| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Алтаннавч |
| Хэргийн индекс | 174/2023/0019/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/19 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2330000000002 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны .... дугаар сарын ....-ний өдөр .......... аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ......... аймгийн ......... сумын .... дүгээр баг “....” хорооллын задгай тоотод оршин суух,
урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын ....-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, Н овогт Б-ын Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын .......... дүгээр багийн нутагт “.................” гэх газарт хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун бугалга, зүүн мөрөнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн мөрөнд няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө *******гийнд очоод 3 том пиво уусан. *******гийн найз охин сум руу дөхөж бууя гэж хэлээд, миний машинд суусан. Тэгээд ******* бид хоёр маргалдсан. Маргааш өглөө нь *******гаас уучлалт гуйсан.” гэв.
Эрүүгийн 2330000000002 дугаартай хэргээс:
- Хохирогч *******гийн “******* нь сая хөдлөөд явдаг машинд ******* явсан байхаа” гэхээр нь би тухайн хүмүүсийн араас мотоциклтойгоо очиход манай найз охин *******ын машины жолооч талын арын суудлаас бууж ирсэн, жолоочийн эсрэг талын хойд хаалгыг онгойлгоод “Ах нар найз охин аваад явсан байна, арай л муухай хандаад байна. Манай найз охиныг яах гэж авч явсан юм” гээд тухайн гурван хүнээс асуухад надад хэлэхдээ “танай найз охин чинь бид нарын машинд өөрөө суусан. Сумын төв рүү юм уу, аймгийн төв рүү хүргээд өг гэхээр нь авч авсан талаар хэлсэн. Тэгэхэд Болдбаяр машинаасаа буугаад “чи намайг эхнэртэйгээ хардлаа” ухааны юм яриад намайг цохиж зодсон. Би зууралдаж байгаад нэг л удаа алгадсан байх. Тэгэхдээ хүчтэй алгадаж чадаагүй. Тэгээд хамт байсан хүмүүс салгасан.” гэх /хх 8-9 дүгээр хуудас/,
- Гэрч *******ийн “******* гэх ах манай найз залуу *******г зодсон. Би машинд сууж байсан учраас машинаасаа буугаагүй. Бид машиндаа суугаад хөдлөөд нөгөө залуу араас дагаад байхаар нь хөдөө дэрсэнд машиндаа унтсан. Өглөө 06 цаг өнгөрч байхад ******* гэр лүү очиход машиндаа байж байгаа харагдсан. Маргааш өглөө нь харахад *******гийн баруун нүд хөхөрсөн хоёр гараас нь хазсан уруул нь язарсан хүзүү нь маажуулсан байсан. /хх 16-17 дугаар хуудас/,
- Гэрч О.Оюундарийн “Би Алтангэрэл болон хоёр танихгүй ахтай машинтай араас нь яваад очтол Болдбаярын машинаас Зулцэцэг бууж ирээд машинд суусан. Харин *******г ******* гэх залуу зодоод байсан. Бид нар машинтайгаа цуг *******г суулгаад зугтаагаад дэрсэнд нуугдаад машиндаа хоносон.” гэх /хх 20-21 дүгээр хуудас/,
- Гэрч *******ын “Эрдэнэсүх гэх залуу “хөгшөөн машин чинь явах гэж байна” гэхээр нь гарч ирэхэд *******гийн найз хүүхэн гэх эмэгтэй уйлаад зогсож байсан. “Та нар сумын төв явах гэж байгаа юм уу, би сум руу явъя, та аймаг явах унаа олоод өгөх юм байгаа биз дээ” гээд тухайн эмэгтэй машинд суугаад явсан. Машиныг Мягмардаш жолоодоод би хажууд нь суугаад, арын суудалд *******гийн найз хүүхэн, ******* хоёр сууж явсан. Ойролцоогоор 5-6 километр яваад зогсож нэг пиво уусан. Удалгүй араас ******* мотоциклтой ирсэн. Тухайн эмэгтэй машинаас буугаад өөр машин руу суусан. Машинаас буугаад *******, *******тай муудалцаад байсан. Мягмардаш буугаад хориод байсан.” гэх /хх 24-25 дугаар хуудас/,
- Гэрч *******ийн “*******гийн эхнэр гэх эмэгтэй машин ирэнгүүт буугаад Алтангэрэлийн машин руу суусан. ******* мотоциклоосоо бууж ирээд ******* машинаасаа буугаад тэр хоёр хоорондоо зууралдаад, ноцолдоод байсан. ******* бид хоёр *******, ******* хоёрыг салгасан. Болдбаяр *******г нүүрэн тус газар нь хоёр цохисон байх. Өөр хүнтэй муудалцаагүй.” гэх /хх 28-29 дүгээр хуудас/ мэдүүлгүүд,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаартай “1. *******гийн биед баруун нүдний алимын салстад цус харвалт, баруун бугалга, зүүн мөрөнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 37-38 дугаар хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ..... дүгээр багийн нутагт “............” гэх газарт хохирогч *******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун бугалга, зүүн мөрөнд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн мөрөнд няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч *******, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 595 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч *******д үзлэг хийсэн сумын эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
1.2.1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт: бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл энэ хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэж буй үйлдлийг ойлгохоор хуульчилсан.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн баруун нүд рүү гараараа цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулж, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хор уршиг бүхий гэмт үйлдэл болон үр дагаврын хоорондох шалтгаант холбоог бүрдүүлж байна.
1.2.2. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
1.2.3. Прокуророос шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.1. Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авч, түүнийг “500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял” оногдуулах санал гарган тохиролцож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзлээ.
2.2. Шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг түүний хувиараа мал аж ахуй эрхэлдэг, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон болно.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг ойлгоно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх /хх 92/ зүйлгүй талаараа хүсэлт гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь өөрт учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад хохирол, зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт хавсаргагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.5, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогтой Б-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй буюу шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАННАВЧ