Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0003 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/140

 

 

 

 

         2023          02         17                                    2023/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Шийтэрчулуун,

хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Б-н Г-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсолтой, мэргэжилгүй, “***” ХХК-д ** ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт  Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Б-н Г /регистрийн дугаар ***/.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-ны орой Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*” нэртэй караокед хохирогч Г.Н-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч руу шилэн аяга авч шидэн нүүрэн тус газарт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийн яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 06-ны орой Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*” нэртэй караокед хохирогч Г.Н-той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч руу шилэн аяга авч шидэн нүүрэн тус газарт нь онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Г-гийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Тухайн өдөр бид нар А эгчийн төрсөн өдрийг тэмдэглэхээр гараад “**” гэх нэртэй караокед орсон. Ороод Н бид хоёр маргалдаад тухайн үйл явдал хурдан болж өнгөрсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Н-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр А гэх эгчийн төрсөн өдөр болоод ажлын найзуудаараа нийлээд манай ажил дээр суусан. Э гэх хүний дүүд картаа өгөөд архи авчруулаад манай ажил дээр нэг шил архи уусан. Караоке ороод 1 цаг дуулна гэж байсан ч 2 цаг хийлгэсэн. Г бид хоёрын хооронд ажлын талаар үл ойлголцох зүйл байсан. Тухайн өдөр Аийн төрсөн өдрийг далимдуулан Г-тай эвлэрэх гэж гарсан. Г халчихаад “би энэ байгууллагад олон жил ажиллаж байгаа, чиний ганц хүүхэд юу юм бэ, би 3 хүүхэдтэй ч баярын өдөр ажлаа хийдэг” гэж хэлсэн. Мөн Г доогуураа жийгээд байсан учир би бас эргүүлж жийж байтал шилэн аяга авч шидсэн...” гэх мэдүүлэг,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 7-12 дахь тал/,

  • Хохирогч Г.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “** гэх нэртэй караокед 18 цагийн үед ажлын хүн болох Б.Г болон бусад 4 хүний хамт үйлчлүүлсэн. Г бид хоёрын дунд бага зэргийн үл ойлголцол үүсээд маргалдсан. Тэгээд Г миний нүүр рүү стакан авч шидсэн. Тэр стакан нь миний нүүрэн дээр хагарч миний нүүрийг зүссэн. Тухайн үед бид нар бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Гэхдээ Г бид нараас илүү согтолттой байсан. Би нүүрэндээ 10 оёдол хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

  • Гэрч Э.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 

“...Бид нар Модны хоёрын “*” нэртэй караоке орж 2 цаг авсан. Дотор ороод 2 шил 0.75 граммын хэмжээтэй архи авсан. Тэгээд би бие засаад ороод ирсэн чинь Г, Н хоёр хоорондоо маргалдаад байж байсан. Бид нар тэр хоёрыг боль гэж хэлээд хоёр талд нь сууж байсан... Би Г, Н хоёрын дунд нь сууж байсан. Н хөлөө савчуулж байхдаа санамсаргүй миний нүүр рүү өшиглөсөн. Би нүүрээ хоёр гараараа дараад хэсэг зуур манарсан. Тэгээд нэг хартал Ны нүүрнээс цус гарч байсан. Би яасан, юу болсон бэ гэхэд Н, Г эгч над руу юм шидсэн гээд орилоод байсан. Удалгүй цагдаа, 103 ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- Гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 16 цаг 30 минутын үед би Г, Н хоёрын ажлын газрын захирал Оюунчимэгтэй уулзах гэж очсон. Гэтэл манай найзууд болох Г, Н, Б, А, З нар Г-н ажлын үүдний өрөөнд архи уугаад сууж байсан. Тэндээс 17 цаг 30 минутын үед караоке орсон. Тэгээд 1 шил 0.75 граммын хэмжээтэй архи авч уусан. Тэрийгээ ууж дуусгаад дахиад нэг шил 0.75 граммын хэмжээтэй архи авсан байсан, хэн авсныг нь би мэдээгүй. Тэгээд А, Б бид гурав бие засаад ороод ирсэн чинь Г, Н хоёр хоорондоо маргалдаад байж байсан. А Г-н хажууд суугаад, би Н-ны хажууд суугаад энэ хоёрыг маргалдахаа боль гэж хэлээд сууж байсан. Гэтэл тэр хоёр бие бие рүүгээ дайраад байсан. Н А-г “та яагаад Г-г өмөөрөөд байгаа юм бэ” гэж орилж байсан. Н хэнийг өшиглөх гэж байсныг нь мэдэхгүй ямар ч байсан Аийн нүүр рүү өшиглөсөн. А нүүрээ дараад буйдан дээр суусан. Миний бодлоор Б архины шил, хундага хурааж байсан. Г-тай Н маргалдаж байсан болохоор би Г-г шилэн аяга шидсэн байх гэж бодож байна. Зулаа тэр үед түр гарсан байсан. Тэгээд Н-ны нүүрнээс цус гараад байсан. Тэр үед караокены ажилчид орж ирэхээр нь түргэн дуудаарай гэж хэлээд нойлын цаасаар Ны духан дээр дарж өгсөн. Удалгүй эмч, цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

  • Гэрч Ц.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би ***” ХХК-д зөвлөх ажил хийдэг. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хамт ажилдаг А эгчийн төрсөн өдөр болоод Н, Г эгч бид 3 дэлгүүрээс торт, пицца аваад ажил руу орсон. Тэгээд бид 4 төрсөн өдөр тэмдэглэж байхад гаднаас Б эгч орж ирээд хамт тэмдэглэсэн. Ажлын цаг тарахыг дөхүүлж байгаад бид нар 18 цагийн үед Модны хоёрт байрлах “**” нэртэй караоке орсон... Намайг нойл орчихоод гараад ирсэн чинь Г, А, Н, Б, Б нар ирэх цагаан сарын амралт ярилцаад сууж байсан. Би хэсэг сууж байгаад дотор муухай оргиод нойл орох гэсэн чинь эгч нар бөөнөөрөө нойл орно гээд орсон. Нэг гараад ирсэн чинь Г, Н эгч хоёр хоорондоо маргалдаад байсан. Н эгчийн талд Б, Г эгчийн талд Б эгч тэр хоёрын голд нь А эгч суусан. Тэр хоёрыг битгий муудалцаад бай гэж хэлж байсан. Н эгч А-ийг “Г-г өмөөрлөө” гээд тэр хоёр руу дайраад байсан. Г эгч уурлаад босохоор нь би татаж суулгаад Н эгчийг нөгөө хоёр татаж суулгаад эргээд харсан чинь Н эгчийн нүүрнээс нь цус гарч байсан. Би Г эгчийг аваад нойлын өрөө орсон. Би нойл ороод “та яасан юм” гэж асуухад “би Н-г цохиогүй тэр өөрөө л над руу уурлаад дайраад байсан...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

  • Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр

сарын 11-ний өдрийн *** дугаартай “...Г.Н-гийн биед хамрын таславчийн мурийлт, нүүрэнд олон тооны зүсэгдсэн шарх, баруун бугалга, зүүн шуунд зулгаралт, дух, хамар, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шархнууд нь ир ирмэгтэй, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

  • Шинжээч эмч С.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Зүсэгдсэн шархнууд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хамрын таславч дангаараа хөнгөн зэрэгт хамаарна, хоёр шууны зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хамрын таславчийн мурийлт зөөлөн эдийн няцралт дангаараа хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

Шүүгдэгч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр найз А, Б,  Б, Э, Н нарын хамтаар найз А-ийн төрсөн өдрийг тэмдэглээд Баянгол дүүргийн ** дугаар хороо, “**” нэртэй караокед 18 цагийн үед орж 0.75 граммын хэмжээтэй архи согтууруулах ундаа хэрэглэж, дуулж суусан. Тэгээд байж байсан чинь Н “би танд гомдоод байна, амралтгүй шахуу ажиллаж байгаа учраас хааяа амарч баймаар байна” гэсэн утгатай үг хэлж намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Бид хоёрыг маргалдаж байхад А намайг өмөөрөөд Н-д хэдэн үг хэлсэн чинь Н А бид хоёр руу дайрч эхэлсэн. Тэгээд хөлөөрөө өшиглөх гэхэд нь хамт байсан найзууд болиулж байсан. Н над pуу дайраад байхад Б араас нь татаад болиулж байсан ба намайг А эгч та хоёр болио гээд хорьж байсан. Н намайг хөлөөрөө жийгээд байхаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан шилэн аягыг авч Н-ы сууж байсан хана руу шидсэн. Н миний дээрээс дэвсээд байхаар нь нүдээ нээгээд харсан чинь Н-ы нүүрнээс нь цус гарч байсан. Тэгээд би миний шидсэн шилэн аяганд оногдсон байна гэж ойлгосон. Гэтэл караокены үйлчлэгч хүмүүс орж ирсэн ба цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

Шүүгдэгч Б.Г-гийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Г-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Г.Н-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Г энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.957.290 /хоёр сая есөн зуун тавин долоон мянга хоёр зуун ерэн/ төгрөгийг хохирогч Г.Н--д нөхөн төлсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан баримтын хүрээнд шүүгдэгчээс 121.000 /нэг зуун хорин нэгэн мянган/ төгрөг гаргуулж хохирогч Г.Н-д олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Г.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Г-гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш овогт Б-н Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар Б.Г--д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г-гаас нийт 121.000 /нэг зуун хорин нэгэн мянган/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Н-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Г.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Гс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидийг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ