Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0730

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ”***” ХХК, РД: ***,

***дүүрэг, 1 дүгээр хороо, ***центр, ***давхар, ***,

Хариуцагч:     *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын

байцаагч Ц.Л, Д.Д нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “*** дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай “нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, хариуцагч, татварын улсын байцаагч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*** ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ш-ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

...Нийслэлийн татварын газар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны *** дугаар сарын 10-ны өдөр Хяналт шалгалтын ***дугаартай томилолт үүсгэсэн байдаг. Уг томилолтыг манай компани хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд 2020 оны *** дугаар сарын 16-ны өдөр 01/*** дугаартай албан тоотоор Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтэст шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг хүссэн. Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь дахин хяналт шалгалт хийхийг хариуцагч нарт даалгасан. Гэтэл татварын улсын ахлах байцаагч Д.Д, Ц.М нарт өмнөх шалгалт буюу шийтгэлийн хуудас бичсэн хүрээг өргөжүүлэн 2016 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны иж бүрэн хяналт шалгалт хийхээр томилолт олгосон байдаг. Үүний дараа 2020 оны 04 дүгээр сард Нийслэлийн татварын газраас н.М гэж байцаагч ***дугаараас залгаж танай хяналт шалгалтын ажил шилжсэн 2016 оны санхүүгийн баримтаа авчир гэсэн. Н.М байцаагчид өмнө нь болсон бух учир явдлыг хэлж, өмнө үүсгэсэн томилолтыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлаж, мөн л хүсэлтийг бичгээр өгсөн. Н.М байцаагч томилолт бидэнд үзүүлээгүй, өгөөгүй болно. Энэ шийдвэрийн талаарх шинээр томилогдсон хяналт шалгалтын даргатай уулзах хүсэлт гаргаж, хүлээж байх хугацаанд *** дүүргийн татварын газраас Ц.Л гэх хүн залгаад танайд хяналт шалгалт орохоор болсон Нийслэл дээр үүссэн хяналт шалгалтыг шилжүүлсэн гэх юм ярьсан. Ингээд өмнө нь Нийслэл дээрх томилолт үүсэж байсан Д.Д байцаагч нь дээрх байцаагчтай хамт хяналт шалгалт хийхээр томилогдсоныг мэдсэн. Гэвч Д.Д, Ц.Л нар нь томилолт өгөөгүй, татвар төлөгчтэй уулзаж асуулга, тодруулга аваагүй, томилолтын хугацаа дууслаа гэдэг шалтгаанаар ”Сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар гаргах хууль ёсны эрхийг хааж, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчиж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр №*** дугаартай Нөхөн ногдуулалтын акт бичсэн байна. Уг нөхөн ногдуулалтын актыг манай компани 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан бөгөөд дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. 2018 онь 04 дүгээр сарын 30-ны өдрийн №*** дугаартай шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй татвар төлөгчийн дараах үндэслэл тайлбарыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу нягтлах шалгах ажиллагаа хийгээгүй шууд өмнөх хяналт шалгалтын ажлыг хамгаалах байдлаар хандсан. Үүнд:

1. Манай компани нь 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ”***” ХХК-тай уур, ус тусгаарлагч, хар панер, чулуун замаск зэрэг материал худалдан авах, төлбөрийг нийлүүлэлтээр төлөхөөр, 2016 оны 06 дугаар сарын ***-ны өдрийн” ***” ХХК-тай дээврийн эмжээр / ган /, лист төмөр зэрэг материал худалдан авах, төлбөрийг нийлүүлэлтээр төлөхөөр тохиролцож, гэрээг бичгийн хэлбэрээр хэлбэржүүлэн ажилласан. Дээрх 2 гэрээний дагуу гүйцэтгэгдсэн худалдан авалтаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу НӨАТ-ын тайлан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу хүчин төгөлдөр анхан шатны баримт болох бараа материалын зарлагын баримт, кассын орлого, зарлагын ордерыг үндэслэн санхүүгийн тайландаа тусган бүртгэсэн. Гэвч 2017 онд Эрүүгийн цагдаагийн газраас дээрх 2 компанитай холбоотой хуурамч НӨАТ-ын баримт гэсэн үндэслэлээр манай компанийн зүгээс мэдүүлэг авсан. Компанийн зүгээс Эрүүгийн цагдаагийн газарт холбогдох тайлбар, баримт материалыг нэг бүрчлэн гаргаж өгч, хууль ёсны худалдан авалт гэдгээ нотолж, бусад компанийн борлуулалтаа тайлагнаагүй тайлагнасан татвараа төлөөгүй асуудал хууль ёсны худалдан авалт хийсэн манай компанийг буруутгах нь татвар төлөгчийн хууль ёсны эрх, татварын хууль тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа талаар тайлбар өгсөн. Тус цагдаагийн газраас дээрх асуудалд манай компанийг буруугүй болохыг тогтоосон бөгөөд дахин шалгалт хийгээгүй болно.

2. Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас бичих үндэслэл болсон Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *** тоот тогтоол, *** дүүргийн татварын хэлтсийн татварын байцаагчдын бичсэн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай дүгнэлт зэрэг баримтуудад манай компанийн худалдан авалтыг яагаад хуурамч гэж үзэж байгаа, юу нь хуурамч болохыг тогтоосон нотолсон баримт байхгүй, уг тогтоол дүгнэлтүүдийг гаргахдаа манай компаниас тодруулга, тайлбар, баримт мэдээлэл аваагүй, юунд үндэслэж шийдвэр гаргасан нь тодорхойгүй байдаг.

3. *** дүүргийн татварын хэлтсийн татварын байцаагчид 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** тоот дүгнэлтээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчид 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээ тус тус гаргахдаа ”Сонсох ажиллагаа” хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн тайлбар, саналыг сонсохгүй хууль ёсны эрхийг хааж, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн.

4. Манай компани нь батлагдсан зураг төслийн дагуу бүх худалдан авалтаа боломжит хэмжээнд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч компанитай харилцах бодлого барьдаг, харин тухайн компани нь борлуулалтаа үнэн зөв тайлагнадаг эсэх, хөдлөх эд хөрөнгийн тухайд худалдах хөрөнгө нь яг энэ компанийн өмчлөлийн хөрөнгө мөн эсэхийг шалгаж тогтоох хууль зүйн болон бодит боломж төрийн эрх бүхий байгууллагаас бусад ямар ч байгууллага, татвар төлөгчид байдаггүй. Иймд тухайн компани борлуулалтаа тайландаа тусгаагүй, эсвэл тайлагнасан борлуулалтдаа ногдох татвараа төлөхгүй байх нь манай компанийн хариуцах хариуцлага биш юм.

5. Татварын хяналт шалгалтын байцаагчид ажлын талбайд очиж танилцаж, бодит нөхцөл байдлыг нүдээр харж мэдсээр байж бусад байгууллагын үндэслэлгүй, зохих шалгалтын үйл ажиллагаа хийгээгүй, ойлгомжгүй гаргасан баримтыг үндэслэж, шийтгэлийн хуудас бичиж байгаа нь татварын хяналт шалгалтыг бие даан, хараат бусаар хийх, гагцхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад тулгуурлах зэрэг зарчмыг зөрчсөн.

6. Татварын улсын байцаагчид хүчээр шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д ”Зорчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, гэсэн хуулийн заалтыг хэрэглэсэн.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т ”Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”... гэж шийтгэлийн хуудсандаа тусгасан боловч ”Зөрчлийн тухай хууль”-ийн 1.4 дүгээр зүйлийн 5-д заасан” Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрчлөн найруулагдаж хасагдсан Татварын ерөнхий хуулийн зүйл заалт зэрэг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан.

Хоёр. Хууль буруу хэрэглэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаартай шүүхийн шийдвэрийг зөрчсөн.

1. 660 дугаартай шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.С, М.А нараас маргаан бүхий акт болох 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг гаргахдаа хуульд байхгүй заалт болох ”Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3, 1.4.4, 1.5.8” гэх заалтыг үндэслэсэн нь тухайн маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан ”хуульд үндэслэх” зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй болгож байгаа ... хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сар хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүнээс үзэхэд хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргахыг хариуцагч нарт даалгасан байтал Нийслэлийн татварын газар нь хариуцагч нар өөр дүүрэг рүү шилжсэн гэх үндэслэлээр хариуцагчийг сольж, 2020 оны *** дугаар сарын 10-ны өдөр Хяналт шалгалтын ***дугаартай томилолтоор татварын улсын ахлах байцаагч Д.Д, Ц.Мөнхзул нарыг томилсон. Мөн удалгүй тухайн байцаагч нар нь өөр дүүрэг рүү шилжсэн гэх үндэслэлээр дахин сольж Н.М /***/ гэдэг байцаагч томилогдсон байсан боловч, тухайн байцаагч бидэнд томилолт үзүүлээгүй, өгөөгүй болно. Н.М байцаагчид өмнө нь болсон бүх учир явдлыг хэлж, өмнө үүсгэсэн томилолтыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тайлбарлаж, мөн л тайлбар, хүсэлтээ бичгээр өгч, энэ шийдвэрийн талаарх шинээр томилогдсон хяналт шалгалтын даргатай уулзах хүсэлт гаргаж хүлээж байх хугацаанд дахин *** дүүргийн татварын газраас Ц.Л гэх хүн залгаад танайд хяналт шалгалт орохоор болсон Нийслэл дээр үүссэн хяналт шалгалтыг шилжүүлсэн гэх юм ярьсан. ...

2. *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.Л нар нь 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр №*** дугаартай Нөхөн ногдуулалтын актадаа тус компанийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, *** тоот томилолтоор төлөвлөгөөт бус шалгалтыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх томилолтын хугацаанд хийж гүйцэтгэв гэсэн байна. Энэ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн татварын газрын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №*** дугаартай шийтгэлийн хуудаст заагдаагүй хугацаа, хүрээг хамруулж, дээрх шүүхийн шийдвэрийг зөрчиж, 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийсэн байна. Учир нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №*** дугаартай шийтгэлийн хуудсын болон уг шийтгэлийн хуудсыг бичсэн татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын томилолтын хугацаа нь 2016 оны 06, 07 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх хэсэгчилсэн хяналт шалгалт байсан.

3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаартай шүүхийн шийдвэрт заасан хариуцагчийг солиод зогсохгүй татварын албан алба буюу *** дүүргийн татварын хэлтэст хамааруулж, нөхөн ногдуулалтын акт гаргасан.

4. ...*** дүүргийн татварын хэлтэс шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөрчөөд зогсохгүй 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Татварын ерөнхий хуулиар нөхөн ногдуулалтын акт тавьж, хууль буруу хэрэглэсэн. Учир нь манай компанийн 2016 оны 06, 07 дугаар сарын НӨАТ-ын ногдуулалт төлөлтийн байдалд “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-иудын хүрээнд татварын хяналт шалгалт хийсэн. Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Татварын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулиар дахин шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийг баримтална гэсэн зохицуулалт байхгүй учир татварын алба “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль”-ийг баримтлах ёстой байсан.

Гурав. Манай компанид борлуулалт хийсэн этгээд нь НӨАТ-ыг тайлагнаж, төсөвт төлөх ёстой. Гэтэл худалдан авагчаар НӨАТ-ыг дахин төлүүлэхээр дахин дахин шийдвэрлэж байгаа нь Татварыг давхардуулан ногдуулж байна.

1. 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр №*** дугаартай Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх нь хэсгийг 5-д “***” ХХК, “***” ХХК-ийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь e-tax.mta.mn цахим тайлангийн системд татварын тайлан хүлээн авсан төлөвтэй харагдаж байна. Дээрх тайлангийн ногдол буцаан авалт нь татварын тооцоололд тусгагдсан байна>> гэж заасан нь дээрх 2 компани манай компанид борлуулалт хийж үүссэн НӨАТ-аа төсөвт төлөхөөр тайлагнасан, тайланг татварын алба хүлээн авсан байна. Гэтэл Татварын хууль тогтоомжийг дагаж мөрдсөн татвар төлөгч, худалдан авагчийн худалдан авалтыг хуурамч гэж үзэн дахин НӨАТ-ыг давхардуулан төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдэж байгаа нь татварыг давхардуулан ногдуулахгүй байх зарчим болон НӨАТ-ын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаартай шүүхийн шийдвэр, Татварын ерөнхий хууль, татварын суурь зарчмыг ноцтой зөрчсөн *** дүүргийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр №*** дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны *** дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, татвар төлөгчийн хууль ёсны эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш-аас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

“ ... Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль төрийн хууль тогтоомжийн хүрээнд анхан шатны баримтуудыг үзэх талаар заасан. Гэрээ, төлбөр тооцооны баримтыг анхан шатны баримт гэж заасан. Олон улсын стандартын дагуу анхан шатны баримт гэж хэлдэг. Энэ баримтын хүрээнд санхүүгийн тайлан гарна гэсэн. Уг баримттай холбоотой өгөөд баримт өгсөн байхад хууль бус ойлголт гаргаж ирээд татвараа ногдуулаад төлнө гэсэн татвар төлөгчөөс төлүүлэхгүй гэсэн хариу тайлбар хийгээд хууль бус худалдан авалт хийсэн аж ахуйн нэгжийг хохироох гэж байна. Татварын алба болоод аль ч эрх зүйн төрд байх ёс зүйгүй үйлдэл юм. Хууль хэрэгжүүлсний төлөө хариуцлага хүлээж байна. Татварын алба өөдөөс нэг бүтэцтэй компани байсан гэж хэлдэг. Ийм зүйл байж болохгүй. Татвараа төлнө гээд тайлагнасан аж ахуйн нэгжээс татвараа хурааж чадахгүй болохоор хууль ёсны худалдан авалт хийсэн этгээд рүү хүчтэй дайрдаг. Хууль хяналтын гаргасан шийдвэрийг гуйвуулан тайлбарладаг. Түүгээр нөхөн ногдуулалтын акт тавьдаг. Заримыг нь тайланг авахгүй гээд чангалсаар байхад баримтын буцаалт болдог.

***, *** компанийн тайланг залруулна гээд байгаа. Манай компаниас зөвшөөрөөгүй байхад хэзээ ч тайлан залруулахгүй юм. Худалдан авагч тал буцаалт хийж байж борлуулагч тал дээр буцаалт хүлээнэ зөвшөөрдөг системтэй. Тийм байхад ***, *** компанийн тайлан байхгүй болох юм шиг яриад байна. Тийм ойлголт байхгүй. Тийм учраас хууль ёсны худалдан авагч нь анхан шатны баримтууд нь бүрэн байна. Ийм байхад хууль бус гэдэг дээр харамсалтай байна. Шүүхийн шийдвэрийг хэн нэгэн даргын шийдвэрээр өөрчилж байгаа асуудал байж болохгүй тул уг нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү”гэв.

 

Хариуцагч *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  

... Нэг. ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу нягтлах шалгах ажиллагаа хийгээгүй шууд өмнөх хяналт шалгалтын ажлыг хамгаалах байдлаар хандсан гэж 6 асуудлаар гомдол гаргажээ. Иймд татварын улсын байцаагчийн зүгээс дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

1. “Хосфрэндс констракшин” ХХК нь 2016 онд “***” ХХК, “***” ХХК-тай хийсэн худалдан авалтын талаар Эрүүгийн цагдаагийн газраас холбогдох тайлбарыг авсан, тус цагдаагийн газраас манай компанийг буруугүй болохыг тогтоосон гэх тайлбарыг өгч байгаа боловч татварын улсын байцаагч Г.С, М.А нарын гүйцэтгэсэн хяналт шалгалтын ажлын явцад энэ тухай нотлох баримтаа ирүүлээгүй байна.

2. Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай Прокурорын тогтоолд “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай дүгнэлтээр нэр бүхий 160 аж ахуйн нэгжийн тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдсон” болох нь дурдагдсан ба Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Прокурорын *** тоот тогтоолд “***” ХХК-ийн зүгээс гомдол гаргаагүй, эрхээ эдлээгүй байна.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх татвар төлөгчийн гомдлын шаардлагад үндэслэл болгосон “сонсох ажиллагаа” хийгээгүй, эрх ашиг нь хөндөгдөх этгээдийн тайлбар саналыг сонсохгүй хууль ёсны эрхийг хааж Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэх асуудал нь тус маргаан бүхий актад хамаарахгүй, “***” ХХК, “***” ХХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаах асуудалд хамаарах асуудал байх бөгөөд гомдол гаргагчийн зүгээс тухайн үед уг асуудлаар холбогдох эрх бүхий этгээдэд гомдол, хүсэлт гаргаж байгаагүй байна гэж тогтоосон.

4. “***” ХХК, “***” ХХК нь албан татвар ногдох орлого олоогүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэг болон нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг ашиглан бусдад татвараас зайлсхийх боломж олгосон болохыг хууль хяналтын байгууллагаас тогтоож, зохих шийдвэрийг гаргасан тул “***” ХХК нь аль нэг этгээдийн өмнөөс хариуцлага хүлээгээгүй болно.

5. Татварын улсын байцаагч Г.С, М.А нар нь барилгын ажлын талбайд очсон боловч бараа материал хүлээн авсан бүртгэл, ажлын даалгавар зэрэг баримт бичиг гаргаж өгөөгүй бөгөөд барилгын захиалагч тал болох “***” компаниас гаргуулах боломжтой гэсэн тайлбарыг өгсөн байна. Энэ тухайд Г.С, М.А нарыг гэрчээр оролцуулах боломжтой.

6. “***” ХХК-ийн гаргасан зөрчил нь 2016 онд үйлдэгдсэн тул Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасныг үндэслэн нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.

Хоёр. Хууль буруу хэрэглэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаартай шүүхийн шийдвэрийг зөрчсөн гэж 4 асуудлаар гомдол гаргажээ. Иймд татварын улсын байцаагчийн зүгээс дараах тайлбарыг өгч байна. Үүнд:

1. Нийслэлийн татварын газрын Эрсдэл статистикийн хэлтсээс татварын улсын байцаагч М.А, Г.С нарын гаргасан хүсэлтийн дагуу хяналт шалгалтын төлөвлөгөөг системд оруулахдаа хяналт шалгалтын төрлийг “Хууль хяналтын байгууллагын хүсэлтээр-Иж бүрэн”, шалгалтад хамруулах хугацааг “2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл” гэж сонгосон байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Штай 2020 оны *** дугаар сарын 13-ны өдөр хийсэн ярилцлагын үр дүнд тэрээр 2020 оны *** дугаар сарын 16-ны өдрийн 01/*** тоотоор тайлбараа ирүүлсэн тул төлөвлөгөөнд өөрчлөлт хийлгэх тухай “Дотоод зурвас”-ыг Нийслэлийн татварын газрын эрсдэл статистикийн хэлтсийн [email protected] цахим шуудангаар 2020 оны *** дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн. Тус хэлтсээс төлөвлөгөөг “Хууль хяналтын байгууллагын хүсэлтээр-хэсэгчилсэн”, шалгалтад хамруулах хугацааг “2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр” болгож өөрчилсөн. Мөн энэ өдөр Хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.М, /Захиргааны хэлтсийн татварын улсын ахлах байцаагч, хуулийн зөвлөх Б.У утсаар ярьсан/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш нартай уулзалт хийж, төлөвлөгөө, томилолтод өөрчлөлт хийлгүүлэхээр Эрсдэл статистикийн хэлтэст хүсэлт хүргүүлснийг танилцуулж, өмнөх шийдвэрийг гаргасан татварын улсын байцаагч М.А, Г.С нар нь өөр хэлтэс, нэгжид сэлгэн ажиллаж байгаа тул тэдэнд томилолт олгох боломжгүйг тайлбарлаж, татварын улсын байцаагч Д.Д, Ц.М нарт олгосон томилолтоор шалгалт үргэлжлэхээр зөвшилцөлд хүрсэн. Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Мөнхлут 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ***дугаартай томилолтод өөрчлөлт хийж, татварын улсын байцаагч Ц.М, Б.Б нарыг томилсон байна. /Шаардлагатай гэж үзвэл нэмэлт тайлбарыг дээрх байцаагчдаас авах, шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах боломжтой. Ц.М ***, Б.Б ***/

Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд “татвар төлөгчийн татварын алба хооронд шилжих” явц нөлөөлөхгүй бөгөөд Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсээс эхлүүлсэн хяналт шалгалтын ажил нь шалгалтыг гүйцэтгэх алба болон татварын улсын байцаагчид өөрчлөгдсөнөөр татвар төлөгчид хүндрэл үүсгээгүй, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Шт энэ тухай утсаар мэдэгдсэн, 2020 оны *** дугаар сарын 13-ны өдөр тус компанийн зүгээс тавьсан хүсэлтийг шийдвэрлэсэн, ярилцлага авч байсан байцаагчаар шалгалтыг гүйцэтгүүлсэн. Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2020 оны *** дугаар сарын 10-ны өдөр олгосон ***дугаартай томилолтын хүрээнд 2020 оны *** дугаар сарын 13-ны өдөр “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Штай хийсэн ярилцлагаар 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэргийн анхан шатны зүгээс түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг даалгасан талаар тайлбар авсан. Тухайлбал: Дээрх ярилцлагын 4-д “*** дүүргийн татварын хэлтсээс манай компанид “Сонсох ажиллагаа” хийгээгүй, “***” ХХК, “***” ХХК-ийг хуулийн байгууллагаас шалган шийдвэрлэхдээ манай компаниас мэдүүлэг аваагүй. Ийм учраас дээрх шийдвэрт манай компани хамааралгүй гэдгийг харуулж байгаа юм” гэсэн тайлбар өгсөн байна.

Татварын улсын байцаагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасны дагуу “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Штай 2020 оны *** дугаар сарын 13-ны өдөр ярилцлага хийж, тайлбар авсан. “***” ХХК-ийн 2020 оны *** дугаар сарын 16-ны өдрийн 01/*** тоотоор тайлбар хүлээн авсан, мөн 2020 оны *** дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Мөнх-Учралтай биечлэн уулзуулж, тайлбар саналыг авсан.

2. Нийслэлийн татварын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/405 тоот албан бичгээр “***” ХХК-ийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан баримт бичгийг хүлээн авсан бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/*** дүгээр тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 3.16-д “Хяналт шалгалтын томилолтыг цуцалсан нь татвар төлөгчийг дахин хяналт шалгалтад хамруулахгүй байх үндэслэл болохгүй”, мөн журмын 4.2.1-д “Татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 41.7-д зааснаас бусад тохиолдолд хяналт шалгалт эхлэхээс ажлын 10-с доошгүй доошгүй өдрийн өмнө шалгалт хийх талаар утсаар шуудангаар, цахим хаягаар мэдэгдэнэ.” гэж заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Штай ***дугаарын утсаар холбогдож хяналт шалгалт хийх томилолтыг мэдэгдсэн.

          3. Татварын албаны үйл ажиллагаа нь алба, хэлтэс, нэгж бүрийн “чиг үүрэг”-ээр зохицуулагддаг бөгөөд татварын улсын байцаагч Г.С, М.А нар нь Татварын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн татварын газраас өөр татварын алба, нэгжид сэлгэн ажиллаж байсан тул хяналт шалгалтын ажлын томилолт олгох боломжгүй байсан. Мөн “***” ХХК нь татварын албаны бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу сегментийн ангиллаар *** дүүргийн Татварын хэлтэст шилжин ирсэн.

          4. Шүүхээс хариуцагч нар шийтгэлийн хуудас гаргахдаа хуульд байхгүй заалт болох Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 8 гэх заалтыг үндэслэсэн нь тухайн маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй болгож байгаа боловч энэхүү нөхцөл байдал нь гомдол гаргагчийн үйлдсэн зөрчлийг үгүйсгэх, гомдлын шаардлагыг хангах хангалттай, тодорхой үндэслэл болж чадахгүй байх тул шүүх хариуцагч захиргааны байгууллагаас хууль журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэ нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзээгүйг илтгэж байгаа бөгөөд дээрх шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн дахин үйлдэхийг шүүхээс даалгасан.

          Гурав. “Манай компанид борлуулалт хийсэн этгээд нь НӨАТ-ыг тайлагнаж, төсөвт төлөх ёстой. Гэтэл худалдан авагчаар НӨАТ-ыг дахин төлүүлэхээр дахин дахин шийдвэрлэж байгаа нь татварыг давхардуулан ногдуулж байна” гэжээ.

          Татварын улсын байцаагчийн зүгээс дараах тайлбарыг өгч байна. “***” ХХК, “***” ХХК-ийн 2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан цахим системд хүлээн авсан төлөвтэй харагдаж байгаа нь уг тайланг үнэн зөв гэх баталгаа биш бөгөөд татварын хяналт шалгалт нь өнгөрсөн цаг хугацаанд хийгддэг болно. Дээрх 2 аж ахуйн нэгжийн тайланг засварлах, устгах эрхийг хаасан.                              

... Татвар төлөгчийн зүгээс шүүхэд анхны жил хянагдаж байхад шинжээч томилуулах хүсэлтийг гаргах боломжтой байсан. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр ***аж ахуйн нэгжийн худалдан авалт зөрчлийн шинжтэй гээд тогтоосон. Анхан шатны шүүхээс гаргасан зөрчлийг үгүйсгээгүй асуудал дээр дахиад ажиллагаа явуулах шаардлагагүй. Татвар төлөгчийн зүгээс эрүүгийн цагдаагийн албанд тайлбар мэдүүлэг өгч байхдаа гомдлоо гаргах боломжтой байсан. Шинжээчийн дүгнэлт тогтох боломжтой эрхтээ эдлээгүй байгаа нь өнөөдрийн гаргасан шийдвэр болохгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 660 дугаартай шийдвэрээр “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэсэн байна.

Улмаар нийслэлийн *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Д, Ц.Л  нараас “***” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** тоот нөхөн ногдуулалтын актаар 24,160,692.70 төгрөгийн нөхөн татвар, 7,248,207.80 төгрөгийн торгууль, 6,071,968.7 төгрөгийн алданги нийт 37,480,869.2 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ[1].

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “шүүхийн шийдвэрээр өмнө гарсан актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад хариуцагч нар нь дахин татварын хяналт шалгалтыг хийхдээ томилолт үзүүлээгүй, санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгаагүй, манай байгууллагаас тайлбар аваагүй нь өмнө хийгдсэн шалгалтыг хамгаалсан шинжтэй төдийгүй татварын хяналт шалгалт хийхтэй холбоотой хууль тогтоомжид нийцээгүй хууль бус үйл ажиллагаа болсон, мөн  оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж, татварыг давхардуулан ногдуулсан” гэх агуулгаар маргасан.

Хариуцагчаас “Шинжээчийн дүгнэлт болон прокурорын тогтоолд ...160 аж ахуйн нэгжийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох тогтоогдсон гэсэн ба нэхэмжлэгч хуулийн этгээдээс уг тогтоолд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй, гэм буруугүй болохыг тогтоосон баримтыг өмнөх хяналт шалгалтын явцад гаргаж өгөөгүй байсан тул зөрчил тогтоогдсон гэж үзсэн болон Энхбуянхүслэн, *** зэрэг компаниудад татвараас зайлсхийх боломж олгосон тул нөхөн ногдуулалтын акт нь хууль тогтоомжид нийцсэн” гэх агуулгаар тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбар үнэлэлт дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2015/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” 14.1.1-т “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнд төлсөн;” гэж тус тус заасан байх ба мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төсөвт төлөх”-өөр тус тус зохицуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “***” ХХК нь “***” ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 30-нд, “***” ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын ***-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийн дагуу барилгын материалыг худалдан авсан болох нь гэрээ болон тооцоо нийлсэн акт, материалын болон бэлэн мөнгөний зарлагын баримт, кассын орлогын ордер зэрэг баримтуудаар[2] тогтоогдож байна.   

Мөн “***” ХХК нь дээрх гэрээний дагуу борлуулсан бараанд ногдох төсөвт төлбөл зохих 13,636,363.65 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг ***, ***, ***, ***, 0024519401 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар, “***” ХХК нь төсөвт төлбөл зохих 10,524,329.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг ***, ***, ***тоот падаанаар тус тус тайлагнасан болох нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн ***” ХХК-ийн 2016 оны 06, 07 сарын, “***” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд болон падааны бүртгэлийн жагсаалтаар тус тус тогтоогдов[3].

Энэ тохиолдолд тухайн бараанд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг “***” ХХК болон “***” ХХК нь хариуцахаар байхад хариуцагч татварын улсын байцаагч нар нь маргаан бүхий актаар нөхөн татварыг төлүүлэхээр тогтоож, торгууль, алданги тооцсон нь төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг татвар төлөгч өөрөө хариуцах хуулийн дээрх зохицуулалтуудад нийцэхгүй байна.

 

Хариуцагч улсын байцаагч Д.Д нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн санхүүгийн анхан шатны баримтууд болох худалдах, худалдан авах гэрээ, санхүү татварын тайлан, баланс, ерөнхий данс, ерөнхий журнал, харилцахын тайлан баримтууд, кассын баримтууд болон тус компаниас шүүхэд гаргасан нэхэмжлэл бусад нотлох баримтыг хүлээн авсан[4] атлаа “... худалдан авалт нь анхан шатны баримтаар нотлогдоогүй тул хий бичилттэй падаан гэж үзэж нөхөн татвар ногдуулсан” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу “***” ХХК-иас  дээврийн эмжээр/ган/ лист төмөр, тэлэгч боолтуудыг  2016 оны 06 дугаар сарын ***, 07, 23 болон 07 дугаар сарын 28-ны өдүрүүдэд, “***” ХХК-иас уур ус тусгаарлагч, хар панер, дулаалга, чулуун замаска, цементийг 2016 оны 05 дугаар сарын 30 болон 06 дугаар сарын 14, 16, 18, 23-ны өдрүүдэд тус тус худалдан авсан болох нь тус компаниудын удаа дараагийн зарлагын баримтууд, кассын орлогын ордерууд, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, мөн хуулийн этгээдүүдийн тооцоо нийлсэн актаар тус тус тогтоогдож байх тул маргаан бүхий актад дурьдагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг хий бичилттэй гэж үзэхээргүй, харин хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд худалдан авалтын хасалт хийж, тайлагнасан гэж үзэхээргүй байна

Иймд нэхэмжлэгч талын “санхүүгийн анхан шатны баримтуудыг шалгаагүй, манай байгууллагаас тайлбар аваагүй нь өмнө хийгдсэн шалгалтыг хамгаалсан шинжтэй шийдвэр гаргасан, татварыг давхардуулан ногдуулсан” гэх тайлбар үндэслэлтэй.

Хариуцагчаас “нэхэмжлэгч хуулийн этгээдийн зөрчлийг хууль хяналтын эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон” гэж тайлбарлах боловч,

-  *** дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын ***болон ***тоот дүгнэлтүүд нь “***” болон “***” ХХК-ийн зөрчлийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар тус тус шийдвэрлэсэн,

- нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 87 дугаар тогтоолд “***” ХХК-иас худалдан авалт хийсэн “***” ХХК нь 10,524,329 төгрөгийн НӨАТ-ыг төлөхөөр тооцогдсон боловч тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдож байна[5]” гэж, мөн прокурорын 2018 оны *** дугаар тогтоолд “***” ХХК-иас худалдан авалт хийсэн 160 аж ахуйн нэгжийн үйлдэл нь зөрчлийн шинжтэй болох нь тогтоогдож байна гэсэн жагсаалтад “***” ХХК багтсан[6]

- “***” ХХК нь эрүүгийн ***тоот хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр “***” ХХК-иас, эрүүгийн ***тоот хэрэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр “***” ХХК-иас худалдан авалтын буцаалт хийгээгүй болох нь тус тус тогтоогдсон байх ба уг дүгнэлтүүдийн хариулт 8-д “...худалдан авалт хийсэн мэтээр цахим баримт тайлагнасан аж ахуйн нэгжүүдийн аль нь хариуцах эсэхийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна” гэжээ.  

Дээрхээс үзвэл, улсын байцаагчийн дүгнэлтүүд болон прокурорын тогтоолууд, түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүдийн аль аль нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн төсөвт төлөх албан татвараас хасаж тооцсон үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж дүгнэснээс бус зөрчил гэж буруутгаагүй, борлуулагчийн үйл ажиллагаанд хамааралтайгаар гарсан эрх зүйн баримт бичгүүд байх тул энэ тохиолдолд хариуцагч татварын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдал” буюу зөрчлийг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагчийн дүгнэлтүүдээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйлдлийг бус, “***”, “***” нэртэй борлуулагч  хуулийн этгээдүүдийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тайлагнасан борлуулалтыг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар, харин прокурорын холбогдох тогтоолуудаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн худалдан авалтыг гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй гэж дүгнэж, татварын хууль тогтоомжид заасан журмын дагуу шалгуулахаар татварын албанд тус тус шилжүүлсэн байхад хариуцагч нь маргаан бүхий актад дурьдсан “худалдан авалт”-ыг татвар ногдох орлогоос хасалт хийсэн зөрчил мөн эсэхийг шалган тогтоох ажиллагаа хийгээгүй байна.

 

Харин хариуцагчийн хариу тайлбарынхаа үндэслэл болгож буй Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 660 дугаартай шийдвэрт “... үүнтэй холбогдуулан *** ХХК нь өөрийн татвар ногдуулах орлогыг бууруулан тайлагнасан гэх нөхцөл байдал хэрэгт нотлох баримтаар тогтоогдож байна” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлыг тодорхойлсон агуулгатай, харин “...хариуцагч Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.С, М.А нараас маргаан бүхий акт болох 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг гаргахдаа хуульд байхгүй заалт болох Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.4.3, 1.4.4, 1.5.8 гэх заалтыг үндэслэсэн нь тухайн маргаан бүхий актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй болгож байгаа,... гэж дүгнэж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж шийдвэрлэснээс үзвэл, “***” ХХК-ийн дээрх тогтоогдож буй “өөрийн татвар ногдуулах орлогыг бууруулан тайлагнасан гэх нөхцөл байдал” нь аль хууль тогтоомжоор хориглосон ямар зөрчил болох нь тодорхойгүй гэж үзэж акт гаргах ажиллагааг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн агуулгатай байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “...захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан шүүхийн шийдвэр нь шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд гарахаар байх бөгөөд ийм агуулгаар гарсан шийдвэр нь шинэ актыг гаргах захиргааны байгууллагын “зөрчлийн нөхцөл байдлыг тодруулах, шинжлэн судалж дүгнэх, шинэ акт гаргах” эрх хэмжээг хязгаарлахгүй юм.

Иймд нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т  зааснаар татварын алба нь татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын газар, хэлтэс, тасаг, татварын улсын байцаагч, хураагчаас бүрдэх”-ээр, 75.1.2-т “татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх”-ээр, 77 дугаар зүйлийн 77.1-д “нэгдмэл, төвлөрсөн удирдлагатай байх”-аар тус тус заажээ.

Маргааны тохиолдолд 2020 оны *** дугаар сарын 10-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолтоор “***” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийлгэхээр таварын улсын байцаагч Д.Д, Ц.М нарыг томилж, улсын байцаагч Д.Дгээс 2020 оны *** дугаар сарын 13-ны өдөр тус компанийн хуулийн зөвлөх Д.Штай ярилцлага хийж байсан байна[7].

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хяналт шалгалт хийх татварын улсын байцаагчийг Ц.М, Б.Б нараар өөрчилжээ[8].

Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/***дугаар тушаалын 3 дугаар хавсралтын 12*** дугаарт *** регистрийн дугаартай “***” ХХК-ийг Нийслэлийн татварын газраас *** дүүргийн татварын хэлтсийн харъяалалд шилжүүлсэн байна[9].

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон нэхэмжлэгч “***” ХХК-д хийх татварын хяналт шалгалтын томилолт олгогдсон, өөрчлөгдсөн, мөн уг хуулийн этгээдийг хариуцах татварын албаны нэгжийн харьяаллыг өөрчилсөн зэрэг нь хууль тогтоомжид нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий татварын улсын байцаагч нараар хяналт шалгалтын ажлыг гүйцэтгүүлээгүй нь хууль бус” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.

   Учир нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ***дугаарт захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ” гэж заасны дагуу  шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан “***” ХХК-ийн гомдлоор тухайн шийтгэлийн хуудсыг үйлдсэн татварын улсын байцаагч нарыг хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд хуулиар эрх олгогдсон этгээдийн шийдвэрээр татвар төлөгчийн харьяалал өөрчлөгдсөнөөс хамааралтайгаар хяналт шалгалтыг хийх татварын улсын байцаагч өөрчлөгдсөн, улмаар татварын улсын байцаагч Ц.Л, Д.Д нарт холбогдох томилолт олгогдсон байх тул шүүхийн шийдвэрийг биелүүлж хийгдсэн татварын хяналт шалгалтыг биелүүлбэл зохих этгээдээр гүйцэтгүүлээгүй гэж үзэхгүй.

Шүүхийн шийдвэрийн дагуу түдгэлзсэн *** тоот шийтгэлийн хуудаст “... “***” ХХК-ийн 2016 оны 06, 07 дугаар саруудын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаад...”[10] гэж тэмдэглэгдсэн байх боловч  уг шийтгэлийн хуудсыг үйлдсэн татварын улсын байцаагч Г.С, М.А нарт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгогдсон ***тоот томилолтод татварын хяналт шалгалтад 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааг хамруулахаар зааж байсан байна.

Хариуцагч татварын улсын байцаагч нарт 2020 оны 05 сарын 13-ны өдөр олгогдсон *** тоот томилолтод хяналт шалгалтад хамруулах хугацааг мөн дээрхийн адил, хяналтын шалгалтын хэлбэрийг хэсэгчлэн гэж тогтоосон байна[11].

Энэ тохиолдолд хариуцагч нар нь эрх бүхий этгээдээс олгосон томилолтын хүрээнд дахин татварын хяналт шалгалт хийсэн гэж үзэхээр байхын зэрэгцээ хяналт шалгалт хийх томилолтын хугацаа, хүрээ хязгаарыг тогтоох нь татварын улсын байцаагчийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд хамааралгүй байх тул нэхэмжлэгч талын “шүүхийн шийдвэрийг зөрчиж ... хяналт шалгалт хийсэн” гэх утга бүхий тайлбар үндэслэлгүй.

Маргаан бүхий актад дурьдагдсан худалдан авалтууд нь 2016 оны 06, 07 дугаар саруудад хамаарч байх тул нэхэмжлэгч талын “оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглээгүй хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан” гэх үндэслэл буруу байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, *** дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай”нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХЗУЛ

 

 

[1] Хавтаст хэргийн 13-19, 91-97 дахь талд

[2] Хавтаст хэргийн 178-*** дэх тал

[3] Хавтаст хэргийн 171-177 дэх тал

[4] Хавтаст хэргийн 105 дахь талд

[5] Хавтаст хэргийн 114 дэх талд

[6] Хавтаст хэргийн 124 дэх талд

[7] Хавтаст хэргийн 102 дахь талд

[8] Мөн тэнд

[9] Хавтаст хэргийн 163-165 дахь талд

[10] Хавтаст хэргийн 197-199 дэх талд

[11] Хавтаст хэргийн 98 дахь талд