Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/18

 

2023           01            17                                   2023/ШЦТ/18

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал,

шүүгдэгч Д.Ц******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц*******д холбогдох эрүүгийн 2215000000317 дугаартай, 163/2023/0016/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн Ц*******, Булган аймгийн ******* суманд 1967 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн *******ын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, малчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, 56 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Уурын ам гэх газраас иргэн П.Мын 4 тооны адууг хулгайлан өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, хөх өнгийн ******* загварын тээврийн хэрэгсэлд ачиж уг сумын 4 дүгээр багийн ******* хорооны ******* тоот хашаанд авчирч нядлан бусдад зарж борлуулсны улмаас 9,800,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000317 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Уурын ам гэх газраас иргэн П.Мын 4 тооны адууг хулгайлан өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, хөх өнгийн ******* загварын тээврийн хэрэгсэлд ачиж уг сумын 4 дүгээр багийн ******* хорооны ******* тоот хашаанд авчирч нядлан 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод очиж бусдад зарж борлуулсны улмаас хохирогч П.Мад 9,800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөрийг барагдуулсан гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2215000000317 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн: Хэрэг учрал болсон гэх газар нь Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* хорооны ******* тоот улаан өнгийн модон хашаатай дундаасаа 2 тийшээ гадагш онгойдог төмөр хаалгатай хашаа байшинд үзлэг хийв. ...Үзлэгийг хашааны хойд талд байрлах цагаан өнгийн бетонон барилга, төмөр арамтай, тээврийн хэрэгсэл орох зориулалт бүхий жижиг хаалгаар дотогш орж цагийн зүүний дагуу үзлэг хийлээ. ...Уг барилгын баруун хананд 2 давхар руу гарах зориулалт бүхий төмөр шат байх ба уг шатан дээр 1 ш суран ногт, 3 ш ногоон өнгийн мяндсан ногт байна. ...Цэнхэр өнгийн модон хаалгаар дотогш орж үзэхэд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн даавуу, мөн 2 гялгар уут байх ба түүний хажууд хар зүстэй малын арьс байв. Уг тасалгаанаас гарч баруун талд байрлах тасалгаанд үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд тасалгааны төв хэсэгт 3 тооны адууны арьс эмх замбараагүй байрлуулсан байх ба уг арьсанд тусад нь үзлэг хийхээр тогтов. Уг барилгын хураасан өвсний зүүн урд буланд байрлах хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг тус тус байсныг хураан авч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг тасалгааны гол хэсэгт улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавуунууд байх ба даавуунуудын дунд бараан зүсмийн адууны нийт 16 ширхэг шийр байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-12 дахь тал/,

2. Адууны ширнүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

4. Суран ногт, ногоон өнгийн мяндсан ногтнуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

5. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

6. Хохирогч П.Мын өгсөн: Би Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн Аргал хайрхан гэх газарт мал маллаж амьдардаг. Манай дугуй хүрээтэй загасан тамгатай адуу нь зэргэлдээх сум болох Булган аймгийн ******* сумын нутагт бэлчдэг юм. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед ******* сумын 4 дүгээр багийн Уурын Ам гэх газарт адуун дээрээ очиж бүртгэж үзэхэд 21 тооны адуу тоогоороо бүрэн байхаар нь харчихаад гэртээ хариад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Уурын аманд байх адуун дээрээ очиж бүртгэхэд 4 тооны адуу байхгүй байхаар нь тэр хавиар хайгаад олдоогүй. Манай 4 тооны морь нь адуунаасаа огт салдаггүй тул хулгайд алдсан байх магадлалтай гэж цагдаагийн байгууллагад хандаж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

7. Хохирогчийн дахин өгсөн: Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 4 адууны минь оронд Д.Ц******* гэх хүн надад 4 адуу өгөөд эрж хайхад хэрэглэсэн шатахууны мөнгө гэж 3,000,000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

8. Гэрч Г.Хын өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Meg1391224 дугаартай мал эмнэлгийн гэрчилгээний талаар мэднэ. 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цаг 15 минутад малын эмч Ц.Ааас ирүүлсэн тодорхойлолтын дагуу баталгаажуулсан. Уг бичигт тухайн тээвэрлэж яваа мал, махны гэрэл зураг, тээвэрлэгчийн нэр утасны дугаар машины дугаар, хаана хүрэх нь тодорхой байсан тул би уг мал эмнэлгийн гэрчилгээг цахимаар баталгаажуулсан. Малын им тамга, содон шинж тэмдэгийг тусгасан гэрэл зургаа оруулсан тохиолдолд би биечлэн хяналт тавих шаардлага байхгүй. Харин малын эмч нар өөрийн биеэр биечлэн үзэж тодорхойлолтыг над руу явуулах үүрэгтэй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

9. Гэрч С.Мы өгсөн: Би он, сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Саяхан өвөлжөөнд буусны дараа Д.Ц******* надад ахын дүү хужир дээр байгаа адууг хашчих, энэ адуунаас адуу барина гэж хэлэхээр нь би морьтой явж очоод уг адууг тууж ирээд гадна хашаандаа хашсан. Тухайн үед уг адуу голдуу бараан зүстэй адуунууд байсан. Тэгээд хашаанд хашсаны дараа Д.Ц******* зааж өгөөд би уг зааж өгсөн адуунуудыг нь барьж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-58 дахь тал/,

10. Гэрч Ц.Аын өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20 цаг 42 минутад Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах ******* хорооны ******* тоот буюу аав Д.Ц******* манай малын хашаанд мал мах ачсан тээврийн хэрэгсэлтэй, гаргаж төхөөрсөн 4 тооны адууны толгойд үндэслэж мал эмнэлгийн гэрчилгээ олгосон. Тухайн мал махыг бэлтгэж байхад нь би байгаагүй. Би тухайн малын им тамгыг хараагүй. Надад мал махыг хэнийх болохыг хэлээгүй. Өөрөө надад 4 адуутай Улаанбаатар хот явна гэж хэлсэн. Тэгээд би малын толгойг нь хараад гэрэл зургийг нь аваад гэрчилгээ олгосон. Би өөрийн төрсөн аав Д.Ц*******гийн тээвэрлэж байгаа мал махыг хулгайн мал мах гэдгийг мэдэх юм уу хамтран оролцсон бол жишээ нь гэрэл зургийг өөрчлөх байдлаар нууж болох байсан. Би уг мал махыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй тул өөрийн нүдээр үзэж бодит байдлыг гэрэл зургаар авсан. Миний бичсэн гэрчилгээн дээр үндэслэж цагдаа нар уг хэргийг илрүүлсэн байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

11. Алдагдсан малын зах зээлийн үнэлгээ тогтоосон Тольдох Оюуны Өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 222577 дугаартай: 2022 оны 11 дүгээр сарын байдлаар жороо хүрэн морь 5,000,000 төгрөг, 6 настай хар зүстэй морь 1,600,000 төгрөг, 7 настай хул зүсмийн морь 1,600,000 төгрөг, 12 настай хүрэн зүсмийн морь 1,600,000 төгрөг, нийт 9,800,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-80 дахь тал/,

12. Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ тогтоосон Ашид Билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ОРА-1001226 дугаартай: Д.Ц*******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2017 онд Монгол Улсад орж ирсэн ******* загварын тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 10,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 88-91 дэх тал/,

13. Яллагдагч Д.Ц*******гийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би миний малыг малладаг малчин Мы гэрт очоод байж байтал малчны гэрийн урд талд байдаг хужир дээр нэг азарга адуу байж байхаар нь Мыг туугаад аваад малын хашаанд хашчих гэж хэлсэн чинь М за гэж хэлээд тухайн адуунуудыг тууж аваачаад хашихаар нь би Мд уг адуунуудаас 4 тооны адууг зүслээд бугуйлдаад аваад ир гэж хэлээд бугуйлдуулан бариулаад өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгсэл дээр 4 адууг ачаад сумын төв ороод өөрийн эзэмшлийн аж ахуйн хашаанд байдаг чүчээн дотор уг адуунуудыг хийгээд гэртээ харьж амарсан. Тэгээд маргааш өглөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өглөөний 7 цагийн үед босоод аж ахуйн хашаа руугаа очоод малын чүчээн дотроо уг 4 адууг ганцаараа гаргаад орой 17 цагийн үед дуусаад уг адууны 4 толгойг аваад малын эмч А дээр очоод малын гарал үүслийн гэрчилгээ аваад өөрийн ******* улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгсэлд адууны махыг ачаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд шөнө явсаар байгаад 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 5 цагт Улаанбаатар хотын нисэхэд байдаг урд өмнө таньдаг малын мах авдаг Бадраа гэх хүн дээр очоод 4 адууны махаа өгсөн чинь 4 адууны мах нийт 570 кг болсон. 1 кг махыг 4500 төгрөгөөр бодож өгөөд нийт 2,565,000 төгрөг болсон. Тухайн үед мөнгийг бэлнээр авсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, ойлгож ухаарсан. Дахин ийм хэрэг хийхгүй, хийсэн хэрэгтээ их гэмшиж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99-101 дэх тал/,

14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 24 см урттай, ажлын хэсгийн урт 13 см, бариулын урт 11 см, модон иштэй хутга 1 ширхэг, 27 см урттай, ажлын хэсгийн урт 14.5 см, бариулын урт 12.5 см урттай хутга 1 ширхэг, 4 ширхэг ногт зэрэг эд зүйл болон бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудаар шүүгдэгч Д.Ц******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Уурын ам гэх газарт бэлчиж байсан иргэн П.Мын адууг өөрийн малчин С.Маар туулган авчирч хашаанд хашиж байгаад 4 тооны адууг зүслэн бугуйлдан авч өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, хөх өнгийн ******* загварын тээврийн хэрэгсэлд ачиж, уг сумын 4 дүгээр багийн ******* хорооны ******* тоот хашаанд авчирч ганцаараа нядлан 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод бусдад зарж борлуулсны улмаас хохирогч П.Мад 9,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Тодруулбал шүүгдэгч Д.Ц******* нь бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, махыг нь бусдад зарж борлуулан ашиг олсон үйлдэл, хохирогч П.Мад 9,800,000 төгрөгийн хохирол учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоотой, уг шалтгаан холбоо нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй салшгүй холбоотой болох нь хөдлөшгүй нотлогдож тогтоогдсон байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгчийн бусдын олон тооны малыг дур мэдэн бэлчээр дээрээс нь тууж хашаанд хашиж, машин механизм ашиглан авч явж, нядалж бусдад зарж борлуулсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн тайлбар хэсэгт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд 4 тооны адуу нь “олон тооны мал хулгайлж” гэх хүндрүүлэх шинжид хамаарч байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Ц******* нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Мад 9,800,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг учирсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд 4 адууг биет байдлаар, шатахууны болон бусад зардалд 3,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлэн /хавтаст хэргийн 36 дахь тал/ мэдүүлэг өгсөн байх ба шүүхэд бас гомдол саналгүй гэдгээд илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч Д.Ц*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ц*******г бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.Ц*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хавтаст хэргийн 113-115 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, шүүхэд гаргаж өгсөн Булган аймгийн ******* сумын Сүүж багийн Засаг даргын тодорхойлолт, амбулатороор эмчлүүлэгсдийн картны хуулбар, цэргийн төв эмнэлгийн эмчийн оношлогоо зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.Ц******* нь ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* хорооны ******* тоотод амьдардаг, уг сумынхаа 2 дугаар багт мал малладаг, өөрийн нэр дээр гэр бүлийн хэрэгцээний 1786 м2 газар, хувийн сууцны 40 м2 талбай бүхий хашаа байшинтай, ******* улсын дугаартай, хөх өнгийн ******* загварын ачааны тээврийн хэрэгсэлтэй, ******* сумын иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож байсан, Уяачдын холбооны тэргүүлэгч, аймгийн алдарт уяач цолтой, үе мөчний болон ходоодны өвчтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Ц*******д холбогдох эрүүгийн 2215000000317 дугаартай хэргийг Булган аймгийн Прокурорын газраас ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6 дахь заалтад заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хийж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЗ/24 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоож, прокурор, шүүгдэгч нар нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 04 дугаартай прокурорын саналаар оногдуулах ялын төрөл хэмжээний тухай тохиролцож гарын үсэг зурж, шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруутайг нотолж яллах байр сууринаас, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу дээр маргахгүй, прокурортой тохиролцсон ялын саналыг дэмжиж тус тус оролцлоо.

Шүүгдэгч Д.Ц*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Ц*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Ц*******гийн өмчлөлийн 10,000,000 /арван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай, хөх өнгийн ******* загварын ачааны тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй. /хавтаст хэргийн 91 дэх тал/

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.М нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай, ажлын хэсгийн урт 13 см, бариулын урт 11 см, модон иштэй хутга 1 ширхэг, 27 см урттай, ажлын хэсгийн урт 14.5 см, бариулын урт 12.5 см урттай хутга 1 ширхэг, 4 ширхэг ногт зэргийг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад тус тус даалгаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн Ц*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ц*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Ц******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорьсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Ц******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн Д.Ц*******гийн өмчлөлийн 10,000,000 /арван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий ******* улсын дугаартай, хөх өнгийн ******* загварын ачааны тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 24 см урттай, ажлын хэсгийн урт 13 см, бариулын урт 11 см, модон иштэй хутга 1 ширхэг, 27 см урттай, ажлын хэсгийн урт 14.5 см, бариулын урт 12.5 см урттай хутга 1 ширхэг, 4 ширхэг ногтыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд тус тус даалгасугай. 

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ