| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/142 |
| Огноо | 2023-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/142
2023 02 20 2023/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Булаг-Ундралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч Г.Булаг-Ундрал,
шүүгдэгч З.Мягмар, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан эрүүгийн 2211 02204 0096 дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Загдаагийн Мягмар /РД:ЕТ75120919/, Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, Дуулга төвийн караокед хамгаалагч ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Туулын 11 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, хангай хотхоны 518-61 тоотод оршин суудаг гэх, урьд
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Мягмар нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Дуулга” төвийн караокед хамгаалагчаар ажиллаж байхдаа тус караокегоор үйлчлүүлж байсан С.Элбэгтэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт 1 удаа цохиж баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, бугалга, баруун өвдөгт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл хохирогч С.Элбэгийн мэдүүлэг, шүүгдэгч З.Мягмарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 16193 тоот дүгнэлт зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч З.Мягмар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч З.Мягмар нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “Дуулга” төвийн караокед хамгаалагчаар ажиллаж байхдаа тус караокегоор үйлчлүүлж байсан С.Элбэгтэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт цохисны улмаас хүний биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 16193 тоот дүгнэлтээр тогтоогдсон “...С.Элбэгийн биед баруун нүдний алим, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаа, бугалга, баруун өвдөгт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” (хавтаст хэргийн 20-21 дэх тал) гэх гэмтлийг учруулсан болох нь хохирогч С.Элбэгийн мэдүүлсэн “...2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би Өмнөговь аймгаас ирчихсэн байсан юм. Тэгээд би ганцаараа Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Дуулга баарны нийтийн караокед ороод 3 шил пиво уугаад сууж байсан юм. Тэгээд тухайн газар залуухан охин зөөгчийн ажил хийж байхаар нь би тухайн охинд хандаж зөвлөгөө маягаар иймэрхүү газарт ажлаад дэмий, хичээл номтойгоо холбоотой ажил хий гэх мэт зүйл хэлсэн юм. Тэгээд 2 пивоны тооцоогоо хийгээд дахиж авсан пивоныхоо тооцоог хийх гээд текэн дээр зогсож байхад тухай баарны хамгаалагч гаднаас орж ирээд надтай маргалдаж “хүүхдийн толгой тархи угаалаа” гэх мэт зүйл яриад караокений үүд хэсэг рүү авч гараад маргалдаж байхад газарт унагаагаад миний баруун нүд рүү гараараа цохичихоод гар өчөөд дараад байсан юм. Тэгээд босоод ирэхэд миний нүд хавдчихсан байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), З.Мягмар яллагдагчаар мэдүүлсэн “...би гадуур байж байгаад баарныхаа зааланд ороод ирэхэд текэн дээр Эбо гэх хочтой миний зүс таньдаг залуу нь Мөнгөнзул, Баянзул нартай маргалдаад зогсож байсан юм. Тэгээд би юу болсон талаар асуухад Эбо гэх залуу манай хоёр ажилтанд янз бүрийн зүйл ярисан байсан. Тэгээд би Эбо гэх залууд боль гэхэд над руу дайраад байхаар нь би баарнаасаа чирж үүд хэсэгтээ гаргахад надтай зодолдъё гээд заамдаад боох гээд байхаар нь би унагаагаад нүүрний баруун хэсэгт нь цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал) болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч З.Мягмар нь хохирогч С.Элбэгийн биед халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгч нь өөрийн хууль зөрчиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ. Үүнд: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 56 дахь тал), хохирогч С.Элбэг, шүүгдэгч З.Мягмар нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар ирүүлсэн хүсэлтүүд (хавтаст хэргийн 71, 72 дахь тал), яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай прокурорын санал (хавтаст хэргийн 75-76 дахь тал) зэрэг болно.
5. Шүүгдэгч З.Мягмарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тохирсон гэж үзэхээр байна.
6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч З.Мягмарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
7. Хохирогч С.Элбэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед эмчилгээний зардалтай холбоотой хохирол нэхэмжлээгүй бөгөөд шүүгдэгч З.Мягмар нь 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 120.000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй (хавтаст хэргийн 71, 73 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч З.Мягмар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна. Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа мэдүүлсэн “...С.Элбэг нь 2022 оны 11 дүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 214.000 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ЗзМягмараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №04/5705 албан тоот, хавсралтын хамт (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг баримтууд авагдсан байна. Шүүгдэгч З.Мягмар нь 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 214.000 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан баримт (хавтаст хэргийн 63 дахь тал) хэрэгт авагдсан байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч З.Мягмарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тохиролцсон, энэхүү саналаа шүүхийн хэлэлцүүлэгт дэмжиж оролцсон, шүүгдэгч нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн зөвшөөрсөн болно.
9. Шүүгдэгч З.Мягмар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, санал нь гэмт хэрэг үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мягмарт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
11. Эрүүгийн энэхүү хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Загдаагийн Мягмар /РД:ЕТ75120919/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч З.Мягмарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Мягмарт оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.Мягмарт сануулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч З.Мягмар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР