Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч Э.Болор,

Шүүгдэгч Ц.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Нүүдэлч овогт Цогоогийн Ууганбаярт холбогдох эрүүгийн 201610010263 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 14-нд Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Замын-Үүд сумын 1 баг 36-А-13 тоотод оршин суух, Сод авто засварын газарт засварчин ажилтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Нүүдэлч овогт Цогоогийн Ууганбаяр /РД: ПК87071418/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч Ц.Ууганбаяр нь Замын-Үүд сумын 2-р багт байрлах Сод авто засвартын газарт засварчнаар ажиллаж байхдаа иргэн А.Бямбажаргалын эзэмшлийн 19-04 ДГА улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг засаж өгөхөөр аваад итгэмжлэн өгсөн автомашины түлхүүрийг гээгдүүлж, мөн зүүн хойд талын крылог автомашинд шүргүүлж сэвтүүлэн иргэн А.Бямбажаргалд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   - Шүүгдэгч Ц.Ууганбаярын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “ ...Грашид олон тооны автомашиныг оруулж засварладаг тул дотор байгаа автомашинуудыг өдөр нь гадагш гаргаад, орой нь буцааж оруулдаг юм. Ингэж байхдаа уг автомашин түлхүүрийг гээгдүүлсэн ба түүнээс хойш түлхүүргүй тул грашид оруулж чадалгүй хэсэг хугацаанд гадаа байлгасан. Учир нь түлхүүргүй учраас руль нь цоожлогдоод хөдөлгөөнгүй болсон байсан. Тэгээд 11 дүгээр сарын 07-ны өглөө намайг ажилдаа ирэхэд А.Бямбажаргалын автомашины хойд талын крылог автомашин шүргэж сэвтүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

   - Хохирогч А.Бямбажаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд үүнээс хойш ямар ч засвар хийгээгүй. Мөн миний машины түлхүүрийг гээгдүүлж, бүтэн сар цонхыг нь онгорхой гадаа салхи шороонд байлгаснаас болж машинд маш их хэмжээний тоос шороо орж, бас зүүн хойд талын крылог, машин шүргэсэн. Би Ууганбаярт миний машиныг грашид оруулах талаар удаа дараа хэлж байсан боловч оруулна гэчихээд оруулахгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/,

- Вендо хөрөнгийн үнэлгээний компаний 2016.12.14-ний өдрийн N99933 тоот дүгнэлт:

1. Зүүн хойд крыло засварлах 85.000 төгрөг

2. Дохиололтой түлхүүр солих 210.000 төгрөг

3. Шууд зардал 100 гр будаг тусмат, лак 12.600 төгрөг

4. Үнэлгээгээр тогтоогдсон дү 307.600 төгрөг гэсэн үнэлгээ /хх-ийн 17/,

- Ц.Ууганбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-33/,

- У.Ануужин, У.Энхүжин нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг судалсан болно.

 Ц.Ууганбаяр нь Замын-Үүд сумын 2-р багт байрлах Сод авто засвартын газарт засварчнаар ажиллаж байхдаа иргэн А.Бямбажаргалын эзэмшлийн 19-04 ДГА улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг засаж өгөхөөр аваад итгэмжлэн өгсөн автомашины түлхүүрийг гээгдүүлж, мөн зүүн хойд талын крылог автомашинд шүргүүлж сэвтүүлэн иргэн А.Бямбажаргалд бага бус хэмжээний хохирол учруулсан үйл баримт болсон байна. Уг үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Ц.Ууганбаярын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 125.1-т зааснаар итгэмжлэн өгсөн автомашины түлхүүрийг гээгдүүлж, мөн зүүн хойд талын крылог автомашинд шүргүүлж сэвтүүлэн хохирогчидд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Ц.Ууганбаярын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 Шүүгдэгч Ц.Ууганбаярт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь санал гомдолгүй, эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.   

Шүүгдэгч Ц.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нүүдэлч овогт Цогоогийн Ууганбаярыг итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нүүдэлч овогт Цогоогийн Ууганбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ц.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ууганбаярт урьд авсан гадагш явж болохгүй баталгаа авах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ