| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0419/З |
| Дугаар | 221/МА2025/0107 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0107
Б.М-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага “Татварын ерөнхий газрын ажлын чиг үүргийн дагуу татвар төлөгч “Э ” ХХК-иар нэмэгдсэн өртгийн албан татварыг албадан төлүүлж, худалдан авсан орон сууцны 110,360,000 /нэг зуун арван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн и-баримтыг олгуулах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 854 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2024/0419/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М нь “Татварын ерөнхий газрын ажлын чиг үүргийн дагуу татвар төлөгч “Э ” ХХК-иар нэмэгдсэн өртгийн албан татварыг албадан төлүүлж, худалдан авсан орон сууцны 110,360,000 /нэг зуун арван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн И-баримт олгуулах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 854 дүгээр шийдвэрээр: “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2, 17.6, Татварын Ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т тус тус заасныг баримтлан Б.М-н нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газарт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын ажлын чиг үүргийн дагуу татвар төлөгч “Э ” ХХК-иар нэмэгдсэн өртгийн албан татварыг албадан төлүүлж, худалдан авсан орон сууцны 110,360,000 /нэг зуун арван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн И-баримт /төлбөрийн баримт/ олгуулах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
3.1. ... Татварын алба нь татварын хөөн хэлэлцэх хугацаагаар тасалбар болгон өнгөрсөн цаг хугацаанд татвар төлөгчийн татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг Татварын албанаас “Э ” ХХК-ийн 2014-2018 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0302863 тоот шийтгэлийн хуудсаар 1,661,767,497.30 төгрөгийн төлбөрийг ногдуулсан. Тус шийтгэлийн хуудасны хавсралт маягт ХШ-06(2) “Э " ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоололд тус компанийн 2017 онд орон сууцны борлуултын орлогоо тайлагнаагүй зөрчлийн талаар тусгагдсан. Татварын ерөнхий газраас “Э ” ХХК-ийн 2017 оны үйл ажиллагаанд дахин татварын хяналт шалгалт хийх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2017 онд байгуулсан гэрээний дагуу төлбөрийн баримтыг олгоогүй зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтоож, төлбөрийн баримтыг 2024 онд нөхөж олгуулах хууль эрх зүйн үндэслэлгүй. Шүүхээс даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Татварын ерөнхий газар хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд биелүүлэх боломжгүй, төлбөрийн баримт олгоогүй зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан зөрчилд хамаарах бөгөөд эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсний үндсэн дээр зөрчил үйлдэгдсэн эсэхийг тогтоох зохицуулалттай.
3.2. Тус зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх 2 жилийн хугацаагаар хязгаарлагдана. Гэтэл эрх бүхий албан тушаалтны хуулиар олгогдсон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах бүрэн эрхэд шүүхийн байгууллагаас халдаж, зөрчил үйлдэгдсэнг шүүхээс тогтоож, улмаар даалгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагчаар тодорхойлогдсон Татварын ерөнхий газар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, “Э ” ХХК-иас 2017 онд хийсэн орон сууцны борлуулалтын төлбөрийн баримтыг 2024 онд иргэн Б.М-д нөхөн олгуулах үйл ажиллагааг хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, биелүүлэх боломжгүй. Харин Б.М нь төлбөрийн баримтыг хуулийн хугацаанд олгоогүйн улмаас нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувийн урамшууллын дүнгээр өөрт учирсан хохирлыг тодорхойлж, иргэний хэргийн шүүхэд “Э ” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргах боломжтой байхад энэ талаар захиргааны хэргийн шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, “Э ” ХХК-д 2014-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийгдсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчилд тавьсан 1.6 тэрбум төгрөгийн төлбөрийг ногдуулж, төлсөн талаар нотлох баримтыг үнэлээгүй, Татварын ерөнхий газрыг ажлын чиг үүргийн дагуу татвар төлөгч “Э ” ХХК-иар нэмэгдсэн өртгийн албан татварыг албадан төлүүлж, худалдан авсан орон сууцны 110.360.000 төгрөгийн и-баримтыг олгуулах үүргээ биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн бүхэлдээ үндэслэлгүй байна.
3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 854 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
4.1. ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “Учир нь иргэн хуулийн этгээдээс бараа, ажил үйлчилгээ худалдан авсан тухай бүрт НӨАТ-ын баримт шаардах, худалдан борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тал тухайн баримтыг олгох үүрэгтэй бөгөөд гуравдагч этгээд нь татварын хяналт шалгалтад хамрагдсан үндэслэлээр төлбөрийн баримт олгох, хариуцагч нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр төлбөрийг баримт шаардахаар татгалзах үндэслэлгүй. 6-д “Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтнуудын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0302863 дугаар шийтгэлийн хуудсаар гуравдагч этгээдэд шийтгэл ногдуулсан харилцаа нь түүний 2014-2018 онуудын татвар төлөлт, ногдуулалтад хамаарах бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2017/118 дугаартай “Орон сууц зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээ”-гээр борлуулсан бараанд төлбөрийн баримт олгох үүргээс чөлөөлөхгүй” гэсэн үндэслэл нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан агуулга бөгөөд хамгийн гол нь одоогийн нөхцөлд НӨАТ-ын и-баримтыг системээс хэвлэх хууль зүйн болоод технологийн боломж байгаа эсэхийг тогтоосонгүй. Уг нөхцлийг бүрэн тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр хэрэгжих боломжтой байх нөхцлийг харгалзалгүй, хууль зүйн хувьд зөрчил үүсгэж шийдвэр гаргалаа.
4.2. Нэг байрыг хоёр удаа борлуулалт хүлээн зөвшөөрөх, Захиргааны хариуцлагыг давхардуулсан шийдвэрийг гаргалаа ... Дахин 110,360,000 төгөгийн и-баримтыг олгуулах үүргийг гуравдагч этгээдэд хүлээлгэж байгаа нь бид хяналт шалгалтын хүрээнд борлуулалт хүлээн зөвшөөрч зохих татвараа төлснийг үл харгалзан дахин шинээр борлуулалт хүлээн зөвшөөрөх, нэг байран дээр 2 удаа НӨАТ ногдуулах нөхцлийг бүрдүүлж, гомдол гаргасан эрх ашиг нөгөө талд энэ зэрэгцэх татвар төлөгч “Э ” ХХК нь хариуцлага хүлээсэн, татвараа төлсөн эсэхийг харгалзаж үзэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргалаа. Хавтаст хэргийн 26 дугаар талд авагдсан 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 0302863 дугаар шийтгэлийн хуудасны хавсралтад иргэн Б.М-н гэрээ хамрагдаж шалгасан нөхцлийг шүүх анхаарсангүй.
4.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан нэхэмжлэлийн шаардлагын урьдач нөхцөл нь “эс үйлдэхүй” өөрөө хууль бус байхыг шаарддаг гэтэл шүүх Татварын ерөнхий газрын ямар эс үйлдэхүй байв, ямар эс үйлдэхүй нь хууль бус вэ, Захиргааны маргаан мөн эсэх, захиргааны актын шаардлагыг хангасан эсэхэд огт дүгнэлт хийгээгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан нь маргаан бүхий харилцаанд үнэхээр НӨАТ-ын баримт олгох боломжтой эсэх, олгох хууль зүйн үндэслэл байгаа эсэхийг тогтоохгүйгээр, мөн энэ асуудлаар хийсэн хяналт шалгалт хийж шийтгэл ногдуулсан эсэхэд бүрэн дүгнэлт хийхгүйгээр шууд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дүнгээр дахин НӨАТ-ын баримт олго гэсэн шийдвэр гаргасан нь Татварын байгууллага буюу шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааны бүрэн эрхэд халдсан, дотоод үйл ажиллагаанд шууд оролцсон шийдвэрийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.
4.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч Б.М нь Татварын ерөнхий газарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын ажлын чиг үүргийн дагуу татвар төлөгч “Э ” ХХК-иар нэмэгдсэн өртгийн албан татварыг албадан төлүүлж, худалдан авсан орон сууцны 110,360,000 /нэг зуун арван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн и-баримтыг олгуулах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2.2. Анхан шатны шүүх “... иргэн, хуулийн этгээдээс бараа, ажил үйлчилгээ худалдан авсан тухай бүрт НӨАТ-ын баримт шаардах, худалдан борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тал тухайн баримтыг олгох үүрэгтэй бөгөөд гуравдагч этгээд нь татварын хяналт шалгалтад хамрагдсан үндэслэлээр төлбөрийн баримт олгох, хариуцагч нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр төлбөрийн баримт шаардахаас татгалзах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтнуудын 2019 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 0302863 дугаар шийтгэлийн хуудсаар гуравдагч этгээдэд шийтгэл ногдуулсан харилцаа нь түүний 2014-2018 онуудын татвар төлөлт, ногдуулалтад хамаарах бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2017/118 дугаартай “Орон сууц зээлийн нөхцөлөөр борлуулах гэрээ”-гээр борлуулсан бараанд төлбөрийн баримт олгох үүргээс чөлөөлөхгүй. Нөгөөтэйгүүр хариуцагч нь төлбөрийн баримт олгосноос татгалзсан иргэн, хуулийн этгээдээс хууль биелүүлэхийг шаардах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хамгаалах үүрэгтэй. Учир нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хугацаанд хамаарахаас бус төлбөрийн баримт хэвлэх, түүнийг олгоход хамаарахгүй” гэж дүгнэж, нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
2.3. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д “энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн тухайн улиралд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох”, 15 дугаар зүйлийн 15.10-д “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан хасалт, 15.1, 15.2.1, 15.5, 15.6-д заасан буцаан олголтыг хянан баталгаажуулах, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”,17 дугаар зүйлийн 17.3-д “Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”, 17.3.1-д “албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ”, 17.3.2-т “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.3.4-д “албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ”, 17.6-д “Албан татвар суутган төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр олгосон, эсхүл төлбөрийн баримт олгохоос татгалзсан бол албан татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэж тус тус заасан.
2.4. Түүнчлэн, Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6-д “Албан татвар төлөгч нь энэ журмын 4.2.2-т заасныг үл харгалзан тухайн улирлын сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн улирлын эхний сарын 8-ны дотор бүртгүүлсэн байна”, 6 дугаар зүйлийн 6.3-д “Татварын алба нь тухайн улирлын буцаан олголтын дүнг дараа улирлын эхний сарын 10-ны дотор албан татвар төлөгч бүрээр нэгдсэн системээс баталгаажуулан гаргасан мэдээллийг энэ журмын 4.1.1, 4.1.2, 4.1.5-д заасантай нийцэж байгаа эсэхийг хянаж, тэмдэглэл үйлдэн албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заажээ.
2.5. Дээрх хууль журмын зохицуулалтуудаас үзэхэд худалдан авсан баримтын мэдээллийг үндэслэн албан татварын суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтын тодорхой хувийг буцаан олгохоор, энэ талаарх журмыг Засгийн газрын гишүүн батлахаар заасан байх бөгөөд албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг системд бүртгэл хийж, тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгохоор байна. Харин албан татвар төлөгч төлбөрийн баримтыг өөр дүнгээр, эсхүл олгоогүй тохиолдолд татвар төлөгч энэ талаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, эсхүл харьяа татварын албанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй байна.
2.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Э ” ХХК-ийн 2014-2018 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтыг хийж, тус компанийн гүйцэтгэх захирал Я.Э татвар, торгууль, алдангийг хүлээн зөвшөөрсний дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0000000000 дугаар шийтгэлийн хуудсаар 1,661,767,471.30 төгрөгийн төлбөрийг ногдуулж шийдвэрлэсэн. Уг шийтгэл оногдуулсан зөрчлүүдэд дотор орон сууцны борлуулалтын орлогоо тайлагнаагүй зөрчил багтжээ.
2.7. Нэгэнт дээрх хууль журамд заасан үүргээ биелүүлэх хуулийн хугацаа өнгөрч, уг үүргээ хэрэгжүүлээгүй гэж гуравдагч этгээд “Э ” ХХК-д Татварын ерөнхий газрын татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0302863 дугаар шийтгэлийн хуудсаар 1,661,767,471.30 төгрөгийн төлбөр оногдуулж шийдвэрлэсэн энэ тохиолдолд худалдан авсан орон сууцны и-баримтыг дахин үүсгэхийг даалгах үндэслэлгүй.
2.8. Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой боловч дээрх байдлаар хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаагүй, магадгүй гаргасан байх тохиолдолд Б.Мөнхзулд өгсөн “…шийтгэлийн хуудсаар хариуцлага тооцсон учир 2024 онд борлуулалтын баримт дахин үүсгэх боломжгүй. Иймд таны худалдан авсан байрны цахим төлбөрийн баримт буюу и-баримт байхгүй учир Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтөд хамрагдах боломжгүй байна …” гэсэн хариу Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, үүнийг хууль бус татгалзал гэж үзэхгүй.
2.9. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгч Б.М нь төлбөрийн баримтыг хуулийн хугацаанд олгоогүйн улмаас нэмэгдсэн өртгийн татварын 2 хувийн урамшууллын дүнгээр өөрт учирсан хохирлыг тодорхойлж, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой” гэх давж заалдах гомдлыг үгүйсгэхээргүй байх тул нэхэмжлэгч Б.М нь энэ талаарх маргаанаа иргэний журмаар хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.10. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 854 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1, 17.3.2, 17.3.4, 17.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М-н Татварын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын ажлын чиг үүргийн дагуу татвар төлөгч “Э ” ХХК-иар нэмэгдсэн өртгийн албан татварыг албадан төлүүлж, худалдан авсан орон сууцны 110,360,000 /нэг зуун арван сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн и-баримтыг олгуулах үүргээ биелүүлэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ