| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 110/2024/0068/З |
| Дугаар | 221/МА2025/0116 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2025/0116
“Б” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч
Гомдол гаргагч: “Б” ХХК
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Ш
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Ж.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 110/2024/0068/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Б” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06936** дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлага гаргасан.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2, 48.6, 48.6.2, 48.6.3, 48.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д -д заасныг тус тус баримтлан “Б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 06936** дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ж.Ш дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд: ...
3.1. ... "Б" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.11-т "Энэ хуулийн 48.6.2, 48.6.3-т заасан маягтыг төрийн захиргааны байгууллагын дарга батална" гэсний дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын дарга 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/121 дүгээр тушаалын "Хайгуулын, уулын ажлын болон баяжуулах Үйлдвэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, мэдээг хүргүүлэх, ирүүлэх, хүлээн авах заавар батлах тухай" шийдвэрээ гаргаж, уг зааврын Хавсралт-4-ийн 1 дэх хэсгийн 1.2-т "Үйл ажиллагаа явуулаагүй тухай Х тайлан", 4 дэх хэсэгт "Х тайланд дараах бичиг баримтыг бүрдүүлж ирүүлнэ", 4.1-т "Үйл ажиллагаа явуулаагүй тухай болон түүний шалтгааныг дурдсан албан тоот", 4.2-т "Ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүйг нотолсон сум, дүүргийн засаг даргын тодорхойлолт", 4.3-т "Аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт (маягтын дагуу)", 4.4-т "Улс, орон нутгийн төсөвт оруулсан орлого (маягтын дагуу)", 4.5-т "Үйл ажиллагаа явуулаагүй шалтгааныг нотолсон баримт" гэж тус тус заасны дагуу "Х" тайлангаа ирүүлээгүй байхад, тус журмын 2.2-т заасан "Үйл ажиллагаа явуулахгүй тухай Х төлөвлөгөө"-г өгсөн тул "Х" тайлан гаргаж өгөх шаардлага байхгүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.2. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2-т заасан үүргээ биелүүлчихсэн юм чинь, 48.6.3-т заасан үүргээ биелүүлэхгүй байж болно гэж тайлбарласантай утга нэг байна. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх нь хэрэгт байгаа баримтуудыг буруу үнэлж, улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6.2, 48.6.3 дахь хэсгийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 110/ШШ2025/0001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Гомдол гаргагч “Б” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06936** дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлага гаргасан.
3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3 дахь заалтад заасан гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэсэн заалтыг зөрчиж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа “...шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гомдлын шаардлага гаргасныг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, дээрх шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
3.1. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д энэ хуульд заасан “гомдол” гэж ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл, …Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг тус тус ойлгохоор, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т “энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ... 6.42 ... дэх заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.
3.2. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагчийн гаргасан шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд шууд гомдол гаргахаар байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 30 хоногийн дотор гомдол гаргахаар байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ гэж заасны дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06936** дугаар шийтгэлийн хуудсыг холбогдогч хуулийн этгээдийн ерөнхий захирал У.Хажымуратын өөрийн заасан /УБ хот, БЗДүүрэг, 26-р хороо, Энканто Таун 30* дугаар байрны 4* тоот/ тухайн үед оршин суугаа хаяг руу нь харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10:30 цагт хүргүүлснийг түүний хүү Х.М нь хүлээн авч гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан Монгол шуудан ХК-ийн хэрэглэгчийн үйлчилгээний төвийн хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Л.Т-ын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 18/721 тоот албан бичиг, мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.Маргуланы мэдүүлэг, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 12 минутад хариуцагч нь “Б” ХХК-ийн захирал У.Х-ын 991185** дугаар утас руу залгаж мэдэгдсэн болох нь хариуцагч Ж.Шаригатын 991326** дугаартай утасны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацааны хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт зэргээр тус тус тогтоогдож байх тул энэ талаарх гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... “Б” ХХК-ийн захирал У.Х тус актыг гардуулж өгөөгүй, мэдэгдээгүй. ...шийтгэлийн хуудаст үндэслээд шүүхийн гүйцэтгэх хуудас бичиж ирүүлсэн үед мэдсэн...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
5. Иймд гомдол гаргагчаас маргаан бүхий шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр буюу дээрх хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж гомдол гаргасан байх атал анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг анхаарч, дүгнэлт өгөлгүйгээр гомдлыг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцэхгүй байна.
6. Хэдийгээр гомдол гаргагчаас шүүхэд гаргасан гомдлын шаардлагаа “...шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” хэмээн тодорхойлон маргасан боловч уг маргааны тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, ...-ийг тогтоохтой ...холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан уг зохицуулалтыг хэрэглэхгүй.
6.1. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.1-д “"зөрчил шалган шийдвэрлэх” гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг; 1.2-т “зөрчлийн хэрэг бүртгэлт” гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг” гэж тус тус заажээ.
6.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь тухайлан зохицуулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар прокурорын хяналт дор явагддаг, эрх бүхий албан тушаалтны дээд шатны албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд удирдах үүрэгтэйгээр, тодорхой бүрэн эрхийн хүрээнд оролцдог онцлогтой, мөн хуулиар дээд шатны албан тушаалтан болон прокурорт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эрх олгоогүй, ...шууд шүүхэд хандахаар зохицуулсан байна.
6.3. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т "Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ" гэж зааснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтнаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, шийтгэлээс чөлөөлөх шийдвэр нь захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр мөн боловч эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулах шийдвэр гаргах, шийдвэрийг хэрэгжүүлэх болон тус шийдвэрт гомдол гаргах, гаргасан гомдлыг шийдвэрлэх ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан нийтлэг журмаар бус Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.
6.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан бөгөөд Зөрчлийн хэрэг бүртгэх, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох, түүнд шийтгэл оногдуулах эсэхтэй холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шат хөндлөнгийн буюу прокурорын хяналтан дор явагддаг бөгөөд уг процесс ажиллагааг бүхэлд нь “гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй” илт хууль бус гэж шүүхээс дүгнэх хууль зүйн боломжгүй.
6.5. Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үүсэх аливаа харилцааг Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд үүсэх харилцаа /захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний акт/-тай адилтган үзэж, илт хууль бусад тооцох эрх зүйн зохицуулалтгүй тул “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, ...-ийг тогтоохтой холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасныг хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх тус маргааны тухайд хэрэглэхгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3.3-т “гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасныг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.3.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Б” ХХК-аас Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 06936** дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН