинжилгээ хийлгэх, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох зэрэг ажиллагааг явуулах үүрэгтэй бөгөөд мөрдөгч нь хохирогч *******ийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан гомдлын дагуу түүний биед эмчийн үзлэг хийлгүүлсэн, эмч ******* нь үзлэг хийж тодорхойлолт гаргасан нь үндэслэлтэй, хуульд нийцсэн байна.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс “ Мотоциклийн гэрэл хагарсан гэж байгаа боловч гэрэл нь өмнө нь хагарсан байсан юм уу, эсвэл тухайн үед хагарсан эсэхийг хавтаст хэрэгт нотолсон зүйл байхгүй. Уг хохирлын хувьд Зөрлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг үүсгэсэн нь хохирол давхардсан гэж үзэж байна. Иймд *******ээс 72.500 төгрөгийг төлөх боломжгүй ” гэж мэтгэлцэв.
Хэргийн баримтаас үзэхэд, ******* нь *******тэй маргалдах явцдаа түүний унаж явсан мотоциклийн гэрлийг хагалах шууд санаа, зорилгоор мотоцикл руу чулуу шидээгүй хийгээд маргааны явцад шидсэн чулуу нь мотоциклийн гэрлийг онож хагалсан, үүний улмаас бага хэмжээнээс доош хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйл/ Эд хөрөнгө устгах, гэмтээх/-д заасан гэмт хэргийн шинжгүй байх тул шүүх тухайн үйлдлээс учирсан хохирол, гэм хорын асуудлыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6. Шүүгдэгч *******ийн, хохирогч *******ийн толгойг чулуу, чулуутай ундааны саваар шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
7. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн, хохирогч *******ийн толгой руу чулуу, чулуутай ундааны саваар шидсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
8. Шүүгдэгч *******ийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүн рүү чулуугаар шидсэнээр эрүүл мэндэд гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа нутаг бэлчээрийн асуудлаас, ялимгүй зүйлээр шалтаглан чулуу, чулуутай ундааны саваар шидэж хохирогчийн эрүүл мэндэд зориуд хохирол учруулжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “ Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирогчийн зүгээс мотоциклийн шилний үнийг нэхэмжилж байгаа. Иймд гэм буруутай этгээдээс мотоциклийн их гэрлийн үнэлгээ 72.500 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэх дүгнэлт,
хохирогч *******ээс “*******ийг гичий нохой гэж хэлээгүй. Би Баянхонгор аймгийн Баянцагаан сумынх. Сэтгэл санаагаар их унаж байна. Миний хувьд гомдолтой байна. Миний гомдлыг барагдуулж өгнө үү ” гэх,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгээс “ *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож байна. Хохирлын хувьд Зөрлийн тухай хуулиар зөрчлийн хэрэг үүсгэсэн нь хохирол давхардсан гэж үзэж байна. Иймд *******ээс 72.500 төгрөгийг төлөх боломжгүй. Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэх байх. Хохирогч *******ийн хувьд гэмт хэрэг гарахад буруутай үйлдэл байгаа. Нэгдүгээрт, *******ийг хэл амаар доромжилсон нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөс эхэлж байгаа тул прокуророос оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэх,
шүүгдэгч *******ээс “ Хохирогчийг зодоогүй байхад гэм буруутай гэж үзэж байгаад гомдолтой байна. Яагаад нэг талд үйлчилж байгаа юм бэ.Торгуулийн ялыг төлж болно. Энэ хэргийн улмаас миний сэтгэл санаа хохирсон. Энэ хохирлоо цагдаа нараас гаргуулж болох уу. Цагдаа нар намайг хийсэн хэргээ хүлээ гэж дарамталсан. Хийгээгүй хэргийг надад үүрүүлж байна. Цагдаад гэрч авъя гэхэд чамд гэрч авах шаардлагагүй гэж хэлсэн. Мотоциклийн гэрлийг хагалаагүй. Хийгээгүй хэрэгтээ ял авахад үнэхээр хүндрэлтэй байна” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6,6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.
Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял 450,000 төгрөгөөс эхэлж байгаа тул *******т прокуророос оногдуулсан торгуулийн ялыг багасгаж өгнө үү ” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтооход нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанараас гадна гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг шүүх харгалзах бөгөөд *******ийн хувьд гэм буруугийн талаар маргаж байгаа байдлыг ял оногдуулахад харгалзан үзэх үндэслэлтэй байна.
Хуулиар олгогдсон эрхийн дагуу гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй боловч энэхүү эрхийн хүрээнд бусдыг хохироогүй, гэрч нарыг худал мэдүүлсэн, тодорхойлолт гаргасан, мөрдөгч, прокурор нарыг “нэг талд үйлчилж байна, цагдаа нар намайг хийсэн хэргээ хүлээ гэж дарамталсан. Цагдаад гэрч авъя гэхэд чамд гэрч авах шаардлагагүй гэж хэлсэн. Намайг гэмт хэрэг хийсэн гэж тохож байна” гэх зэргээр илтэд үндэслэлгүй мэдээлэл гаргаж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж төөрөгдүүлэх, хэргийн бодит үнэнийг бүдгэрүүлэх эрхгүй болно.
Иймд шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөнд хохирол учирсан, тухайн хэрэг нь тэдгээрийн хооронд үүссэн нутаг, бэлчээрийн асуудалтай холбоотой маргааны улмаас үйлдэгдсэн, хохирол, хор уршигтай холбоотой хохирлыг төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн ******* дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 50 зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.
Мөн эд хөрөнгөнд учруулсан гэм хорыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “ гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх ” зэргээр хохирлыг төлөх үүрэгтэй болно.
*******ийн үйлдлийн улмаас *******ийн мотоциклийн их гэрэл хагарч 72500 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2202472 дугаартай “тухайн мотоциклийн их гэрлийн үнэлгээ 72.500 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 50-60х/-ээр тогтоогдсон тул уг хохирлыг шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогч *******т олгох нь дээрх хуулийн зохицуулалтанд нийцнэ.
Түүнчлэн шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр өөрт учирсан гэмтэл, эмчилгээний зардлын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, ирүүлээгүй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол буюу Иргэний хуулийн 50 зүйлийн 505.1-д заасан гэм хорын хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ургийн овогт ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ээс 72.500 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН