| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0042/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-02-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
2023 02 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Б.Г******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Г*******д холбогдох эрүүгийн 2215003140037 дугаартай 163/2023/0042/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн Г*******, Булган аймгийн Орхон суманд 2004 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Булган Бармат хязгаарлагдмал хариуцлагатай компанид туслах ажилтан ажилтай, ам бүл 4, аав, ээж, ахын хамт амьдардаг, 19 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г******* нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төгөлдөр нэртэй дэлгүүрийн орчим гудамжинд М.*******, Б.*******, Б.******* нарын бие эрх чөлөөнд халдан зодож, насанд хүрээгүй хохирогч М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215003140037 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.Г******* нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төгөлдөр нэртэй дэлгүүр орохоор явж байсан насанд хүрээгүй М.*******, Б.*******, Б.******* нарыг дуудаж гудамж руу оруулж мөнгө асууж, бие эрх чөлөөнд нь халдан зодож, насанд хүрээгүй хохирогч М.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Насанд хүрээгүй хохирогч М.Алтан-Очирын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад өдрийн хоолоо идчихээд дотуур байрнаас найз *******, ******* нартай хамт Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар гарсан. Би АТМ-ээс 5000 төгрөг авсан. Тэгээд бид Төгөлдөр нэртэй дэлгүүр рүү юм авах гээд явж байхад Төгөлдөр дэлгүүрийн эсрэг талын гудамжнаас гурван залуу хөөе хүрээд ир гэж дуудаад бид гурвыг гудамж руу оруулсан. Мөнгө байвал өгчих гээд байсан. Тэгэхээр нь 5000 төгрөгөө гаргаж өгсөн. ...Би өөрийгөө 12 дугаар анги гэж хэлэхэд төгсөх анги юм байна гээд Г******* намайг зодож эхэлсэн. Миний цээж хэсэг рүү тохойгоороо тохойлдоод, уруул руу 2 удаа гараараа цохиод, зүүн гуя руу 4-5 удаа хөлөөрөө өшиглөсөн. Цээж рүү нэлээн олон удаа гараараа цохиод, зүүн гуя руу 4-5 удаа хөлөөрөө өшиглөсөн. Цээж рүү нэлээн олон удаа мөн цохиод байсан. ...Анх бид 3-г дуудаад ахын дүү нар мөнгө байвал түр өгчих намайг таньж байгаа биз дээ утсаа асахаар данс руу чинь шилжүүлье гэсэн. Тэгэхээр нь би өөрийн халаасанд байсан 5000 төгрөгөө гаргаж өгсөн. Тэгээд байж байхад цаанаас хар цамцтай өндөр ах ирээд мөнгийг нь буцаагаад өг, мөнгө төгрөг авч болохгүй гэж хэлсэн. Тэгээд байж байхад ******* миний 5000 төгрөгийг буцаагаад надад авчирч өгсөн. Тэгэхээр нь би буцааж авахгүй та нар ав гэж хэлээд буцааж авахгүй байж байхад Г******* нь согтуу намайг нүүр рүү 3 удаа цохиод хөл рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд бид нарыг одоо яв гэж хэлсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би Улаанбаатар хот руу шилжсэн. Энэ жил 12 дугаар ангиа төгсөх учир хичээл номондоо анхаарч байгаа учир шүүх хуралд ирж оролцох боломжгүй байна. Би шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 25 дахь тал/,
2. Насанд хүрээгүй гэрч Б.*******ын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад өдрийн хоолоо идчихээд дотуур байрнаас найз *******, ******* нарын хамт Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар гарсан. Тэгээд бид гурав All mart төв орчихоод дээшээ Төгөлдөр гэх нэртэй дэлгүүр рүү бэлэн гоймон авах гээд явж байхад Төгөлдөр дэлгүүрийн эсрэг талын гудамжнаас гурван хүн хүрээд ир гээд дуудсан. Тэгээд явж байхад саарал өнгийн бэлтгэлийн хувцастай ах нь намайг таних уу? гэж бид хэдээс асуухаар нь танихгүй гэж хэлэхэд миний цээж рүү цохисон. Мөн *******ын цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Бид 3-г анх дуудаад намайг таньж байна уу гэхэд ******* хальт танина гэж хэлсэн. Тэгээд мөнгө байвал зээлчих гэж хэлж байсан. Тэгэхэд ******* өөрт байсан 5000 төгрөгөө гаргаж өгч байсан. Буцааж өгсөн үгүйг нь бол би хараагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29, 31 дэх тал/,
3. Насанд хүрээгүй гэрч Б.*******гийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг өнгөрч байхад байранд өдрийн хоолоо идчихээд дотуур байрнаас найз *******, ******* нарын хамт Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар гарсан. Тэгээд бид гурав All mart төв орчихоод дээшээ Төгөлдөр гэх нэртэй дэлгүүр рүү бэлэн гоймон авах гээд явж байхад Төгөлдөр дэлгүүрийн эсрэг талын гудамжнаас гурван залуу хөөе хүрээд ир гээд дуудсан. Тэгээд бид гурав явж очиход мэндийн зөрүүгүй саарал өнгийн биеийн тамирын хослолтой Г******* гэх ах эхлээд *******, ******* хоёрын цээж рүү хэд хэдэн удаа цохисон. Ингэж байтал хар юүдэнтэй цамц, хар өнгийн амны маск, хар өнгийн саравчтай малгайтай ах гэж дууддаг намайг нөгөө 4-н залуу болон *******, ******* нараас салгаж авч холдсон. Холдож байгаад миний мөрөн дээр гараа тавиад ах нь чиний төлөө хэлж байна, манай найзуудад зодуулбал алуулна, чи гар утсаа ахдаа өгчих гэж хэлсэн. ... намайг цохиж зодоогүй, намайг Г******* цээж рүү хэд хэд цохисон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35, 36 дахь тал/,
4. Насанд хүрээгүй гэрч З.*******ын өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган сумын 7 дугаар цэцэрлэгийн хажуугийн байрны урд сааданд Г******* ах дуудахаар нь очсон. Намайг очиход Г*******, Мөнхтөр, , нар хоол барьчихсан ирсэн. Би авчирсан хоолыг нь идсэн. ...Ингэж байхад *******, ахтай уулзахаар жоохон холдсон. Наана нь Г******* ах үлдсэн хоёр хүүхдийг дээрэлхэж байсан. Ингэж байтал Г******* ах нэг хүүхдийг нь өөрөө барьж байгаад энэ хүүхдийг цохь гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлэхэд Г******* ах энийг цохихгүй бол чамайг ална шүү гэж айлгахаар нь би нөгөө хүүхдийн шанаа руу нь нэг удаа цохисон. Ингээд удаагүй хүүхдүүдийг явуулсан. Г******* өөр хүүхдүүдийг хөөсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
5. Гэрч Б.ын өгсөн: ...Бид нар ер нь бол Эрдэнэт рүү явж шоудана гэж ярьж байгаад Г******* бид 2 дэлгүүр орж 1 шил архи авахаар түрүүлж гарсан. Гудамжаар явж байтал 10 жилийн 3 хүүхэд явж харагдсан. Тэгэхэд Г******* тэр 3 хүүхдийг дуудаж уулзаад цаад талын гудамж руу орсон. Г******* тэд нараас миний мэдэхийн тамхи асууж байсан. Тэгээд байж байхад Г******* нэгийг нь 2-3 удаа цохиж харагдсан. Тэр үед араас , Мөнхтөр, ******* нар ирээд бид нар Ган-Эрдэнийг салгасан. Тэгж байхад 10-н жилийн 3 хүүхдийн нэгийг нь Г*******д ойртуулахгүй, манай ангийн хүүхдийн дүү нь байна гээд цаашаа авч яваад юм яриад байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
6. Гэрч Г.ийн өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн хөрөө рамм гэх газар оршин суух Божоо гэж дууддаг гэх найзтайгаа уулзаад Мөнхтөр, Г******* гэх 2 найзтай уулзъя гээд тэндээс бид 2 алхаж яваад Нандин нэртэй дэлгүүрийн гадна талд очиход Г*******, Мөнхтөр хоёр байсан. Бид 4 нийлээд юм ярьж байхад Ган-Эрдэнийн дүү *******тай очиж уулзахаар болж 7 дугаар цэцэрлэгийн хажуу талын байрны гадаа сааданд уулзсан. ...Дорж ахын гудамжинд Г*******, ******* хоёр хэдэн танихгүй хүүхдүүдтэй уулзаад зогсож байсан. , Мөнхтөр бид 3 очиход Г******* нэлээн халамцуу тэр 3 хүүхдийг гар мөр, цээж хэсэг рүү нь гараараа ээлжлээд цохиж дээрэлхэж мөнгө төгрөг асууж байсан. Г******* хүүхдүүдийг цохиод байсан. Мөн Г*******, *******ыг хүчээр дарамталж байгаад өөрийгөө 12 дугаар ангид сурдаг гэж хэлсэн хүүхдийг цохиулж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41, 43-44 дэх тал/,
7. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 168 дугаартай: М.*******ын биед зүүн хацар, дээд уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
8. Яллагдагч Б.Ган-Эрдэнийн гэм буруугаа хүлээж өгсөн: 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн найзууд болох , , Мөнхтөр нартай уулзаад эрүүлжүүлэхэд орсон Бямба-Очир гэх найздаа хоол хийгээд цагдаа дээр ирэхэд эрүүлжүүлэхээс гарчихсан байхаар нь дотуур байранд байдаг хуурай дүү болох *******ыг дуудаж хоолоо өгсөн. Тэгээд бид нар дэлгүүр орж 2 шил архи аваад Мөнхтөрийн ахынд очиж архиа уусан. Архиа ууж дуусаад бид 2 дэлгүүр орж дахин нэг шил архи авах гээд явж байгаад 10 жилийн 3 хүүхдийг дуудаад намайг таньж байна уу ах нартаа мөнгө зээлээч дансанд мөнгө ороод ирэхээр буцаагаад шилжүүлье гэж хэлээд байж байхад цаанаас , *******, Мөнхтөр нар ирсэн. Тэгээд байж байхад ******* гэх хүүхэд 5000 төгрөг гаргаж өгсөн. Тэгэхэд одоо санахгүй байна нэг нь мөнгийг нь буцаагаад өгөө, мөнгө ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээд *******аар дамжуулаад мөнгийг нь өгүүлсэн боловч тухайн хүүхэд авахгүй гээд та нар ав гээд бид нарыг гуйлгачин мэт өнгө аястай хэлэх шиг болохоор нь би согтуу байсан. Очоод нүүр хэсэг рүү нь цохиж хөл рүү нь өшиглөсөн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч М.*******ын өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.*******, Б.*******, З.*******, гэрч Б., Г. нарын өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Б.Г******* нь 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр согтуурсан үедээ Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төгөлдөр нэртэй дэлгүүр орохоор явж байсан насанд хүрээгүй М.*******, Б.*******, Б.******* нарыг дуудаж гудамж руу оруулж мөнгө асууж, бие эрх чөлөөнд нь халдан зодож, насанд хүрээгүй хохирогч М.*******ын биед зүүн хацар, дээд уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн гэм буруутай үйлдэл, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан насанд хүрээгүй хохирогч М.*******ын эрүүл мэндэд учирсан зүүн хацар, дээд уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Г******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Насанд хүрээгүй хохирогч М.*******, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч Б.Г******* нь насанд хүрээгүй хохирогчид эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг төлсөн гэх бөгөөд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, насанд хүрээгүй хохирогч М.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хохирогчид хохирол төлбөр барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 77-78, 80, 88, 115 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Булган бармат хязгаарлагдмал хариуцлагатай хувьцаат компанийн захирлын тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Г******* нь Булган аймгийн Орхон суманд 2004 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн ******* тоотод амьдардаг, Булган бармат хязгаарлагдмал хариуцлагатай компанид туслах ажилтнаар ажилладаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Г******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Ган-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ган-Эрдэнийг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Г******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч М.*******, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэн нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ