Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38  

 

 

 

 

 

   2023 оны 02 сарын  06 өдөр                 2022/ШЦТ/38                        Баруун-Урт сум                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                                                                                     

улсын яллагч Г.Бат-Оргил,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******эд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330000000008 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, Арын хоолой гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт ******* ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Хүрэлсүхийн гэрт *******тэй таарамжгүй харилцаа үүсгэж, маргалдсаны улмаас *******ийг галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн талын 6 дугаар хавирганы зөрөө багатай хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гарын сарвуу, 2 хөлийн шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үхэр хийх явж байгаад, архи уусан. Тэгээд *******тэй түлхүүрээс болж маргалдсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр гэр бүлийн найзууд. Уучлалт гуйсан. Хохирогчид хохиролд 1,000,000 төгрөг өгсөн. Улсын яллагчтай тохирсон ялыг хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

Эрүүгийн 2230003120315 дугаартай хэргээс: 

 

          - Яллагдагч *******ийн:Би Эрдэнэхишигээс “түлхүүрээ авъя” гэсэн чинь “надад байгаа, чамд өгөхгүй” гэхээр нь чи яагаад хүний машины түлхүүр авчхаад өгдөггүй юм гээд маргалдсан. Тэгээд бүр өгөхгүй болохоор нь үүдэнд байсан галын хайчийг бариад далайгаад айлгая гэсэн чинь “чи чаддаг юм бол цохь” гэхээр нь галын хайчаар бугалга, хавирга, гуя хэсэгт нь цохисон. Тэгсэн чинь Эрдэнэхишигийн хүү нь миний машины түлхүүрийг газар байна гээд авч өгсөн... гэх мэдүүлэг /хх-47-48/

 

          - Хохирогч *******ийн: 2022 оны 12 дугаар сарын 10-ны орой манай найз *******, эхнэр Болороо нар манайхаас идэшний үхрээ авахаар машинтай ирсэн юм. ******* нь эхнэрийн хамт манайд хонохдоо манай нөхөр Хүрэлсүх нь *******тэй хамт хоёр шил архи хувааж уугаад унтсан. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үдийн өмнө сумаас эмч Болороо идшээ хийхээр ирээд нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архинаас манай нөхөр Хүрэлсүх, ******* бид гурав хувааж уугаад дуусаж байтал Болороо эмчийн үхрийг манай хүүхэд бэлчээр дээрээс хөөж ирээд үдийн хойно уг идэшний үхрийг нь ажиллаж өгөөд явуулсан юм. Би гэртээ байсан нэг шил архийг гаргаж ирээд мөн бид гурав хувааж уугаад дууссан. Тэгтэл ******* нь согтуу машинтайгаа гэр рүүгээ явна гээд байхаар нь эхнэр нь түлхүүрийг нь өгөхгүй надад байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд гэрт орж ирээд машины түлхүүр нэхэхээр нь би тоглоод “надад түлхүүр чинь байгаа, би түлхүүрийг чинь өгөхгүй” гэж хэлтэл миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж газар унагаад дээрээс хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд мөн галын хайч аваад галын хайчаар миний гуя болон гар дээгүүр 3-4 удаа цохисон. ******* нь намайг цохихоо болиод гараад явахаар нь би гэрийн хойно байсан халуун савтай цайгаа авч шидсэн боловч оноогүй. Би гэрээс гарахдаа галын хайч аваад чамайг ална гэж хэлээд араас нь гарсан чинь ******* машин дотроо сууж байхаар нь машин руу очоод жолооч талын хаалгыг барьж байсан галын хайчаар балбаад байтал хаалгыг тайлж өгөөгүй юм. Тэгээд би гэртээ орж ирээд байж байтал ******* орж ирээд намайг доромжлоод байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би *******эд зодуулснаас болж миний цээжин бие зүүн хэсгээрээ дотуураа хөндүүр, зүүн талын гурван хавирга хугарсан байж болзошгүй, зүүн талын гуя хөхөрсөн, зүүн талын гарын алга хөхөрсөн, баруун нүд хөхөрсөн гэх гэмтэл учирсан байсан. Би ******* гэдэг хүнд гар хүрсэн зүйл байхгүй. Харин зодуулсан шарандаа гараад машиных нь хаалгыг балбаж хонхойлгосон байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх-6-7-р хуудас/,

 

          - ******* аймгийн ******* сумын ЭМТ-ийн их эмчийн тодорхойлолт /хх-33/

 

          - ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаартай “1. *******ийн биед тархи доргилт, зүүн талын 6 дугаар хавирганы зөрөө багатай хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гарын сарвуу, 2 хөлийн шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх шинжээчийн дүгнэлт /хх-31-32-р хуудас/,

 

          - *******ийн ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан  хүсэлт /хх-49/

 

            - *******ийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,иргэний үнэмлэхийн лавлагаа,үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 53-54, 58/

 

  • *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-50/

 

  • *******ийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-60/

 

          - ******* аймгийн ******* сумын 8-р багийн Засаг даргын 2022.12.14-ний 8/181 дугаартай тодорхойлолт /хх-61/

 

  • *******, Б.Болормаа нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-62/

 

  • *******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-64/

 

          - ******* аймгийн Эрүүл мэндийн хэлтсийн 2023.01.20-ны өдрийн 26-10 дугаартай албан бичиг, *******ийн эмчилгээний зардлын түүх /хх-67/

 

          - *******ээс Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 53000 төгрөгийг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-71/

 

          - *******ийн ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-72/

 

          - Хохирогч *******ийн ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан “... ******* нь миний эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн тул цаашид би *******эд ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-73/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 7 дугаар багт байх иргэн Д.Хүрэлсүхийн гэрт *******тэй таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж *******ийн нүүрэнд гараар цохих, өшиглөх, галын хайчаар цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “ тархи доргилт, зүүн талын 6 дугаар хавирганы зөрөө багатай хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гарын сарвуу, 2 хөлийн шилбэ, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “   гэх,

хохирогч *******ийн “...******* нь согтуу машинтайгаа гэр рүүгээ явна гээд байхаар нь эхнэр нь түлхүүрийг нь өгөхгүй надад байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд гэрт орж ирээд машины түлхүүр нэхэхээр нь би тоглоод “надад түлхүүр чинь байгаа, би түлхүүрийг чинь өгөхгүй” гэж хэлтэл миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж газар унагаад дээрээс хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд мөн галын хайч аваад галын хайчаар миний гуя болон гар дээгүүр 3-4 удаа цохисон. *******эд зодуулснаас болж миний цээжин бие зүүн хэсгээрээ дотуураа хөндүүр, зүүн талын гурван хавирга хугарсан байж болзошгүй, зүүн талын гуя хөхөрсөн, зүүн ” гэх мэдүүлгүүд,

          ******* аймгийн ******* сумын ЭМТ-ийн их эмчийн тодорхойлолт, 

          шинжээчийн 02 дугаартай “... 1. *******ийн биед тархи доргилт, зүүн талын 6 дугаар хавирганы зөрөө багатай хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн гарын сарвуу, 2 хөлийн шилбэ, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл учирчээ. 2.  Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 02 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

3. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг өшиглөж, галын хайчаар цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

4. Шүүх шүүгдэгч *******ийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа машины түлхүүр өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг цохиж, зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн байна.

5. Прокуророос шүүгдэгч *******ийг, хохирогч *******ийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас  түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах “ *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Шүүдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Гэм буруугийн хувьд маргахгүй байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ” гэх дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эмчилгээний зардалд 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч ******* хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

  Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан нийцэх юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч ******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “******* нь миний эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг бэлнээр өгсөн тул цаашид би *******эд ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” хүсэлтээр  нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж уг эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас 53000 төгрөг зарцуулсан, шүүгдэгч ******* уг мөнгийг нөхөн төлж эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгосон нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А6/125 дугаартай албан бичиг, *******т холбогдох ЭМДЕГ-ын цахим системийн лавлагаа, Хаан банкны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Банк хоорондын шилжүүлгийн баримт / хавтаст хэргийн 71 хуудас/ нотлох баримтуудаар тогтоогдоно.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 53000 төгрөг нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН