| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2023/0076/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/145 |
| Огноо | 2023-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/145
2023 02 27 2023/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
улсын яллагч Г.Булаг-Ундрал,
хохирогч Б.Э,
шүүгдэгч Г.С нарыг оролцуулан эрүүгийн 2211 01689 1979 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Г-н С /хх000000/, 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэйн 00 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 51 шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсгийн 248.1.2 дахь заалтанд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж, Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 332 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 41 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.С нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МЖ” спорт зааланд тэмцээн шүүж байсан хохирогч Б.Э-гийн ширээн дээр үлдээсэн Ай фоне Экс эс (iphone XS) загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 825.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Э-гийн мэдүүлэг, шүүгдэгч Г.С-н мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээниий 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ЧД2-22-796 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.С нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “МЖ” спорт зааланд тэмцээн шүүж байсан хохирогч Б.Э-гийн ширээн дээр үлдээсэн Ай фоне Экс эс (iphone XS) загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 825.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал), хохирогч Б.Э мэдүүлсэн “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бүх ард түмний спарткат болж байсан ба тухайн үед би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МЖ” спорт зааланд волейболлын тэмцээн шүүж байсан. Тухайн үед тоглолтын үеэр өөрийнхөө гар утсыг шүүгч нарын суудаг ширээн дээр үлдээгээд тэмцээнээ шүүсэн. Ингээд тоглолтоо шүүж дуусгаад ширээн дээр ирээд гар утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал), шүүгдэгч Г.С яллагдагчаар мэдүүлсэн “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “МЖ” спорт зааланд монголын бүх ард түмний спарткатын волейболлын хагас шигшээ тоглолт явагдаж байхад уг тэмцээнийг үзэхээр болсон. ...тэмцээн шүүн явуулж байгаа шүүгч нартай уулзаад мэнд мэдээд тоглолт тайлбарлаж өгчихөөд шүүгчийн ширээ нь дээр сууж байсан хар өнгийн Ай фоне гар утас ил байхаар нь уг гар утсыг аваад тэндээс гарж яваад Монтел худалдааны төв ороод гар утсыг үл таних ченжид 100.000 төгрөгөөр зарсан юм. Гар утас нь кодтой байсан тул хямдхан зарсан. Уг мөнгийг хувийн хэрэглээнд зарцуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дэх тал), “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Дугаар ЧД2-22-796 хөрөнгийн үнэлгээний тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 825.000 төгрөг” (хавтаст хэргийн 19-20 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр, хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Г.С-гийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Шүүгдэгч Г.С нь “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Дугаар ЧД2-22-796 хөрөнгийн үнэлгээгээгээр тогтоогдсон 825.000 төгрөгийн хохирлыг хохирогч Б.Э-д төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.С нь бусдын өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, шунахайрах сэдэлтээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэх арга, гэмт хэргийн объект, халдлагын зүйл зэргийг урьдчлан сонгож, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, мөн шүүгдэгч Г.С нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хулгайлах гэмт хэрэг үйлдэн холбогдсон үедээ дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхгүй, харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Г.С-д ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Прокуророос шүүгдэгч Г.С-д хорих ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэх тул түүнийг заавал нийгмээс тусгаарлан хорих ял эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. Мөн шүүгдэгч Г.С-д Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/14 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 332 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Дугаар 2023/ХМШЗ/01 захирамжаар 41 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн, 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 8 хоногийн үлдэгдэлтэй, хорих ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид эдэлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Г.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2023/ХМШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжаар Г.С-д урьд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн шийдвэрээс тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-н С /хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс шүүгдэгч Г.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Дугаар 2022/ШЦТ/14 шийтгэх тогтоол, Багахангай дрүүгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 2023/ХМШЗ/01 дугаартай шүүгчийн захирамжаар Г.С-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн шийдвэрээс тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР