| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0036/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
2023 02 09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Д.Н******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Н*******од холбогдох эрүүгийн 2315000290035 дугаартай, 163/2023/0036/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Н*******, Булган аймгийн ******* суманд 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, 30 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н******* нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн Зүүн даваа гэх газарт оршин суух хохирогч З.*******гийн туслах малчнаар ажиллах хугацаандаа гэрийн авдар дээр байсан алтан нуухтай, дунд гарын манан хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000290035 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.Н******* нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн Зүүн даваа гэх газарт оршин суух хохирогч З.*******гийнд туслах малчнаар ажиллахаар Улаанбаатар хотоос очиж 7 хоноод буюу 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрийн авдар дээр нь байсан алтан нуухтай, дунд гарын манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч З.*******гийн өгсөн: Би Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн даваа” нэртэй газарт хувиараа мал маллаж амьдардаг. Манай хөдөө гэрт Улаанбаатар хотоос хүргэн Хорлоогийн Ядам нь Улаанбаатар хотын Драгон төв дээр танилцсан гээд Тогтох гэж дууддаг залууг манай гэрт туслах малчнаар 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр авчирсан. Ингээд манай гэрт хонь, ямаа хариулж байгаад 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэр дотор авдар дээр байсан алтан нуухтай дунд гарын манан хөөрөг хулгай хийгээд явсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
2. Иргэний нэхэмжлэгч З.*******ын өгсөн: Намайг 2022 оны 12 дугаар сарын эхээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Тэди төв дээр ажил дээрээ байж байхад Н******* гэх залуу зарах гар утас байна уу гэхээр нь гар утаснууд үзүүлсэн. Н******* гэдэг залуу надад бэлэн мөнгө алга байна, хөөрөг байна зөрүү тохироод гар утас авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөөргийг нь үзэж хараад ямар учиртай хөөрөг вэ гэж асууж тодруулахад Н******* гэдэг залуу манай өвөө аавын хөөрөг байгаа юм. Хоёр үе дамжиж ирсэн гэж байсан. Би хулгайн хөөрөг биш юм байгаа биз дээ гэхэд хулгайн хөөрөг биш гэж хэлсэн учир iPhone-7 Plus загварын гар утсан дээрээ бэлэн 600,000 төгрөг өгч наймаа хийсэн юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
3. Хөөргөнд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8-18 дахь тал/,
4. Алдагдсан эд зүйлийн үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ТХҮ- 922/5187 дугаартай: Алтан нуухтай, саарал хөх өнгийн дунд гарын манан хөөрөг 4.500.000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-43 дахь тал/,
5. Яллагдагч Д.Н*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: Би Улаанбаатар хотоос 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Булган аймгийн ******* суманд ******* гэх айлд туслах малчнаар мал маллахаар очсон юм. ******* гэх айлд очиж 6 хоног малыг нь малласан. Тухайн айлд өглөө нь малын баасыг нь цэвэрлэж, хонь болон хааяа үхрийг нь хариулдаг байсан. Өдрийг нь санахгүй байна, 2022 оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна. Миний мал хариулдаг ******* гэх айлын хүмүүс нь гэрийн гадаа цас цэвэрлэж байх хойгуур нь гэр дотор орж авдар дээр байсан шүрэн толгойтой, алтан нуухтай манан хөөргийг нь авч гэрээс гарсан чинь ******* ах мал руугаа яв гэхээр нь явж байгаад Орхон аймаг руу зам дагаж явган явж байгаад замаар явж байсан хар өнгийн жийп машин тааралдахаар нь гар өргөж суугаад Орхон аймагт буусан юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55 дахь тал/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Д.Н*******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас, шүүгдэгч Д.Н*******, түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нар нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч З.*******, иргэний нэхэмжлэгч З.******* нарын өгсөн мэдүүлэг, хөөргөнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч Д.Н*******ын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Д.Н******* нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн Зүүн даваа гэх газарт оршин суух хохирогч З.*******гийн туслах малчнаар ажиллахаар Улаанбаатар хотоос очиж 7 хоноод буюу 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрийн авдар дээр нь байсан алтан нуухтай, дунд гарын манан хөөрөг 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунайхайн сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, эд хөрөнгийг эзэмшилдээ өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон энэ үеэс төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Н******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Н*******ыг хохирогч З.*******гийн алтан нуухтай, дунд гарын манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Н*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.*******д 4.500.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Д.Н******* нь хөөргийг биет байдлаар нь хохирогч З.*******д буцаан өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 56 дахь тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд илэрхийлсэн байна.
Мөн иргэний нэхэмжлэгч З.******* нь хөөргийг худалдан авсан хохирлын мөнгөн дүн болох 900.000 төгрөгөөс тодорхой хэсгийг авсан, үлдсэн хэсгийг шүүгдэгчтэй тохиролцож авахаар болсон, гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Н*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Н*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.Н*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Н*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 62-63, 67-68 дахь талуудад авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, цагдаагийн газрын цахим системийн зөрчлийн талаарх лавлагаа мэдээлэл зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.Н******* нь Булган аймгийн ******* суманд 1993 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт амьдардаг, 30 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Н******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Шүүгдэгч Д.Н*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хулгайлан авсан хөөргийг хохирогчид буцаан өгсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.Н*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээг хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч Д.Н******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч З.*******, иргэний нэхэмжлэгч З.******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н*******од хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Н*******од оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Н******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.Н******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч З.*******, иргэний нэхэмжлэгч З.******* нар нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ