Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

 

 

 

 

 

 

 

 

2023  оны  01 сарын  18  өдөр

Дугаар  2023/ШЦТ/21

Баруун-Урт сум

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2230003460334 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ..... аймгийн .... сумын .... дугаар баг “.....” гэх газарт нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  Т овогт Б-гийн Д 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-26-ны өдрийн хооронд Ч.*******гийн эзэмшлийн өвөлжөөний блокон хашааг нурааж, 230 ширхэг блокийг өөрийн өмчлөлийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, өөрийн өвөлжөө рүү зөөвөрлөж, 460,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй”  гэв.     

Эрүүгийн 2230003460334 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Б.******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “Би 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эхнэрийн хамт өөрийн эзэмшлийн “Bongo 3” маркийн 67-57 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гэрээсээ зүүн хойшоо “Улаан-Өндөр” гэх газар луу айлаас бух авахаар явж байгаад буруу замаар ороод төөрсөн. Тэгээд явж байгаад нэг айлын өвөлжөө рүү очиход айл нь отор хийгээд нүүгээд явсан бололтой хагас нурсан барилга  байсан. Тэр үед би отор хийгээд үлдээсэн айлын хэрэггүй барилга байх гэж бодоод тэр барилгыг нураагаад, өөрийнхөө машины тэвшинд 100 гаруй блок ачаад өөрийнхөө өвөлжөө байдаг “Хүйсийн хойд хонхор” гэх газарт буулгасан. Тэгээд эхнэрээ гэртээ буулгачхаад дүү А.*******г суулгаад буцаж тэр барилга дээр очоод дахин 100 гаруй блокийг ачиж өвөлжөөн дээрээ буулгасан.

Би хохирогч Ч.*******гийн хохирлыг барагдуулж 2,000,000 төгрөг өгсөн.” гэх /хх 71-73 дугаар хуудас/,

  • Хохирогч Ч.*******гийн “Манай өвөлжөөнд байсан блокоор барьсан хашааг нураагаад блокийг нь аваад явсан байна. Тухайн хашааг 2019 онд барьж байсан. Миний тооцоогоор манай хашаанаас 300 блок алга болсон байна.” /хх 24-25 дугаар хуудас/,

- Гэрч Д.*******гийн “2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн үед нөхөр Б.*******гийн хамт ..... улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* гэх айлаас бух авахаар явж байгаад буруу замаар явсан. Тэгээд ******* гэх айлаа олохгүй “*******” гэх газрын зүүн талд явж байхад блокоор барьсан хашаа байсан. Тэгсэн чинь манай нөхөр Б.******* “тухайн хашааны эзэнтэй би наймаа хийсэн. Хоёулаа ойрхон ирсэн дээрээ энэ хашааны блокийг ачаад явъя” гэхээр нь би “үнэн юм уу” гэхэд “үнэн” гэж хэлэхээр нь би “тэгье” гээд бид хоёр тухайн хашааг нураагаад машиндаа нэг дүүрэн ачаад өөрийнхөө өвөлжөө болох “Мөнххаан” уулын ард өвөлжөөнд буулгасан. Орой 21 цаг болж байсан. Тэгээд тэндээс хөдлөөд өөрийнхөө гэрээр ороод өөрийн төрсөн дүү А.*******г аваад бид гурав тухайн хашаа байсан газар луу очоод машиндаа блокийг нь ачаад өвөлжөөндөө буулгасан. Тухайн хашааны блокоос 2 удаа өөрийнхөө машинаар зөөсөн.” гэх /хх 32-33 дугаар хуудас/,

- Гэрч А.*******ы “2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн үед гэртээ Б.*******гийн гэрт байхад Б.******* ах, Д.******* эгч хоёр ирээд “Б.******* ах бид хоёртой цуг яваад блок ачилцаад өгчих, би хүнээс блок худалдаж авсан юм” гэхээр нь би машинд нь суугаад нэг хашаа руу очоод бид гурав блок ачаад “Мөнххаан” уулын ар талд Б.******* ахын өвөлжөөнд буулгасан. Тэгээд тэндээсээ гэртээ очиж унтсан. Тэгээд би өөрийн эгч Д.Чимэгээтэй цуг тухайн блокоор хашааг нь барилцаж өгсөн.” гэх /хх 36-37 дугаар хуудас/ мэдүүлгүүд,

- Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №2202418 дугаартай “230 ширхэг блокны зах зээлийн үнэ 460,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх 49-58 дугаар хуудас/,

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7 дугаар хуудас/,
  • Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл / хх 8 дугаар хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх 10-15 дугаар хуудас/,
  • Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 18 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.*******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт /хх 74-75 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.*******д холбогдох Захиргааны зөрчлийн шийдвэрлэлт бүртгэл /хх 77-79 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2022 оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай “Б.*******гийн ам бүл, оршин суух хаяг”-ийн тодорхойлолт /хх 81 дүгээр хуудас/
  • Шүүгдэгч Б.*******гийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх 83 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.*******гаас ............ дугаарын данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга /84 дүгээр хуудас/,

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

  • Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-26-ны өдрийн хооронд Ч.*******гийн эзэмшлийн өвөлжөөний блок нь хашааг нурааж, 230 ширхэг блокийг өөрийн өмчлөлийн 67-57 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, өөрийн өвөлжөө рүү зөөвөрлөж, 460,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ч.*******, гэрч Д.*******, А.******* нарын мэдүүлэг, Хөрөнгө үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №2202418 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл,  Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.2 Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд “Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд тусгайлан зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн ........... улсын дугаартай “KIA Bongo” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Ч.*******гийн эзэмшлийн өвөлжөөний блок нь хашааг нурааж, 230 ширхэг блокийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, өөрийн өвөлжөө рүү зөөвөрлөснөөр хулгайлах гэмт хэрэг төгссөн.

1.2.2. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Б.*******г эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор машин механизм ашигласан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.*******г учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

2.1. Шүүгдэгч Б.*******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан гэмт хэрэг бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн “KIA Bongo” маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах саналтай байна. Шүүгдэгч Б.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.” гэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр “Шүүгдэгч Б.*******гийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогчид 2,000,000 төгрөг нөхөн төлсөн. Ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт хөдөө мал маллаж амьдардаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүгдэгч Б.******* нь хүнд гэмт хэрэг үйлдсэн хэдий ч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогч Ч.*******гийн эд хөрөнгөд санаатай учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн ба шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар

4.1. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл байхгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болно.

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.******* нь өөрийн эзэмшлийн “KIA Bongo” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан гэмт хэргийг үйлдсэн.

Иймд Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрх тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.  

Шүүх шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “KIA Bongo” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б-гийн Д-г учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.*******г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн “KIA Bongo” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг тээврийн хэрэгслийг  битүүмжилсэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дугаартай Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАННАВЧ