Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/40

 

2023          02           16                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Г*******,

өсвөр насны шүүгдэгч Г.Г******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Г.Г*******т холбогдох эрүүгийн 2315000000002 дугаартай, 163/2023/0041/Э индекстэй хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бат овогт *******ийн Г*******, Булган аймгийн Булган суманд 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 2, аавын хамт Булган аймаг Булган сумын 3 дугаар баг, ******* хэсгийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 16 настай, эрэгтэй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Г******* нь Г.*******той бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22-23 цагийн үед Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Баруун агуйтын 6-02 тоотод байрлах Б.Ууг*******ын эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтрэн орж Nike гэсэн бичигтэй хар өнгийн цамц, Adidas гэсэн бичигтэй хар өнгийн куртик, хоёр талдаа халаастай өмд, iPhone mini 5 маркийн ipad, гар утас тогтоогч зэргийг нууц далд аргаар хулгайлан авч 1.285.000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000002 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Г******* нь Г.*******той бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22-23 цагийн үед Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Баруун агуйтын 6-02 тоотод байрлах Б.Ууг*******ын байшингийн цонхыг чулуугаар хагалан орж, Nike гэсэн бичигтэй хар өнгийн цамц, Adidas гэсэн бичигтэй хар өнгийн куртик, хоёр талдаа халаастай өмд, iPhone mini 5 маркийн ipad, гар утас тогтоогч зэргийг хулгайлан авч 1.285.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ын өгсөн: 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *******той тэр айл руу оръё гэж ярилцаад, *******ыг цонхыг нь хагалчих гэхэд чулуугаар цонхыг нь хагалсан. Тэгээд цонхоор нь ороод дотроос нь ******* цамц, куртик, өмд авсан. Би нэг том утас, мөн утас тогтоогч авсан. Эмээ маань хохиролд 1.000.000 төгрөгийг төлсөн. Би буруу зүйл хийсэн гэдгээ ойлгосон. Гэмшиж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй гэх мэдүүлэг,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Г*******гийн өгсөн: Хэлэх тайлбар байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 6А хэсгийн 6-2 тоотод хашаа байшин байх буюу ертөнцийн зүгээр зүүн талаасаа 2 дахь айл байв. ...Байшингийн урд талын цонхнуудын голын цонхыг хагалсан байх ба цонхны доод талд бөөрөнхий мод тавьсан байв. Байшингийн баруун талд буюу том өрөө рүү ороход хувцасны шүүгээний хаалгыг дэлгэж доторх хувцаснуудыг дэлгэж гаргасан байдалтай байв. Том өрөөний зүүн захын цонхыг хагалж шилнүүд нь шалан дээр хагарч бутарсан байдалтай байх ба мөн атгасан гарны хэмжээтэй том хэмжээний чулуу байв... гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

2. Хүний биед үзлэг хийсэн: Насанд хүрээгүй Г.Г*******ын биед үзлэг хийхэд цамцны халаасанд ар тал нь боронзон өнгөтэй, урд талын дэлгэц дагасан хүрээ нь цагаан өнгийн iPhone загварын iPad, мөн цагаан өнгийн утас тогтоогч байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд бор өнгийн биеийн тамирын өмд өмссөн, хар өнгийн хагас түрүүтэй пүүзэн гутал өмссөн байна гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

3. Таньж олуулах ажиллагаа явуулсан: Г.Г*******аас хурааж авсан iPad төхөөрөмж болон гар утас тогтоогчийг хохирогч Б.Ууг*******аар харуулахад энэ миний эд зүйлс мөн байна. Би өөрийн iPad төхөөрөмжөө serial DMPZC0XSLM95 гэсэн дугаараар болон ар талдаа Apple логоны доод хэсэгт байгаа хөндлөн зурагдсан зураасаар нь таньж байна. Мөн алдсан гар утас тогтоогч маань доод талдаа хэрэглээний сэвтэй байсан болохоор би таньж байна. Энэ миний эд зүйлс мөн байна гэснээр таньж олуулах ажиллагааг дуусгав гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

4. Хохирогч Б.Ууг*******ын өгсөн: Би эхнэр болон хүүгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг юм. Булган аймагт хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа учраас Булган аймгийн Булган сумын 3-р баг Агуйт 6-2 тоотод ирэн очин амьдардаг. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгаас Улаанбаатар хот руу эхнэр хүүхдийн хамт яваад 11 дүгээр сарын 28-ны өдөр ирэхэд манай Булган сумын 3-р баг Агуйт 6-2 тоотод байрлах байшингийн цонхыг чулуугаар хагалж хулгай орсон байсан. Алдсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд Nike гэсэн бичигтэй хар өнгийн цамц, Adidas гэсэн бичигтэй хар өнгийн куртик, биеийн тамирын саарал өнгөтэй өмд, 2 талдаа халаастай өмд, iPhone mini 5 маркийн iPad нэг ширхэг, утас тогтоогч зэрэг эд зүйлс алдагдсан байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

5. Гэрч П.ы өгсөн: Би нөхөр Ууг*******ын хамт 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цагийн орчим Булган аймагт ирээд авчирсан бараагаа Барс дэлгүүр дотроо буулгаж байх үед манай нөхөр 19 цаг 50 минутын орчим гэртээ буюу Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн 6-02 тоотод хөл бөмбөг үзэх гээд ганцаараа явсан юм. Тэгээд над руу 08 цаг 03 минутанд /20 цаг 03 минут/ 99044347 дугаараас залгаад манай гэрийн цонх хагарсан, гэрт хулгай орсон юм шиг байна гэж надад хэлэхээр нь би Булган аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

6. Гэрч Х.ийн өгсөн: Г.Г******* нь миний анги даасан ангийн сурагч байгаа юм. Би 6 дугаар ангиас нь хойш анги дааж авсан бөгөөд одоо 10 дугаар ангийн Г бүлэгт суралцаж байгаа. Уг хүүхэд нь сурлагын хувьд дунд түвшний хүүхэд бөгөөд харилцааны хувьд нээлттэй ярих чадвар сайтай хүүхэд юм. Сурлаганаас гадна спорт болон урлагийн төрлөөр хичээллэдэггүй. Ар гэрийнх нь хувьд гэвэл аавтайгаа хоёулаа амьдардаг бөгөөд амьжиргааны түвшин нь дунд буюу аав нь тогтсон ажилгүй хүнтэй ажлын хөлс тохироод элдэв ажил хийж байгаа харагддаг. Өөрийнх нь ёс суртахууны хувьд гэвэл даруухан дөлгөөн, элдэв буруу зүйл хийдэггүй хүүхэд байгаа юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

7. Гэрч Ц.гийн өгсөн: Тухайн хүүхдүүдийг танина. Манай эхнэр Туяагийн төрсөн дүүгийн хүүхдүүд байгаа юм. Мөн нэг хашаанд хамт амьдардаг. Г******* нь аавтайгаа хоёулаа амьдардаг бөгөөд аав нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Г.******* нь өвөө, ээжийнхээ хамтаар амьдардаг бөгөөд сэтгэцийн хувьд бас өөрчлөлттэй байгаа юм. Мөн амьжиргааны түвшин доогуур айл өрх байгаа юм гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

8. Гэрч Б.гийн өгсөн: Би дээрх хүүхдүүдийг зүс мэдэх төдий танина. Уг хүүхдүүд нь миний хариуцсан хороонд амьдардаг бөгөөд гэх айлын хашаанд амьдардаг. Тухайн айл нь хашаандаа нийт гурван айлтай бөгөөд амьдралын түвшин их доогуур айл байгаа юм. Тухайн айлуудаас Золбоо гэх эмэгтэй Жаран гэх зоогийн газарт ажилладаг бусад хүмүүс нь эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Тухайн айлууд нь амьжиргааны түвшин доогуур тул хүнсний талон авдаг. Мөн тухайн хашаанд амьдардаг эмэгтэйн сэтгэц нь өөрчлөлттэй гэхээр харагдаж байсан. Сэтгэцийн байдлаараа халамж үйлчилгээнд хамрагддаг гэж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

9. Иргэний хариуцагч Н.Г*******гийн өгсөн: ...Би Г.Г*******ын аавынх нь төрсөн эгч байгаа юм. Г.Г******* нь одоо гэртээ аав *******ийнхээ хамтаар амьдардаг бөгөөд аав нь бичиг үсэг мэдэхгүй тул би энэхүү хэрэгт Г*******ын хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор болсон юм. Манайх хашаандаа 3 айл байдаг бөгөөд би гэртээ нөхөр, хүүхдүүдийн хамтаар амьдардаг. Харин Г.Г******* нь болохоор аавынхаа хамтаар монгол гэрт амьдардаг. Г.******* нь болохоор байшинд өвөө, ээж, ахынхаа хамтаар амьдардаг. Эдгээр айлууд нь тогтсон орлого байхгүй. Өөрсдийн гэсэн эд хөрөнгө гэхээр зүйл байхгүй амьдралын боломж тааруу айлууд буюу нэн ядуу айлын өрхөд багтдаг бөгөөд хүнсний материал халамжаас авдаг. Дээрх хүүхдүүд нь хулгай хийсэн гэдгийг анх цагдаад дуудагдаад ирэхэд хулгай хийсэн зүйлсээ өмсчихсөн байна гээд харуулж байсан. Мөн өөрсдөө хулгай хийсэн талаар ярьж хэлсэн байсан. Манай зүгээс хохирол барагдуулж 1.000.000 төгрөг өгсөн. Үүн дотор цонх шиллүүлсэн зардал орчихсон байгаа. Хохирогч талаас дахиж мөнгө авахгүй гомдол саналгүй гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/,

10. Ашид билгүүн хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ОРХ/5286 дугаартай: Nike гэсэн бичигтэй хар өнгийн цамц 1 ш зах зээлийн дундаж үнэ 80.000 төгрөг, Adidas гэсэн бичигтэй хар өнгийн куртик 1 ш зах зээлийн дундаж үнэ 100.000 төгрөг, хоёр талдаа халаастай өмд 2 ш зах зээлийн дундаж үнэ 80.000 төгрөг, iPhone mini 5 маркийн iPad зах зээлийн дундаж үнэ 1.000.000 төгрөг, гар утас тогтоогч 1 ш зах зээлийн дундаж үнэ 25000 төгрөг, нийт алдагдсан эд зүйлсийг 1.285.000 төгрөгөөр үнэлэв гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

11. 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ын насыг тоолсон: *******ийн Г******* нь 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 16 нас, 6 сар, 28 хоногтой байна гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 107 дахь тал/,

12. Өсвөр насны яллагдагч Г.Г*******ын яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: Би одоо өдөр хоногоо сайн санахгүй байна. Оройн 23 цагийн орчимд гэрээсээ үеэл ах *******ын хамтаар гараад баруун талд байх гудамж руу орж улмаар эзэнгүй бололтой байшин байхаар нь ******* ахыг уг байшин руу орж үзэх үү гэтэл тэгье гэсэн. Улмаар тухайн байшингийн урд талд очоод яаж орох талаар ярилцаж байтал ******* ах чулуу шидэж цонхыг нь хагалаад бид хоёр дотогш орсон. Тэгээд байшин дотор юу байгааг үзэж байтал ******* хувцас авч байсан. Харин би iPad-ыг авсан. Тэр айлаас гараад хулгай хийсэн зүйлсээ хашаан дотроо нуусан. Улмаар 2-3 хоногийн дараа байх *******той утсаа засуулах гээд явж байтал цагдаа нар ирж саатуулсан. Тухайн үед хулгай хийсэн хувцасаа ******* өмсчихсөн байсан. Харин би болохоор гэм буруугаа хүлээн зөвшөөрч iPad болон гар утас тогтоогч зэргийг гаргаж өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Ууг*******, гэрч П., Ц., Б., иргэний хариуцагч Н.Г******* нарын хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаар эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн 2022 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн 5286 дугаартай дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны үеийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчийн нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжаар нь магадлан нягтлахад өсвөр насны шүүгдэгч Г.Г******* нь Г.*******той бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний орой 22-23 цагийн үед Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Баруун агуйтын 6-02 тоотод байрлах Б.Ууг*******ын эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд цонхыг нь чулуугаар хагалж хууль бусаар нэвтрэн орж Nike гэсэн бичигтэй хар өнгийн цамц, Adidas гэсэн бичигтэй хар өнгийн куртик, хоёр талдаа халаастай өмд, iPhone mini 5 маркийн ipad, гар утас тогтоогч зэргийг нууц далд аргаар хулгайлан авч 1.285.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл хангалттай нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Харин мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно” гэж хуульчилсан байх бөгөөд энэ тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүй байхаар зохицуулжээ.

Хэрэг, үйл баримт болсон газар буюу Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн Баруун агуйтын 6-2 тоот нь хохирогч Б.Ууг*******ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байх бөгөөд өсвөр насны шүүгдэгч Г.Г******* нь Г.*******той бүлэглэн чулуугаар цонхыг хагалж цонхоор орж буй нь хохирогчийн байнга амьдрах зориулалттай орон байрны халдашгүй эрхэд халдсан хууль бус нэвтрэлт гэж үзнэ.

Өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ын Г.*******той бүлэглэн хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл идэвхтэй, бусдын өмчлөх эрхэд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хохирол учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өсвөр насны яллагдагч Г.*******од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ууг*******т 1.285.000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон Ашид билгүүн хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ын учруулсан 1.285.000 төгрөгийн хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Г******* төлж барагдуулснаар /хавтаст хэргийн 31 дэх тал/ хохирогч Б.Ууг******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хулгайд алдсан хувцсыг өмсөж хэрэглэхгүй тул дээрх хувцасны үнэ болон цонхны төлбөрт 1.000.000 төгрөг авсан гэдгээ илэрхийлсэн байх тул өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгчийн гэм бурууг нотолж, яллах байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ хэрэглэх санал, дүгнэлтийг, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, улсын яллагчийн ялын саналыг дэмжиж оролцлоо.

Өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ыг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл, хувцас хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г*******ыг хэрэг хариуцах чадвартай, сэтгэцийн хувьд эрүүл, өвчин эмгэггүй болохыг шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 104-108 талд авагдсан иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь Цагдаагийн газрын сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч Г.Алтанчимэгийн сэтгэл зүйн тодорхойлолт, Булган аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын мэргэжилтний тодорхойлолт болон хавтаст хэрэгт өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Х., Ц., Б., иргэний хариуцагч Н.Г******* нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Г.Г******* нь Булган аймгийн Булган суманд 2006 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 16 настай, ******* ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч, ам бүл 2, аавын хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, амьжиргааны түвшингээс доогуурх орлоготой өрхийн гишүүн зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгчийн хувьд насанд хүрээгүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож ухамсарлах сэтгэхүй бүрэн хөгжөөгүйгээс гадна гэр бүлийн зүгээс түүнд тавих хараа хяналт, анхаарал сул байгаа нь гэмт хэрэгт холбогдоход нөлөөлсөн байна.

Өсвөр насны шүүгдэгч Г.Г*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан учруулсан хохирлыг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирлын хэр хэмжээ болон өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, түүний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд шүүх өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн болон ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн сурагч болох түүний нас биеийн онцлог, цаашид сурч боловсрох нөхцөл боломж зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг 2 /хоёр/ дахин багасгаж, өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ын биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр заахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүний хууль ёсны төлөөлөгч болон Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгах нь зүйтэй гэж үзэв.

Өсвөр насны шүүгдэгч Г.Г******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ууг******* гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч Г.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Бат овогт *******ийн Г*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г*******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г*******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.Г*******т  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, өсвөр насны шүүгдэгчийг хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Н.Г*******д болон Булган аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газарт тус тус даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Г.Г******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгох, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Г.Г*******т сануулсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Г.Г*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Өсвөр насны шүүгдэгч Г.Г******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ууг******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ЭНЭРЭЛ