Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2021/0740

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч, У.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** ХХК /РД:*** /,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, тус хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Г,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар Татвар ногдуулалт, төлөлтийн тухай" актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *** ХХК-ийн захирал Л.Т, хариуцагч татварын улсын байцаагч Ш.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө, Б.П, иргэдийн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э, нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: *** ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлд бүртгэгдэж, Автомашинаар ачаа тээвэрлэх үйлчилгээ, Гадаад худалдаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр

батлагдаж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны татвар, нийгмийн даатгал, бусад татвар ногдуулах орлогыг нуун дарагдуулсныг сайн дураар зохих төрийн захиргааны байгууллагад сайн дураар мэдүүлсэн тохиолдолд татвараас нэг удаа чөлөөлөхөөр хуульчлагдсан.

Үүний дагуу *** ХХК хуульд заасан хугацаанд алдаатай гарсан тайланг засаж мэдүүлж, энэ хугацааны зөрчлөөс хуулийн дагуу нэг удаа чөлөөлөгдсөн болно. Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нар *** ХХК-ийн 2012-2013 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийж 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийн тухай *** дугаар актаар 966,740,908,43 төгрөгийн зөрчилд 96,674,090.84 төгрөгийн нөхөн татварын төлбөр ногдуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч дээд шатны байгууллагад гомдол гаргасан боловч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар *** ХХК-ийн гомдлын тухай тогтоолоор татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх татварын улсын байцаагчийн акт болоод Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолуудаар татвар ногдуулалтаас чөлөөлөгдсөн хэсэгт дахин татварын ногдуулж байгаа нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т Энэ хуулийн 4.1, 5.1-д заасны дагуу хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх хувь хүн, хуулийн этгээдэд ийнхүү чөлөөлөгдөхөөр заасан үндэслэлээр дахин эрүүгийн хэрэг үүсгэх, захиргааны хариуцлага хүлээлгэх, гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар Татвар ногдуулалт, төлөлтийн тухай акт, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар *** ХХК-ийн гомдлын тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.

 

Хариуцагч татварын улсын байцаагч Ш.Г шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: 2012 оноос 2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нарын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бичсэн *** тоот дүгнэлт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн *** тоот тогтоол, Хяналт шалгалтын тасгийн даргын *** тоот татварын хяналт шалгалт хийх томилолт-ын дагуу Татварын улсын байцаагч О.Э, Ш.Г бид санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, татвар төлөгчийн ярилцлага зэрэгт үндэслэн хэсэгчилсэн шалгалт хийсэн. *** ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын шинээр гаргасан тайлангийн 48 дугаар мөр Худалдан авсан бараа бүтээгдэхүүний буцаалт, хөнгөлөлт (өмнөх сарын)-д бичилт хийж тайлагнасан боловч тухайн падаануудын дүнгээр 2015 оны 4 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан /үндсэн тайлан -гийн 56 дугаар мөр Худалдан авсан бараа бүтээгдэхүүний буцаалт, хөнгөлөлт (өмнөх сарын)-д бичилт хийж залруулаагүй, татварын ногдол үүсгээгүй байна. Үүнд:

1. 2012 онд *** ХХК-иас 309,090,909.00 төгрөгийн бараа материал авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичүүлэн авч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг санаатайгаар бууруулан, албан татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд үйлдсэн татварын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Б.Э 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгаж 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох санал үйлдэж ирүүлснийг Нийслэлийн Прокурорын газрын 2016 оны 04 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот тогтоолд Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Татварын улсын байцаагчийн дүгнэлтээр *** ХХК-ийн захирал Л.Т нь 2012 онд *** ХХК-ийн падааныг ашиглаж, нийт 309,090,909.08 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтын хасалт хийж, 30,909,090.90 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь өршөөлд хамрагдах үндэслэлтэй байх.

Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1.Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11 өдөр батлагдсан хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэж Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол-ыг гаргасан тул дээрх зөрчилд Монгол улсын татварын хуулийн 35 дугаар зүйлийн: 35.3 Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

2. ***тоот регистрийн дугаартай Г******* ХХК-иас 2012 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот падаанаар 77,272,727.30 төгрөгийн, *** тоот регистрийн дугаартай ***ХХК-иас 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот падаанаар 9,304,545.50 төгрөгийн, *** тоот регистрийн дугаартай ***ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ***тоот падаанаар 40,090,909.09 төгрөгийн, *** тоот падаанаар 49,000,000.00 төгрөгийн, *** тоот регистрийн дугаартай ***ХХК-иас 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ***тоот падаанаар 363,636,364.00 төгрөгийн, ***тоот регистрийн дугаартай *** ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***тоот падаанаар 45,454,545.45 төгрөгийн, ***тоот регистрийн дугаартай *** ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***тоот падаанаар 72,890,909.09 төгрөгийн, нийт 657,649,999.35 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааныг хий бичүүлэн авч 2012 оны тайлангуудад Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусгай албан татвар ногдуулах орлогыг бууруулж тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасан.

*** ХХК, ***ХХК, ***ХХК, ***ХХК, ***ХХК, *** ХХК, ***ХХК-иудаас нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтын падааныг хий бичүүлэн авч албан татвар ногдуулах орлогыг бууруулж, албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй, 2012 оны тайланд 966,740,908.43 төгрөгийн зөрчилд 96,674,090.84 төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан. Мөн Монгол Улсын Их Хурлаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хүү торгууль, алданги ногдуулаагүй болно. Мөн татвар төлөгч *** ХХК нь татварын байцаагчийн актыг зөвшөөрөхгүй Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын хяналт шалгалтын тасгийн даргын томилолтын дагуу Баянзүрх дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй нэхэмжлэгч компанийн 2012 оноос 2015 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын явцад 96,067,490,95 төгрөгийн хариуцлага ногдуулсан. Өршөөлийн тухай хуульд хамрагдан хүү, алданги бодоогүй тус дүн гарч ирсэн. 8 байгууллагаас *** газрыг худалдаж аваад бараа ажил үйлчилгээг худалдан аваагүй хэр нь худалдан авагч цэсэд тусгаснаар татварыг 96,067,470 төгрөгөөр бууруулсан. Үүнтэй холбоотой татвар төлөгчийн гомдлоор 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Маргаан таслах зөвлөл хянан үзээд тухайн улсын байцаагчийн актыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Татвар төлөгч нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тодын тайлан өгсөн гэж маргадаг. Гэтэл татварын албанаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу албан татвар төлөгч нь ... сайн дурын үндсэн дээр ... хөрөнгө орлогоо нуун дарагдуулан тайлагнасан бол хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөнө, мөн хуулийн 6.3-д Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно гэж заасан.

Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх тухай журмын 2.1.1.-д нуун дарагдуулсан гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг; гэж журамлаж өгсөн. Гэтэл татвар төлөгчтэй холбоотойгоор татварын хяналт шалгалтын явцад цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн СД/***дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын дарга Б.А*******д хаяглуулж ирсэн бичиг тухайн татвар төлөгчийн нэр бүхий хуулийн этгээдүүдийн хий бичилт хийж татвар төлөх орлогыг бууруулсан боловч эрүүгийн хэмжээнд хүрээгүй учир татварын алба өөрөө хариуцлага ногдуулна гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. Энэ албан бичгийг үндэслэж татварын хяналт шалгалтын томилолт үүсээд шалгасан. Тухайн татвар төлөгчтэй холбоотой дээрх зөрчил нь улсын байцаагчийн шалгалтаар нотлогдсон талаар В******* ХХК-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын *** дугаартай тогтоол мөн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 199 дугаар шийдвэрүүдийг, татварын улсын байцаагчийн ***дугаартай дүгнэлт болон хавсралтуудыг хэргийн материалд авч хийсэн. Хэргийн материалд нууцын зэрэглэлтэй авагдсан Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газрын даргын ирүүлсэн албан бичиг байгаа. Тухайн албан бичгээр нэхэмжлэгч компани худалдан авалтыг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд зааснаар тайланд тусгаагүй гэж авагдсан.

Татвар төлөгч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар тайлангаа гаргасан гэж үздэг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу борлуулалтын орлого нь 37,227,272 төгрөг гээд зөрчлийн дүн тусгагдсан боловч хуулийн дагуу чөлөөлөх албан татвар нь 3,700,222 төгрөг байна. Маргааны тухайд худалдан авалтаар ямар нэгэн тайлан үүсгээгүй гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын 2015 оны албан бичигт тухайн татвар төлөгч нэхэмжлэгч компанитай хуурамч нотлох баримт хийсэн талаар хэлсэн. Иймд татварын акт үндэслэлтэй юм. гэв.

Иргэдийн төлөөлөгч М.Т* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Актыг үндэслэл бүхий гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдоос шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудад үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэв. Үүнд:

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нарын  2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн татвар ногдуулалт төлөлтийн тухай *** дугаар актаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2012-2013 оны санхүүгийн жилийн татварын төлөлт, ногдуулалтын байдалд хяналт шалгалт хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулж, албан татвар ногдуулаагүй, төсөвт төлөөгүй 966,740,908.43 төгрөгийн зөрчилд 96,674,090.84 төгрөгийн нөхөн татварын төлүүлэхээр шийдвэрлэжээ[1].

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу сайн дураараа мэдүүлсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлээгүй гэж маргасан бол хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...зөрчилд хамаарах торгууль болон алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн, зөрчлөө сайн дураар тайлагнаагүй тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Татварын хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч хуулийн этгээд нь,

- *** ХХК-иас 309,090,909.08 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ***тоот, мөн сарын 31-ний өдрийн ***тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар,

- Г******* бид ХХК-иас 77,272,727.30 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар,

- ***ХХК-иас 9,304,545.50 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 2012 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар,

- ***ХХК-иас 40,090,909.09 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ***тоот, 49,000,000.0 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж *** тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар ,

- ***ХХК-иас 363,636,364.00 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ***тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар,

- *** ХХК-иас 45,454,545.45 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар,

- ***ХХК-иас 72,890,909.09 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ***тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар тайлагнасан болох нь тогтоогджээ.

Татварын ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 03/***тоот албан бичгээр ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд болон борлуулалтын дэвтрээс үзвэл, 2012 оны 03 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ***регистрийн дугаартай ***бид ХХК нь 77,727,727.00 төгрөгийн, ***ХХК нь 9,304,545.50 төгрөгийн, 2012 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар *** ХХК нь 2 падаанаар нийт 309,090,909.08 төгрөгийн, 2012 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ***ХХК нь 49,000,000.00 төгрөгийн, *** ХХК нь 45,454,545.45 төгрөгийн, ***ХХК нь 72,890,909.00 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг тус тус нэхэмжлэгч хуулийн этгээдэд борлуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж тооцсон гэж тайлагнасан болох нь[2],

Мөн Татварын ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 03/***тоот албан бичгээр ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангууд болон борлуулалтын дэвтрээс үзвэл, 2012 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ***ХХК нь 40,090,909.90 төгрөгийн бараа, ажил үйлчилгээг нэхэмжлэгч хуулийн этгээдэд борлуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж тооцсон гэж тайлагнасан болох нь, харин ***ХХК нь 2012 оны 11 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар борлуулалт тайлагнаагүй болох нь тус тус тогтоогдож байна[3].

Энэ тохиолдолд хариуцагч нь ***бид ХХК, ***ХХК, *** ХХК, ***ХХК, *** ХХК болон ***ХХК-иудаас борлуулалтдаа оруулж, төсөвт төлөхөөр тайлагнасан татварын худалдан авагч болох *** ХХК-иар төлүүлэхээр тогтоосон нь Татварын ерөнхий хууль/2008/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан татварын хууль тогтоомжийн дагуу ... нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг хүлээсэн хууль хүн хуулийн этгээд нь татвар төлөгч байх зохицуулалтад нийцэхгүй байна. Тодруулбал,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт ... бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно гэж, 14.1.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт ... худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн гэж, 16 дугаар зүйлийн 16.1.1-д тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө гэж тус тус заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж, төсөвт төлөх үүргийг борлуулагчид хүлээлгэсэн агуулгатай байна.

Маргааны тохиолдолд борлуулагч болох ***бид ХХК, ***ХХК, *** ХХК, ***ХХК, *** ХХК болон ***ХХК-иуд *** ХХК-тай хийсэн борлуулалтаа хүлээн зөвшөөрч, нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулсан болохоо тайлагнаж, татварын хууль тогтоомжийн дагуу төлөх үүргийг хүлээсэн байхад маргааны бүхий актаар худалдан авагч хуулийн этгээдээр төлүүлэхээр тогтоосон байгаа нь Татварын ерөнхий хууль/2008/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасан татварын алба, татварын улсын байцаагчийн үйл ажиллагаандаа баримтлах хууль дээдлэх зарчимд нийцэхгүй.

Иймд хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тус компанийн зөрчлийг хууль хяналтын байгууллагаас илрүүлж тогтоосон тул борлуулагчаас тайлагнасан эсэх нь үндэслэлгүй гэх тайлбар болон иргэдийн төлөөлөгчийн акт нь үндэслэлтэй гэх дүгнэлтийг тус тус хүлээн авах боломжгүй байна.

Харин борлуулагч болох ***ХХК нь нэхэмжлэгч хуулийн этгээдтэй хийсэн 363,636,364.00 төгрөгийн борлуулалтаа хүлээн зөвшөөрөөгүй, нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж тайлагнаагүй байх тул уг борлуулалтад ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, маргаан бүхий актын холбогдох хэсэг нь Татварын ерөнхий хууль/2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1-т Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна гэж, 74.1.4-т тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж заасанд нийцжээ.

Иймд маргаан бүхий актаар төлүүлэхээр тогтоосон нөхөн татварыг борлуулагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр багасгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэдийгээр Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ***дугаартай дүгнэлтээр *** ХХК-ийн 309,090,909.1 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн, нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар тогтоолын 11 дэх хэсэгт Баянзүрх дүүргийн Татварын улсын байцаагчийн 2015 оны ***дугаар дүгнэлтээр *** ХХК нь 2012 онд *** ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж 309,090,909.08 төгрөгийн хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтыг хасалт хийж, 30,909,090.9 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн үндэслэлээр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байх боловч энэ нь татварыг давхардуулан хураах үндэслэл болохгүй.

Учир нь Татварын ерөнхий хууль/2008/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-т заасан татвар ногдох зүйл нэг байгаа тохиолдолд татвар тухайн зүйлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ нь тогтмол тооцогдох тул нэгэнт борлуулагчаас төлөхөөр тайлагнасан татварыг худалдан авагчид давхар ногдуулах үндэслэлгүй юм.

 

Нэхэмжлэгчээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу маргаан бүхий актаар илрүүлсэн гэх зөрчлийг тайлагнасан байхад нөхөн татвар ногдуулсан гэж тайлбарлан маргах боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д уг хуулийн зорилтыг ... нуун дарагдуулсан ... хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар ... тайланд тусгаж... шинээр тайлагнасан ... байх ба эдгээр үйл ажиллагаа нь ... сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд ... хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх... гэж тодорхойлсон нь өмнө нь ерөөсөө тайлагнаж байгаагүй далд орлого-ыг ил болгосон харилцаанд үйлчлэх агуулгатай байх тул уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн худалдан авалтаар тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудад хий бичилт хийсэн талаарх зөрчил нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд нэхэмжлэгчийн өөрийнх нь болон бусад борлуулагч хуулийн этгээдүүдийн татвар ногдуулалт, төлөлтөд хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд илэрсэн байх тул сайн дураараа тайлагнасан зөрчилд тооцогдохгүй.

Мөн нэхэмжлэгчээс өөрөөс нь гаргаж ирүүлсэн Шинээр мэдүүлсэн тайлан[4] болон Татварын ерөнхий газраас ирүүлсэн н/150 тоот албан бичигт тусгагдсан сайн дураараа тайлагнасан гэх дүн нь маргаан бүхий падаануудын тоон дүнтэй тохирохгүй байна.

 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 4 дүгээр зүйлийн 4.3-д Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ, 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ, 74 дүгээр зүйлийн 74.2-т Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна 74.3-т Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна хэмээн тус тус заажээ.

Дээрхээс үзвэл маргаан бүхий актаар төлүүлэхээр тогтоосон нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй, хариуцагч нараас нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд торгууль болон алданги тооцоогүй байх тул нэхэмжлэгчийн Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд *** ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас ***ХХК-ийн нэмэгдсэн өртгийн падааныг ашиглан хий бичилт бүхий худалдан авалт хийсэн мэтээр худалдан авалтын хасалт хийж тайлагнасан 36,363,636,4 төгрөгийн татвар төлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгуулахгэснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.6, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Татварын ерөнхий хууль/2008/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль/2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.3-т заасныг тус тус баримтлан *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч О.Э, Ш.Г нарын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаар актаар тогтоосон төлбөрийг хэмжээг 60,310,454.55 төгрөгөөс хасч багасган, нэхэмжлэлийн 36,363,636,4 төгрөгийн татвар төлүүлэхээр тогтоосныг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН

 

 

 

 

М