Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 54

 

             Д.О, А.Э, Ц.Б, Б.П нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

           Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор                    Б.Б

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.А, С.П, 

Нарийн бичгийн дарга Э.Э  нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч  прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Д.О, А.Э, Ц.Б, Б.П нарт холбогдох 1912000670088 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ,,, оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ,,,суманд төрсөн, ,, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ,,, гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Д.О 

 

Монгол Улсын иргэн, ,,, оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн ,,, суманд төрсөн, ,,,настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ах, дүү нарын хамт Архангай аймгийн,,, гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй А.Э 

 

Монгол Улсын иргэн, ,,, оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн,,, суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ,,,Архангай аймгийн хэсгийн 1 дүгээр шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 төгрөгөөр торгох ялаар, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1-4, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 8 жил 6 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар,  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,  мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй Б.П,

 

Монгол Улсын иргэн, ,,, оны 12 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн ,,, суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Архангай аймгийн ,,,,, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн ,,,тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Ц.Б, 

 

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Өлтийн гол гэх газраас хохирогч Ч.Б-ын хурдан удмын хүрэн зээрд зүсмийн нас нийлсэн 1 тооны морь, хохирогч Ц.Батбаатарын хонгор зүсмийн нас нийлсэн 1 тооны морийг тус тус хулгайлж, Ч.Б-д 4.500.000 төгрөгийн, Ц.Б-т 700.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан- Овоо багийн нутгаас хохирогч П.Б-ын 2 тооны адууг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг дарга Ц.Б-ын 2 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг өөрт нь тодорхойлж өгсөн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, яллагдагч Д.О, А.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Будант гэх газраас хохирогч П.Н-ын 2 тооны адууг бүлэглэн хулгайлж, П.Н-д 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Пид 2 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлсон мал, махны гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, яллагдагч Б.П нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг дарга Ц.Бын өөрт нь 2 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлж өгсөн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, А.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Б.П-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Ц.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 696 дугаартай шүүгчийн захирамжаар:

Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар Д.О, А.Э, Ц.Б, Б.П нарт холбогдох эрүүгийн хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. Үүнд: Хохирогч Ч.Б-ын өгсөн... би алдсан адуугаа 5.000.000 төгрөгөөр үнэлж байна. Хэнтий аймгийн Бор өндөр сумаас Баярсайхан гэх хүнээс 5.000.000 төгрөгөөр найз Э-оор дамжуулан худалдаж авсан. Манай найз Э өөрөө Хэнтий аймгийн Бор-Өндөр сум орж худалдаж аваад надад авчирч өгсөн юм ...гэх мэдүүлэг /хх-ийн 171-174 хуудас/, гэрч П.Э-ын өгсөн ... хүрэн морийг 2018 оны 08 дугаар сарын эхээр яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Би найз Баатарболдод Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Б гэх хүнээс худалдаж авч өгсөн юм ...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 191-193 хуудас/, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум гэсэн морины өргөмжлөлүүд /1-ийн хх-ийн 200-202 хуудас/ авагдсан байна.  

Дээрх хохирогч Ч.Б болон гэрч П.Э нарын мэдүүлгүүдээр уг хүрэн зүсмийн морийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харъяат Б-аас худалдан авч байсан нь тодорхой байх боловч гэрчээр Баярсайхан гэх хүнийг асууж, хүрэн зүсмийн морь нь хурдан удмын морь мөн эсэх, мөн нэгдүгээр хавтаст хэргийн 200-202 дугаар хуудсанд авагдсан өргөмжлөлүүдэд айраг түрүүг авч байсан гэх баримт байх боловч өргөмжлөлд морины зүс бичигдээгүй тул хохирогч Ч.Б-ын хүрэн зүсмийн морины өргөмжлөл мөн эсэх, айраг түрүү авч байсныг нотлох бусад баримт бичиг байгаа эсэхийг тодруулах шаардлагатай байна. 

Мөн хохирогч Ч.Б нь шүүх хуралдаанд “миний эзэмшлийн морь биш, Э-ын морь байгаа юм, би харж байсан” гэж мэдүүлж байх тул хохирогчоор П.Э-ыг тогтоох нь зүйтэй байна. 

Хэргийг нэгэнт прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай байх тул хохирогч Ч.Б-ын хүрэн зүсмийн морь нь хурдан удмын морь мөн эсэхийг тодруулсаны эцэст мэргэшсэн үнэлгээчин А.Б-ын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаартай дүгнэлтийг дахин гаргуулах буюу өөр шинжээчид даалгах нь зүйтэй байна. Гэрч П.Э-ын гэрчээр өгсөн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэл /1-ийн хх-ийн 191-192 хуудас/ мөн дахин гэрчээр өгсөн 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл /1-ийн хх-ийн 193 хуудас/ авагдсан байх боловч гарын үсэг нь өөр өөр байгааг дурдах нь зүйтэй  байна.

Иймд Д.О, А.Э, Ц.Б, Б.П нарт холбогдох эрүүгийн хэрэгт хийгдэх дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв гээд 

Д.О, А.Э, Ц.Б, Б.П нарт холбогдох 1912000670088  дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.О, А.Э, Ц.Б, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан морины бугуйл нэг ширхэг, ногт нэг ширхэг,  хутга хоёр ширхэг, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх зорилгоор Д.Огийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюундай портер маркийн автомашин битүүмжилсэн болохыг тус тус дурдаж, Энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцэлд:Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогтбаяр би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/710 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянавал:

Шүүгдэгч Д.О нь 2018 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн Өлтийн гол гэх газраас хохирогч Ч.Б-ын хурдан удмын хүрэн зээрд зүсмийн нас нийлсэн 1 тооны морь, хохирогч Ц.Б-ын хонгор зүсмийн нас нийлсэн 1 тооны морийг тус тус хулгайлж, Ч.Б-д 4.500.000 төгрөгийн, Ц.Б-т 700.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,  2019 оны 01 дүгээр сарын 14-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутгаас хохирогч П.Б-ын 2 тооны адууг хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,  2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг дарга Ц.Бын 2 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг өөрт нь тодорхойлж өгсөн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, шүүгдэгч Д.О, А.Э нар нь 2018 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн Будант гэх газраас хохирогч П.Н-ын 2 тооны адууг бүлэглэн хулгайлж, П.Н-д 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Пид 2 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг  тодорхойлсон мал, махны гарал үүслийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, шүүгдэгч Б.П нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Засаг дарга Ц.Бын өөрт нь 2 тооны адууны махыг захиран зарцуулах эрхийг тодорхойлж өгсөн баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.О, А.Э, Ц.Б, Б.П нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.О нарт холбогдох хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд:

1. Хохирогч Ч.Б болон гэрч П.Э нарын мэдүүлгүүдээр хулгайд алдагдсан хүрэн зүсмийн морийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын харьяат Баярсайханаас худалдан авч байсан нь тодорхой байх боловч гэрчээр Баярсайхан гэх хүнээс хүрэн зүсмийн морь нь хурдан удмын морь мөн эсэхийг асуух, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дугаар хуудсанд  авагдсан өргөмжлөлүүдэд айраг түрүүг авч байсан гэх баримт байх боловч өргөмжлөлд морины зүс бичигдээгүй тул хохирогч Ч.Б-ын хүрэн зүсмийн морины өргөмжлөл мөн эсэх, айраг түрүү авч байсныг  нотлох бусад баримт бичиг эсэхийг тодруулах, 

2. Мөн хохирогч Ч.Б нь шүүх хуралдаанд “миний морь биш, Э-ын морь байгаа юм, би харж байсан” гэж мэдүүлж байх тул хохирогчоор П.Э-ыг тогтоох, 

3. Хэргийг нэгэнт прокурорт буцааж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай байх тул хохирогч Ч.Б-ын хүрэн зүсмийн морь нь хурдан удмын морь мөн эсэхийг тодруулсны  эцэст дахин шинжээч томилж, дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. 

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч нар нь хохирогч Ч.Б-ын хулгайлагдсан морь нь хурдан эсэхийг хангалттай тогтоогоогүй, гэмт хэргийн улмаас  учирсан хохирлын хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь тухайн морийг хурдан гэж дүгнэн  өндөр үнээр үнэлсэн нь эргэлзээтэй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж, шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах ёстой. 

Улсын яллагчийн хувьд хэрэгт цугларсан баримтын хүрээнд шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг харилцан зөвшөөрч шүүх хуралдааныг хойшлуулах тухай саналыг шүүхэд гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдааныг  хойшлуулж болох үндэслэл бий болсон байхад шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ. 

Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол, мөрдөн шалган ажиллагаа  нэмж хийлгэх хүсэлт, хөрөнгө хураан авах ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг анхан шатны  шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр тогтоосон хэргийн тухайд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны эцэст талуудын хүсэлт, гомдлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлалгүйгээр шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс  өмнө талуудын хүсэлтийг  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Иймд Д.О нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2019/ШЗ/710 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж өгнө үү гэжээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 39.4, 39.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдсон Д.О, А.Э, Ц.Б, Б.П нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд дараах дүгнэлтийг гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүх  Д.О, А.Э, Ц.Б, Б.П нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөн байцаах шатанд нотлогдвол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжинд дурдсан ажиллагаануудыг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймд Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгчийн захирамжинд дурдсан ажиллагаануудыг хийхгүйгээр уг хэргийг шийдвэрлэх боломжгүй. Яагаад Б гэдэг хүнийг гэрчээр асуулгах шаардлагатай байгаа юм бэ гэхээр худалдаж авсан гээд байгаа хурдан удмын адуу түүний эзэмшлийн адуу мөн гэдэгт 

нотолгоо болох өргөмжлөл дээрээс тодорхой харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл хэний адуу, хаанахын ямар угшилтай, хэдэн насандаа түрүүлж байсан зэрэг мэдээлэл байхгүй байгаа. Э-ын хувьд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “уг хурдан удмын адууг Б гэдэг хүнээс авсан” гэж хэлдэг. Өмнөх шүүх хуралдаан дээр хохирогч Б мэдүүлэхдээ хурдан удмын адуу миний адуу биш, энэ адуу бол Эрдэнэцогтын адуу гэж хэлсэн байдаг. Эрдэнэцогт нь Б-аас хурдан удмын адууг авсан нь үнэн үү, эсхүл өөр газраас худалдаж авчихаад, өөр хурдан морины өргөмжлөл авчирчихаад энэ морийг хурдан морь гэж худлаа өргөмжлөх гээд байгаа юм уу гэдэг тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна. Э нь 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг ч гарын үсэг нь зөрүүтэй, мөн хэн ч уг мэдүүлгийг уншсан эргэлзэхээр байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр дахин шинжилгээ хийж, уг морины угшлыг тодорхой болгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байгаа. Энэ тохиолдолд анхан шатны шүүхээс шууд шинжээч томилж,  хэргийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл үүссэн гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй байх тул уг шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин тавдугаар бүлэгт шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилж шүүх ямар дарааллаар ямар ажиллагаа хийхийг заасан.

Хэдийгээр оролцогч хүсэлтийг аль ч шатанд гаргах эрхтэй боловч анхан шатны шүүх хуулиар заагаагүй, шүүх хуралдааны дараалалд байхгүй үе шатыг өөрийн санаачлагаар бий болгож ороцогчдоос хүсэлт гаргах эсэхийг тодруулж, улмаар оролцогчын гаргасан хүсэлтийг үндэслэн хуралдааны дараалал зөрчин, шүүхийн хэлэлцүүлэг явуулалгүй, оролцогчдыг мэтгэлцэх эрхээр хангахгүй, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжлэн судлахгүйгээр оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хэргийг прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

 

 Өөрөөр хэлбэл гэм буруугийн хурлаар шүүхийн хэлэлцүүлэг явуулж, оролцогчдыг хооронд нь мэтгэлцүүлж, тэдгээрийн хүсэлтийн дагуу нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судласны эцэст шүүх шийдвэрээ гаргах нь хуульд нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч өөрийн санаачлагаар хянан хэлэлцэж шийдвэр гаргах тухай эрх олгогдсон байх тул шүүгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрхийг хангах, оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн ажиллагааг нэмж хийлгэх, хэргийг нэг мөр хурдан шуурхай шийдвэрлэхийн тулд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж байвал зохино.    

    

             Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийн зарим хэсэг болох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалсны эцэст талуудын хүсэлт, гомдлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлалгүйгээр шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө талуудын хүсэлтийг  шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэсэн хэсгийг хангаж, бусад хэсэгт дүгнэлт өгөх боломжгүй юм. 

               

Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 710 дугаартай шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх  хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Т.ДАВААСҮРЭН

                                                                       ШҮҮГЧИД              Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ