| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2023/0044/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/47 |
| Огноо | 2023-02-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
2023 оны 02 сарын 16 өдөр 2022/ШЦТ/47 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330000000013 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг Баянгол гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,
******* ургийн овогтой ******* *******,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний оройны 23 цагийн орчим ******* аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг *******ын 29-04 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, улмаар түүнийг цохиж зодож эрүүл мэндэд нь “ духанд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокуророос ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Прокуророос гаргасан 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна.... гэв.
Эрүүгийн 2330000000013 дугаартай хэргээс:
- Яллагдагч *******ын: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр эхнэр миний уур хүргээд байхаар нь өшиглөж, нүүр рүү нь гараараа нэг удаа цохиход ээж намайг загнаад архи уугаад эхнэрээ цохиж зодлоо гэхээр нь ээжийн үгэнд ороод больсон. Гаднаас хадам эгч Э.******* орж ирэхэд эхнэр уйлахад хадам эгч намайг загнахаар нь “ гэр бүлийн асуудал та нарт хамаа байхгүй” гэхэд намайг загнаад байхаар нь түлхэхэд зурагт налж унаад зурагт хагалчихаар нь “чи зурагт хагалчихлаа” гээд уурандаа хадам эгчийг гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход духнаас нь цус гарсан.Би хадам эгч *******аас уучлалт гуйсан. Тухайн зурагтыг 2022 оны 10 дугаар сард 1.600.000 төгрөгөөр би өөрөө худалдан авч байсан. ...би тухайн зурагт дээр гомдол гаргахгүй.Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 /
- Хохирогч Э.*******ийн: Би нөхөр, 4 хүүхдийн хамт сумаас ирж Баруун-Урт сумын 9 дүгээр баг *******ын 29-04 тоотод байх хүргэн *******ын хашаанд амьдраад 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. 2022 оны 12 дугаар сарын 24-ний оройны 18 цагийн үед гэртээ ирээд төрсөн дүү Э.ийн гэрт ороход Э., түүний нөхөр *******, *******ын ээж Ч., манай том хүргэн нарын хүмүүс байж байсан. *******, том хүргэн нарын хүмүүс нь Хараа нэртэй 0.75 литрийн архи ууж дуусаж байсан.Би дүүгийн гэрээс нь угаалгын машиныг нь аваад гэртээ ороод хувцсаа угааж дуусаад оруулж өгөхөд ******* нь уусан архиндаа согтоод хамт байсан хүмүүстээ агсан тавиад байхаар нь “чи болилдоо ямар учраас агсан тавиад байгаа юм бэ” гэхэд энэ асуудал чамд хамаа байхгүй гэж хэлээд намайг хоёр гараараа түлхэхэд би унахдаа зурагт нь дээр нь унахад “чи зурагт хагалаад хаячихлаа” гэхээр нь “чи намайг түлхээд, би унахдаа зурагт нь дээр чинь уначихлаа” гэхэд “ чи муу гуйлгачин хүүхэн 3 сая төгрөгийн зурагт төлж чадахгүй байж” гээд юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан юмаар миний дух руу цохиж дух хагласан. Тэгэхэд *******ын ээж нь “чи хүүхэд алчихлаа цагдаа дууд” гэхээр нь би уг асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж эмнэлгийн байгууллага дээр очиж духандаа 2 оёдол тавиулсан ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9/,
- Гэрч Э.ийн: 2022 оны 12 дугаар сарын 24-ний нөхөр ******* бид хоёр жижиг асуудлаас болоод маргалдсан байсан юм. Орой 18 цагийн үед манай том хүргэн нэлээн халамцуу орж ирээд нөхөртэй хамт манайд архи ууцгаасан. Тухайн хүмүүс нь уусан архиндаа согтсон бөгөөд нөхөр намайг хэл амаар доромжлоод байхаар нь хэрэлдэхэд миний толгой нүүр рүү баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиж, нуруу руу хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд эгч Э.******* орж ирээд намайг өмөөрөхөд эгчийг түлхэж унагаагаад гараараа нүүр рүү цохиж духыг нь хагалсан.Тэгээд эгч цагдаад дуудаж өгөөд цагдаа ирээд нөхрийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
- Гэрч ын: 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *******ын гэрт ******* бид хоёр хамт архи уугаад би уусан архиндаа согтоод гэрт нь тасраад унтсан байсан. Маргааш нь Э. нь надад хэлэхдээ ******* согтуудаа цохиход эгч намайг өмөөрөөд загнасан чинь эгчийг гараараа цохисон талаар хэлсэн ” гэх мэдүүлэг /хх-17/
- ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 10 дугаартай “Э.*******ийн биед духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх” дүгнэлт /хх-20-21/
- ******* аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай “Э.ийн биед зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт, хамар зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэх дүгнэлт /хх-26-27/
-*******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/ зэргийг
- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/
- *******ын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-51/
- Шүүгдэгч *******ын ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-60/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 24-ний оройны 23 цагийн орчимд ******* аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн *******ын 29-04 тоот дахь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргаж, улмаар түүний г дух хэсэгт цохиж эрүүл мэндэд нь “ духанд шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ ... Прокурорын зүгээс таныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна..” гэх,
хохирогч Э.*******ийн “...2022 оны 12 дугаар сарын 24-ний орой гэртээ ирээд төрсөн дүү Э.ийн гэрт ороход Э., түүний нөхөр *******, *******ын ээж Ч., манай том хүргэн нарын хүмүүс байсан. *******, нар Хараа нэртэй 0.75 литрийн архи ууж дуусаж байсан. Би дүүгийн гэрээс нь угаалгын машиныг нь аваад хувцсаа угааж дуусаад оруулж өгөхөд ******* нь согтоод хамт байсан хүмүүстээ агсан тавиад байхаар нь “чи болилдоо ямар учраас агсан тавиад байгаа юм бэ” гэхэд “ энэ асуудал чамд хамаа байхгүй” гэж хэлээд намайг хоёр гараараа түлхэхэд би унахдаа зурагт нь дээр нь унахад “чи зурагт хагалаад хаячихлаа, чи муу гуйлгачин хүүхэн 3 сая төгрөгийн зурагт төлж чадахгүй байж” гээд юугаар цохисон гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан юмаар миний дух руу цохиж дух хагалсан ” гэх,
гэрч Э.ийн “...2022 оны 12 дугаар сарын 24-ний нөхөр ******* бид хоёр жижиг асуудлаас болоод маргалдсан байсан юм. Тухайн өдрийн орой 18 цагийн үед манай том хүргэн нэлээн халамцуу орж ирээд нөхөртэй хамт манайд архи ууцгаасан. Манай нөхөр согтоод намайг хэл амаар доромжлоод байхаар нь хэрэлдэхэд миний толгой нүүр рүү баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон, мөн нуруу руу хөлөөрөө өшиглөсөн.Тэгэхэд эгч Э.******* орж ирээд намайг өмөөрөхөд эгчийг түлхэж унагаагаад гараараа нүүр рүү цохиж духыг нь хагалсан ” гэх,
гэрч ын “... 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *******ын гэрт ******* бид хоёр хамт архи уугаад би уусан архиндаа согтоод гэрт нь тасраад унтсан байсан. Маргааш нь Э. надад хэлэхдээ ******* согтуудаа цохиход эгч намайг өмөөрөөд загнасан чинь эгчийг гараараа цохисон талаар хэлсэн...” гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 10 дугаартай “Э.*******ийн биед духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Э.*******т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 10 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч Э.*******ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.
3. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.
Тухайн хэргийн хувьд хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.
4. Шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа зурагт хагаллаа гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн духанд цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн байна.
5. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч Э.*******ийн духанд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд прокуророос түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн,хохирогч Э.******* хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан нийцэх юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч Э.******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Одоо болон цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”/хх-09/ гэх мэдүүлгээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч Э.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.******* тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН