Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2025/0033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Э

 

Нэхэмжлэгч: Т.Б

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газар

Хариуцагч: Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар туршилтын хугацаанд дадлагажих ажилтнаар цагдаагийн алба хаасан хугацаа бүрэн бус багасгаж, хууль ёсны эрх ашгийг зөрчсөнийг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж алдаатай тушаалыг зөвтгөөгүй Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/112 дугаартай үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоох, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 1997 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаар ажилд томилох тушаалаар ажиллаж, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 160 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвтгөн тушаал шийдвэр гаргахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргад даалгах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0827 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, И.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Г, Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0489/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Б-оос Цагдаагийн ерөнхий газар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргад тус тус холбогдуулан “Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар туршилтын хугацаанд дадлагажих ажилтнаар цагдаагийн алба хаасан хугацаа бүрэн бус багасгаж, хууль ёсны эрх ашгийг зөрчсөнийг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж алдаатай тушаалыг зөвтгөөгүй Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/112 дугаартай үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоох, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 1997 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаар ажилд томилох тушаалаар ажиллаж, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 160 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвтгөн тушаал шийдвэр гаргахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргад даалгах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0827 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар туршилтын хугацаанд дадлагажих ажилтнаар цагдаагийн алба хаасан хугацаа бүрэн бус багасгаж, хууль ёсны эрх ашгийг зөрчсөнийг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж алдаатай тушаалыг зөвтгөөгүй Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/112 дугаартай үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль /1993 он/-ийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Б-оос Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 1997 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаар ажилд томилох тушаалаар ажиллаж, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 160 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвтгөн тушаал шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж заасны хуулийн шаардлагыг хангаагүй буюу тогтоох хэсгийг шийдвэртээ бичилгүй үлдээсэн.

 3.2. Анхан шатын шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан” гэж үзэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасны дагуу Цагдаагийн байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага мөн тул Т.Б-ын гаргасан нэхэмжлэл нь захиргааны хэргийн маргаан мөн байхад анхан шатны шүүх захиргааны хэргийн маргаан бус гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.3. Мөн анхан шатны шүүх хэргийн үйл явдлыг буруу дүгнэж, иргэний хэргийн маргаан гэж ойлгон хэргийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.  Анхан шатны шүүхи нэхэмжлэлд дурдсаны дагуу дадлагажих ажилтнаар томилсон үйл баримт тогтоогдож байна гэж зөв тодорхойлсон хэр нь хэргийг дүгнэхдээ буруу дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас өөрөөр шийдвэрлэсэн. Т.Б-ыг төрийн тусгай албанд ажилласан хугацааг тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож захиргааны хэргийн маргаан биш гэж шийдвэрлэсэн байна.

Гэтэл Т.Б нь Цагдаагийн ерөнхий газрын захиргаа удирдлагын газрын даргын тушаалд өөрчлөлт оруулах тухай 2024 оны  04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/112 дугаартай хүсэлтийг хангахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст 1997.08.04-ний өдөр ажилд авсан, 1998.11.17-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалууд нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, тушаалыг зөвтгөн гаргуулахыг Цагдаагийн ерөнхий газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад төрийн тусгай албанд ажилласан хугацааг тооцуулах боломжгүй, 2017 оны Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7 дахь хэсэгт заасан туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно гэх зохицуулалт, 1993 оны Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль, 2013 оны Цагдаагийн албаны тухай хуулиудад байхгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус төрийн тусгай албанд ажилласан хугацааг тооцуулахаар нэхэмжлэл гаргасан нь иргэний маргаан гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

3.4. Шүүхээс Т.Б-ыг туршилтын хугацаанд, дадлагажигч ажилтнаар ажиллаж байсан нь тогтоогдсон ч гэсэн төрийн тусгай албан хаагч буюу цагдаагийн албан хаагч гэж үзэхгүй гэж дүгнэлт хийж хэргийг хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж шийдвэрлэсэн. Т.Б нь өөрийгөө цагдаагийн албан хаагч мөн, цагдаагийн албан хаагчаар ажиллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй цагдаа жолоочийн албан тушаал хашиж байхад дадлагажигчаар гэдэг үгийг зөрүүлэн энгийн гэж бичсэнээр хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн учраас тушаалд өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс хандаж улмаар захиргааны хэргийн шүүхэд хандсан байхад анхан шатны шүүх маргааныг буруугаар тайлбарлан ажилласан жилийн хугацаанд оруулан тооцох талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн учраас анхан шатны шийдвэр нь хууль ёсны болж чадаагүй.

3.5. Мөн шүүх хуралдааны үед хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч “дадлагажигчаар томилсонд маргах зүйл байхгүй, тушаалд дадлагажигч гэж өөрчлөлт оруулж болно” гэж байхад түүнийг авч хэлэлцэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0827 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Б-оос Цагдаагийн ерөнхий газар, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргад холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар туршилтын хугацаанд дадлагажих ажилтнаар цагдаагийн алба хаасан хугацаа бүрэн бус багасгаж, хууль ёсны эрх ашгийг зөрчсөнийг сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж алдаатай тушаалыг зөвтгөөгүй Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/112 дугаартай үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоох, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын 1997 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаар ажилд томилох тушаалаар ажиллаж, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 160 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвтгөн тушаал шийдвэр гаргахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргад даалгах” нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “...цагдаагийн албанд анх томилон ажилд авсан тушаалын бичилтийн алдаанаас болж цагдаагийн албанаас тэтгэвэрт гарсан миний цэргийн албанаас тэтгэвэр авах эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, цэргийн бүрэн тэтгэвэр тогтоолгон авч байтал дээрх тушаалын бичилтээс болж ажилласан жилийг хасч бодон, хувь тэнцүүлсэн тэтгэвэр болгон намайг хохироосон” гэж тодорхойлж маргасан.

Харин хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... өөрийнх нь хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон дүүргийн Цагдаагийн газрын даргын 1998 оны 160 дугаар тушаал хуульд нийцсэн, тушаал нь энгийн гэж гарсан ч зөвлөлийн хурлын тэмдэглэлд дадлагажигчаар ажиллуулахаар хэлэлцсэн тул энэ талаар маргахгүй” гэх зэргээр тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзлын үндэслэлээ илэрхийлнэ.

3. Хэргийн үйл баримтын тухайд,

3.1. Нэхэмжлэгч Т.Б нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаар тушаалаар тус хэлтэст жолоочоор түр томилогдсон бол өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн мөн хэлтсийн даргын 1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 160 дугаар тушаалаар жижүүрийн жолооч /энгийн/-ийн үүрэгт ажлаас чөлөөлсөн.

3.2. Дараа нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, шүүх шинжилгээний байгууллагад жолооч, шинжээчээр ажиллаж байгаад Шүүх шинжилгээний ерөнхий газрын даргын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/238 дугаар тушаалаар, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Хэргийн газрын үзлэгийн шинжээчийн албан тушаалаас цагдаагийн ахмад цолтой чөлөөлөгдөж, 36 сарын нэг удаагийн тэтгэмж авчээ.

3.3. Улмаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2023 оны 7 дугаар сараас эхлэн цэргийн алба хаасны бүрэн тэтгэвэр тогтоон олгосон бол тус хэлтсийн улсын байцаагчаас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 28/0087 дугаар актыг үйлдэж, цэргийн алба хаасны өндөр насны хувь тэнцүү тэтгэвэр тогтоолгох эрх 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 47 нас хүрэхэд үүсэхээр байхад андуурч 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс бүрэн тэтгэвэр олгосон” гэх үндэслэлээр олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгчийн хувьд улсын байцаагчийн дээрх акттай холбогдуулж шүүхийн журмаар маргаагүй байна. 

3.4. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар гаргасан Т.Бын өргөдөлд, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 28к/2058, Цагдаагийн ерөнхий газраас 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 5б/1193, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/112 дугаар албан бичгээр тус тус хариу хүргүүлжээ.

4. Анхан шатны шүүх  “... Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/112 дугаартай албан бичиг нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШЗ2024/2617 дугаартай захирамжийн дагуу, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гаргасан буюу Т.Бын хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй тухай хариу өгсөн байх тул эрх зүйн үр дагавар бий болгох, захирамжилсан байх зэрэг захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээгүй” гэж дүгнэн, Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг хамтатган тайлбарлавал, тухайн тохиолдолд дээд шатны байгууллагаас захиргааны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд, өргөдөл гомдол гаргасан иргэнд хариу өгч буй албан бичиг нь түүнд аливаа хэлбэрээр эрх зүйн үр дагавар үүсгэхгүй буюу захирамжилсан үйл ажиллагааны шинжийг агуулаагүй байх тул дангаараа захиргааны акт болохгүй учраас захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан “... уг нэхэмжлэлийг харьяаллын бус гэж татгалзахдаа хууль буруу хэрэглэсэн” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “... шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалттай маргаан байхгүй, агуулгын хувьд 2 дахь заалттай маргасан” гэж тайлбарласныг ч дурдах нь зүйтэй.

6. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах, цагдаагийн албанд жолоочоор томилж чөлөөлсөн хугацаанд Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль /1993 он/ үйлчилж байсан ба тус хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад ажиллаж, суралцаж байгаа иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ”, 4 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно. Дагалдах ажилтан бие дааж цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэхгүй” гэж заасан.

7. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргын 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 122 дугаар тушаалд “… жолоочоор түр томилж” гэж, 1998 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 160 дугаар тушаалд “… жолоочийн орон тоонд энгийнээр ажиллаж байсан” гэж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын дэргэдэх зөвлөлийн хурлын 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай протоколд “… Т.Быг дадлагажих ажилтнаар томилж, түр жолоочоор ажиллуулахаар шийдвэрлэв” гэж, 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22 дугаартай хурлын тэмдэглэлд “… жижүүрийн жолоочоос чөлөөлөхөөр шийдвэрлэв” гэж тус тус тэмдэглэснийг хуулийн дээрх зохицуулалттай харьцуулан үзэхэд нэхэмжлэгч нь тус Цагдаагийн хэлтэст жижүүрийн жолоочоор дадлагажин ажиллаж байсан нь тогтоогдох ба энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс энэ үйл баримтыг үгүйсгэж маргаагүй байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, … захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “… эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус зааснаас үзэхэд, захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

9. Т.Бын хувьд, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар энэ хэсгийн 3.2-т заасны дагуу цагдаагийн албанаас чөлөөлөгдөж, цэргийн алба хаасны байнгын тэтгэвэр тогтоолгосон үйл баримт хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн оролцогчдын хэн аль нь энэ талаар маргаагүй нөхцөлд нэхэмжлэгчийн шаардлагад тодорхойлсон дээрх “... 1997, 1998 онд гаргасан хөдөлмөрийн харилцаанд хамаарах тушаалыг зөвтгөж гаргахгүй байгаа” гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа /эс үйлдэхүй/-ны улмаас “цэргийн албанаас тэтгэвэр авах эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж дүгнэх боломжгүй юм.

10. Өөрөөр хэлбэл, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь цагдаагийн албан хаагчийнх нь хувьд  зарим хугацааны хөдөлмөрийн харилцаанд хамаарахаас бус даатгуулагчийнх нь хувиар тэтгэвэр тэтгэмж олгох, өөрчлөх, дуусгавар болгох харилцаанд тодорхой үр дагавар үүсгэхгүй, анхан шатны шүүхээс энэ талаар “нэхэмжлэгчийн дурдсан эрх, ашиг сонирхол нэгэнт хангагдах боломжгүй” гэж дүгнэсэн нь зөв байна.

Харин нэхэмжлэгчийн хувьд цэргийн албаны байнгын тэтгэвэр авах эрхийг хязгаарласан нийгмийн даатгалын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлттэй маргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад асуудлын тухайд;

11.1. 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн захирамжийг хэрэгт хавсаргаагүй.

11.2. Шүүхийн шийдвэрт “Тогтоох хэсэг”-ийг бичихгүй орхигдуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасан бүрдлийг хангаагүй.

11.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгасан, хэргийг өөр шүүгчид шилжүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1038 болон 1061 дүгээр тогтоолд нэр бичигдсэн тухайн шүүхийн 16 шүүгчээс хэд нь оролцсон нь тодорхойгүй ба ердөө 6 нь гарын үсэг зурж, албажуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д “... Шүүгчдийн зөвлөгөөн тухайн шүүхийн шүүгчдийн олонхи оролцсон тохиолдолд хүчинтэй байна...” гэж шүүгчдийн зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох ирцийн босгыг тогтоосон хуулийн шаардлагад нийцээгүй зэргийг дурдаж, цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэв. /Хэргийн 39-45, 77-80 дахь талд/

12. Нэгтгэн дүгнэвэл, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн; шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0827 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Э-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     

                            ШҮҮГЧ                                                      Д.ОЮУМАА

 

 

                            ШҮҮГЧ                                                      Г.БИЛГҮҮН

                       

 

       ШҮҮГЧ                                                   З.ГАНЗОРИГ