Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/144

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Отгонбаатар,

Шинжээч ***, ***,

Шүүгдэгч /хохирогч/ ***, түүний өмгөөлөгч Б.Хонгорзул /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2919/, өмгөөлөгч Л.Отгондорж /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2439/,

Шүүгдэгч /хохирогч/ ***, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0079/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205031822486 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн 1982 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, нөхөр, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн *** дүгээр хороо *** гудамж *** хотхоны *** тоотод оршин суух хаягтай, /РД:***/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ***.

2. Монгол Улсын иргэн 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дугаар байр *** тоотод оршин суух хаягтай, /РД:****/, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ***.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 06-наас 7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороо **** дүгээр хороолол *** дугаар байр *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох нөхөр ***ын биед үсдэх, маажих зэргээр халдаж эрүүл мэндэд нь баруун бугалга, баруун шуу, зүүн даланд зулгаралт бүхий гэмтлийн учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан,

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дугаар хороо *** дүгээр хороолол *** дугаар байр *** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр ***гийн биед өшиглөх алгадах зэргээр халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дотор булан, хацар, уруул, уруулын салст, баруун бугалга, ташаа, гуя, зүүн бугалга, тохойд цус хуралт бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэх гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогдуулжээ.

                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***, *** нарыг “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

*** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би найзыгаа ажил хэргийн талаар ярих гээд дуудсан байсан. Би оройтно шүү гэж утасдаж хэлэхэд хүрээд ир, гэртээ ирээд хамт ууя гэсэн. Тэгэхээр нь эхнэр гэртээ хүүхдээ харж байгаа, сэтгэл санаа нь тиймэрхүү байгаа байх гээд найзтайгаа цуг очсон. Эхнэр дэлгүүрээс пиво авч орж ирсэн. Гэрт байсан вискиг эхнэр дур мэдэж задалсан. Би хэрэггүй гэж хэлсэн. Би тухайн үед жирэмсэн гэдгийг нь мэдээгүй. Жирэмсэн гэдгээ мэдсээр байж архи ууж, тамхи татсан. Намайг маажсан учраас босож ирж алгадсан. Тархи, толгой руу нь өшиглөсөн зүйл байхгүй...” гэв.                                                  

*** шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...*** хүү рүүгээ хараад баруун талаараа хэвтэж байхаар нь найз чинь явах гэж байна, босооч гэж хэлэхэд жийж, эргэж хараад баруун гараараа миний нүүр, нүд рүү цохисон. Нэг мэдэхэд хамраас цус гарч байсан. Энд тэнд маш их хөхөрч, хацар хавдаж, толгой хэсэгт хавагнасан байсан. Би энэ хүнийг маажаагүй, гар хүрэх боломж гараагүй. Бид хоёр жирэмслэхээр төлөвлөж байсан. Сарын юм тэр үеэр ирэх байсан ирээгүй тул би жирэмсэн болсон байж магад гэж бодож байсан. Гэхдээ баттай бол мэдээгүй байсан. Одоо ураг тогтоох эмчилгээ хийлгээд явж байгаа, 3 сая төгрөг нэхэмжилнэ...” гэв.

Шинжээч эмч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Биечлэн үзэж гэмтлийн зэрэг гаргасан. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт маш олон зүйл хамаардаг. ***ын биед учирсан гэмтэл мохоо ирмэгтэй зүйлийн үрэгдэх үйлчлэлээр үүссэн. Мохоо зүйл биеийн гадаргуугаас 45 градусын налуутай үрэгдэх үйлчлэлээр үүсэж байгаа. Шинжилгээгээр хумс гэж тогтоох боломжгүй. Хумс нь мохоо ирмэгтэй зүйлд орно. Мохоо ирмэгтэй зүйл л гэж тогтооно...” гэв.

Шинжээч эмч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...***гийн биед учирсан баруун нүдний дотор булан, хацар, уруул, уруулын салст, баруун бугалга, ташаа, гуя, зүүн бугалга, тохойд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. ...Томографаар зөөлөн эдийн хавантай гэж гарч ирээгүй учраас гэмтлийн шалтгаантай гэж гаргаагүй. Хуйханд цус хуралт байвал томографаар гарч ирнэ. ...Олон газар хэсэгчлэн үүссэн учраас олон удаагийн үйлчлэлээр гэж дүгнэсэн. Жирэмсний эрт үеийн тулгарсан зулбалт нь гэмтлийн шалтгаантай бус гэж үзсэн бэ гэхээр дөрвөн удаа жирэмсэлж байсан. Эхнийх нь үр хөндөлт, дараагийнх нь өсөлтгүй жирэмслэлт гэсэн учраас өсөлтгүй жирэмслэлт даамжирч удаа дараа явагдаж байгаа гэж үзлэгээс нь үндэслэж гаргасан. Нарийн мэргэжлийн эмчийн гэмтлээс шалтгаантай зулбалт байна гэсэн онош, тэмдэглэл байхгүй. Тийм учраас гэмтлийн шалтгаант холбоогүй гэсэн дүгнэлт гаргасан. Нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг харна. Тухайн эмнэлгийн бичиг дээр гэмтлээс шалтгаалж зулбалт үүссэн гэж ирээгүй. Тухайн шалтгаан нь өсөлтгүй жирэмслэлт, авхуулсан зэрэг шалтгаанаас болдог. Тэр байдлаар нь гэмтлийн шалтгаантай холбоогүй гэж үзсэн...” гэв.

Эрүүгийн 2205031822486 дугаартай хэргээс:

1. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажил дээрээ *** гэж найзыгаа 18 цагийн үед би дуудаад ажил хэргийн талаар яриад 3, 3 пиво уугаад сууж байсан. Ажил тарах цаг болсон байсан учир эхнэр залгахад нь найзтайгаа юм яриад сууж байна гэж хэлсэн. Манай найзыг таньдаг байсан учир гэртээ хүрээд ир хоол хийгээд байж байя хамт юм ярьж сууя гэж манай эхнэр ярьсан. Би найздаа хэлж бид хоёр 20 цаг өнгөрөөгөөд манай гэрт очсон. Манай эхнэр гаднаас юм аваад ирье гээд миний картыг аваад гарсан. Гаднаас хоёр том пиво ойр зуур идэх юм барьж орж ирсэн. Нэг пивыг нь задлаад дуусахын алдад манай эхнэр гэрт байсан вискиг задалсан. Тэгэхэд нь миний бухимдал жаахан төрсөн. Манай найз архи уухгүй пиво уугаад болоо гэж хэлсэн. Маргааш нь 5 дахь өдөр байсан. Маргааш нь би зээл авах ажилтай байсан учир архи дарс уумааргүй байна гэж эхнэртээ хэлсэн. Гэртээ хүн урьчхаад юу яриад байгаа юм бэ гээд манай эхнэр вискиг задалсан. Маргааш нь чухал өдөр байсан учир миний хувьд нээх уугаагүй. Вискинээс дээжийг нь гэж нэг татсан. Манай найз, эхнэр хоёр вискиг ууж нэлээн согтоцгоосон. Тэр хоёр гарч тамхи татсан. Хамт тамхи татахаар гарахад нь би жаахан уурласан. Тэгээд эхнэр бид хоёрын ярианы өнгө таарахгүй болоод би том өрөөндөө орж хэвтсэн. Би тухайн үед аль болох амрах гэсэн, тэгсэн манай эхнэр найз чинь явах гээд байна босооч гэж намайг татсан. Тэгээд татаж чангаагаад байхаар нь би хөлөөрөө жийсэн. Тэрэнд уурлаад манай эхнэр намайг үсдэж аваад маажаад эхэлсэн. Тэгэхээр нь би уурлаад босож ирээд уурандаа нэлээн хүчтэй хоёр удаа алгадчих шиг болсон. Тэгээд манай эхнэр уйлаад ах, эгч нарыгаа дуудсан. Манай аав, ээжийг ч дуудсан. Манай эхнэрийн ээж хажууд байсан тэр үед босож ирээд бид хоёрыг хоёуланг нь загнасан. Би эхлээд цагдаад дуудлага өгсөн. Манай эхнэр бас давхар дуудлага өгсөн байсан. Тэгснээ манай эхнэр цагдаад өгсөн дуудлагаа буцаасан байсан. Манай ээж, аав хоёр учрыг нь олно гэж тэр оройдоо нэлээн үзсэн. Ax, эгч нь ийм амьдрал гэж байхгүй сал гэж манай ээж, аав намайг доромжилж маргалдаж байгаад дүүгээ аваад явсан. Манай ээж, аав ч явсан. Би хүүтэйгээ хоёулаа үлдсэн. Тэгээд өглөө нь сална юмнуудаа авч явна гэж орж ирэхэд нь би явуулахгүй гэж гуйж, гаргахгүй зуурсан. Тэгсэн манай эхнэр явахын тулд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дахь тал),

2. Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Манай нөхөр 2022 оны 10 дугаар сарын 06-ны 19, 20 цагийн үед найзтайгаа гадуур уугаад явж байна гэж ярьсан. 2022 оны 10 дугаар сарын 06-ны 22:00 цагийн үед Баянгол дүүргийн *** дугаар хороо Модны 2-н *** дугаар байр ***-р орц *** тоотод найзтайгаа хамт халамцуу орж ирсэн. Би гэртээ өөрийн ээж болон хүүхэдтэйгээ хамт байсан. Манайд нөхрийн найзын бэлэглэсэн виски байсан, би хоол унд хийж ширээн дээрээ вискиг тавиад гаднаас хоёр том пиво оруулж ирэн манай нөхрийн найз бид 3 хувааж уусан. Нэлээн юм ярьж сууж байгаад манай нөхөр ээж хүү хоёрын дэргэдүүр ороод хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би найзыгаа дуудчихаад бос гээд нөхрөө нударсан чинь эргэж хараад намайг цохисон. Тухайн үед манай ээж хажууд байсан намайг хэд цохиод өшиглөсөн гэж хэлсэн. Миний амнаас их цус гарсан болохоор би юу болоод байгааг сайн санахгүй шоконд орсон байсан. Тэгээд би 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ныг шилжих шөнө 02-03 цагийн үед цагдаад дуудлага өгсөн, манай нөхөр бас эхнэрээ зодсон гэж дуудлага өгсөн. Бид хоёр хоёр талын гэрийнхнийгээ дуудсан байсан. Хүүхдийн минь аав тул би тухайн үед цагдаад өгсөн дуудлагаа буцаасан. Тэр өдөртөө би ээжийгээ аваад эгчийнх рүүгээ хонохоор явсан. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд хувцас болон хүүхдээ авах гээд гэртээ ирсэн чинь манай нөхөр намайг уучлаарай миний буруу гээд надтай зууралдаад хөдөлгөхгүй байсан болохоор нь би дахиад цагдаа дуудсан. Цагдаа хүрч ирээд бид хоёроос мэдүүлэг авахаар хоёуланг нь авч явсан. Тухайн өдөр тэгээд өнгөрсөн. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би хүүхэд, хувцсаа авах гээд очсон чинь хаалгаа тайлахгүй байсан. Тэгэхээр нь би Баянголын цагдаа дээр ирээд *** гэж байцаагчийг дагуулж явж очиход хаалгаа онгойлгоод орхисон байсан. *** байцаагч манай нөхрийг тэр өдөртөө хэлтэс дээрээ авчирсан байх. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хувцсыг нь өгөхөөр ирэхэд ярилцъя гэсэн би ярилцахыг хүсээгүй. Хамт амьдраад 3 жил хагас орчим болж байгаа. 2022 оны 08 дугаар сард нэг удаа гар хүрсэн. Урьд нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Тухайн үед би 3-4 долоо хоногтой жирэмсэн байсан. Зодуулсныхаа дараа “***” гэх хувийн эмнэлэгт үзүүлсэн. Хэвлий хэсэг буюу ургийн орчим 0,6-0,15 см цус хуралттай, урагт тонус өгсөн байдалтай байгаа. Толгойн баруун зулай хэсэгт овойсон байсан. Миний зулайн баруун хэсэг, баруун чамархай хуйх хавантай байсан би томографт харуулсан байгаа. Бусад биеийн хэсгээ үзүүлж эмчилгээ хийлгээгүй байна. Удаа дараа эмэгтэй хүнд гар хүрсэн баримт нотолгоотой зүйл байдаг. Тийм болохоор ***ыг жаахан ухаарч, ойлгоосой гэж бодож байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13883 дугаартай “...***гийн биед баруун нүдний дотор булан, хацар, уруул, уруулын салст, баруун бугалга, ташаа, гуя, зүүн бугалга, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13875 дугаартай “...***ын баруун бугалга, баруун шуу, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1009 дугаартай “...***гийн тулгарсан зулбалт буюу жирэмсний эрт үеийн зулбалт нь гэмтлийн шалтгаант холбоогүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 128-130 дахь тал),

6. Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянгол дүүргийн ***-р хороо модны ***-н *** дугаар байр ***-р орц *** тоотод 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ныг шилжих шөнө жижиг өрөөний орон дээр зээ хүүтэйгээ унтаж байсан. Гэнэт чимээ гарахаар нь сэрээд хартал хүргэн маань манай охиныг цохиод хаалганы довжоон дээр унагаасан байсан. Охиноо хартал хамар, амнаас нь их цус гарч баруун нүд, хацар нь хавдсан байсан. Би сандраад маш их айсан. Төрсөн эх, хүүхдийнх нь дэргэд эхнэртээ тэгж гар хүрсэн, би үнэхээр айж, сандраад ухаан балартсан. Би нэг охин руугаа утсаар ярьж манай охин ирж *** бид хоёрыг авч явсан. ...Би хүүхдээ зодуулсандаа маш их гомдолтой байна. ...Би хэвтэж байсан болохоор юунаас болж муудсаныг нь мэдэхгүй байна. Нэг харахад нүүр лүү нь цохиж унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвсэж байсан. Тэгээд би үүд рүү гараад зогссон. *** хааяа хөлөөрөө ***г цохиж байгаа харагддаг. Хэрэлддэг юм уу, яадаг юм, би сонсгол муу болохоор сонсдоггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50, 53 дахь тал),

7. Гэрч С.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ***ын ажил дээр очсон. Ажил тарах цаг нь болж байсан болохоор бид хоёр жаахан юм ярьж сууя гээд 3, 3 пиво уусан. Тэгээд *** эхнэр ***тай утсаар яриад *** бид хоёрыг хүрээд ир гэсэн. Баянгол дүүргийн ***-р хороо модны 2-н *** дугаар байр ***-р орц *** тоотод гэрт нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны 22:00 цагийн үед ороход *** ***г пиво аваад ир гэж гаргасан. *** нэг том пиво авч орж ирсэн. Бид нар нээх уулзалдаж ууж идээд байдаггүй. Хааяа нэг уулздаг болохоор ууцгаасан. *** нэг виски задалсан. Тэгээд пиво, виски хольж уугаад би нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд хүмүүс бархиралдаад би жижиг өрөө рүү нь гүйж очсон. Намайг тэр хоёр дээр очиход *** намайг цохичихлоо гээд *** уйлаад ам, уруул орчмоос нь цус гарсан байдалтай байж байсан. Би нэлээн согтуу байсан болохоор тэр хоёр хэр согтуу байсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд хоёулаа ар, гэрээ дуудна гэж байсан. ***ын аав, ээж ирсэн, ***гийн эгч нь нөхөртэйгөө ирсэн. Бөөн хэрүүл шуугиантай байсан би аль болох эвлэрүүлэх гэж үзсэн. Тэндээс ***гийн эгч, ээж, хүргэн ахтай нь би гарч намайг гэрт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),

8. Шүүгдэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...*** хайрцаг тамхи авцан байхаар нь би хайрцагтай тамхийг нь базаж хаясан. *** шингэн тамхитай байсан. Тэрийг нь *** татаад байсан. Архи ууж, тамхи татаад эхлэхэд нь би уурласан. Би хүүгээ унтуулах гэсэн боловч хүү маань унтахгүй болохоор нь хадам ээж, хүү хоёртой жижиг өрөөнд орж хэвтсэн. Тэгэхэд *** орж ирээд найз чинь явах гээд байна бос гээд татаж чангаагаад байсан. Цаашаа бай гээд би хөлөөрөө хэд жийсэн. Тэгсэн намайг үстэж аваад маажсан. Тэгэхээр нь би босож ирээд хоёр удаа алгадсан. Хоёр дахь удаагаа алгадахад *** унасан. Харахад завжнаас нь цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

9. Шүүгдэгч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Ууж сууж байгаад уух юм дуусаад *** жижиг өрөөнд орж хэвтсэн. Би араас нь очоод босооч гэж нудраад сэгсэрсэн. Тэгтэл эргэж хараад намайг гараа зангилаад нүдсэн. Би цусаа хараад шоконд орсон. Тухайн үед манай ээж бас орилоод шокын байдалд орсон. Найз нь ч ***ыг эхнэрийгээ зодлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76-77 дахь тал),

10. Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

11. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 6 дахь тал),

12. Шүүгдэгч ***ын биед үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-19 дэх тал),

13. Шүүгдэгч ***ын прокурорт гаргасан хүсэлт, прокурорын тогтоол (хавтаст хэргийн 143-144 дэх тал),

14. ***гаас гаргаж өгсөн эмчилгээ, хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 105-106, 114-115, 119-122, 132-137, 205-208 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 82 дахь тал), үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй тухай албан тоот (хавтаст хэргийн 86 дахь тал), Нийслэлийн Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тоот (хавтаст хэргийн 88 дахь тал), Нийслэлийн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “*** нь 2013 оны 9 дүгээр сараас 2022 оны 9 дүгээр сарыг дуустал нийт 97 сар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн” гэх албан тоот (хавтаст хэргийн 91 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 94 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 95 дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 117 дахь тал), хохиролд 2.854.000 төгрөг төлсөн баримт,

шүүгдэгч ***гийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 83 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй тухай албан тоот (хавтаст хэргийн 86 дахь тал), Нийслэлийн Баянгол дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тоот (хавтаст хэргийн 88 дахь тал), Нийслэлийн Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “*** нь 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сар, 2022 оны 1 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сарыг дуустал нийт 15 сар нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн” гэх албан тоот (хавтаст хэргийн 90 дэх тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 92 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 94 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 102 дахь тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 117 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                        

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ***, *** нар нь 2022 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 33 дугаар хороо 4 дүгээр хороолол 76 дугаар байр 39 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар ялимгүй /найзаа яваагүй байхад унтах гэлээ, тамхи татаж архи уулаа, унтуулж амраасангүй гэх мэт/ шалтгаанаар үл ойлголцон бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн дээрх үйл баримт нь шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13883 дугаартай “...***гийн биед баруун нүдний дотор булан, хацар, уруул, уруулын салст, баруун бугалга, ташаа, гуя, зүүн бугалга, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх, шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 13875 дугаартай “...***ын баруун бугалга, баруун шуу, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтүүд, шүүх хуралдаанд оролцож гаргасан дүгнэлтийн үндэслэлээ тайлбарласан шинжээч эмч ***ийн “...***гийн биед учирсан баруун нүдний дотор булан, хацар, уруул, уруулын салст гэмтлүүд нь нүүрэнд нь цохисон цохилтын улмаас үүсэх боломжтой. Гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. ...Томографаар зөөлөн эдийн хавантай гэж гарч ирээгүй учраас гэмтлийн шалтгаантай гэж гаргаагүй. Хуйханд цус хуралт байвал томографаар гарч ирнэ. Хурц ир ирмэгтэй зүйлээс бусад нь мохоо зүйлд хамаарна...” гэх, шинжээч эмч ***гийн “...Биечлэн үзэж гэмтлийн зэрэг гаргасан. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт маш олон зүйл хамаардаг. ***ын биед учирсан гэмтэл мохоо ирмэгтэй зүйлийн үрэгдэх үйлчлэлээр үүссэн. Хумс нь мохоо ирмэгтэй зүйлд орно. Биеийн нийт гадаргуугийн нэг хувь гэх ойлголтод гарын сарвуу орохгүйгээр алганы хэмжээ хамаардаг...” гэх мэдүүлгүүд,

***гийн “...Нэлээн юм ярьж сууж байгаад манай нөхөр ээж хүү хоёрын дэргэдүүр ороод хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би найзыгаа дуудчихаад бос гээд нөхрөө нударсан чинь эргэж хараад намайг цохисон. Миний амнаас их цус гарсан болохоор би юу болоод байгааг сайн санахгүй шоконд орсон байсан...” гэх,

***ын “...Пивыг задлаад дуусахын алдад манай эхнэр гэрт байсан вискиг задалсан. Тэгэхэд нь миний бухимдал жаахан төрсөн. Манай найз архи уухгүй пиво уугаад болоо гэж хэлсэн. Маргааш нь би зээл авах ажилтай байсан учир архи дарс уумааргүй байна гэж эхнэртээ хэлсэн. Гэртээ хүн урьчхаад юу яриад байгаа юм бэ гээд манай эхнэр вискиг задалсан. Манай найз, эхнэр хоёр вискиг ууж нэлээн согтоцгоосон. Тэр хоёр гарч тамхи татсан. Хамт тамхи татахаар гарахад нь би жаахан уурласан. Тэгээд эхнэр бид хоёрын ярианы өнгө таарахгүй болоод би том өрөөндөө орж хэвтсэн. Би тухайн үед аль болох амрах гэсэн, тэгсэн манай эхнэр найз чинь явах гээд байна босооч гэж намайг татсан. Тэгээд татаж чангаагаад байхаар нь би хөлөөрөө жийсэн. Тэрэнд уурлаад манай эхнэр намайг үсдэж аваад маажаад эхэлсэн...” гэх,

гэрч ***ын “...Гэнэт чимээ гарахаар нь сэрээд хартал хүргэн маань манай охиныг цохиод хаалганы довжоон дээр унагаасан байсан. Охиноо хартал хамар, амнаас нь их цус гарч баруун нүд, хацар нь хавдсан байсан. Би сандраад маш их айсан. Төрсөн эх, хүүхдийнх нь дэргэд эхнэртээ тэгж гар хүрсэн, би үнэхээр айж, сандраад ухаан балартсан. Би нэг охин руугаа утсаар ярьж манай охин ирж *** бид хоёрыг авч явсан...” гэх,

гэрч С.***гийн “...*** нэг виски задалсан. Тэгээд пиво, виски хольж уугаад би нэлээн согтсон байсан. Нэг мэдэхэд хүмүүс бархиралдаад би жижиг өрөө рүү нь гүйж очсон. Намайг тэр хоёр дээр очиход *** намайг цохичихлоо гээд *** уйлаад ам, уруул орчмоос нь цус гарсан байдалтай байж байсан...” гэх мэдүүлгүүдээр тус тус хангалттай тогтоогджээ.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...”, 2.4.2-т “ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан бөгөөд шинжээч нар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан тул шүүх тусгай мэдлэг бүхий шинжээч эмч нарын гаргасан 13883, 13875 дугаартай дүгнэлтүүдийг хууль зүйн үндэслэл бүхий гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***, *** нарын хэн хэнийх нь эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь тэдгээрийн гэмт үйлдэлтэй буюу 2022 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө шүүгдэгч *** нь “найзаа яваагүй байхад унтах гэлээ” гэх шалтгаанаар нөхөр ***ыг үснээс зулгааж, маажсан, шүүгдэгч *** нь “тамхи татаж, архи уулаа, унтуулж амруулсангүй” гэх шалтгаанаар эхнэр ***г цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор үүссэн байх тул Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж дүгнэлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ***, *** нар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан эхнэр, нөхөр, дундаасаа 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн нэг хүүтэй байх ба хэрэг учрал болсон өдөр дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч аюулын зэргийн үнэлгээ хийхэд: Эхнэр ***гийн биед халдаж зодсон, нөхөр ***ын биед нуруу болон цээж хэсгээр хумсны шарх сорив үүссэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн харилцан бие биеийнхээ биед халдсан байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон шүүгдэгч ***гийн нөхөр ***ыг үсдэх, маажих зэргээр биед халдаж, баруун бугалга, баруун шуу, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг, шүүгдэгч ***ын эхнэр ***г алгадах, цохих, өшиглөх зэргээр биед нь халдан зодож, баруун нүдний дотор булан, хацар, уруул, уруулын салст, баруун бугалга, ташаа, гуя, зүүн бугалга, тохойд цус хуралт бүхий хөнгөн гэмтлийг тус тус учруулсан үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч ***, *** нар нь нэг нэгийгээ цохиж, зодоход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***, *** нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд “...би гэмт хэрэг үйлдээгүй...” гэж мэдүүлж байх боловч энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байх тул түүний мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

Мөн түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нь “...***ын мэдүүлэгт үндэслэж ***г гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй. ***гийн хумсаар үүсгэгдсэн гэмтэл байх боломжтой юу гэдгийг болон ураг зулбах гээд байгаа нь гэмтлийн шалтгаант холбоотой эсэхийг шүүхийн шатанд дахин шинжилгээ хийлгэж, тогтоож өгнө үү...” гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй. Учир нь шүүхийн хэлэлцүүлгээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд шүүгдэгч нарын хэн хэн нь жирэмсэн болсон эсэхийг мэдээгүй байсан, одоо эхийн хэвлийд ураг бойжиж байгаа, түүнчлэн хүний биед учирсан гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үү, эсхүл хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн үү гэдгийг тогтоохоос хэний хумсаар үүссэнийг шинжээч тогтоох боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлт нь гэмт хэргийн хохирол, хор уршиг, хэргийн үйл баримт, зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж шүүх дүгнэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэх шаардлагатай.  

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ***, *** нар нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал тогтоогдсон, шүүгдэгч ***д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 /зургаан зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тэдгээрт мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***, *** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 13883, 13875 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон ба хохирогч *** эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой хавтас хэргийн 105 дахь талд 245.450 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 106 дахь талд 659.200 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 119-121 дэх талд 710.000 төгрөгийн баримт, хавтаст хэргийн 122 дахь талд 1.239.697.7 төгрөгийн баримт, нийт 2.854.347 төгрөгийн баримтыг гарган өгсөн, хохирогч *** нь хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч *** нь хохирогч ***д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож нийт 2.854.000 төгрөгийг түүний эзэмшлийн Хаан банкны *** тоот данс руу шилжүүлж, хохирол төлсөн талаар бичгийн баримтыг өгсөн учир шүүгдэгч ***ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***, *** нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ***д 650 /зургаан зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***, *** нарт сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *** нь ***д хохирол, хор уршигт тооцож 2.854.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА