Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/149

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ***эд холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205032670027 дугаартай хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, *** тоотод түр оршин суух, /РД:***/, урьд

Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1996 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131-р зүйлийн 1-д зааснаар 25000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 339 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 1-д зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 40-р зүйлийн 1, 2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн харуулын байранд хамтран амьдрагч ***тэй согтуу ажил дээр ирлээ гэх шалтгааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь цээж, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруул, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 14-нд Баянзүрх дүүргийн Жуковын талбай дээр ахмадуудын тэмцээнд оролцоод мөнгөн медаль авсан. Тэгээд ажлынхантайгаа Цайзын 72-р хотхоны тэнд караокед хоёр цаг орсон. Баянзүрх дүүргийн Их засаг их сургуулийн урд байрлах нийтийн байранд ***тэй хамт түрээслэн амьдардаг гэртээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 19:00 цагийн үед бууз жигнээд Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах *** ХХК-ний харуулын байранд оройны 22:00 цагийн үед очсон. Жигнэсэн буузаа ***эд өгөх гээд зогсож байтал баруун гараараа миний нүүр лүү хоёр удаа хүчтэй цохисон. Тухайн үед хамраас их цус гарсан. Тэгээд миний баруун хавирга, зүүн цээж орчмоор цохисон. Би хэсэг ухаан алдаж унаад сэрсэн. Тэгэхэд чи угаасаа ухаан алдаж унадаг биз дээ гээд миний хүзүүний ороолтоор бос гээд заамдаад босгосон. Би 00 орж гар, нүүрээ угаагаад, ***ийн ажилладаг харуулын байр луу буцаж орж ирэхэд маргааш гэхэд гэр орноос зайлцан байгаарай гэж хэлсэн би их айсан байсан тул хоолны саваа аваад зугтаад гарсан. Би гэрт ирээд өөрийн гэсэн бүх юмаа аваад өөрийн ажилладаг Баянзүрх дүүргийн 13-р хорооны байранд ирж хоносон. ...Хоёр, гурав хоног бие өвдөж хэвтэж байгаад 2022 оны 10 дугаар сарын 19-нд гомдол гаргасан.

Би Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Хамрын таславч мурийсан байна гэж гарсан. Дүүргийн эмнэлэгт үзүүлсэн хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Госпитальд очиж хамрын зургаа даруулсан. Миний толгой байнга өвдөж байна. Зүүн талын хамар битүүрч байгаа. Баруун доод талын хавирга хэсгээр өвдөж шөнө унтахад зовуурьтай байна. Бие сэтгэлээрээ ***эд гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33, 35 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдарч байгаа энэ хүнд бууз жигнэж очсон. Би аймар согтуу байгаагүй, согтуу хүн бууз жигнээд явж байх уу. Манайх ахмадын баяр болоод мөнгөн медаль аваад жоохон суусан. Тэгэхэд *** над руу залгаж миний утас унтрах гэж байна, гялс хоол хийгээд хүрээд ирээ гэж хэлсэн. Би замаараа гэрээрээ орж 20 цаг өнгөрөөд гэрээс гарсан. Орой автобус явахгүй автобусны буудал дээр нэлээн зогссон. Утас нь унтрах гэж байгааг мартаад залгахад утас нь холбогдохгүй байсан. Буузаа жигнээд очоод дотор орох гэж нэлээн зогссон. Тэгээд орсны над руу би саяхан тамхи татах гээд гарахад чи байгаагүй, ямар их уддаг юм гэсэн. Хоёр саванд хоол хийж очсон. Тэгээд уурлаад миний нүүр, цээж рүү цохисон. Энэ хүн намайг түлхэж унагаасан. Намайг унадаг талаар мэднэ. Би энэ хүнд ингэхгүй байх гэж бодож итгэж байсан. Гомдолтой байна. Ажлын газар дээр очиж нэр хүндийг гутаасан гэж байна. Би ажил дээр нь очоод нэг ч зүйл хэлээгүй. Ажил дээр нь 21 цаг өнгөрөөгөөд очсон. Хаалга удаан тайлж өгсөн. ...эхлээд 20,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 30,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

2. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хороонд жижүүрт гарч байсан. Тэр орой буюу 2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02:30 цагийн үед *** таксигаар хувцас хунараа ачсан нөхрийнхөө ажил дээр хоол аваачиж өгөөд зодуулчихлаа гээд уйлсан орж ирсэн. Би тосож аваад таксинаас юмыг нь буулгалцаад хороо руу оруулсан. Нүд нь хөхөрсөн байсан би нүд чинь хөхөрсөн байна гээд оо нүдэнд нь түрхэж өгсөн. Бас хөдлөхөөр хавирга руу өвдөөд байна гэж байсан. *** надтай хамт байж байгаад өглөө нь явсан. Тэр өдөр манай ахмадын дарга медаль авсан гээд манай ажлынхан 2 цаг караокед суусан гэж сүүлд нь сонссон. *** хороон дээр ирэхэд бол архи дарс уусан гэж мэдэгдэх юм байхгүй зүгээр байсан. Тэр залуутай хамт амьдраад удаагүй байх. 2022 оны 09 сараас хойш нэг залуу ажил дээр ирээд хүлээж сууж байгаад хамт гарч байгаа хэд хэд харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дэх тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14432 дугаартай “...***ийн биед цээж, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруул, цээжинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

4. Шинжээч эмч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. ...Хамрын таславчийн мурийлт хуучин гэмтэлтэй байсан. Хамар, баруун нүдний цус хуралт нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цээжинд цус хуралт гэмтэл нь унах, цохих зэрэг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тус нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

5. Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ажлын газар согтуу ирээд буузаа аягалж тавиад идэх гэсэн бууз нь түүхий байсан учраас түүхий бууз гээд асгасан. Нүүр ам самардах гээд байхаар нь гарыг нь доошоо дарсан, тэрнээс санаатай цохиогүй. Миний нэр хүндийг гутааж, би ажлаасаа халагдсан” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 49 дэх тал), байнга оршин суух хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 50 дахь тал), эд хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 52 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 53 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал), таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 59-60, 95-96 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                     

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ээс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 36 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч *** нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн харуулын байранд хамтран амьдрагч ***ийг архи ууж ажил дээр согтуу ирлээ, түүхий бууз авчирлаа гэж зодсон, үүний улмаас ***ийн эрүүл мэндэд хөнгөн зэрэгт хамаарах цээж, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруул, цээжинд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна.

Хэргийн дээрх үйл баримт нь хохирогч ***ийн “...Жигнэсэн буузаа ***эд өгөх гээд зогсож байтал баруун гараараа миний нүүр лүү хоёр удаа хүчтэй цохисон. Тухайн үед хамраас их цус гарсан. Тэгээд миний баруун хавирга, зүүн цээж орчмоор цохисон. Би хэсэг ухаан алдаж унаад сэрсэн. Тэгэхэд чи угаасаа ухаан алдаж унадаг биз дээ гээд миний хүзүүний ороолтоор бос гээд заамдаад босгосон. Би 00 орж гар, нүүрээ угаагаад, ***ийн ажилладаг харуулын байр луу буцаж орж ирэхэд маргааш гэхэд гэр орноос зайлсан байгаарай гэж хэлсэн би их айсан байсан тул хоолны саваа аваад зугтаад гарсан...” гэх, гэрч ***ийн “...2022 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02:30 цагийн үед *** таксигаар хувцас хунараа ачсан нөхрийнхөө ажил дээр хоол аваачиж өгөөд зодуулчихлаа гээд уйлсан орж ирсэн. Би тосож аваад таксинаас юмыг нь буулгалцаад хороо руу оруулсан. Нүд нь хөхөрсөн байсан би нүд чинь хөхөрсөн байна гээд оо нүдэнд нь түрхэж өгсөн. Бас хөдлөхөөр хавирга руу өвдөөд байна гэж байсан...” гэх, шинжээч эмч ***ийн “...Хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. ...Хамрын таславчийн мурийлт хуучин гэмтэлтэй байсан. Хамар, баруун нүдний цус хуралт нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цээжинд цус хуралт гэмтэл нь унах, цохих зэрэг мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тус тус нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14432 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч ***ийн биед учирсан цээж, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруул, цээжинд цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн 14432 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч ***ийн хохирогчийг нүүр, цээж хэсэг рүү нь цохисон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч ***эд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзаж, шүүгдэгч ***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14432 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...хохиролд 85.380 төгрөгийн эмчилгээ, оношилгоо, эм тарианы зардалтай холбоотой баримт гаргасан, үүнээс *** нь 50.000 төгрөг төлсөн. Цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай...” талаар мэдүүлсэн.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эрүүл мэндэд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***ээс 35.380 /гучин таван мянга гурван зуун ная/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн хохирогч *** нь цаашид хамрын хагалгаанд орох болсон гэх боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***эд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***эд сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ээс 35.380 /гучин таван мянга гурван зуун ная/-н төгрөг гаргуулж, хохирогч ***д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 50.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА