Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

шүүгдэгч Н.Ш******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ш*******д холбогдох эрүүгийн 2315000000031 дугаартай 163/2023/0043/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын Ш*******, Булган аймгийн ******* суманд 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Мараа гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, 44 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ш******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг Мараа гэх газарт өөрийн төрсөн ах Н.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн өгзөг тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000031 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Н.Ш******* нь Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг Мараа гэх газарт байх гэртээ 2022 оны 12 дугаар сарын 30-ны орой шинэ жил тэмдэглэж төрсөн ах Н.*******, түүний эхнэр *******, өөрийн эхнэр ******* нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ах Н.*******тэй төрөл садангийн хүмүүсийг малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн, үйлдээгүй талаар маргалдаж, улмаар түүний зүүн өгзөг тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Н.*******гийн өгсөн: Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн төрсөн дүү болох Ш*******гийнд очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Улмаар архи ууж нилээн согтуу байхдаа би өөрийн төрөл садангийн хүмүүсийг малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн арчаагүй хэмээн хэл амаар доромжилсон. Тэгтэл дүү Ш******* нь хамаатнуудаа өмөөрөөд надтай маргалдаж улмаар гэртээ байсан хутгаар миний бөгс хэсэг рүү хатгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

2. Гэрч О.*******ын өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө манайд манай гэрийн ойролцоо байдаг 2 айлын хүмүүс ирж шинэ оноо тэмдэглэж хоёр шил архи нэг том пиво уусан. Тэгээд ирсэн хүмүүс маань харьцгаах гээд явсан. Тэгээд манай нөхөр Ш*******, хадам ах *******, түүний эхнэр ******* бид 4 үлдээд 0.5 литрийн архи ууж байгаад манай хадам ах ******* манай нөхөр Ш*******тэй хулгай зэлгий яриад муудалцаад байсан. Тэгсэн чинь манай нөхөр Ш******* та яахаараа ах дүү нараа дандаа ингэж хулгайч гэж хэлж байдаг юм гээд уурлаад хоорондоо барьцалдаж авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад гэрээс гараад явсан. Тэгээд удалгүй гадаа хадам ах ******* намайг хутгаар хатгачихлаа гэж хашгирахаар нь ******* эгч бид хоёр гүйгээд гарахад ******* ахын өгзөг хэсгээс нь цус гарч байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

3. Гэрч С.*******ын өгсөн: 2022 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө манай ойр хавьд байдаг 2 айлын хүмүүс нийлээд манай нөхрийн дүү болох Ш*******гийнд очиж нийлцгээж шинэ жилийн баяр тэмдэглэж хэсэг сууж ууж идсэн. Тэгээд төд удалгүй нөхөр бид хоёртой ирсэн хүмүүс гэртээ харьцгаах гээд явцгаасан. Харин бид дөрөв үлдээд хэсэг сууцгааж манай нөхөр ******* нь дүү Ш*******тэй 0,5 литрийн 1 шил архи хувааж уугаад юм ярилцаж байсан. Би Ш*******гийн эхнэр *******тай баруун талын орон дээр юм яриад сууж байсан чинь гэнт архи ууж байсан манай нөхөр ******* болон Ш******* хоёр хоорондоо дүү нар хулгай хийлээ гэсэн утгатай юм ярьцгааж маргалдаад, барилцаж аваад хоёулаа босоод ирсэн. Тэгээд манай нөхөр Ш*******гийн ах нь болохоор дүүдээ уурлаад 2 цохих шиг болоод гэрээс гараад явсан. Тэгээд араас нь Ш******* гарах шиг л болсон. Төд удалгүй манай нөхөр ******* гэрт орж ирээд Ш******* намайг бөгс рүү хутгаар хатгачих шиг боллоо гэхээр нь харсан чинь өгзөг хэсэгт нь цус болсон байсан. Тэгээд би шархыг нь цэвэрлээд бент тавьж наасан. Удалгүй гаднаас Ш******* орж ирэхээр нь би болон Ш*******гийн эхнэр бид хоёр Ш*******г орилж, хашгирч загнасан чинь Ш******* сандраад айгаад чимээгүй суусан. Манай нөхөр гэрээс явлаа гэж хэлээд гарч яваад машинаа асаагаад хөдөлсөн. Удалгүй араас нь ******* бид хоёр явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

4. Хүний биед хийсэн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 83 дугаартай: Н.*******гийн биед зүүн өгзөгт 1 тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

5. Яллагдагч Н.Ш*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн өгсөн: Би гэмт хэрэг хийсэн гэм буруугаа ойлгож их харамсаж байна. Ах *******г хутгалсан хутга нь шар модон иштэй жижиг мал гаргадаг жижгэвтэр хутга байсан. Тэр хутгыг манай эхнэр айсандаа цус руу шидсэн гэж хэлсэн. Тэгээд шидсэн гэх газар болон гэрийн ойр орчмоор зөндөө хайж, хүрзээр ухсан боловч олдоогүй. ...Би гэм буруугаа ойлгож хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.*******, гэрч О.******* нарын өгсөн мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Н.Ш*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Н.Ш******* нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг Мараа гэх газарт өөрийн төрсөн ах Н.*******тэй төрөл садангийн хүмүүсээ малын хулгай хийсэн, хийгээгүй гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн өгзөг тус газарт нэг тооны хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ш*******гийн гэм буруутай үйлдэл, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хохирогч Н.*******гийн эрүүл мэндэд учирсан зүүн өгзөг тус газарт нь хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Шүүгдэгч Н.Ш*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Н.Ш******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал, архи согтууруулах ундааг тааруулж хэрэглээгүйгээс шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Ш******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрчийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Ш*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Н.Ш*******гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь хохирогчид 380.000 төгрөг төлсөн гэх бөгөөд хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Н.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Ш*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Н.Ш*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Ш*******г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг төлснийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 41-49 дэх талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны малын А дансны тодорхойлолт, багийн Засаг даргын тодорхойлолт, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Н.Ш******* нь Булган аймгийн ******* суманд 1979 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн Мараа гэх газарт мал маллан амьдардаг, зүүн гарын 4 хуруугаа тайруулсны улмаас хөдөлмөрийн чадвараа 50%-иар алдаж группэд байдаг, 44 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.Ш******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Ш*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Н.Ш*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Ш******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Ш*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Ш******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.Ш******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Н.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Шүүхийн энэхүү шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Э.ЭНЭРЭЛ