| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2019/0049/Э |
| Дугаар | 58 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 58
Н.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Ц
Яллагдагчийн өмгөөлөгч Н.Э
Нарийн бичгийн дарга Г.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 784 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.Б-д холбогдох 1812003240191 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,,,, оны 08 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн ,,, суманд төрсөн, ,,, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн ,,, тоотод оршин суух, урьд Архангай аймгийн хэсгийн 1 дүгээр шүүхийн 1993 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Н.Б
Яллагдагч Н.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Наадмын талбайн хажууд хохирогч Ц.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Н.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 784 дугаартай шүүгчийн захирамжаар:Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд Н.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт дараах мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэлтэй байна. Үүнд: Хохирогч Ц.О-ийн өгсөн: ... Б,гэх залуу эхлээд алгадаж авсан. Тэгээд хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн. Дараа нь миний баруун чих толгой орчимд маш хүчтэй цохисон ... гэх мэдүүлэг /хх-ийн 13-17 хуу/, гэрч Т.Б-ийн өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр үдээс өмнө захаас харьж явах замд Н.Бтой хамт Тэрхийн хажууд явж байхад Ц.О таараад дуудсан. Ц.О “ганц юм уучихмаар байна, мөнгө байна уу” гэж асуусан. Би 2000 төгрөг нэмж өгсөн. Өөрт нь 4000 төгрөг байсан. Нэг шил архи авч уусан. Нэг шил архи аваад наадмын талбайн урд гурвуулаа хувааж уусан. Ууж дуусаад хэрүүл маргаан ямар нэгэн юм болоогүй. Би шууд харьсан...тэр үед наадмын талбайгаас явахад 13 цаг өнгөрч байсан. Би 14 цаг өнгөрөөж гэртээ харьсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/, гэрч Б.Х-ы өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ээлжтэй ажиллаж байсан юм. Тухайн үед цагдаагаас “наадмын талбайн урд нэг ухаангүй хүн хэвтэж байна” гэх дуудлага ирсэн. Тэр үед цаг ойролцоогоор 21 цаг болж байсан байх харанхуй болсон байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/ зэрэг баримтууд авагдсан байна. Дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгээс үзэхэд хохирогчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагын ямар албан хаагч Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт дуудлага өгснийг олж тогтоон түүнийг гэрчээр асууж, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлагын дэвтэрийн хуулбарыг хэрэгт хавсаргах, гэмт хэрэг хэзээ, хаана, хэдэн цагт болсон эсэхийг нарийн тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Ц.О нь Н.Б намайг зодсон гэх боловч гэрч Т.Б нь “бид гурав архи хувааж ууж дуусаад хэрүүл маргаан ямар нэгэн юм болоогүй, би шууд харьсан” гэж мэдүүлж байх тул мэдүүлгийн зөрүүг арилгаж гэрч Т.Б, хохирогч Ц.О нарыг нүүрэлдүүлэн байцаах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.
Хэргийг нэгэнт прокурорт буцааж байгаа тул яллагдагч Н.Бын өмгөөлөгч Н.Э-ын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна.
Н.Б-д холбогдох эрүүгийн 1812003240191 дугаартай хэрэгт дээрх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай бөгөөд уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж мөрдөгчөөс хэргийг прокурорт шилжүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.4-т “энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, мөн хуулийн 1.10-т яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх зэргийг прокурор хянах үүрэгтэй”-г дурдах нь зүйтэй байна.
Иймд Н.Бод холбогдох эрүүгийн хэрэгт хийгдэх дээрх ажиллагаанууд нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв гээд
Н.Бод холбогдох 1812003240191 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж, яллагдагч Н.Бийн өмгөөлөгч Н.Э-ын гаргасан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангаж, энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцэлд:
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ц би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/784 дугаартай шүүгчийн захирамжийг 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянавал: Яллагдагч Н.Б нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Наадмын талбайн хажууд хохирогч Ц.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Н.Бод холбогдох хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг хэлэлцээд Хохирогч Ц.О, гэрч Т.Б, Б.Х нарын мэдүүлгээс үзэхэд хохирогчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагын ямар албан хаагч Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт дуудлага өгснийг олж тогтоон түүнийг гэрчээр асууж, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлагын дэвтрийн хуулбарыг хэрэгт хавсаргах, гэмт хэрэг хэзээ, хаана, хэдэн цагт болсон эсэхийг нарийн тогтоох нь зүйтэй байна. Хохирогч Ц.О нь Н.Б намайг зодсон гэх боловч гэрч Т.Б нь “бид гурав архи хувааж ууж дуусаад хэрүүл маргаан ямар нэгэн юм болоогүй, би шууд харьсан” гэж мэдүүлж байх тул мэдүүлгийн зөрүүг арилгаж, гэрч Т.Б, хохирогч Ц.О нарыг нүүрэлдүүлэн байцаах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Хэргийг нэгэнт прокурорт буцааж байгаа тул яллагдагч Н.Бын өмгөөлөгч Н.Э-ын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангах нь зүйтэй байна. Н.Бод холбогдох эрүүгийн 1812003240191 дугаартай хэрэгт дээрх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай бөгөөд уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж мөрдөгчөөс хэргийг прокурорт шилжүүлсэн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлийн 1.4 “энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх, мөн хуулийн 1.10-т яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх зэргийг прокурор хянах үүрэгтэй”-г дурдах нь зүйтэй байна гэж тус тус дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1, 3, 4 дэх заалтуудыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн хохирогч Ц.О, гэрч Н.О, Б.Х, О.Л нарын мэдүүлгүүд, хохирогч Ц.О-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургууд, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 283 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тухайн гэмт хэрэг нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Наадмын талбайн хажууд үйлдэгдсэн болох нь нотлогдсон бөгөөд цагдаагийн байгууллагын ямар албан хаагч эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн болохыг тогтоож мэдүүлэг авах, Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлагын дэвтрийн хуулбарыг хэрэгт хавсаргах ажиллагааг хийх нь нотолгооны хувьд ач холбогдолгүй, эдгээр ажиллагааг хийснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Хавтаст хэрэгт хохирогч Ц.О-ийн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, онош тодруулсан баримтууд бэхжигдсэн бөгөөд дээрх баримтуудад түүнийг хэзээ, ямар байдалтайгаар эмнэлгийн байгууллагад хүргэгдэн ирсэн талаарх баримтат мэдээлэл тусгагдсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, проукрор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж хуульчилсан байдлаас дүгнэвэл шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин дүгнэлт гаргуулахаар шинжээч томилохоор байна. Гэтэл хохирогч Ц.О-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээ, гэмтлийн зэргийг тогтоолгохоор бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлаагүй байна. Энэ нь шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна.
Прокурор нь яллагдагч Н.Бод холбогдох хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн гүйцэд хянасны үндсэн дээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн болно.
Иймд яллагдагч Н.Бод холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/784 дугаартай шүүгчийн захирамжийн 1, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 784 дугаартай шүүгчийн захирамжаар Н.Бод холбогдох 1812003240191 тоот эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжаар хохирогч Ц.О, гэрч Т.Б, Б.Х нарын мэдүүлгээс үзэхэд хохирогчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагын ямар албан хаагч Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт дуудлага өгснийг олж тогтоон түүнийг гэрчээр асууж, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлагын дэвтрийн хуулбарыг хэрэгт хавсаргах, гэмт хэрэг хэзээ, хаана, хэдэн цагт болсон эсэхийг нарийн тогтоох нь зүйтэй байна гэсэн. Прокурорын зүгээс эдгээр ажиллагааг хийх нь нотолгооны хувьд ач холбогдолгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэг шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд авагдсан байгаа. Шүүгчийн захирамжид дурдсан дараагийн нэг үндэслэл бол шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ын гаргасан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хангасан. Үүнийг прокурорын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол дахин шинжээч томилохоор заасан байдаг. Гэтэл хохирогч Ц.О-ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээ, гэмтлийн зэргийг тогтоолгохоор бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан шинжээчийн дүгнэлтийг ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж үзэж байгаагаа тодорхой тайлбарлаагүй байна. Энэ нь шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна. Мөн прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан арга хэрэгслийн дагуу бүрэн гүйцэт явуулсан гэж үзэж байна. Иймд яллагдагч Н.Бод холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/784 дугаартай шүүгчийн захирамжийн 1, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Яллагдагчийн өмгөөлөгч миний хувьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 784 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх саналтай байна. Учир нь прокурорын зүгээс яллагдагч Н.Быг хохирогч Ц.О-ийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.О, гэрч Н.О, Б.Х, О.Л нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа талаар тайлбарладаг. Гэтэл хэрэг болсон буюу тухайн цаг үеийг хавтаст хэргээс харахад бүрэн тогтоогоогүй байдаг. Хэрэг болох өдөр Н.Б нь хохирогчтой уулзсан бөгөөд тэднийг уулзахад хажууд нь гэрч байсан. Гэрч Б-ийн хувьд “Ц.О, Н.Б бид нар 1200 цагийн үед уулзсан. Тэгээд бид нар архи уугаад 1300 цагийн үед ямар нэгэн хэрүүл маргаан хийлгүйгээр салсан” гэж мэдүүлдэг. Харин хохирогчийн хувьд тархиндаа гэмтэл аваад эмнэлгийн байгууллагад очихдоо оройны 21 цагийн үед очсон байдаг. Тэгэхээр энэ дурдсан цагуудын хооронд хохирогчид юу тохиолдсоныг хавтаст хэрэг бүрэн нотолж тогтоосон баримт авагдаагүй. Прокурорын зүгээс үнэлээд байгаа гэрчүүдийн мэдүүлгийн хувьд тэдгээр хүмүүс нь тухайн үйл явдлыг нүдээр хараагүй, харин дам байдлаар сонссон хүмүүс байгаа юм. Харин прокурорын зүгээс нүдээр үйл явдлыг харсан гэрчийн мэдүүлгийг үнэлэхийг хүсэхгүй байгаа нөхцөл байдал харагддаг. Үүнийг өмгөөлөгчийн зүгээс буруу байна гэж үзэж байна. Яллах талын зүгээс хохирогч, гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаах үндэслэлээр хэргийн хугацаа сунгаад байдаг мөртлөө дээрх ажиллагаануудаа хийдэггүй. Уг ажиллагааг хийхэд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй бөгөөд хохирогч, гэрч нар нь аймгийн төвд амьдардаг. Нэгэнт л хүний гэм буруутай асуудлыг шийдвэрлэх гэж байгаа тул хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой судлаж, холбогдох ажиллагаануудыг хийх шаардлагатай байна. Мөн эмнэлгийн байгууллагын 103 дугаар хүлээн авах тасаг дээр өвчтөнг ирэхэд цаг хугацаа болон биеийн байдлыг тэмдэглэж бичдэг. Гэтэл энэ баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргахгүйгээр зөвхөн үзлэгийн тэмдэглэлээр энэ нөхцөл байдлыг тогтоох боломжтой гэдгийг өмгөөлөгчийн зүгээс зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийг хэзээ, хаана, хэн, хэрхэн, хэдэн цагт үйлдсэн болохыг зайлшгүй тогтоох шаардлагатай талаар заасан тул дээрх ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Мөн манай үйлчлүүлэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргуулах хүсэлттэй байгаа тул энэ талаарх өмнө нь гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 784 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурор Н.Ц-ын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Н.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 1812003240187 дугаартай прокурорын тогтоол үйлдсэн атлаа уг тогтоолыг Н.Бод танилцуулаагүй, түүнээс мэдүүлэг аваагүй байна.
Гэтэл дахин 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Н.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 1812003240191 дугаартай прокурорын тогтоол үйлдэж улмаар уг тогтоолыг Н.Бод танилцуулж яллагдагчаас мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл 1812003240187 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол хүчинтэй байхад дахин 1812003240191 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол үйлдэж улмаар яллагдагчаар байцаасан нь хуульд нийцэхгүй юм.
Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай тогтоолд яллагдагчаар татвал зохих Н.Бат-Эрдэнэ нь хаана байгаа нь тодорхойгүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гарган прокурорт ирүүлж улмаар хяналтын прокурор нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон байна гэсэн үндэслэл зааж 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Н.Бат-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасан байна.
Дээрх тогтоолоор Н.Бод холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлгүй.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байх тул магадлалд заасан зөрчлийг шийдвэрлэх, анхан шатны шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг хийх шаардлагатай байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 784 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 784 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
В.ЦЭЦЭНБИЛЭГ