Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/122

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Ариунзул /томилолтоор/,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205037640035 тоот, 1 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт *******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******,*******,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *******, “Тулга” хотхоны 65-1-19 тоотод оршин суух,

- урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 261 дүгээр зүйлийн 261.1, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, *******,*******.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кастел” гэх нэртэй баарны гадна хохирогч *******ын эрүүл мэндэд халдаж түүний биед эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу бугуйнд цус хуралт, зүүн гарын сарвууны 3, 4-р хуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, нуруу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, зүүн хөлийн дунд, ядам хурууны өлмий ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

- Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кастел” гэх нэртэй баарны гадна хохирогч *******ийн эрүүл мэндэд халдаж духанд шарх, зөөлөн эдийн няцрал, цох, баруун чамархай, хацар, доод зовхи, зүүн нүдний дотор буланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед би “Кастел” нэртэй бааранд хамгаалагч хийдэг байсан. Бааран дотор зодоон болсон тул зодоон хийсэн залууг хамгаалагч нар гадагшаа гаргаж ирсэн. Тэр залуу “дотогшоо буцаж орно” гээд дайраад байхаар нь би “зодоон хийсэн болохоор чамайг дотогшоо ахиж оруулахгүй” гэхэд утсаар миний толгой хэсэг рүү цохисон. Дараа нь пивоны шилээр цохисон. Тэгээд би хариу үйлдэл үзүүлсэн. Харин зүүн хөлийн дунд, ядам хурууны өлмий ясны хугарал гэмтлийг би учруулаагүй. Гэхдээ бусад учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие *******аас нэхэмжлэх зүйлгүй. Мөн гомдол, саналгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр “Кастел” нэртэй бааранд орж бүжиглэсэн. Бүжиглэж байгаад хүмүүстэй маргалдахад 2 хамгаалагч гаднаас орж ирээд намайг аваад гарсан. Би “хувцсаа авъя” гэхэд намайг “буцааж оруулахгүй” гээд цээж хэсэг рүү түлхээд цохиод байсан удалгүй эхнэр гарч ирсэн. Намайг Билэгт боож унагаахад хэсэг манарсан. Би пивоны шил авч түүн рүү шидсэн. Намайг ******* нь газарт авч шидэж миний биед гэмтэл учруулсан. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо *******ээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, саналгүй болно...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******ын:

“...би Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах “Кастел” нэртэй бааранд 02 цагт орж бүжиглэх гэж орсон. Бусад маань ширээнд суугаад би ганцаараа бүжиглэж байсан чинь 2 хамгаалагч ирээд миний 2 суганаас өргөөд үүд рүү аваад гаргасан. Буцаад орох гэсэн чинь оруулахгүй байсан “ядаж хувцсаа авмаар байна” гэтэл “өлгүүрийн чинь дугаар хэд вэ” гэсэн би “мэдэхгүй байна” гэтэл “цаашаа зайл архичин минь” гэхээр нь миний уур хүрээд газарт байсан “Хайнекен” нэртэй пивоны 4 шил байснаас нэгийг нь аваад хамгаалагч руу шидсэн. Тэгтэл хамгаалагч “яаж байна аа” гээд намайг 2 гараараа хоолой боогоод би ухаан алдаж унасан, ...босоод алхах гэхэд алхаж болохгүй байсан. Би сар гаран өвдөөд ажилгүй байгаа, миний ажилгүй, өвчтэй байх хугацааны цалинг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Хохирогч *******ийн:

“...Би Баянгол дүүргийн 12-р хороонд байрлах “Кастел” нэртэй бааранд хамгаалагч хийдэг. Манай ажил 22 цагаас эхэлдэг өчигдөр орой 02:20 минутын үед бааран дотор зодоон болсон, тухайн үед би гадаа такс хянаад зогсож байсан. Тэгтэл дотор зодоон хийсэн залууг хамгаалагч нар гадагшаа гаргаж ирсэн. Тэр залуу “дотогшоо буцаж орно” гээд дайраад байхаар нь би “чи зодоон хийсэн болохоор чамайг дотогшоо ахиж оруулахгүй” гэж шаардлага тавьж байтал, тэр хүний эхнэр нь гэх эмэгтэй дотроос гарч ирээд нөхрөө “авч орно” гээд маргалдаж эхэлсэн. Тэр залуу “орно” гээд нэг гараараа хаалганы бариулаас зуураад, нөгөө гартаа атгасан гар утсаараа миний нүүр лүү 2-3 удаа цохисон. Би хаалганы бариулаас зуурсан гарыг нь тавиулах гээд гарыг нь түлхэж байх хооронд, намайг 0.5 грамм хэмжээтэй “Хайнекен” гэх нэртэй пивоны шилээр баруун хөмсөгний дээд хэсэгт цохиж толгой хагалсан. Толгой хагалчихлаа гээд миний уур хүрээд тэр залуугийн нүүрний зүүн шанаанд нь баруун гараараа 2 удаа цохисон, тэгтэл тэр залуугийн найз нь бололтой нэг залуу намайг хойноос татаж салгасан. Би зодолдсон залуугаас түр холдоод, толгойноос гарч байсан цусыг гараараа арчаад буцаж эргэж очоод тэр залууг зүүн гараараа эрүү хэсэгт нь түлхэж унагаасан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10-дахь тал/,

Гэрч :

“...нөхөр маань том биетэй хамгаалагч залууд нүүр лүүгээ цохиулаад газарт унаад босож ирэхдээ 0.33 граммын “Хайнекен” пивоны шилийг өөрийг нь цохисон өндөр хамгаалагчийн толгой руу шидсэн. Хамгаалагчийн зүүн хөмсөгний дээд хэсгээс нь цус гарсан байдалтай манай нөхөр лүү дайрч эхэлсэн. Тэгээд баарны үүдний төмөр хашлагыг давж унатал цохиж унагаан, дээрээс нь өшиглөж байсан. Нөхөр тэндээ хэсэг хэвтэж байгаад босоод алхаж чадахгүй зүүн хөл өвдөөд байна гээд 2 найзаараа түшүүлээд замын хажууд сууж цагдаа хүлээсэн....” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 27 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1471 дугаартай:

“...*******ын биед зүүн хөлийн дунд, ядам хурууны өлмий ясны хугарал, эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн бугалга, шуу, бугуйнд цус хуралт, зүүн гарын сарвууны 3,4-р хуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, нуруу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Зүүн хөлийн дунд, ядам хурууны өлмий ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу бугуйнд цус хуралт, зүүн гарын сарвууны 3, 4-р хуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, нуруу, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй. Дээрх гэмтлийг авсны дараа үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”... гэсэн шинжээч эмч Г.Энхбаатарын дүгнэлт /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15758 дугаартай:

“...*******ийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, цох, баруун чамархай, хацар, доод зовхи, зүүн нүдний дотор буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэг боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Духанд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээч эмч Б.Сэргэлэнгийн дүгнэлт /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн:

“...Дэлгэрбат гэдэг залуу намайг пивоны шилээр цохиж толгой хагалсан. Толгой хагалчихлаа гээд Дэлгэрбатын нүүрний зүүн шанаанд нь баруун гараараа 2 удаа цохисон, тэгтэл тэр залуугийн найз нь миний цамцнаас татаж салгасан, ...дахиж маргалдаж зодолдож Дэлгэрбатыг цохиж баарны хаалганы хажуу талын төмөр бариулыг давуулж унагаасан. Дэлгэрбат унасан газраа босолгүй бид нартай хэрэлдэж сууж байгаад боссон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

Шүүгдэгч *******ын:

“...харилцан маргалдаж зодолдсоноос болж ийм асуудалд хүрлээ. Цаашид архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж баймаар юм байна гэдгийг ойлголоо. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 44-50 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 76, 82-84 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

“Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан: “...Миний үйлчлүүлэгч тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байхад яллах дүгнэлтэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж бичиж түүний эрх зүйн байдлыг дордуулсан байна. Мөн түүнчлэн тухайн үед ******* нь хохирогч *******ын зүүн хөлийн дунд, ядам хурууны өлмий ясны хугарал гэмтлийг учруулаагүй. Харин ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ийн толгой хэсэг рүү нь пивоны шилээр цохиж хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Энэ гэмт хэрэг *******ын буруутай үйлдлээс болж гарсан гэж дүгнэж байна... “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.  

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “...хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой ...шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад ...шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.” гэж заасан боловч шүүгдэгч *******, ******* нар нь хэргийн үйл баримт буюу тухайн үед зодоон болсон эсэх, харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд гэмтэл учруулсан эсэх асуудал дээр маргадаггүй учир шүүх харилцан эсрэг сонирхолтой гэж үзээгүй болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кастел” гэх нэртэй баарны гадна хохирогч *******ын эрүүл мэндэд халдаж түүний биед эрүү, хүзүү, цээж, баруун бугалга, шуу, зүүн бугалга, шуу бугуйнд цус хуралт, зүүн гарын сарвууны 3, 4-р хуруунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, нуруу, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, зүүн хөлийн дунд, ядам хурууны өлмий ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кастел” гэх нэртэй баарны гадна хохирогч *******ийн эрүүл мэндэд халдаж духанд шарх, зөөлөн эдийн няцрал, цох, баруун чамархай, хацар, доод зовхи, зүүн нүдний дотор буланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, *******, гэрч Б.Халиун нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1471 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15758 тоот дугаартай дүгнэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас “хохирогч *******ын зүүн хөлийн дунд, ядам хурууны өлмий ясны хугарал гэмтлийг учруулаагүй” гэж шинжээчийн дүгнэлтэд дурдсан нэг гэмтлийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кастел” бааранд хамгаалагчаар ажиллаж байсан. Тухайн үед хохирогч *******тай “бааран дотор зодоон хийсэн” гэх шалтгаанаар хувийн харилцааны улмаас маргасан. Улмаар хохирогчийг баарны үүдний төмөр хашлагыг давж унатал цохисон, түүний дээрээс нь өшиглөсөн болох нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогч *******ын мэдүүлгээс гадна гэрч мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “зүүн хөлийн дунд, ядам хурууны өлмий ясны хугарал” гэмтэл нь шүүгдэгч *******ийн үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн “хохирогч Э

.Дэлгэрбатын зүүн хөлийн дунд, ядам хурууны өлмий ясны хугарал гэмтлийг би учруулаагүй” гэх мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4, 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч *******, ******* нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан “Миний үйлчлүүлэгч ******* нь анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн. Мөн өнөөдөр эрхэлсэн тодорхой ажилгүй гэж байгаа боловч ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой. Түүнчлэн энэ гэмт хэрэг хохирогч *******ын зүй бус үйлдлээс болж гарсан зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, харин шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шударга ёсны зарчим, шүүгдэгч нарын хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205037640035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,

 - шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, *******  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ