Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Э.Г******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Г*******т холбогдох эрүүгийн 2215000000268 дугаартай, 163/2023/0029/Э индекстэй хэргийг хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Э*******гийн Г*******, Завхан аймгийн ******* суманд 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, Орхон аймгийн ******* сумын ******* багийн 2а гудамжны 5 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Орхон аймгийн ******* сумын ******* ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Г******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн 4 дүгээр подъём гэх газар ******* улсын дугаартай Land Cruiser загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Нийн биед хүндэвтэр хохирол, Д.Цийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000268 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.Г******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн 4 дүгээр подъём гэх газар ******* улсын дугаартай Land Cruiser загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б, 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч С.Нийн биед хүндэвтэр хохирол, Д.Цийн биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г*******ийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 14 дүгээр сургуулийн багш нарын 25 жилийн ойн уулзалт болсон. Ахмад багш нараа уриад Сэлэнгэ амралтад очихоор болсон. Тэгээд Булган аймгийн Сэлэнгэ сум явах замд бид бүгд түр зогссон. Тэгтэл тухайн үед 5-р сургуулийн захирал Д хол замд нь машин барихаар ядрах байх гээд машиныг нь би барихаар болж тэдний машины жолооны ард суусан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Би өөр хүний буюу том машин барьж байгаа болохоор эхлээд барихад эвгүй байсан, мөн зам нь сайжруулсан шороон зам учир замын энхэл донхол их байсан. Гэнэт л машин удирдлагагүй болж савлаад, рулээ дийлэхгүй болсон, тэгээд Мажаа амралтын газрын урд талын зам дээр осолд орсон мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан :

1. Хохирогч Д.Цийн өгсөн: ...Би багш нартай Булган аймгийн Хялганат тосгонд байх Сэлэнгэ амралт руу явахаар болоод өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгаас Д багш, Н, О, Г******* нарын хамт машинтай гарцгаасан. Орхон аймгаас Д багш өөрийнхөө машиныг барьж гараад осол болсон газар луу очихоос өмнө Г******* багшид жолоогоо шилжүүлсэн. Би болон О багш, Н бид 3 тээврийн хэрэгслийн хойд суудал дээр сууж явсан. Г******* багш машиндаа дасахгүй байгаа бололтой эвгүй яваад байсан. Тэгээд хаана осол болсныг мэдэхгүй байна тээврийн хэрэгсэл зам дээр явж байхдаа дайвалзаад байсан. Нэг мэдсэн би машинаас гарчихсан агаарт нисчихсэн явж байгаа бололтой газарт 2 удаа бууж ойгоод газарт унах шиг болсон. Тэгээд газраас босох гэтэл баруун талын хөл шагайгаар хойшоогоо эргэчихсэн, зүүн тал биеэ дийлэхгүй байсан. Ойж буухдаа дотор эрхтэн маань байхгүй болчихсон юм шиг маш их өвдөлт мэдрэгдсэн, хөдөлж болохгүй байсан. Нэг мэдэхэд хүмүүс намайг өргөед байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

2. Хохирогч С.Нийн өгсөн: ...Би хамт олноороо ******* улсын дугаартай Land cruiser загварын тээврийн хэрэгсэлтэй Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ амралтын газар луу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед Орхон аймгаас гарсан. Тухайн үед тээврийн хэрэгсэлийг Г******* багш жолоодоод хажууд нь Д багш суугаад, хойд суудлын баруун талд Ц багш голд нь би зүүн суудал дээр О багш зорчиж явсан. Тэгээд Хангал сумын 4-р подьём өнгөрч яваад машин дайвалзах шиг болсон нэг мэдсэн чинь машин замын баруун тал руу онхолдчихсон байна. Цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05 дахь тал/,

3. Гэрч Д.Дгийн өгсөн: 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна Орхон аймгийн 14-р сургуулийн байгалийн ухааны багш нар үе үеийн ахмадууд хүлээж аваад бид нар Булган аймгийн Хангал сумын Сэлэнгэ амралтын газар луу явж байсан. Миний сууж явсан машин ******* улсын дугаартай Land cruiser-200 загварын тээврийн хэрэгсэл байсан. Уг тээврийн хэрэгслийг Г******* жолоодож явсан. Би жолоочийн хажуу талын урд суудал дээр, хойно О, Ц, Н нар сууж явсан. Тэгээд Хангал сумын 2-р баг 4-р подём гэх газар замын хажууд гарч онхолдсон ...жолооч бид 2 хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Хойно суусан зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07-08 дахь тал/

4. Гэрч Д.Оийн өгсөн: ...Өнөөдөр буюу 2022.09.23-ны өдөр хуучин ажиллаж байсан багш ажилчид Хялганатын Сэлэнгэ амралт руу салхинд гарахаар болсон. Тэгээд Д багш машинаа гаргаад машиныг нь Г******* багш жолоодоод Н, Д багш, Ц бид хэд нэг машинаар явсан. Бид нар Орхон аймгаас 15 цагийн үед хөдөлсен. 16 цаг өнгөрч байхад Мажаа амралтын хажууд явж байхад машин гэнэт замаас гарч онхолдсон. Юу болохыг анзаарах завдалгүй осол гарсан, нэг мэдсэн машин онхолдчихсон машин дотор Н, Д багш, Г******* багш бид хэд байсан. Ц багш машин дотор байхгүй машинаас зайтай газар хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

5. Хэргийн газарт үзлэг хийсэн: ...Зам тээврийн осол болсон гэх газар нь Булган аймгийн Хангал сумын 2 дугаар баг 4-р подьём гэх газар байх бөгөөд Орхон аймгаас Хангал сумын 4 дүгээр баг ордог сайжруулсан замд болсон байв... гэх тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

 6. Тээврийн хэрэгслийн жолооч Э.Г*******ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest 6810 буюу драгер багажаар шалгахад 0.00 гэсн тоо зааж байв гэх драгер багажаар согтолтын зэрэг үзсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

7. Тээврийн хэрэгсэлд үзлэгийг хөндлөнгийн гэрч С.С, Б.Г нарыг байлцуулан хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

8. Иргэний нэхэмжлэгч О.Бийн өгсөн ...Миний эзэмшилд ******* улсын дугаартай Land cruiser загварын тээврийн хэрэгсэл байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 23-нд манай ээж Д Булган аймгйин Хялганат тосгонд байх Сэлэнгэ амралт руу явах гээд миний тээврйин хэрэгслийг түр авч явсан юм. Уг тээврийн хэрэгслээ би 2022 оны 08 дугаар сард Инвескор ББСБ-ын барьцаанд тавьж зээл авсан. Тээврийн хэрэгслээ үзлэг оношлогоонд нь оруулсан, ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, тээврийн хэрэгслийн хохирлыг даатгалаас гаргуулж авна, хэн нэгэн хүнээс нэхэмжлэх зүйл алга гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

9. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Ханхүүгийн гаргасан: С.Нийн биед сээрний 5, 6, 7, 8-р нугаламуудын их биеийн шахагдсан хугарал, зүүн зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтлуүд хэрэг нь болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Сээрний нугаламуудын хугарл гэмтэл нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-51 дэх тал/,

10. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Сэлэнгийн гаргасан: Д.Цийн биед баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун шагайн үений мултрал, холбоосын салалт, эрүү, зүүн бугалга, гуя, баруун шилбэ.баруун, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

11. С.Н, С.Г******* нарын биед гэмтэл тогтоогдоогүй тухай Булган аймгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 158, 160 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56-57, 62 дахь тал/,

12. Д.Дгийн биед цээж, баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмлтийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрззд мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 159 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

13. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаартай магадлагаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаадах бүсийг хэрглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг  тус тус зөрчсөн гэх /хавтаст хэргийн 91-92 дахь тал/

14. Хохирогч Д.Цийн 16031 дугаартай өвчний түүх /хавтаст хэргийн 111-133 дахь тал/,

15. Хохирогч С.Нийн 16036 дугаартай өвчний түүх /хавтаст хэргийн 133-149 дэх тал/,

16. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1152 дугаартай Хас үнэлгээ хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний автомашин техникийн үнэлгээгээр авто машины эвдрэл, хохирлыг 88.215.000 төгрөгөөр тогтоосон тайлан /хавтаст хэргийн 76-77 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Д.Ц, С.Н, гэрч Д.Д, Д.О нарын гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилж өгсөн мэдүүлгүүд, Э.Г******* нь хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэж, саад тулгарахыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ аваагүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэх мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн магадлагаа, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлтээр хийсэн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 157а дугаартай С.Нийн биед  сээрний 5, 6, 7, 8-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал бүхий хүндэвтэр зэргийн, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 156 дугаартай Д.Цийн биед баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун шагайн үений мултрал, холбоосын салалт, эрүү, зүүн бугалга, гуя, баруун шилбэ, баруун, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар жолооч Э.Г******* нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Орхон аймгийн 14 дүгээр ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны тэнхимийн багш нарын 25 жилийн ойн уулзалт арга хэмжээг зохион байгуулж Булган аймгийн Хялганат тосгоны Сэлэнгэ амралтын бааз руу явах замдаа ахмад багш Д.Дгийн унаж явсан ******* улсын дугаартай Iand cruiser загварын тээврийн хэрэгслийг замын дундаас жолоодон 5 дугаар сургуулийн сургалтын менежер Д.Ц, 14 дүгээр сургуулийн нярав С.Н, ахмад багш Д.Д, Д.О нарын хамт Орхон аймгийн ******* сумаас Булган аймгийн Сэлэнгэ сум Хялганат тосгоны чиглэл Хангал сумын 2 дугаар багийн 4 дүгээр подъём гэх газарт явахдаа хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэж, замын зорчих хэсэгт эвдрэлтэй, хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үедээ зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас замын хажуу тал руу унаж зам тээврийн осол гаргаж Д.Ц, С.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шүүгдэгч Э.Г*******ийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

 

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Ц, С.Нямцэцэцэг нарын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл бөгөөд тээврийн хэрэгсэл тэнцвэрээ алдан унах үед хатуу мохоо зүйлд цохигдох байдлаар гэмтэл авсан нь эргэлзээгүй нотлогдсон, энэ хохирол, хор уршиг нь шүүгдэгч Э.Г*******ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасан үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.Г******* нь жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Э.Г******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Г*******ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Г*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ц, С.Н нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учирсан болох нь Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 156, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 157а дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

Мөн зам тээврийн ослын улмаас иргэний нэхэмжлэгч О.Бийн эзэмшлийн 00-13 ОРО улсын дугаартай Land cruiser загварын тээврийн хэрэгсэлд 88.215.000 төгрөгийн төгрөгийн эвдрэл гэмтэл учирсан нь Хас үнэлгээ хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1152 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэгч О.Б нь тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнийг даатгалаас гаргуулж авах тул нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гээд иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

Хохирогч Д.Ц нь гэм хорын хохирол нэхэмжилж иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүгдэгч Э.Г******* нь 2.500.000 төгрөгийг төлсөн,

Хохирогч С.Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 852.526 төгрөгийн иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлсэн /хавтаст хэргийн 159-169 дэх тал/ бөгөөд шүүгдэгч Э.Г******* нь 1.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд нийт 3.500.000 төгрөгийг хохирогч нарт төлсөн болох нь шүүгдэгч Э.Г*******ийн 529977748 дугаарын Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

Хохирогч Д.Ц, С.Н нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэхээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байх тул хохирогч нарыг цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Э.Г*******ийг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Г*******ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний  хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 105-107 дахь талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.Г******* нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн ******* сумын ******* багийн 2а гудамжны 5 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Орхон аймгийн ******* сумын ******* ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Г*******ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Д.Ц, С.Н нарт тодорхой хэмжээний буюу 3.500.000 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нар нь цаашид гарах эмжилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Э*******гийн Г*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г*******ийг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Г******* нь хохирогч Д.Цд 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч С.Нт 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус төлсөн байх тул түүнийг энэ хэрэгт шүүгдэгч Э.Г*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Д.Ц, С.Н нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Э.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ