Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Хохирогч Ж.*******,

Гэрч Б.*******, Б.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******ад холбогдох эрүүгийн 2230003250325 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн .......... суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ........, ............ хамт Сүхбаатар аймгийн .......... сумын ....... дүгээр баг “............” хотхоны .......... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт О-ын Г,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч О.******* нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ........ дугаар баг “............” гэх газар хохирогч Ж.*******тай нутаг, ус, бэлчээрээс маргалдан түүний хөл рүү өшиглөж эрүүл мэндэд баруун хөлийн шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Манайх 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр унагаа тамгалсан. Аймгаас ирсэн хүмүүс явсан. Манайд ганц, хоёр шил архи үлдсэн байсан. Үлдсэн архийг ******* бид 3 хувааж уусан. Хамгийн сүүлд үлдсэн архийг *******, Ж.******* нар ихэнхийг нь уусан. Нэг архийг нь ******* ахынд авч очсон. Би очоод шууд унтаад өгсөн. Ж.******* нь намайг ална, зодно гээд ярьж байсан. Нутаг уснаас болж маргалдсан зүйл байхгүй. Зун морины давхил хийхэд унаж байсан хүүхдээрээ яагаад унуулаагүй юм бэ? адилхан морь унадаг хүүхэд гэж хэлсэнд Ж.******* нь гомдсон шиг байна лээ. Үүнээс болж бид хоёр маргалдсан. Намайг унтаж байхад шууд чирч гаргаад зодсон. Би Ж.*******тай зодолдоогүй, би дийлэхгүй. Миний цээжинд цохиод байсан. Б.******* бид хоёрыг салгасан. Намайг орж ирээд хэвтэхэд хутга хайгаад хадамтай нь цуг ална гээд яваад байсан. ******* бид хоёрын голд байхад Ж.******* нь дэвхцээд, хөлөө савчиж байснаа гэнэт хөл эвгүй боллоо гэж хэлсэн. ******* бид нар хөлийг нь үзэхэд хавантай байсан. Би Төрөөгөөр хүргүүлээд гэр лүүгээ харьсан. Би *******, *******оос асуухад Ж.******* нь *******тэй айл руу мотоциклтой явсан байсан. Айлаас буцаад ирэхдээ мотоциклоосоо бууж чадахгүй ойчиж өгөөд байсан гэсэн” гэв.  

Хохирогч Ж.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Унагаа тамгалаад бид нар *******ийнд очсон нь үнэн. О.******* нь “танайх Амраагийн худгаас хөөгдвөл намайг гуйх нь тодорхой” гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёрын муудах шалтгаан эхэлсэн. О.******* унтаагүй хэвтэж байсан. Гадаа гараад муудахад хүмүүс гарч ирээд салгасан. О.******* зүүн баганын хажууд ор налаад сууж байсан. Би араас нь орж ирээд бариад авахад шууд намайг өшиглөсөн. Тэгээд би хөл хугарчихлаа гээд ******* эгчээр гутлаа тайлуулсан.” гэв.

Гэрч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Энэ хэд манайд согтуу ирсэн. Ж.******* нь О.*******ыг унтаж байхад нь чирээд аваад гарсан. Нэлээн муудаж байгаад О.******* гэр лүү орж ирээд зүүн орон дээр хэвтэж байхад Ж.******* гаднаас орж ирээд татаж буулгаад хөлөөрөө газар савчаад байснаа хөл болохгүй болчихлоо гэж хэлсэн. Ж.******* хөлөө жийгээд байгаа харагдсан. Орой байсан учир сайн харж чадаагүй.” гэв.

Гэрч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Унага тамгалж дуусаад аймгаас ирсэн хүмүүс явсны дараа *******, Ж.******* нар нэг шил архи уусан. Намайг өөр тийшээ явахад Ж.******* нар хөдлөх гэж байсан. Би мотоциклоос ойчиж магадгүй гээд араас нь дагаад *******ийнд очсон. *******ийнд очоод О.******* унтаад өгсөн. Ж.*******, ******* нар айлын хүнтэй архи уусан. Намайг баруун орон дээр хэвтэж байхад Ж.******* О.*******ыг чирээд гарч байсан. Гадаа гараад муудаж байхад нь салгасан. О.******* түрүүлээд гэр лүү орсон. Ж.******* надтай тамхи татчихаад гэр лүү ороод О.*******тай зууралдаад эхэлсэн. Би тэр хоёрыг салгаад голд нь ороод суусан. Хоёулаа хэвтээ байдалтай байсан хөлөө савчаад намайг өшиглөчих гээд байхаар нь би баруун орны тэнд суусан. Ж.******* нь хөлөө савчиж байгаад миний хөл эвгүй болчихлоо гэж хэлсэн” гэв.

Эрүүгийн 2230003250325 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч О.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “Миний хажууд ******* сууж байсан. *******ын хажууд ******* бас хэвтэж байсан. ******* нь хэвтэж байхдаа хөлөөрөө өшигчөөд саваад байсан. Гэнэт ******* нь ******* ахаа миний хөл эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Тэгээд ******* хөл эвгүй болчихлоо гэхэд нь гэрээс авч гарсан тэгээд удаагүй ******* *******г гэр лүү оруулсан. Тэгээд ******* болон ******* нар Ж.*******гийн гутлыг тайлж харахад хөл нь хавантай байсан” гэх /хх 89-90 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ж.*******гийн “Тухайн үед *******тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. *******ийнд очоод юм ярьж сууж байгаад *******тай худаг, усны асуудлаас болж маргалдсан. Тэр үед ******* надтай барьцалдаж байгаад миний хөл рүү өшиглөхөд миний хөл эвгүй болоод газар унасан. Тэгээд намайг газар унахад дахиж миний хөл дээрээс 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед *******ад “миний хөл эвгүй болчихлоо, хөндүүрлээд байна” гэж хэлэхэд хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгасан.” гэх /хх 9-10 дугаар хуудас/

Харин намайг бариад авахад ******* нь доор сууж байгаад миний хөл рүү жийсэн. Үүнийг би өшиглөсөн гэж ярьсан юм. Өшиглөсөн жийсэн 2 чинь адилхан биз дээ. Тухайн үед миний хөл эвгүй болоод газар ойчсон. Би тухайн үед арай ч хугарчихсан гэж бодоогүй. Энэ үед ******* миний хөл рүү хэвтэж байхдаа 2-3 удаа жийсэн. Би тухайн үед зүгээр байгаагүй, өөдөөс нь хөлөө явуулсан. Тэгээд хөлөө хугарсныг мэдээд ******* ахад хэлсэн...” гэх /хх 14-15 дугаар хуудас/,

  • Гэрч Г.*******ын “Сураг гаргахад ******* гэх айлынд *******тай маргалдаад хөлөө хугалсан байсан. *******тай маргалдсан гэдгийг нь хүүгийн найзууд болох У.Одхүү, Э.******* надад мөн хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 05-ны орой манай хүү ******* *******тай маргалдсаны дараа Одхүү, ******* гэх хоёр найз руугаа залгаад “би “Энх-Амар”-т  хөлөө хугалчихлаа хүрч ирээд намайг ав” гэж хэлсэн гэдэг. Тэгээд хамт явж байхдаа тэр хоёрт “******* миний хөлийг хугалсан” гэж хэлсэн талаар хоёр найз нь надад хэлсэн” гэх /хх 18-19 дүгээр хуудас/,
  • Гэрч М.*******ийн “Одхүү бид хоёрыг очиход “Энх-Амар” гэх газарт байдаг худгийн баруун хойно ******* гэх айлынд ******* нь байсан. Тэгээд бид хоёр *******г машиндаа суулгаад худаг дээр очоод *******гаас юу болсон талаар асуухад ******* нь “Би *******тай адуу мал, бэлчээрээсээ болж муудсан, Галаа миний хөлөн дээр дэвсээд миний хөлийг хугалсан” гэж хэлж байсан. Тухайн үед *******гийн хөлийг харахад нэлээн хавантай, шилбээрээ мурийлттай байсан. Тэгээд Одхүүгийн машинд нь суулгаад аймаг руу явуулсан. Тэгээд би өөрөө гэр лүүгээ явсан.” гэх /хх 22-23 дугаар хуудас/,
  • Гэрч Б.*******гийн “2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* нь манай нөхөр лүү залгаад “хүмүүстэй муудчихлаа” гэсэн. Тэгээд би нөхрийн хамт “Энх-Амар” гэх газарт явж байхад ******* мотоциклтойгоо ирж байсан. Тэгээд бид гурав ******* руу хамт очиход ******* нь ******* гэх айлынхаас түшүүлээд гарч ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “*******ад цохиулаад хөлөө хугалчих шиг боллоо, гишгэж чадахгүй байна” гэж байсан. Тэгээд бид гурав *******г аваад явсан. Аймаг руу явах замд ******* “*******тай муудаад ******* хөл рүү нь өшиглөөд байсан, хөл хугарлаа гээд хэлээд байхад болихгүй өшиглөөд байсан” гэж ******* хэлж байсан. Тухайн үед мориноос болж хоорондоо маргалдсан гэж байсан. Аймагт ирээд *******г аймгийн нэгдсэн эмнэлэг дээр авчраад хөлийг нь боолгоод гэрт нь хүргэж өгсөн.” гэх /хх 26-27 дугаар хуудас/,
  • Гэрч У.Одхүүгийн “Тухайн өдрийн орой 01 цагийн үед манай найз Ж.******* нь над руу залгаад “би хүнд зодуулчихлаа, хүрээд ир” гээд “Энх-Амар” гэх газар намайг дуудсан. Тэгээд би явж очиход Ж.******* нь хөлөө хугалчихсан нэг айлд сууж байсан. Тэгээд би Ж.*******гаас “яагаад хөлөө хугалсан, юу болсон юм” гэж асуухад “О.*******ад зодуулчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд би Ж.*******г машиндаа суулгаад аймаг руу хүргэж ирээд шууд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлж хөлд нь боолт хийлгүүлээд ахынд нь хүргэж өгөөд явсан.” гэх /хх 30-31 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.*******ын “2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед *******ынх унагаа тамгалсан. Унагаа тамгалахад нь манай тэр хавын нутгийн хүмүүс байсан. Орой 19 цагийн үед *******, ******* ******* гурав ******* ахын гэр лүү явсан. Тэр үед би энэ гурвын араас хоол цай идэж, уугаад ******* ахынх руу явсан. Тэгээд *******, *******, ******* нар ******* ахтай ганц нэг архи уугаад сууж байсан. Харин би ******* ахын гэрт баруун орон дээр хэвтээд хэсэг зүүрмэглэсэн байсан. Тэгтэл гэнэт чимээ гарахаар нь сэрээд харахад ******* ахын эхнэр нь “******* *******ыг чирээд гарлаа” гэхээр нь би араас нь гарахад ******* тэр хоёрыг салгаад зогсож байсан. Тэгээд ******* нь *******тай хэсэг маргалдаж байгаад ******* гэр лүү орсон. Харин ******* надтай гэрийн гадаа тамхи татаж байгаад гэр лүү орсон. Ороход ******* нь гэрт орон дээр хэвтэж байсан. Ж.******* орж ирээд татаж буулгаад шалан дээр хоорондоо хэвтээгээрээ нэг нэг рүүгээ өшигчөөд байсан. Тэр үед ******* хөлөө саваад байсан. Тэгээд гэнэт “Гээгий ахаа миний хөл эвгүй болчихлоо” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “яагаад хөл чинь эвгүй болчхов” гээд би *******г орон дээр суулгасан. Тэр үед ******* “намайг хүнтэй муудсан гэж аав ээжид битгий хэлээрэй, намайг мотоциклоос унасан гэж хэлээрэй” гэж хэлж байсан. Тэгээд ******* аймгаас машин дуудаад аймаг явсан.” гэх /хх 34-35 дугаар хуудас/,
  • Гэрч Б.*******гийн “Тухайн орой 19 цагийн үед О.*******, Ж.*******, Гэрэл-Од нар унага тамгалсан гээд манайд согтуу ирцгээсэн. Тухайн үед энэ гурав манай ирэхдээ Хараа нэртэй 0.5 литрийн архитай ирсэн. Тэр архиа ууж байгаад О.******* нь манай гэрийн зүүн орон дээр унтахаар хэвтсэн. Тэгээд гэнэт  Ж.******* нь “энэ мууг би ална гээд *******ыг унтаж байхад нь орноос татаж босгоод гэрээс гарч гэрийн гадаа тэр хоёр муудаад байсан. Тэр үед ******* *******г болиулах гээд “чи хүн аллаа шүү дээ” гэхэд ******* “би ална гээд ******* руу дайраад байсан. ******* тэр хоёрыг салгаад ******* нь гэрт орж ирээд орон дээр хэвттэл Ж.******* нь араас орж ирээд татаж буулгаад шалан дээр хоорондоо хэвтээгээрээ нэг нэг рүүгээ өшигчөөд байсан. Тэгсэн Ж.******* нь гэнэт “хөл эвгүй болчихлоо” гэж байсан. Тэр үед гутлын тайлаад хартал баруун хөл нь хавдсан байсан...” гэх /хх 38-39 дүгээр хуудас/,
  • Гэрч Х.*******ийн “******* унтаж байсан *******ыг татаж босгоод гэрээс чирээд авч гарсан. Тэр хоёр гадаа гараад дээр доороо ороод харилцан зодолдоод байсан. Тэгээд хэсэг байж байгаад О.******* гэр лүү орсон. Би Ж.*******г архи нь гарсан байх гэр лүү оруулъя гээд гарч очиход Ж.*******  надад “миний хөл хугарчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед “******* ахтай зодолдож байгаад хугаллаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******г алхаж чадахгүй болохоор нь гэр лүү түшиж оруулаад баруун орон дээр суулгаад баруун хөлийнх нь хором гутлыг тайлаад өмдний шуумгийг дээшлүүлээд харахад хөл нь шилбээрээ дотогшоо мурийсан байсан. Тэгээд Ж.******* найзуудаа дуудаад аймаг явсан.” гэх /хх 42-43 дугаар хуудас/,
  • Гэрч Г.*******ийн “Тэр үед би гэрийнхээ зүүн орноос босоод гадаа гараад орж ирэхэд Ж.******* болон О.******* 2 гэрт маргалдаад хэвтээгээрээ хоорондоо жийлцээд байсан. ******* нь гэнэт “хөл эвгүй болчихлоо” гэж хэлж байсан.” гэх /хх 50-51 дүгээр хуудас/,
  • Гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлээс гэрч Х.*******ийн “Би андуурсан байна, Ж.******* “хөлөө гэрт орсон хойноо эвгүй болгочихлоо” гэж хэлж байсан. Тухайн үед Ж.******* болон ******* нар нь гэрт болон гадаа хоорондоо зодолдсон. Энэ үйл явдлыг би хооронд нь солиод ярьсан байна.” гэх, /хх 54-55 дугаар хуудас/,
  • Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлээс гэрч Х.*******ийн “би өмнө мэдүүлэг өгөхдөө энэ хоёрын гэрт болон гадаа зодолдсон асуудлыг холиод ярьсан байна. тухайн үед би архи уусан байсан болохоор болсон асуудлыг сольж ойлгосон байна.” гэх /хх 59-60 дугаар хуудас/,
  • Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлээс хохирогч Ж.*******гийн “би ******* ахтай гаднаас цуг орж ирсэн. Би *******ыг барьж авахад миний хөл рүү хөлөөрөө жийсэн. Тэгээд би газар ойчсон. ******* ах бид хоёрын голоор орсон. Тэгээд ******* ах бид 2-оос холдсон. Миний хөл эвгүй болохоор нь ******* ахад хэлсэн.” гэх /хх 64-65 дугаар хуудас/,
  • Хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлээс гэрч Б.*******ын “Би *******тай тамхи татаж байгаад гэр лүү цуг орсон. Орох үед ******* зүүн орны хажууд хөлөө жийгээд сууж байсан. Тэгтэл ******* очоод *******тай зууралдаад авсан. Тэгээд тэр хоёр газар унаад хоорондоо барьцалдаад байхаар нь би салгаад голд нь суусан, тэгээд тэр хоёр миний хоёр талаас хэвтээгээрээ хэн хэн рүүгээ хөлөөрөө жийлцээд байсан. Энэ үйл явдлыг би өмнөх мэдүүлэгт хөлөө савчаад байсан гэж ярьсан.” гэх /хх 64-65 дугаар хуудас/,
  • Шинжээч эмч Т.ын “дээрх “баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” гэмтэл нь хүн өөрөө хөл дээрээ дэвхцэх үед болон хэвтэж байгаад хөлөө хатуу зүйлд савах, савчих зэрэг хөдөлгөөн үйлдлийн улмаас үүсэх боломжгүй” гэх /хх 68 дугаар хуудас/ мэдүүлгүүд,
  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 498 дугаартай “1.Ж.*******гийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 71-72 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч О.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 91-92 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022 оны ...... дүгээр сарын ......-ний өдрийн ..........дугаартай “ам бүл, оршин суух хаяг”-ийн тодорхойлолт /хх 94 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч О.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 95-96 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч О.*******ад холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 98-100 дугаар хуудас/,
  • Өмгөөлөгч Ч.Энхцэцэгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч О.*******ын гэрэл зураг зэрэг болно.

          Шүүгдэгч О.*******, хохирогч Ж.******* нар нь хавтаст хэргээс нотлох баримт судлуулаагүй болно.

1.Гэм буруугийн талаар:

Прокурорын газраас Шүүгдэгч О.*******ыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ..... дугаар баг “.....” гэх газар хохирогч Ж.*******тай нутаг, ус, бэлчээрээс маргалдан түүний хөл рүү өшиглөж эрүүл мэндэд баруун хөлийн шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт "Шүүгдэгч О.******* нь хохирогч Ж.*******тай маргалдаж түүний хөл рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулж, эрүүл мэндийг үлэмж хугацаагаар сарниулсан хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна. О.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ Ж.*******тай маргалдан түүний хөлийг өшиглөсний улмаас эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн. Мэдүүлгийн зөрүүг арилгахаар нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан. Шүүгдэгч О.******* нь би тухайн үед хөлөө савчуулсан гэж шүүх хуралдаанд хэлсэн. Мөрдөн шалган ажиллагааны явцад гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, гэрчүүдийг нүүрэлдүүлэн авсан мэдүүлгүүдээр энэ хүмүүс хоорондоо хэвтээгээр хөлөө жийлцээд байсан гэж удаа дараа мэдүүлсэн байсан. Гэрч Б.******* бүгд ижил түвшний согтууралтай байсан гэж байна. Ж.******* нь тухай үед харанхуй байсан зөвхөн зурагтын гэрэл асаалтай байсан гэж мэдүүлэг өгч байгаа нь өөрийгөө удирдах чадваргүй согтуу байсан үедээ өөртөө гэмтэл учруулсан гэдэг нь нотлогдохгүй байна. О.*******, Ж.******* нар нь бие бие рүүгээ хөлөө жийлцэж Ж.*******гийн биед гэмтэл учруулсан нь шууд гэмт хэргийн шалтгаант холбоотой байна. О.*******ын үйлдлийн улмаас Ж.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдож байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн үйлчлүүлэг О.*******ыг гэм буруугүй гэж үзэж байгаа. Гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байсан учир зарим гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан. Хэрэг болсон газар О.*******, Ж.******* Б.*******, Б.*******, ******* нар байсан. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг шууд нотлох баримт болно гэж үзэж байгаа. Гэрчээр асуугдсан *******, *******, Одхүү нар тухай хэрэг болсон газар байгаагүй бөгөөд болсон дам ярианаас сонсож мэдүүлэг өгсөн учир дамжмал нотлох баримт болно. О.*******ыг унтаж байхад Ж.******* нь чирч гаргаад биед нь тодорхой хэмжээний гэмтэл учруулсан. Гаднаас О.*******ыг гэрт ороход араас нь орж дахин зодох гэсэн үйлдэл хийж агсам тавьсан үйлдэл гаргасан. О.*******ын санаатай болон буруутай үйлдлээс болж Ж.*******гийн хөл нь хугарсан гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Ж.******* нь 3 удаа мэдүүлэг өгөхөд мэдүүлгүүд нь хоорондоо зөрдөг. Эхлээд О.******* нь намайг гадаа байхад өшиглөөд хугалсан. Мөн 2 удаа хөл дээр дэвсээд хугалсан, гэрт дотор намайг байхад хөлөөрөө жийгээд миний хөлийг хугалсан гэж мэдүүлэг өгсөн байсан. Бусад гэрч нарт болохоор мотоциклоос унасан гэж аав ээжид хэлээрэй гэдэг. Ж.******* салгаад байхад удаа дараа агсам тавьж буруутай үйлдэл гаргасан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Гэрч Б.*******, Б.******* нар Ж.******* О.*******тай муудаж, харилцан бие бие рүүгээ өшиглөсөн талаар хэлдэг. Шүүх хурал дээр энэ талаараа хэлдэг. Гэрч ******* нь гадаа хөл нь хугарсан түшээд гэр лүү оруулсан гэдэг. Гэрч нарын нүүрэлдүүлсэн мэдүүлгээр зөрүү нь гарч гэрт хөл нь гэмтсэн гэдэг. Ж.******* нь намайг заамдаж байхад хөлөөрөө жийсэн гэдэг. Ж.*******д 2 гэмтэл гарсан буюу 2 хугарал гарсан. Нэг удаагийн үйлчлэлээр 2 удаа хугарах нь эргэлзээтэй. Энэ гэмтэл О.*******ын санаатай үйлдлээр үйлдэгдсэн эсэх нь эргэлзээтэй. Шинжээч эмч хөлөө савчихад хөл хугарахгүй гэж мэдүүлэг өгсөн боловч яг мохоо зүйлээс болсон гэдгээ тайлбарлаж өгөөгүй. Ясны 2 хугарал байхад яагаад нэг удаагийн үйлчлэлээр хугарсан талаар тайлбар өгч чадаагүй. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлд “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”  гэж заасан байгаа. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар санаатайгаар О.******* нь Ж.*******гийн хөлийг хугалъя гээд хугалсан зүйл үнэхээр тогтоогдохгүй байгаа. Тэгэхээр хууль хэрэглээн дээр анхаарч үзэх зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэргийг хэн үйлдсэн, хэрэгт бүртгэл мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй тогтоовол зохих асуудлуудыг заасан. Үүнд хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэр, санаа зорилго, гэм буруутныг зайлшгүй тогтоох ёстой гэж заасан байгаа. Гэтэл Ж.*******гийн хөлийг О.******* нь хугалсан нь тогтоогдохгүй байгаа. Мөн гэм буруугийн хэлбэр нь тогтоогдоогүй. О.*******ыг санаатайгаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.*******ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдлээс болсон. Хэт согтуурч өөрийгөө хянах чадвараа алдаж, бусдад агсам, согтуу тавьж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, өөрийгөө хянах чадваргүйгээс болж өөртөө гэмт учруулсан” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгч О.******* “Манайх 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр унагаа тамгалсан. Аймгаас ирсэн хүмүүс явсан. Манайд ганц, хоёр шил архи үлдсэн байсан. Үлдсэн архийг ******* бид 3 хувааж уусан. Хамгийн сүүлд үлдсэн архийг *******, Ж.******* нар ихэнхийг нь уусан. Нэг архийг нь ******* ахынд авч очсон. Би очоод шууд унтаад өгсөн. Ж.******* нь намайг ална, зодно гээд ярьж байсан. Нутаг уснаас болж маргалдсан зүйл байхгүй. Зун морины давхил хийхэд унаж байсан хүүхдээрээ яагаад унуулаагүй юм бэ? адилхан морь унадаг хүүхэд гэж хэлсэнд Ж.******* нь гомдсон шиг байна лээ. Үүнээс болж бид хоёр маргалдсан. Намайг унтаж байхад шууд чирч гаргаад зодсон. Би Ж.*******тай зодолдоогүй, би дийлэхгүй. Миний цээжинд цохиод байсан. Б.******* бид хоёрыг салгасан. Намайг орж ирээд хэвтэхэд хутга хайгаад хадамтай нь цуг ална гээд яваад байсан. ******* бид хоёрын голд байхад Ж.******* нь дэвхцээд, хөлөө савчиж байснаа гэнэт хөл эвгүй боллоо гэж хэлсэн, би *******гийн хөлийг хугалаагүй, би гэм буруугүй гэж маргасан.

1.1 Хэргийг нотлох нотолгооны баримтын тухайд:

  • Хохирогч Ж.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Унагаа тамгалаад бид нар *******ийнд очсон нь үнэн. О.******* нь “танайх Амраагийн худгаас хөөгдвөл намайг гуйх нь тодорхой” гэж хэлсэн. Үүнээс болж бид хоёрын муудах шалтгаан эхэлсэн. О.******* унтаагүй хэвтэж байсан. Гадаа гараад муудахад хүмүүс гарч ирээд салгасан. О.******* зүүн баганын хажууд ор налаад сууж байсан. Би араас нь орж ирээд бариад авахад шууд намайг өшиглөсөн. Тэгээд би хөл хугарчихлаа гээд ******* эгчээр гутлаа тайлуулсан.” гэх
  •  Гэрч Г.*******ын “*******тай маргалдсан гэдгийг нь хүүгийн найзууд болох У.Одхүү, Э.******* надад мөн хэлсэн. 2022 оны 08 дугаар сарын 05-ны орой манай хүү ******* *******тай маргалдсаны дараа Одхүү, ******* гэх хоёр найз руугаа залгаад “би “Энх-Амар”-т хөлөө хугалчихлаа хүрч ирээд намайг ав” гэж хэлсэн гэдэг. Тэгээд хамт явж байхдаа тэр 2-т “******* миний хөлийг хугалсан” гэж ярьсан талаар 2 найз нь надад хэлсэн” гэх
  • Гэрч М.*******ийн “Одхүү бид хоёрыг очиход “Энх-Амар” гэх газарт байдаг худгийн баруун хойно ******* гэх айлынд ******* нь байсан. Тэгээд бид хоёр *******г машиндаа суулгаад худаг дээр очоод *******гаас юу болсон талаар асуухад ******* нь “Би *******тай адуу мал, бэлчээрээсээ болж муудсан, Галаа миний хөлөн дээр дэвсээд миний хөлийг хугалсан” гэж хэлж байсан. Тухайн үед *******гийн хөлийг харахад нэлээн хавантай, шилбээрээ мурийлттай байсан. Тэгээд Одхүүгийн машинд нь суулгаад аймаг руу явуулсан...” гэх,

-Гэрч Б.*******гийн “2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ******* нь манай нөхөр лүү залгаад “хүмүүстэй муудчихлаа” гэсэн. Тэгээд би нөхрийн хамт “Энх-Амар” гэх газарт явж байхад ******* мотоциклтойгоо ирж байсан. Тэгээд бид гурав ******* руу хамт очиход ******* нь ******* гэх айлынхаас түшүүлээд гарч ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад “*******ад цохиулаад хөлөө хугалчих шиг боллоо, гишгэж чадахгүй байна” гэж байсан. Тэгээд бид гурав *******г аваад явсан. Аймаг руу явах замд ******* “*******тай муудаад ******* хөл рүү нь өшиглөөд байсан, хөл хугарлаа гээд хэлээд байхад болихгүй өшиглөөд байсан” гэж  байсан. Тухайн үед мориноос болж хоорондоо маргалдсан гэж байсан. Аймагт ирээд *******г аймгийн нэгдсэн эмнэлэг дээр авчраад хөлийг нь боолгоод гэрт нь хүргэж өгсөн.” гэх

  • Гэрч У.Одхүүгийн “Тухайн өдрийн орой 01 цагийн үед манай найз Ж.******* нь над руу залгаад “би хүнд зодуулчихлаа, хүрээд ир” гээд “Энх-Амар” гэх газар намайг дуудсан. Тэгээд намайг очиход Ж.******* нь хөлөө хугалчихсан нэг айлд сууж байсан. Тэгээд би Ж.*******гаас “яагаад хөлөө хугалсан, юу болсон юм” гэж асуухад “О.*******ад зодуулчихлаа” гэж хэлж байсан. Тэгээд би Ж.*******г машиндаа суулгаад аймаг руу хүргэж ирээд шууд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үзүүлж хөлд нь боолт хийлгүүлээд ахынд нь хүргэж өгөөд явсан.” гэх
  • Гэрч Б.*******ын  “2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн үед *******ынх унагаа тамгалсан. Унагаа тамгалахад нь манай тэр хавын нутгийн хүмүүс байсан. Орой 19 цагийн үед *******, ******* ******* гурав ******* ахын гэр лүү явсан. ... Харин би ******* ахын гэрт баруун орон дээр хэвтээд хэсэг зүүрмэглэсэн байсан. Тэгтэл гэнэт чимээ гарахаар нь сэрээд харахад ******* ахын эхнэр нь “******* *******ыг чирээд гарлаа” гэхээр нь би араас нь гарахад ******* тэр хоёрыг салгаад зогсож байсан. Тэгээд ******* нь *******тай хэсэг маргалдаж байгаад ******* гэр лүү орсон. Харин ******* надтай гэрийн гадаа тамхи татаж байгаад гэр лүү орсон. Ороход ******* нь гэрт орон дээр хэвтэж байсан. Ж.******* орж ирээд татаж буулгаад шалан дээр хоорондоо хэвтээгээрээ нэг нэг рүүгээ өшигчөөд байсан.” гэх
  • Гэрч Б.*******гийн “Тухайн орой 19 цагийн үед О.*******, Ж.*******, Гэрэл-Од нар унага тамгалсан гээд манайд согтуу ирцгээсэн. Тухайн үед энэ гурав манай ирэхдээ Хараа нэртэй 0.5 литрийн архитай ирсэн. Тэр архиа ууж байгаад О.******* нь манай гэрийн зүүн орон дээр унтахаар хэвтсэн. Тэгээд гэнэт  Ж.******* нь “энэ мууг би ална гээд *******ыг унтаж байхад нь орноос татаж босгоод гэрээс гарч гэрийн гадаа тэр хоёр муудаад байсан. Тэр үед ******* *******г болиулах гээд “чи хүн аллаа шүү дээ” гэхэд ******* “би ална гээд ******* руу дайраад байсан. ******* тэр хоёрыг салгаад ******* нь гэрт орж ирээд орон дээр хэвттэл Ж.******* нь араас орж ирээд татаж буулгаад шалан дээр хоорондоо хэвтээгээрээ нэг нэг рүүгээ өшигчөөд байсан. Тэгсэн Ж.******* нь гэнэт “хөл эвгүй болчихлоо” гэж байсан. Тэр үед гутлын тайлаад хартал баруун хөл нь хавдсан байсан.” гэх
  • Гэрч Х.*******ийн “******* унтаж байсан *******ыг татаж босгоод гэрээс чирээд авч гарсан. Тэр хоёр гадаа гараад дээр доороо ороод харилцан зодолдоод байсан. Тэгээд хэсэг байж байгаад О.******* гэр лүү орсон. Би Ж.*******г архи нь гарсан байх гэр лүү оруулъя гээд гарч очиход Ж.*******  надад “миний хөл хугарчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед “******* ахтай зодолдож байгаад хугаллаа” гэж хэлсэн. ...баруун хөлийнх нь  гутлыг тайлаад өмдний шуумгийг дээшлүүлээд харахад хөл нь шилбээрээ дотогшоо мурийсан байсан. Тэгээд Ж.******* найзуудаа дуудаад аймаг явсан.” гэх
  • Гэрч Г.*******ийн “Тэр үед би гэрийнхээ зүүн орноос босоод гадаа гараад орж ирэхэд Ж.******* болон О.******* 2 гэрт маргалдаад хэвтээгээрээ хоорондоо жийлцээд байсан. ******* нь гэнэт “хөл эвгүй болчихлоо” гэж хэлж байсан.” гэх

Шинжээч эмч Т.ын “дээрх “баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал” гэмтэл нь хүн өөрөө хөл дээрээ дэвхцэх үед болон хэвтэж байгаад хөлөө хатуу зүйлд савах, савчих зэрэг хөдөлгөөн үйлдлийн улмаас үүсэх боломжгүй” гэх  мэдүүлгүүд болон Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 498 дугаартай “1.Ж.*******гийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч О.*******ын “би *******гийн хөлийг хугалаагүй, би гэм буруугүй” гэж мэдүүлж байгаа нь үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

    1. . Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хүндэвтэр гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан буюу ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

 Тодруулбал, шүүгдэгч О.******* нь хохирогч Ж.*******гийн баруун хөл рүү хөлөөрөө жийж өшиглөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, эрүүл мэндийг үлэмж хугацаагаар сарниулсан хор уршиг учруулсан нь гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.

1.2.2. Шүүгдэгч О.******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

1.2.3. Прокуророос шүүгдэгч О.*******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч О.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасан хөнгөрүүлэх  нөхцөл байдал бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            2.1. Шүүгдэгч О.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас түүнд “Шүүгдэгч О.******* нь гэмт хэрэг үйлдсэн өөрийн үйлдэлдээ гэмшиж өөртөө цаашид дүгнэлт хийхгүй байгаа, хохирогчид хохирол төлбөр барагдуулаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч О.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.  Энэ хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүй тул эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болно. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхцэцэгээс “О.******* нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Миний үйлчлүүлэгч анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Иймд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч О.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял шийтгэхээр тогтоож, түүнд оногдуулсан торгуулийн хэмжээ, шүүгдэгчийн мал аж ахуй эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

  1. Хохирол, хор уршгийн талаар

3.1 Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.******* нь хохирогч Ж.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогч Ж.******* “би гомдолтой байна, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй болно.

  Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.*******гийн өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй  гэж үзлээ.

3.2 Хохирогч Ж.******* нь өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотойгоор эмнэлгээс 1,667,100 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж зааснаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,667,100 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

  1. Бусад асуудлаар:

Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.6 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.*******ад оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч О.*******ад шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч О.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хохирогч Ж.*******гийн эмчилгээний зардалд 1,667,100 төгрөг нэхэмжилснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******аас гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ