| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2021/0266/З |
| Дугаар | 128/ШШ2021/0735 |
| Огноо | 2021-11-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2021/0735
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** ХХК, /РД: ***/,
Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, ***-р хороо, **хороолол, **хэсэг, ***оргил, **, **тоот
*** ХХК, /РД: *****/,
Улаанбаатар, Сонгинохайрхан, **-р хороо, **хороолол, *** тоот,
Хариуцагч: ***, Чингэлтэй дүүрэг,
Нэхэмжлэлийн шаардлага: ***ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/*** тоот тушаалын "***" ХХК, "***" ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК-ийн захирал Ё.Б болон *** ХХК-ийн захирал Ц.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: *** ХХК нь ***ын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар тушаалаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн *** ам нэртэй газар нийт 5.0 га талбайг Аялал жуулчлал-ын зориулалтаар 5 жил ашиглахаар *** тоот гэрчилгээг авч, *** тоот гэрээг байгуулан газрыг зориулалтын дагуу ашиглаж, төлбөрөө гэрээнд заасны дагуу төлж ирсэн. Гэтэл ***ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/*** дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай мэдэгдлийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авлаа. Сайд нь уг тушаалаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дугаар хэсэг буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэснийг үндэслэн гаргасан байна.
1. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн тухайд: Манай компанийн хувьд дээрх зөрчлүүдийг гаргаж байгаагүй бөгөөд газар дээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *** аманд баригдах *** ХХК-ийн Е-ресорт аялал жуулчлал, амралт зугаалгын цогцолбор байгуулахаар төлөвлөн бетонон суурьтай гоёлын төмөр хашаагаар хашаалж, Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэж, төслийн талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт, зураг төсөл зэрэг холбогдох бусад ажлуудыг гүйцэтгэн төсөлд нийт 260,845,700 төгрөгийн зардал гаргаад байна. /нотлох баримтуудыг хавсаргав/. Иймээс Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.6 дугаар хэсэг буюу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газpaa 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.
2. Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн тухайд: Газар ашиглагч нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай *** тоот гэрээний 2.4-т заасны дагуу газрын төлбөрийг тогтоосон хугацаандаа төлж байсан бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Гэтэл газар дээр аялал жуулчлалын цогцолборын ажил хэрэгжих явцад буюу 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолоор газрын нэгж төлбөрийн хэмжээг 7 дахин нэмж, хэт өндөр газрын төлбөрийг нэхэмжлэх болсон. Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай *** тоот гэрээ хүчин төгөлдөр, гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй атлаа захиргааны байгууллагаас үндэслэлгүйгээр 7 дахин өндөр газрын төлбөр шаардсан нь газар ашиглагчийн эрх ашгийг зөрчсөн бөгөөд тухайн газар дээр төлөвлөж байсан төсөл арга хэмжээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн. Дэлхий нийтэд Коронавирус гэх халдварт цар тахлын өвчин дэгдсэн хүнд нөхцөлд газрын төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоосон гэж газар ашиглагч олон аж ахуй нэгжүүд гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолыг мөн хурлын 2020 оны *** дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас газрын төлбөр төлөлт маргаантай болж, хэсэг хугацаанд хийгдээгүй бөгөөд газар ашиглагчийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулахад бэлэн болно.
Нэхэмжлэгч *** ХХК нь ***ын 2010 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тусгай хамгаалалттай газар нутгийн Хүрэлтогоотын ам нэртэй газар нийт 1,5 га талбайг Аялал жуулчлал-ын зориулалтаар ашиглахаар *** тоот гэрчилгээг авч, *** тоот гэрээг байгуулан газрыг зориулалтын дагуу ашиглаж байтал мөн ***ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/*** дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосныг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн. Газар ашиглах эрхийг цуцлахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дугаар хэсгийг тус тус үндэслэн гаргасан байх бөгөөд манай компанийн хувьд газар дээр Аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөн, Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, зураг төсөл зэрэг холбогдох бусад ажлуудыг гүйцэтгэж байсан. /нотлох баримтуудыг хавсаргав/.
Газрын төлбөр төлөлтийн тухайд *** ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай *** тоот гэрээнийхээ дагуу төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан ба 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Газрын төлбөрийн тооцоо нийлсэн тухай *** тоот акт үйлдсэн. Газрын төлбөр төлөлт нь дээр дурдсан *** ХХК-д үүссэн нөхцөл байдалтай адил шалтгааны улмаас мөн хэсэг хугацаанд саатсан болно. Дээрх байдлаар нэхэмжлэгч нар нь газрыг зориулалтын дагуу ашиглаж, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг төлж ирсэн ба газар ашиглах эрхийг цуцлах хуульд заасан зөрчил гаргаж байгаагүй тул ***ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/*** тоот тушаалын *** ХХК, *** ХХК нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Манай хоёр компанийн хувьд Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн ноцтой асуудал байхгүй. Гэрээнд заасан төслөө хэрэгжүүлэхийн тулд хөрсөө судлуулж, хашаа татаж, үнэлгээг хийлгэж, зураг төслөө боловсруулж, цахилгааны асуудлаа шийдэж, хөрөнгө оруулалт хийсэн. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газраас манайд холбогдуулан мэдүүлэг авч, хэрэг нээсэн зүйл байдаггүй. Юуг үндэслэж манай эрхийг цуцалсан нь ойлгомжгүй байдаг. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Маргаан бүхий сайдын тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан заалтуудыг үндэслэдэг. Гэвч манай хоёр газрын газар ашиглах эрхийг аль хуулийн заалтыг барьж цуцалсан нь ойлгомжгүй байдаг. Захиргааны акт өөрөө тодорхой байх ёстой. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаар аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах байсан гэж үзэж байгаа юм уу? эсхүл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзээд байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Манайх газрыг зориулалтын бусаар ашигласан зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа зүйл ч байдаггүй. Газрын төлбөрийг ямар үндэслэлээр төлөх боломжгүй байсан талаараа сая дурдлаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Худалдаа аж үйлдвэрийн танхимын гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үндэслэлтэй гэж үзэж байгаа талаар тайлбарласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *** ХХК-ийн хувьд: ***ын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/*** дугаар тушаалаар *** ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын *** аманд аялал жуулчлалын зориулалтаар 5 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон байна. Тус компани нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *** тоот газар ашиглах тухай гэрээ байгуулсан ба гэрээний дагуу 1 жилд арван есөн сая найман зуун мянган төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлбөрийг тэнцүү хэмжээгээр Баянзүрх дүүргийн Газрын харилцааны албаны дансанд төлөхөөр заасан.
*** ХХК-н хувьд: ***ын 2008 оны 08 сарын 22-ны өдрийн A/*** дугаар тушаалаар *** ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Хүрэлтогоотын аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.5 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатайгаар олгосон бөгөөд газар ашиглах эрх нь сунгагдаагүй байна. Тус компанийн 2014 онд байгуулсан *** дугаар газар ашиглах гэрээний дагуу 1 жилд таван сая есөн зуун дөчин мянган төгрөгийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлбөрийг тэнцүү хэмжээгээр Баянзүрх дүүргийн Газрын албаны дансанд төлөхөөр заасан. Гэтэл нэхэмжлэгч компаниуд нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, 2014 цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, мөн зүйл, хэсэгт заасан... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй нотлох баримтыг ***д ирүүлээгүй байдаг.
Нэхэмжлэлд дурдсанчлан газрын төлбөрийн итгэлцүүрийг тогтоосон акттай маргаж байгаа нь газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Мөн Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас тусгай хамгаалалттай газар нутагт нэр бүхий иргэн, хуулийн этгээд нь аялал жуулчлал, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газар ашиглах тусгай зөвшөөрөл авч улмаар газрыг зориулалтын бусаар ашигласан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл тогтоогдож, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн **** тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн 660 иргэн, хуулийн этгээдийн /нэхэмжлэгч нар орсон/ газар ашиглах эрхийг нь хүчингүй болгож, цуцлах талаар мэдэгдсэн. Иймээс тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат гарын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2731 тоот албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн *** тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдлийн дагуу ***ын 2021 оны А/*** дугаар тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ***, мөн оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот албан бичгээр *** ХХК болон *** ХХК нарт дээрх шийдвэрийг гаргах болсон талаар мэдэгдэж холбогдох тайлбар, санал, нотлох баримтуудыг ирүүлэхийг тусгасан ба Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилласан байна.
.... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч *** ХХК, *** ХХК-иуд нь ***ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/*** тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь газар ашиглахтай холбоотой баримт бичгүүдийг боловсруулж, эрх бүхий этгээдээр батлуулж үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байсан боловч цар тахлын улмаас үйл ажиллагаа догдолж төлбөрийн чадвар муудсаныг харгалзалгүйгээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,
- Нэхэмжлэгч *** ХХК-д нь ***ын 2016 А/*** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн *** аманд 5.0 га талбайг, нэхэмжлэгч *** ХХК-д мөн сайдын 2008 оны *** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газар нутгийн Хүрэлтогоотын аманд 1,5 га талбайг тус тус Аялал жуулчлал-ын зориулалтаар ашиглуулахаар олгосон[1],
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаас 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *** ХХК-ийн газар ашиглах эрхийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаагаар сунгаж 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *** тоот гэрээ байгуулсан[2],
- Байгал орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13/3422 тоот албан бичгээр *** ХХК-д ерөнхий үнэлгээний дүгнэлтийг хүргүүлж байсан байх ба тус хуулийн этгээдээс 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20/010 Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах, гэрээ байгуулах тухай хүсэлтийг гаргаж байсан[3],
- ***ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/*** тоот тушаалаар нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн үйл баримтууд тус тус тогтоогдов[4].
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д ялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болохоор, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т зааснаар газар ашиглагч газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх-ээр, 35.3.3-т зааснаар газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх-өөр тус тус заасан байх ба мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үүргийн биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар заажээ.
Захиргааны байгууллагаас хуулийн этгээдэд өмнө нь нэгэнт олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй олгох тохиолдолд хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу газар ашиглагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох, энэ нь газар ашиглагчийн үйл ажиллагаанаас шууд хамааралтай болохыг эргэлзээгүйгээр шалган тогтоосон байх шаардлагатай.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбаруудаас үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй, мөн газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй байсан гэж үзэхээр байх тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д ...бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Тодруулбал,
Нэхэмжлэгч *** ХХК нь Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн *** аманд 5.0 га талбайд баригдах Е-Ресорт аялал жуулчлал, амралт зугаалгын цогцолборын эскиз зургийг боловсруулж, холбогдох инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан[5] байх ба Е-ресорт аялал жуулчлалын цогцолбор байгуулах төслийн 2019-2024 он хүртэлх хугацааны байгаль орчны менежментийн төлөвлөгөө бүхий байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээчээр батлуулсан байна[6].
Мөн *** ХХК нь Богдхан уулын *** аманд байрлах газарт хашаа хатгаж газар дээр үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэсэн нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байхын зэрэгцээ Энержи левел ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу цахилгаан хангамжийн трансформатор суурилуулахаар гэрээний төлбөрийг цаг тухайд нь төлсөн баримтуудыг ирүүлсэн[7].
Нэхэмжлэгч Арвайн цацал, арвижих ХХК-ийн хувьд мөн Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Хүрэлтогоотын аманд баригдах аялал жуулчлал, амралт зугаалгын цогцолборын эскиз зургийг боловсруулж[8] батлуулсны зэрэгцээ тус цогцолборын байгаль орчны менежментийн төлөвлөгөө бүхий байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээчээр батлуулж ирүүлсэн[9].
Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс ашиглалтын газарт баригдах аялал жуулчлалын цогцолборт шаардагдах хөрөнгө оруулалтын гэрээг *** ХХК-тай тус тус байгуулсан байна.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь маргаан бүхий газруудад байгуулагдах аялал жуулчлалын цогцолборуудын холбогдох зураг төслүүдийг боловсруулж, цогцолбор байгуулах бэлтгэл ажлуудыг гүйцэтгэсэн байхад хариуцагчаас газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэж газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлах шийдвэр гаргах хуулийн шаардлагыг хангаагүй, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болсон гэж үзэхээр байна.
*** ХХК-тай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *** тоот гэрээ болон *** ХХК-тай байгуулсан *** тоот гэрээнд газрын төлбөрийн хэмжээг тодорхойлсон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны ***дүгээр магадлалаар ...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал уг итгэлцүүрийн тоон утга, хэрэглэх зааг хязгаарыг тогтоосон нь эрх хэмжээгүй этгээд захиргааны акт гаргасан гэх үндэслэл болж тухайн актыг илт хүчин төгөлдөр бус гэж үзсэн, ... илт хүчин төгөлдөр бус дээрх тогтоолын дагуу Баянзүрх дүүргийн Газрын алба нь компанийн газрын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д нийцээгүй... гэж дүгнэн ... Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны *** дүгээр тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх ба хариуцагч захиргааны байгууллагаас аливаа акт гаргаагүй байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэлгүй талаарх тооцоо нийлсэн актыг шүүхэд ирүүлсэн ба үүнээс хойших хугацаанд газрын төлбөрийг төлөөгүй тухайд маргаагүй боловч нэхэмжлэгч *** ХХ-иас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ***5 тоот албан бичгээр ...дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 25 дугаар тогтоолын дагуу газрын төлбөрийг хэмжээ үлэмж нэмэгдсэнээс холбогдох эдийн засгийн үндэслэлийг дахин тооцох, төлөвлөх шаардлагатай болсон тул хуримтлагдсан төлбөрийг төлөх хуваарь гаргаж тохиолцох хүсэлт гаргаж байсан байна[10].
Мөн Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас *** ХХК-д *** дугаартай, *** ХХК-д *** дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г тус тус олгосон байх ба уг гэрчилгээнүүдэд ... *** ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хийгдэх ажлын төлөвлөгөө, санхүүжилтийн хуваарийн дагуу гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн урьж ажиллуулах, санхүүжилт олгох ажил нь ... гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын хилээр нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотойгоор саатсан, ... дээр дурдсан нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болохыг нотолж байна гэжээ[11].
Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн төлбөл зохих газрын төлбөрийн хэмжээ тодорхой бус байхын зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь өөрөөс үл хамаарах, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас газрын төлбөрийг төлөх боломжгүй болсон гэж үзэхээр байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** тоот албан бичгээр Арвай цацал арвижих ХХК-д 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн *** тоот албан бичгээр *** ХХК-д газар ашиглах эрхийг цуцлах тухай захиргааны акт гаргах болсныг мэдэгдэж, холбогдох тайлбар, санал, нотлох баримтыг ирүүлэх-ийг мэдэгдсэн, нэхэмжлэгч талаас энэхүү мэдэгдлүүдийг хүлээн авсан тухайд маргахгүй боловч уг мэдэгдлүүдэд заасан хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор Дэлхий нийтэд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг-т, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т тус тус шилжүүлсэн тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан ...ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас хүргүүлсэн мэдэгдэлд заасан хугацаанд эрх бүхий этгээдээс дэлхий нийтэд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын бууруулах зорилгоор тогтоосон хөл хорионы улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь захиргааны байгууллагад хүрэлцэн очих, тайлбар санал гаргах боломжгүй байсан байх тул хариуцагч талын сонсох ажиллагааны мэдэгдэлд заасан хугацаанд тайлбар, санал гаргаагүй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Хариуцагч нь маргааны бүхий актыг гаргахдаа Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаартай мэдэгдлийг үндэслэсэн гэх боловч уг мэдэгдэл нь ...660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуцлуулахаар мэдэгдсэн байх тул энэ нь газрын эрхийг шууд цуцалж шийдвэрлэх үндэслэл болохгүй, харин захиргааны байгууллагаас Газрын тухай хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг шалгах, холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэр гаргах эрхийг хязгаарлахааргүй байна.
Дээрхээс үзвэл, ***ын 2021 оны А/*** дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэж нэхэмжлэгч *** ХХК, *** ХХК-иудын газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд тохироогүй, хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад, хуульд заасан журмын дагуу гараагүй, нэхэмжлэгч хуулийн этгээдүүдийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн *** дугаар зүйлийн ***.1-д Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлнэ гэж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан эрхийг эдлүүлээгүй хууль бус шийдвэр болсон байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн *** дугаар зүйлийн ***.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 45 дугаар зүйлийн 45.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *** ХХК, *** ХХК-иудын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ***ын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/*** тоот тушаалын "***" ХХК, "***" ХХК нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж "***" ХХК-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ