Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/159

 

 

 

 

    2023          03          02                                    2023/ШЦТ/159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч С.Бичинхүү,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-н Б-д холбогдох эрүүгийн ***** дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн *** суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ***ажилтай гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, ** тоотод оршин суудаг гэх, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, Б овогт Г-н Б-, /Регистрийн дугаар ***/.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “**” зочид буудалд иргэн Д.Б-н эзэмшлийн “**” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 950000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-н хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үеэл Баттогтохтой хамт пиво ууж байгаад Баянгол дүүргийн * дугаар хороо буюу 10 дугаар хорооллын орчим “М” зочид буудалд орж уусан. 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө унтаж байгаад сэрээд өдөр нь шар тайлах гээд дахиад пиво авахаар такси барих гээд зогсож байхад хар өнгийн “С” маркийн машин зогссон. Дотор нь ороод суусан чинь 20-25 орчим насны 2 залуу байсан. Бид 3 замдаа танилцаад дэлгүүр орж пиво аваад Б гэх залууд картаа өгөөд “АТМ” оруулсан. Тэгээд буцаад буудалдаа очоод Б, С гэх 2 залуутай ууж байгаад тэр 2 залууг явуулчихаад унтаад өглөө сэрэхэд миний гар утас алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.С-н гэрчээр өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэртээ амраад байж байсан чинь танил найз Б “би гэртээ унтаж чадахгүй байна, манай гэрийнхэн архи уугаад байна, гадуур жаахан хамт явах боломж байна уу” гэж хэлэхээр нь ахынхаа “*” маркийн ** улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй гэрийнх нь ойролцоо очсон. Бид 2 таксинд явж байсан чинь 10 дугаар хорооллын орчмоос нэг эрэгтэй гар өргөөд суусан. Тэгээд хороолол орж дэлгүүр ороод пиво авсан. Замаараа мөнгө аваад 10 дугаар хорооллын нэг буудлын гадаа очсон. Такси барьсан ах “хоёр дүү хамт орж жаахан суух уу” гэж хэлэхэд нь бид хоёр өрөөнд нь дагаж орсон. Өрөөнд нэг эгч байсан. Тэгээд нөгөө ах пиво өгөхөөр нь би уугаагүй, Б уусан. Удалгүй бид хоёрыг “гэртээ харьцгаа ахын дүү нар, ах нь жаахан согтуу байна, амарлаа” гэж хэлсэн. Өрөөнд сууж байхад Б “хөөе утсыг нь авчих уу” гэж 2 удаа асуухаар нь “яах гээд байгаа юм” гэж хэлсэн чинь чимээгүй болсон. Би гадаа гараад “чи утсыг нь аваагүй биз дээ, утсыг нь оруулаад тавьчих” гэж хэлсэн чинь буцаж ороод цэнэглэгчийг нь аваад гараад ирсэн. Тэгэхээр нь би “чи яах гээд байгаа юм бэ, буцаагаад тавь, дараа нь наадах чинь лай болно шүү” гэж хэлсэн чинь зүгээрээ зүгээр гээд үнэмлэх бичиг баримтыг нь оруулж тавьчихаад гарч ирсэн. Машинд суугаад би наад утасны асуудалд чинь ямар ч хамаагүй шүү, би чамаас хэдэн ч төгрөг авахгүй гэж хэлэхэд “зүгээр” гээд байсан. Тэгээд Б бид хоёр манайд очсон ба Б манайхаас удалгүй явсан. Би гэртээ унтаж үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

  • Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 22-24

дэх  тал/,

  • Ашид билгүүн” ХХК-д хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст

хэргийн 26-29 дэх тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-н яллагдагчаар өгсөн:

...Би 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн найз Содбилэгтэй хамт таксинд явж байсан. 10 дугаар хорооллоос Болд гэх хүнийг авсан. Тухайн залуу Модны хоёрын голын замд байрлах  “ХААН” банкны “АТМ” оръё гэж хэлэхээр нь тухайн “АТМ” дээр очсон. Б гэх ах намайг хамт буугаад тэндээс мөнгө аваад хажуу талд байрлах “**у” руу орсон. Болд гэх хүн 10 ширхэг лаазтай пиво авсан. Тэгээд 10 дугаар хорооллын “М” гэх зочид буудалд өрөө авсан. Тэр ах “энд байгаа зүйлсийг оруулаад өг” гэхээр нь  өрөөнд нь оруулж өгсөн. Гэтэл тэр ах “хамт ууя” гэхээр нь би тэр ахтай хамт ууж байгаад явахдаа утсыг нь аваад гарсан. Учир нь Болд гэх хүн буудлынхаа өрөөнд ороод надтай ууж байхдаа надад өгсөн юм. Би утсыг нь аваад гарч явж байгаад утасны кэйсных нь ард байсан иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, картыг нь оруулж тавиад буцаж  гарсан. Маргааш нь би утсыг нь өөр нэг үл таних хүнд зарсан...” гэсэн гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Шүүгдэгч Г.Б--н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 7403-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44-рт/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “М” зочид буудалд иргэн Д.Б-н эзэмшлийн “*” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 950.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Б, гэрч Х.С, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын  үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгч Г.Б-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв. 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.Б нь “...ил харагдах эвдрэл, гэмтэлгүй хар өнгийн “I phone 11” /Айфон-11/ маркийн гар утас хүлээн авлаа...” гэх эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл хавтаст хэргийн 55 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас Г.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч Б овогт Г-г Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ