Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 134

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Жалганыхан     овогт     Т.Т

  /РД:............ /  

Улаанбаатар хот Сонгинохайрхан

дүүргийн ................ тоот

                                                                          Хариуцагч: Бэрсүүд-Аж овогт Б.У   /РД:.........../, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 8 дугаар баг ............тоот

        Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, зардал 1 282 352 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чингис, хариуцагч Б.У  , нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Т.Т  миний бие 2011 онд Б.У  тай танилцаж үерхээд 2013 онд охин У.А г төрүүлсэн. Охин У.А г Б.У  аар овоглосон бөгөөд Б.У   нь жил ирэх тусам охин бид хоёрыг эргэж тойрох нь багасгаж хөндийрсөөр 2016 онд салсан. Одоо Б.У   нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын албанд ажилладаг бөгөөд өөр эхнэртэй болсон. Цаашид эвлэрч амьдрах боломжгүй байна. Охин У.А  нь 5 настай сургуульд орох болсон тул  2013  оны 11  дүгээр  сарын 11-ний

өдөр төрсөн охин У.А гийн эцэг нь Б.У   мөн болохыг тогтоож, Б.У  аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. Үүнд: Өмнөговь аймаг дахь шүүхэд очиж хэргийн материалтай танилцахад 2019 оны 03 дугаар  сарын 25-27-ны өдрүүдэд ажлаасаа цалингүй чөлөө авсан. Нэг өдрийн цалин 56 717 төгрөг бөгөөд ажлын 3 өдрийн нийт 170 152 төгрөг, шатахууны үнэ нийт 140 000 төгрөг, зочид буудалд хоносон нэг хоногийн 45 000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 800 000 төгрөг, автобусны тасалбар нэг талын үнэ 28 500 төгрөг нийт 57 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг. Дээрхи нэхэмжлэлтэй холбоотойгоор нийт 1 282 352 төгрөгийн зардал гарсан байх тул үүнийг хариуцагч Б.У  аас нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Т.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд Б.У  тай 2011 онд танилцаж, үерхээд 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин У.А г төрүүлсэн. Бид 2016 он хүртэл хамт амьдарч байгаад 2016 оны 05 сард салсан. Түүнээс хойш 2019 он хүртэл хүүхэдтэйгээ холбоо бариагүй, эргэж тойрдоггүй байсан. 2018 оны 05 сард би өөрөө Б.У  ыг Өмнөговь аймагт ажиллаж байна гэсэн сургийг сонсоод ирж уулзсан. Өөрийнх нь ажлын байран дээр ирж уулзаж байсан. Тухайн үед ирж уулзаад бид хоёр ингэж ажиллаж амьдарч байна гэж хэлээд охинтойгоо холбоотой байх хүслийг нь асуухад Б.У   эхнэр хүүхэдтэй болсон гэсэн тайлбарыг өгсөн. Тэгээд би 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. 2016 оноос хойш 2019 он хүртэл хүүхэдтэйгээ холбоо барьж харж хандаж байгаагүй. Одоо хүүхдийн эцгийн үүргийн дагуу хүүхэддээ тэтгэмж олгох талаар хүсэлт гаргасан. Үүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөх байх гэж бодож байна. 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байгаа. Энэ шаардлага хэвээрээ. Мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн шатахууны зардал байгаа. 2013 оноос хойш 2019 он хүртэл буюу 6 жилийн турш бага зардал гэж бодож байгаа. Яагаад гэвэл хүүхэд маань өвдөх, хувцас хунар гээд бүх л зүйлийг өөрөө зохицуулж, өсгөж хүмүүжүүлсэн гэв.

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чингис шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Г.Чингис миний бие нэхэмжлэгч Т.Т тай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцох хүсэлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрхийг нь хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Т.Т  шүүхэд өөрийн охин 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн У.А гийн эцэг Б.У  ыг эцгээр тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлтэй холбоотойгоор гарсан зардлуудыг хариуцагчаас гаргуулахаар 1 282 352 төгрөгийн зардал гарсан байна гэж нотлох баримтын цуг хавсаргаж шүүхэд өгсөн  байгаа. Нэхэмжлэгчийн ярьсан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн нэхэмжлэл зэргийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Иймээс хариуцагч Б.У  ыг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн У.А гийн эцэг мөн болохыг тогтоож, У.А д хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн энэ нэхэмжлэлтэй холбоотой гарсан зардал 1 282 352 төгрөгийг нэхэмжлэгч Т.Т д олгуулах нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна  гэв.

  Хариуцагч Б.У   шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Т гийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох нэг өдрийн цалин 56 717 төгрөг бөгөөд ажлын 3 өдрийн нийт 170 152 төгрөг, шатахууны үнэ нийт 140 000 төгрөг, зочид буудалд хоносон нэг хоногийн 45 000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 800 000 төгрөг, автобусны тасалбар нэг талын үнэ 28 500 төгрөг нийт 57 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг. Нийт 1 282 352 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

          Хариуцагч Б.У   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ нэхэмжлэл ихэсгэсэн шаардлага дээр санал зөрж байгаа. Би хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн асуудал байгаагүй. Өмгөөлөгч аваад өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөг, цуг ирж байгаа зардал бол илүү зардал гэж бодож байна. Өөрийнх нь ирсэн зардлыг төлж болно. Өмгөөлөгч аваад илүү зардал гаргах шаардлага байсан юм уу сайн мэдэхгүй байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол өмгөөлөгч авч болно. Тийм тэтгэлэг төлөхийг зөвшөөрөөгүй, дургүйцсэн, татгалзсан зүйл байгаагүй. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийнх нь зардлыг төлөхийг зөвшөөрнө. Өмгөөлөгч авах шаардлагагүй байсан гэв.

         Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох Т.Т гийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа багийн засаг даргын тодорхойлолт, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин У.А гийн төрсний гэрчилгээний хуулбар, “Жаргалант тосгоны” ЭМТөвийн тодорхойлолт, хариуцагчийн хүсэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10/1556 дугаартай албан бичиг, шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 601 дугаартай дүгнэлт, хавсралт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн гар өргөдөл, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 215 дугаартай тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 116 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Жаргалант тосгоны эрүүл  мэндийн төвийн даргын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24, 25 дугаартай тодорхойлолтууд, нөатын баримтууд зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Т  нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 1 282 352  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Т.Т , Б.У   нарын дундаас 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин У.А  төрсөн, түүний эцэг Б.У   болох нь 5321079196 бүртгэлийн дугаартай У.А гийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Эцэг нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ хүмүүжүүлэхэд эхтэй нь адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд тэрээр хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээс чөлөөлөгдөхгүй тул гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч нэхэмжлэгч Т.Т  хүүхдээ асрамжлаагүй эцгээс дээрх үүргүүдийг шаардах эрхтэй байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй У.А г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн У.А г 18 нас хүртэл эхийнх нь асрамжид байлгахаар зохигчид санал нэгтэй байх ба тэрээр одоо эх Т.Т гийн асрамжид байгааг харгалзан гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоов.

Т.Т  нь шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулж Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу ирж, очиход зарцуулсан шатахууны зардал 140 458 төгрөг, Royal зочид буудал байрласны төлбөр 45000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэний хөлс 800 000 төгрөг, цалин 170 152 төгрөг, автобусны зардалд 70 200 төгрөг нийт 1 282 352 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэжээ.

 Хариуцагч Б.У  , нэхэмжлэгч Т.Т гийн Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу гарсан зардлыг хот хоорондын зорчигч тээврийн тарифаар тооцож 70 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг үндэслэн, түүнчлэн нэхэмжлэгч нь цалингүй чөлөө авч байсан нь хэрэгт авагдсан чөлөөний хуудас, Жаргалан тосгоны эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогддог тул цалингийн 170 152 төгрөг, нийт 240 152 төгрөгний хохирлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

Харин шатахууны баримт, буудалд байрласан мөнгөний баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүйгээс гадна тодорхойгүй, өмгөөлөгчийн төлбөрт 800 000 төгрөг төлсөн гэдэг нь нотлогдохгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Т.Т  нь эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 1 282 352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 105 550 төгрөг төлсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.У  аас улсын тэмдэгтийн хураамжид 78054 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэг хүүхдэд ногдох тэтгэлгийн хэмжээнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 31492 төгрөгийг хариуцагч Б.У  аас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин У.А гийн эцэг Б.У   болохыг тогтоосугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.У   /РД:............../-аас 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин У.А г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.У  аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин У.А г 18 нас хүртэл эх Т.Т гийн асрамжид байлгахаар асрамжийг тогтоосугай.  Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.У  аас 240 152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т д олгосугай.

 5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс илүү нэхэмжилсэн 1 042 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 6.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 7.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У  аас улсын тэмдэгтийн хураамж 31492 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод, 78054 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Т д олгосугай.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Р.УРАНЧИМЭГ