Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Г-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч А.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “… Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М-н ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч А.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 110/2024/0060/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Г  нь “… Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М-н ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г  нь Талийгаач К.М-н нас барсан шалтгаанд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт гаргахаас татгалзсан комиссын үйлдэл хууль бус болохыг тогтоож, акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус комисст холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Г-н Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М-н ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. … анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, өөр төрлийн, тодруулж хэлбэл үйлдвэрлэлийн осол, хурц хордлоготой холбоотой харилцааг зохицуулсан хуулийг тайлбарлан хэрэглэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно” гэж хуульчилсан. Хуулийн дээрх заалтаар албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох л зохицуулалт байгаа. Үүнд ямар нэгэн шаардлага, шалгуур тавиагүй.

3.2. Гэтэл анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм-г үндэслэл болгож дүгнэсэн. Энд дурдсан “төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байх явцад гэнэтийн осол буюу үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг, эсхүл ажлын байрны орчин, нөхцөлөөс шалтгаалсан өвчлөл гэх мэт гадны нөлөөллийн улмаас амь нас хохирсон байх...” гэдэг нь өөр хуулиар зохицуулсан харилцаа бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар буцалтгүй тусламж олгоход ямар ч хамааралгүй юм.

3.3. Дээрх тохиолдолд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийг үндэслэл болгоод Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн холбогдох заалтыг баримтлан үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх ёстой. Гэтэл анхан шатны шүүх дээрх харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтуудыг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

3.4. ... талийгаач К.М  нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын цагаар албаны өрөөнд гүйцэтгэж сууж байгаад биө нь өвдөж, улмаар ажлын цагаар эмнэлэгт хүргэгдэж маргааш нь нас барсан болохыг бүрэн нотолж байгаа бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасан 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгох нөхцөлийг бүрэн хангаж байна.

3.5. … Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар буцалтгүй тусламж олгоход “албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас хохирсон” буюу үйлдвэрлэлийн осол болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөллийн улмаас нас барсныг зохих журмын дагуу тогтоосон байх нь урьдчилсан нөхцөл юм” гэж дүгнэсэн байна. Энэ нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд хуулиар хүлээсэн үүрэгт ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгээгүй төрийн байгууллага, түүний албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөх ёсгүй.

3.6. ... би эхнээсээ талийгаачийн нас барсан шалтгаан нь үйлдвэрлэлийн осол, хурц хорлоготой холбоотой гэж үзээгүй учир дээрх хугацаанд улсын байцаагч болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах шаардлага байгаагүй. Тийм учраас би 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан. Гэтэл аймгийн Засаг дарга миний өргөдлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисст шилжүүлж, тус комисс нь олон сараар хүлээлгэсний эцэст 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцээд “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэж шийдвэрлэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр “хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй" гэсэн хариу өгсөн. Би энэ хариуг авсны дараа миний өргөдлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын хурлаар хянан шийдвэрлэсэн учир тус комисст холбогдуулан нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход хуулиар ямар нэгэн хугацаа тогтоогоогүй учир миний жилийн дараа аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан нь намайг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шударга ёсод нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.7. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч А.Г  болон К.М  нар нь 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд К.М  нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст орлогын мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн үед бие нь өвдөж, түргэн тусламж дуудан аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.2. Нэхэмжлэгч А.Г  нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгох талаар Баян-Өлгий аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан боловч түүнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4-03/687 дугаар албан бичгээр “... Уг асуудлаар хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлхийг зөвлөж байна гэх хариуг өгсөн байна.

2.3. Улмаар нэхэмжлэгч А.Г  нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа “… Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М ын ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлон маргасан байна.

2.4. Гэтэл анхан шатны шүүх “... Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон дээр дурдсан дүрэм, журмын зохицуулалтуудаас үзэхэд, төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байх явцад гэнэтийн осол буюу үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг, эсхүл ажлын байрны орчин, нөхцөлөөс шалтгаалсан өвчлөл гэх мэт гадны нөлөөллийн улмаас амь нас нь хохирсон байх тохиолдолд буцалтгүй тусламж олгохоор байгаа, өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийн амь нас хохирох нь албан үүргээ гүйцэтгэх үйл явцтай шалтгаант холбоотой байхаар байна. Энэ тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн К.М  нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албан өрөөндөө байхад бие нь өвдөж ажлын байрнаасаа явсан, улмаар эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэсэн боловч маргааш нь эмнэлэгт нас барсан нөхцөл байдалтай холбоотойгоор үйлдвэрлэлийн осол болохыг тогтоосон тус байгууллагын үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссын акт гараагүйгээс гадна үйлдвэрлэлийн ослын талаар хөдөлмөрийн хяналтын болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл үйлдвэрлэлийн осол гэдгийг тогтоосон иргэний шүүхийн шийдвэр байхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болсон нөхцөл байдал нь үйлдвэрлэлийн осол мөн эсэх нь тогтоогдоогүй байна. Иймд албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон буюу үйлдвэрлэлийн осол болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн нөлөөллийн улмаас нас барсныг зохих журмын дагуу тогтоосон байх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж дүгнэж, А.Г-н “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М ын ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

2.5. Учир нь  Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно”, 60.3-т “Төрийн албан хаагчид энэ хуулийн 60.2-т заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нөхцөл, журмыг Засгийн газар тогтооно” гэж, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.1-д ... Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд түүний ар гэрт Төрийн албаны тухай хуулийн 60.2-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход энэ журмыг мөрдөнө”, 1.4-т Албан үүргээ гүйцэтгэх явцад гэдэгт ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар албан ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд гүйцэтгэх, мөн гэрээс ажлын байр, ажлын байрнаас гэртээ харих, албан томилолтоор ажиллах явцыг хамааруулна”, 2.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь ажиллаж байсан төрийн байгууллагаас олгоно”, 2.4-т Байгууллагын дарга буцалтгүй тусламжид шаардагдах хөрөнгийг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх бөгөөд хэрэв төсөвлөсөн хөрөнгө хүрэлцэхгүй бол үлдэгдэл зөрүүг дараагийн жилд нөхөн олгоно гэж тус тус заажээ.

2.6. Дээрх хууль, журмын зохицуулалтуудаас үзэхэд төрийн албан хаагч албан үүргээ буюу ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг ажлын болон ажлын бус цагаар ажлын байр, ажил үүрэгт хамаарах бусад байршилд ... гүйцэтгэх явцад амь нас нь хохирсон тохиолдолд түүний ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж буюу 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг олгохоор байна.

2.7. Маргаан бүхий энэ тохиолдолд К.М  нь  2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бие нь өвдөж ажлын байрнаасаа гэртээ очиж, улмаар түргэн тусламжийн дуудлага өгснөөр мөн өдрийн 15 цаг 40 минутад аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн боловч 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр эмнэлэгт нас барсан болох нь тогтоогдож байх төдийгүй тэрээр Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэст орлогын мэргэжилтнээр ажилладаг байсан байна.

2.8. Нэхэмжлэгч А.Г  нь К.М тай 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх тул дээрх хууль, журамд заасны дагуу К.М ын ар гэрт буюу түүний эхнэрт Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үндэслэлтэй.

2.9. Өөрөөр хэлбэл, К.М ын ар гэр нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар түүний 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй байхад нэхэмжлэгч А.Г-н Баян-Өлгий аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтийг “… таны гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариу өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 8 дугаар   тогтоолын хавсралтаар баталсан Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд ар гэрт нь нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.1, 1.4, 2.1-д заасантай нийцэхгүй байна.

2.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч А.Г-н Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М ын ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 56 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан А.Г-н Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар албан үүргээ гүйцэтгэх явцад ердийн өвчний учир амь нас хохирсон К.М ын ар гэрт 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай. гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                    З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                    О.ОЮУНГЭРЭЛ