Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/32

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Э.М******* нарыг оролцуулан

аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.М*******т холбогдох эрүүгийн 2215003620024 дугаартай 163/2022/0034/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт Э*******ын М*******, аймгийн суманд 1995 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, аймгийн сумын 6 дугаар багийн *******ын 2104 тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, судлаач мэргэжилтэй, аймгийн ЗДТГ-ын “E-mongolia цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 28 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М******* нь 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Жаргалант худалдааны төвийн орчмоос такси барихаар явж байсан Б.А*******тэй тамхи гуйлаа гэснээс үүдэлтэйгээр хоорондоо маргалдаж, улмаар хохирогч Б.А*******г цохиж баруун шанаанд шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215003620024 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Э.М******* нь 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Жаргалант худалдааны төвийн орчмоос такси барихаар явж байсан Б.А*******тэй тамхи гуйлаа гэснээс үүдэлтэйгээр хоорондоо маргалдаж, улмаар хохирогч Б.А*******г цохиж түүний биед баруун шанаанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М*******ын өгсөн: Тэр орой ажлын хамт олонтойгоо Айраг паб-д сууж байгаад гарч ирээд такси барихаар зогсож байхад замын эсрэг талын таксины буудал дээр байсан 3 залуугийн 1 нь тамхи асууж хашгирсан. Би тамхи татдаггүй гэж хэлсэн. Тэгээд тэр нэг залуу нь намайг таних уу энэ тэр гээд хашгираад байсан, би жаахан юм уучихсан байсан болохоор урд урдаасаа очоод харилцан зодоон болсон. Хохирогч шүүх хуралдаанд ирсэн бол энэ талаараа хэлэх байсан байх гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

2. Хохирогч Б.А*******гийн өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Болороо гэдэг дүү охинтойгоо сумын 5 дугаар багт байрлах Өрнөх караоке бааранд тус бүр 0.5 литрийн 3 лааз пиво уугаад гэртээ харихаар 00 цаг өнгөрч байхад сумын 5 дугаар багийн Баясах захын хажууд байдаг таксины буудал дээр такси барих санаатай гар өргөөд зогсож байхад замын цаад талд үл таних залуу зогсож байсан. Тухайн үед хөөе залуу чамд тамхи байна уу? гэж хэлэхэд шууд өөдөөс хүрч ирээд чамд тамхи өгөх албагүй пизда минь гэж хэлээд гараараа миний баруун талын хөмсөг хэсэг рүү цохиод авсан. Тэгэхээр нь би зуураад бариад авахад цаанаас нөгөө залуутай хамт явж байсан хэдэн залуу хүрч ирээд цохиод байсан. Тухайн үед хамт явсан дүү Болороо салгаад зогсож байхад цагдаа нар алаг тэрэгтэй ирээд зогсож байхад 1 дүгээр 10 жилийн багш Нийг би нүүр хэсэг рүү нь мангасдаж түлхээд хойш нь унагаасан юм. Миний биед М******* гэдэг залуу анх ирээд цохиход баруун нүдний хөмсөг задарч цус гарч байсан. Баруун гарын шуунд зулгарсан, баруун нүдний зовхинд цус хуралт үүссэн байсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай: Б.А*******гийн биед баруун шанаанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, тус бүрдээ нэг, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун шанааны шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ерөнхий хөдөлмөр тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

4. Гэрч Б.Н*******гийн өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой аймгийн суманд байрлах Айраг пабд манай ажилчид ганц нэг лааз пиво ууж сууж байгаад гэр гэрлүүгээ харихаар гарахад замын эсрэг талд нэг залуу намайг барах хүн байна уу? гээд орилоод байсан чинь М******* өөдөөс нь орилоод М******* тэр залуутай замын голд хоёр талаасаа уулзаад бие бие рүүгээ дайраад цохилцоход тэр залуу хойшоо унахад бид хэд очиж салгасан юм. Тэр үед цагдаа нар ирсэн. Тухайн үед Нэ багшийг нэг залуу цохиж унагаасан. Би Нэ багшийг аваад эмнэлэгт үзүүлсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

5. Гэрч Б.А*******ын өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой аймгийн суманд байрлах Айраг пабд манай ажилчид ганц нэг лааз пиво ууж сууж байгаад гэр гэрлүүгээ харихаар гарч байхад 1 дүгээр сургуулийн багш Нандин- Эрдэнэ таарч багшийг М******* таксинд суулгахаар сумын 5 дугаар багт байрлах Жаргалант худалдааны төвийн урд дотор таксинд явдаг газраас такси барихаар очиж явахад М******* нэг залуутай маргалдаж зууралдаад зогсож байхад нь очиж салгахад найз надад хандан чи яах гээд хэрүүл хийгээд байгаа юм бэ? дэмий гэж хэлээд намайг салгаад машинд суулгасан. Удалгүй нэг нь ирээд Нэ багшийг цохисон юм шиг байна, ухаан алдаад уначихлаа, эмнэлэгт хүргэж өгье гээд эмнэлэгт хүргэж өгөөд тэндээсээ салсан юм. Намайг харахад М******* нэг залуутай барьцалдчихсан зогсож байсан. Яг бие биенээ цохиж байхыг хараагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

6. Гэрч Б.Нийн өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой Айраг пабд ажлын газрын хүмүүстэй байж байгаад манай ажлын газрынхан гэр гэр рүүгээ явж би тэндээ үлдэж хэсэг сууж байгаад гэртээ харихаар гарч байхад М******* таараад таныг таксинд суулгаж өгнө гэж хэлээд М******* намайг аваад хамт гарсан юм. Тухайн үед Айраг пабаас гараад юу болсон талаар сайн санахгүй байна. Яагаад гэхээр архи согтууруулах унданы зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 17-ны өглөө гэртээ сэрсэн. М*******тай маргалдсан залуу намайг мангасдаж түлхэж унагаасан гэсэн. Одоо миний биеийн байдал зүгээр байна, ямар нэгэн өвдсөн хавдсан зүйл байхгүй болохоор гэмтлийн зэрэг тогоолгох шаардлагагүй гэж бодож байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

7. Гэрч П.ы өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой аймгийн суманд байрлах Айраг пабд манай ажилчид ганц нэг лааз пиво ууж сууж байгаад гэр гэр рүүгээ харихаар надаас түрүүлж гарсан. Би тооцоогоо хийж дуусаад араас нь гарч ирэхэд манай ажлын залуучууд сумын 5 дугаар багт байрлах Жаргалант худалдааны төвийн урд таксинд явдаг газарт хүнтэй маргалдсан бололтой зогсож байхаар нь М*******ыг салгаад авч явах гэхэд нэг цагдаа ирээд чи хэн юм, би наад хүнийг чинь авч явна гэхээр нь орхиод А*******ыг аваад машинд суулгаад удалгүй эмнэлэг рүү Нэ багшийг үзүүлэхээр очсон юм. Тухайн үед удалгүй Нэ багшийг эхнэр нь ирж аваад явахаар нь бид хэд гэр гэр рүүгээ тарсан юм. Тухайн үед байсан хүмүүс бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний хувьд нэлээн согтолттой байсан гэхдээ болсон зүйлийн талаар санаж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

8. Яллагдагч Э.М*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 16-ны орой аймгийн суманд байрлах айраг пабд манай ажилчид ганц нэг лааз пиво ууж сууж байгаад гэр гэр рүүгээ харихаар гарч сумын 5 дугаар багт байрлах Жаргалант худалдааны төвийн урд дотор таксинд явдаг газраас такси барихаар очиж явахад замын цаанаас нэг залуу хөөе тамхи байна уу? гэхээр нь байхгүй, би татдаггүй гэхэд ямар том дуугардаг юм бэ? гээд дээрэлхсэн өнгө аястай харьцаж эхэлсэн. Тэгээд замын 2 талаас урд урдаасаа замын голд уулзаж яасан гэнээ гэхэд чи намайг д мэдэх үү? бацаан минь гэх зэргээр хэрүүл маргаан эхэлж би тэр залууг нүүрэн тус газар нь гараараа цохиход тэр залуу газар унаад буцаж босож ирээд зууралдаад авахаар нь ганц нэг цохиод хамт явсан хүмүүс салгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.А*******гийн өгсөн мэдүүлэг, гэрч Б.Н*******, Б.А*******, Б.Нэ, П. нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.М*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Э.М******* нь 2022 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аймгийн сумын 5 дугаар багийн нутагт байрлах Жаргалант худалдааны төвийн орчмоос такси барихаар явж байсан Б.А*******тэй тамхи гуйсан шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар хохирогч Б.А*******г цохиж түүний биед баруун шанаанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.М*******ын гэм буруутай үйлдэл, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хохирогч Б.А*******гийн эрүүл мэндэд учирсан баруун шанаанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун гарын шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Э.М*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Э.М******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал болон архи согтууруулах ундааг тааруулж хэрэглээгүйгээс шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.М******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Э.М*******ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.А******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч Э.М******* нь хохирогчийн гар утасны дэлгэцийг засахад 120.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.М*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Э.М*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирогчид хохирол төлбөр барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 51-55 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Э.М******* нь аймгийн суманд 1995 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт аймгийн сумын 6 дугаар багийн *******ын 2104 тоотод амьдардаг, аймгийн ЗДТГ-ын “Е-mongolia цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ажилтай, 28 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Э.М******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Э.М*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Э.М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаагаар сард 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Э.М******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Э*******ын М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу сард 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

4. Энэ хэрэгт шүүгдэгч Э.М******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Э.М******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.А******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Э.ЭНЭРЭЛ