| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0042/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
2023 оны 02 сарын 13 өдөр 2023/ШЦТ/41 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох 2230003590010 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, эхнэр, ахын хамт ******* аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг 8 дугаар байшин 3 тоотод оршин суух хаягтай,
урьд ******* аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 120 цагийн албадан ажил хийлгэх ял,
Хэнтий аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогтой ******* *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед ******* аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр баг Баянцогтын 8-13 тоот хашааны гадна байсан “Пробокс” маркийн 69-07 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Б.Солонгын эзэмшлийн Самсунг А-93 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч *******д 500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр найзуудтайгаа 2 шил архи уусан. Гэрээсээ гараад машинд ороод хүний утсыг андуурч авсан байсан. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид гар утсыг буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
Эрүүгийн 2230003590010 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед найз Мөнхбатыг архинд яваад ирэхгүй болохоор нь араас нь гэрээс гараад явж байхад гудамжинд Мөнхбатын машин шиг машин харагдахаар нь машинаас утсыг нь аваад архи уучихъя гэж бодоод авчихсан юм. Би Солонгод утсыг буцаан өгч хохиролгүй болгосон.Би тухайн үед хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна..гэх мэдүүлэг/хх-60-61/,
- Хохирогч Б.Солонгын: Миний бие 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 10 минутын гэртээ хөлдөөгч хүргэж өгөх гэж хамт ажилладаг Мөнх-Эрдэнэтэй “Пробокс” маркийн 69-07 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон юм. Бид хоёр машинаас хөлдөөгчөө дамнаад гэр рүүгээ орохдоо Самсунг А93 маркийн гар утас, мөн Самсунг А11 маркийн 2 гар утсаа салон дээр тавиад, машинаа түгжээгүй үлдээсэн юм. 20 орчим минутын дараа гараад ирэхэд, машинд байсан Самсунг А93 маркийн гар утас алга болсон байсан юм. Миний алга болдог гар утас дэлгэцийн түгжээгүй шууд ордог утас байсан юм. Харин Самсунг А11 маркийн гар утас нь дэлгэцийн түгжээтэй учир нэвтэрч орох боломжгүй гар утас байсан тул аваагүй байсан.Би алдсан утсаа 2 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Надад холбогдогчоос нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-16-18/,
- Гэрч : Би хамт ажилладаг *******той сургуулийн зааланд байсан хөлдөөгчийг хүргэж өгөх гээд 4 дүгээр баг Баянцогтын 8-13 тоот руу “Пробокс” маркийн 69-07 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад очсон юм. Бид хоёр хашааны гадаа машиныхаа араас хөлдөөгчийг буулгаж өргөж оруулахдаа багаажны хаалга онгорхой, цоожлоогүй орхичихсон юм. Бид хоёр буулгачхаад гараад ирэхэд, машин дотор байсан “Самсунг” А93 маркийн гар утас байхгүй болчихсон байсан юм. Солонго бодохдоо намайг аваад нуучихсан гэж бодсон юм шиг байна лээ, заалны гадаа ирээд “чи нээрээ аваагүй юу” гэхэд нь би “тиймээ аваагүй” гэсэн юм. Тухайн үед бид хоёрыг хөлдөөгч буулгаж байхад манай сумын иргэн ******* гэх хүн эхнэртэйгээ согтуу хажуугаар явж байгаа таарсан юм. Өөр хүн тэнд байгаагүй. Сүүлд Солонготой уулзаж асуухад, “цагдаад гомдол гаргасан нөгөө ******* чинь авсан байна лээ” гэж хэлж байсан юм....” гэх мэдүүлэг /хх-21-22/,
- Гэрч : Миний бие 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөр *******ын хамт найзуудтай нь уулзсан юм. Манай нөхөр ******* найзуудтайгаа нэг шил архи хувааж уучхаад, *******ын хамаатны ах Хүрэлээгийнд очсон юм. Бид хоёр Хүрэлээ ахын жорлонгийн нүхийг ухах талаар ярилцчихаад өдөр 15 цагийн үед гараад манай нөхөр урд талд би араас нь нэлээн зайтай цувралдаад явж байтал тус сумын 4 дүгээр баг Баянцогтын 8-13 тоот хашааны гадна цагаан өнгийн машин ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай байсан юм. Манай нөхөр ******* тэр машины жолооч талын хаалгыг нь татаж үзэхэд онгорхой байсан тул дотор талд нь байсан гар утсыг авчихсан. Би хойно алхаж явж байсан тул “чи хүний юм авч болохгүй, буцаагаад тавь” гэхэд, манай нөхөр “ямар хамаатай юм бэ” гээд аваад явсан юм. Бид хоёр цаашаа яваад гэртээ очтол араас цагдаа нар ирж авсан гар утсыг хурааж аван хохирогчид өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-25-26/,
- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2202438 дугаартай “А93 утасны зах зээлийн үнэлгээ 500.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-36-46/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7/
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-9/
- Эд зүйл/баримт бичиг, бусад баримт/-ийг хураан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/
-*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-73/
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/
- ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 09-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-66-67/
- Хохирогч Б.Солонгын ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-79/
- Шүүгдэгч *******ын ******* аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-80/
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагийн үед ******* аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн Баянцогтын 8-13 тоот хашааны гадна байсан Тоёота Пробокс загварын 69-07 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Б.Солонгын эзэмшлийн Самсунг А-93 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч *******д 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Тухайн өдөр найзуудтайгаа 2 шил архи уусан. Тухайн үед найз Мөнхбатыг архинд яваад ирэхгүй болохоор араас нь гэрээс гараад явж байхад гудамжинд Мөнхбатын машин шиг машин харагдахаар нь машинаас утсыг нь аваад архи уучихъя гэж бодоод авчихсан юм. Хүний утсыг андуурч авсан байсан. Хохирогчид гар утсыг буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх,
хохирогч Б.Солонгын “Миний бие 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15 цаг 10 минутын гэртээ хөлдөөгч хүргэж өгөх гэж хамт ажилладаг Мөнх-Эрдэнэтэй “пробокс” маркийн 69-07 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй очсон. Бид хоёр машинаас хөлдөөгчөө дамнаад гэр рүүгээ орохдоо машинд байсан Самсунг А93 маркийн гар утсаа мөн Самсунг А11 маркийн 2 гар утсаа салон дээр тавиад, машинаа түгжээгүй үлдээсэн юм. Гэтэл 20 орчим минутын дараа гараад ирэхэд, машинд байсан Самсунг А93 маркийн гар утас алга болсон байсан юм. Би алдсан утсаа 2 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас хүлээн авсан ” гэх,
гэрч “ Би хамт ажилладаг *******той хөлдөөгч хүргэж өгөх гээд 4 дүгээр баг Баянцогтын 8-13 тоот руу “Пробокс” маркийн 69-07 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад очсон. Бид хоёр хашааны гадаа машиныхаа араас хөлдөөгчийг буулгаж өргөж оруулахдаа багаажны хаалгаа онгорхой, цоожлоогүй орхичихсон юм. Бид хоёр буулгачхаад гараад ирэхэд машин дотор байсан “Самсунг” А93 маркийн гар утас байхгүй болчихсон байсан. Солонго бодохдоо намайг аваад нуучихсан гэж бодсон юм шиг байна лээ, заалны гадаа ирээд “чи нээрээ аваагүй юу” гэхэд нь би “тиймээ аваагүй” гэсэн юм. Тухайн үед бид хоёрыг хөлдөөгч буулгаж байхад манай сумын иргэн ******* гэх хүн эхнэртэйгээ согтуу хажуугаар явж байгаа таарсан юм. Өөр хүн тэнд байгаагүй. Сүүлд Солонготой уулзаж асуухад, “цагдаад гомдол гаргасан нөгөө ******* чинь авсан байна лээ” гэж хэлж байсан юм ” гэх,
гэрч “ Миний бие 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөхөр *******ын хамт найзуудтай нь уулзсан юм. Манай нөхөр ******* найзуудтайгаа нэг шил архи хувааж уучхаад, *******ын хамаатны ах Хүрэлээгийнд очсон. Бид хоёр Хүрэлээ ахын жорлонгийн нүхийг ухах талаар ярилцчихаад өдөр 15 цагийн үед гараад манай нөхөр урд талд би араас нь нэлээн зайтай цувралдаад явж байтал 4 дүгээр баг Баянцогтын 8-13 тоот хашааны гадна цагаан өнгийн машин ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай байсан. Манай нөхөр ******* тэр машины жолооч талын хаалгыг нь татаж үзэхэд онгорхой байсан тул дотор талд нь байсан гар утсыг авчихсан юм. Би хойно алхаж явж байсан тул “чи хүний юм авч болохгүй, буцаагаад тавь” гэхэд, манай нөхөр “ямар хамаатай юм бэ” гээд аваад явсан. Бид хоёр цаашаа яваад гэртээ очтол араас цагдаа нар ирж авсан гар утсыг хурааж аван хохирогчид өгсөн” гэх мэдүүлгүүд,
“Линзийн өгөөж” ХХК-ийн 2202438 дугаартай “тухайн алдагдсан гэх А93 утасны зах зээлийн үнэлгээ 500.000 төгрөг” гэх дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч *******д учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч Б.Солонгын Самсунг А93 маркийн гар утсыг 500.000 төгрөгөөр тогтоосон “Линзийн өгөөж” ХХК-ийн 2202438 дугаартай шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч *******, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна.
Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.
3. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох ба шүүгдэгч *******ын, хохирогч Б.Солонгын машинаас гар утасыг авсан уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
4. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хэт согтуурсан үедээ хохирогч Б.Солонгын машинаас гар утасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.
5. Прокуророос шүүгдэгч *******ын Түмэнцогт сумын 4 дүгээр баг Баянцогтын 8-13 тоот хашааны гадна байсан “ Пробокс” загварын 69-07 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Б.Солонгын эзэмшлийн Самсунг А-93 маркийн гар утсыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.
6. Хууль зүйн ойлголтоор Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгодог болно.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хашааны гадна цоожлоогүй орхисон машин дотроос бусдын гар утсыг мэдэгдэлгүйгээр нууцаар авч, өөрийн эзэмшилдээ оруулсан үйл баримт бүрэн дүүрэн, хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд түүний хэт согтуурсан байдал нь уг хэргийг гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл Хулгайлах гэмт хэргийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж дурджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “ бага хэмжээний хохирол"-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тооцохоор тогтоожээ.
Шүүгдэгч *******ын, хохирогч Б.Солонгын гар утсыг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогчид 500.000 төгрөгийн хохирол учирсан нь дээрх тайлбарт дурдсан бага хэмжээний хохирлоос дээш байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн шинжтэй юм.
Мөн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл “ Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох ” гэмт хэргийн тайлбарт “ Энэ хуульд заасан “ орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно ” гэж заасан хийгээд иргэн эзэмшлийн Пробокс загварын 69-07 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь дээр дурдсан орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамаарахгүй юм.
Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "автотээврийн хэрэгсэл" гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг” хэлнэ гэж хуульчилнаас үзэхэд иргэн эзэмшлийн Пробокс загварын 69-07 УНМ улсын дугаартай автомашин нь автотээврийн хэрэгсэлд хамаарах юм.
Иймд шүүгдэгч *******од холбогдох энэ хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйлчлэл хамаарахгүй буюу түүнийг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
6. Шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтын талаар гэрчээр болон яллагдагчаар, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдъя..
7. Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******ын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн буюу гар утсыг биетээр буцаан өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ ” ялтай бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ” санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан нөхөн төлөгдсөн, хохирогч хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, тухайн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь түүний согтуурсан байдалтай холбоотой, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-ыг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар”оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалтанд хамаарах юм.
Гэм хор, хохирлын талаар:
*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******д 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр уг гар утсыг биетээр буцаан өгсөн болох нь хохирогчийн “..Би алдсан утсаа 2 хоногийн дараа цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. Надад холбогдогчоос нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, Эд зүйл/баримт бичиг, бусад баримт/-ийг хураан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10/ зэргээр тогтоогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2202438 дугаартай дүгнэлтээр “тухайн алдагдсан гэх А93 гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлсэн болохыг дурдъя.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч *******од дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч *******од таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН