Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01163

 

  

 

Ц.Байгальмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/01407 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1730 дугаар магадлалтай,

 

Ц.Байгальмаагийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Ц.Байгальмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Байгальмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.11-ний өдрийн 182/ШШ2019/01081 дүгээр захирамжаар талууд үүргийн гүйцэтгэлийг 2019.06.11-ний өдрөөс 2020.05.20-ны дотор хэсэгчлэн төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсоныг баталж, хариуцагч Ц.Байгальмаагаас нийт 65,985,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж Ц.Байгальмаагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2202006709 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуур 16 дугаар гудамж, 338 тоот хаягт байрших, 66 м.кв талбайтай хувийн сууц, эрхийн улсын бүртгэлийн Г-2202001239 дугаарт бүртгэлтэй газрыг битүүмжилж, хураасан. Улмаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон.

Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсон Виннэр Вэй ХХК нь тус хувийн сууц, газрыг 56,983,000 төгрөгөөр үнэлсэн байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн болон өмчлөгчийн өгсөн үнэлгээ ба шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү нь хэт их, үнэлгээний компани үл хөдлөх эд хөрөнгийг бодитой үнэлээгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэж заасан байдаг. Гэтэл дээрх компанийн үнэлгээний тайлангаас тодорхой зүйл харагдахгүй байгаа ба үнэлгээ бодитой бус гэж үзэж байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.11-ний өдрийн 182/ШШ2019/01081 дүгээр захирамжаар Ц.Байгальмаагаас 40,985,450 төгрөг гаргуулж Н.Түмэнжаргалд олгох, барьцааны хөрөнгө болох Ц.Байгальмаагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2202001239 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамж, 338 тоотод байрлах 358.66 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006709 дугаарт бүртгэлтэй, 66 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2019.11.04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ц.Байгальмаагийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2202001239 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 16 дугаар гудамж, 338 тоотод байрлах 358.66 м.кв талбайтай газар, тус хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2202006709 дугаарт бүртгэлтэй, 66 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн, хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилон 56,983,000 төгрөгөөр үнэлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж Виннер Вей ХХК-ийн шинжээч өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн хандлагын аргуудыг хэрэглэн хөрөнгийг 56,983,000 төгрөгөөр үнэлсэн нь бодитой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/01407 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Байгальмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 06-ний өдрийн 02394 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1730 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/01407 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Байгальмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.07-ны өдрийн 1730 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, ИХШХШ тухай хуулийн 172-р зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хуульд нийцээгүй тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч миний шаардлагын үндэслэл нь: Үнэлгээ нь Эд хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар тогтоосон тусгай шаардлага, эрх бүхий захиргааны байгууллагаас тогтоосон журмыг зөрчиж гаргасан, эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшаас хэтэрхий доогуур үнэлэгдсэн гэж маргасан.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс үнэлгээний компанийн хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас үнэлгээ бодитой тогтоогдоогүй, зах зээл дэх үнээс хэтэрхий доогуур үнэлэгдсэн байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, мөн зүйлийн 8.2 дахь хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ. гэж тус тус заасан.

Гэтэл Виннэр Вэй ХХК нь хөрөнгийг үнэлэхдээ БХБЯ-аас гаргасан журмын хүрээнд дүгнэлтийг гаргасан, хуулиар тогтоосон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан журам буюу Сангийн яамнаас баталсан аргачлалыг хэрэглээгүй. Сангийн сайдын 2018.08.07-ны өдрийн Аргачлал батлах тухай 207-р тушаалд зааснаар дээрх барилгад ногдох нэгж хүчин чадлын жишиг үнэлгээ нь 1 м.кв нь 428,400 төгрөг, гэтэл үнэлгээний тайланд нэгж хүчин чадлын үнэлгээг БХБЯ-аас гаргасан журмыг баримталж 1 м.кв-ийн үнэлгээг 420,000 төгрөгөөр тооцсон байдаг. Нэгж хүчин чадлын үнэлгээг буруу тооцсоноос үнэлгээний эцсийн дүн буруу гарсан. /үнэлгээний тайлангийн 8- р хуудас /

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, мөн зүйлийн 9.3.8-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл-ийг үнэлгээний тайланд тусгахаар журамласан байдаг. Виннэр Вэй ХХК нь үнэлгээний тайланг гаргахдаа Өртөгийн, Орлогын, Зах зээлийн жишиг үнийн хандлагын аргыг хэрэглэсэн гэж тайлбарладаг ба дээрх аргуудыг хэрэглэхдээ үнэлгээний зүйлийн үнэ цэнийг үндэслэлтэй, тодорхой тогтоогоогүй, үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, үнэлгээний тооцоолол тодорхойгүй байхад үнэлгээг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй. Эд хөрөнгийн үнэлгээг тогтоох, өртөгийн хандлагыг хэрэглэхдээ нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг буруу тогтоосон. /Сангийн сайдын баталсан аргачлалыг хэрэглээгүй, 1 м.кв нь 428,400 төгрөг байхад 420,000 төгрөгөөр тооцсон, хашаа болон гараажийг үнэ цэнийг тооцоогүй, газрын бүсийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй гэх мэт/ Орлогын хандлагыг хэрэглэхдээ ижил төстэй обьектуудын өнөөгийн зах зээл дээрх түрээсийн нэгжийн үнэ мөн тэдгээрийн татварын дараах сарын дундаж цэвэр мөнгөн урсгалыг тооцсон гэх боловч түрээсийн үнэ буюу анхны үнийг хэрхэн тодорхойлсон, ямар баримтад үндэслэсэн нь тодорхойгүй. Эдгээр баримтыг тайланд хавсаргаагүй. Зах зээлийн жишиг үнийн хандлагыг хэрэглэхдээ хийц бүтээцийн хувьд хэт ялгаатай хэд хэдэн обьектуудыг сонгон авч үнэлгээг тогтоосон. Уг аргаар үнэлгээг тогтоохдоо хэлцлийн үнэ, бодит үнэ гээд үнүүдийг тогтоохдоо бодит үнүүдийг зөвхөн байшингийн метр квадратад хуваагаад 1 м.кв-ын үнэ гаргаж ирээд, дараа нь 3-т хувааж дундажыг нь гаргаж ирсэн байдаг. Ийнхүү гаргаж ирэхдээ анхны үнийг буюу хэлцлийн үнийг хэрхэн яаж тогтоосон, харьцуулж буй обьектуудын үнийг бодитой, үндэслэлтэй гэдгийг нотлох баримт, мэдээлэл тодорхойгүй.

Гэтэл хэлцлийн үнэ буюу анхны үнийг хаанаас, хэзээ, ямар үнээр тогтоосон бэ, гэдэг эх үүсвэр буюу эх сурвалж нь тодорхойгүй, үнэлгээний тайланд уг хэлцлийн үнийг хэрхэн тооцож тогтоосон талаар нотлох баримт, холбогдох мэдээллийг тусгаагүй. Анхны эх сурвалжаа тодорхойгүй хийсвэр тоог үндэслэж бүх тооцоог гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээг тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. /үнэлгээний тайлангийн 10-р хуудас/

Иймд Виннэр Вэй ХХК нь эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, бодит байдлаас хэт зөрүүтэй үнэлгээг гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс үнэлгээг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Байгалмаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

1.   Ц.Байгалмаа нь 65,985,450 төгрөгийг тохирсон хугацаанд Н.Түмэнжаргалд төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.11-ний 01081 захирамжид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй үндэслэлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 16 дугаар гудамжны 338 тоотод байрлах 358.66 м.кв талбайтай газар, тус газарт байрлах 66 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилоход хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 56,983,000 төгрөгөөр тогтоосон үйл баримт тогтоогджээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, 116 дугаар зүйлийн 116.3.-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 

Ц.Байгалмаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн болон өмчлөгчийн үнэлгээ, шинжээчийн тогтоосон үнэлгээ үнийн зөрүү хэт их, үнэлгээчин эд хөрөнгийг бодитой үнэлээгүй, ...Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээ үндэслэл бүхий тодорхой байх шаардлагыг хангаагүй... гэж тайлбарласан боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т заасан шаардлагыг хангасан байна.

 

2.   Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шинжээч Виннэр вэй ХХК хөрөнгийг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан журмын хүрээнд үнэлээгүй, Сангийн яамнаас баталсан аргачлалыг хэрэглээгүй, ...нэгж хүчин чадлын үнэлгээг 1 м.кв нь 428,400 төгрөг байхад тайланд 420,000 төгрөгөөр тооцсон нь үнэлгээний эцсийн дүн буруу гарсан гэж үзнэ. ...үнэлгээний эх сурвалж тодорхойгүй хийсвэр тоог үндэслэж бүх тооцоог гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

 

Шинжээч Виннэр вэй ХХК хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо үнэлгээ хийлгэж буй хөрөнгүүдийг үзэж хөрөнгийн шинж чанар, байдалтай нь нарийвчлан танилцаж, үзлэг хэмжилт, судалгаа хийж, барилгын шинж байдал, хэмжээний талаар бодит тоо баримт, мэдээ материалд нарийвчилсан судалгаа хийж, эрэлт хэрэгцээний, орлуулах бүтээмжийн, хамгийн эрчимт ашиглалтын, орчин тохирох, хүлээлтийн зэрэг зарчмуудыг баримтлан, ҮОУС-ын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагууд, тэдгээрт тохирох аргуудыг ашиглаж, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан тушаал, журмын хүрээнд үнэлгээгээ гаргасан нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагджээ.

 

Шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д заасан хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2.-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэсэн заалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/01407 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1730 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ц.Байгальмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Байгальмаагаас 2020.09.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД